УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Д.Амарбаясгалантай ярилцлаа.
-Юуны түрүүнд танд энэ өдрийн мэнд хүргэе. Оны эхний хагас жилд тээвэрлэлтийн төлөвлөгөө хэрхэн биелэв?
-Энэ оны эхний хагас жилд нийт 15.9 сая тонн ачаа тээвэрлэж, тээврийн төлөвлөгөө 94.5 хувиар биелүүллээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 97.3 хувиар гүйцэтгэлтэй байна. Үүнээс дамжин өнгөрөх тээвэр 2.9 сая тонн, төлөвлөгөөний биелэлт 106.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 110 хувиар биелсэн.
Экспортын тээвэр 5.5 сая тонн буюу төлөвлөгөө 93.5 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 100.4 хувиар биелсэн байна. Импортын ачаа 1.8 сая тонн буюу төлөвлөгөө 85.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 96 хувийн гүйцэтгэлтэй байна.
Орон нутгийн тээвэр 5.7 сая тонн буюу төлөвлөгөөний биелэлт 93.0 хувиар биелсэн. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 89.9 хувийн гүйцэтгэл юм.
Зорчигч тээврийн хувьд эхний хагас жилийн байдлаар нийт 877.8 мянган зорчигч тээвэрлэж, төлөвлөгөө 91.4 хувиар биелсэн.
-“Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн”-өөр Вьетнамаас цагаан будаа болон бусад тээврийг хийх, мөн ОХУ болон Европын орнуудаас Монгол Улсын нутгаар дамжин өнгөрүүлдэг тээврийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг тохирсон. УБТЗ энэ онд гадаад худалдааны 22 сая тонн ачаа тээвэрлэхээр болсон. Тэгэхээр тохиролцооны дагуу тээврүүдийг хэрхэн зохион байгуулж байна вэ?
-Энэ онд Улаанбаатар хотноо болсон ТЗХАБ-ын гишүүн орнуудын төмөр замаар ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнөөр импортын тээврийн хувьд 2024 оны гүйцэтгэлээс 10 хувь орчим илүү, экспортын тээврийн хувьд 1.2 хувиар илүү, Монголын нутгаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээг 2024 оны гүйцэтгэлээс дөрвөн хувь илүү буюу 22 сая тонн гадаад худалдааны ачаа тээхээр тохирсон. Оны эхний хагас жилд нийт 15.9 сая тонн ачаа тээснээс гадаад худалдааны ачаа 10.2 сая тонн байлаа. Энд хэд хэдэн шалтгаан байна. Экспортод гардаг зарим төрлийн нурмаг ачааны үнэ ханш Хятадын зах зээл дээр унаснаас ачилт багассан. Мөн Замын-Үүд–Эрээн өртөөдийн боловсруулах хүчин чадлаас ч шалтгаалж байна. Замын-Үүд боомтын нарийн царигийн паркийг хөгжүүлэх, боловсруулах чадлыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
-Манайд тээвэрлэх ачаа их байгаа ч Замын-Үүд-Эрээн боомт, тэр дундаа нарийн царигийн хүчин чадлыг сайжруулахгүй бол хүссэн хэмжээндээ галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх боломжгүй гэдэг. Замын захиргаа энэ талд ямар бодлого барьж байна вэ?
-Замын-Үүд өртөөний нарийн царигийн хоёр дахь замыг Эрээн өртөөтэй холбох, нарийн царигийн паркыг хөгжүүлэх, цахилгаан төвлөрүүлэлтэд шилжүүлэх, Шилжүүлэн ачих ангийн боловсруулах чадварыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөсөн. Ер нь, бид цаашид өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгцээг хангахад хос замтай болох, УБТЗ-ыг цахилгаанжуулах зэрэг том бүтээн байгуулалт хийхийг зах зээл шаардаж байна.
-Та Хөх хотын төмөр замын тээвэр хариуцсан дэд захирал тэргүүтэй төлөөлөгчидтэй өнгөрсөн сард уулзсан. Уулзалтаар хилийн галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаар ярьсан байх?
-Зургадугаар сарын 20-нд УБТЗ-ын төлөөлөгчид Хөх хотын төмөр замын компанийн шинээр томилогдсон дэд захирал Чэн Ли Циан тэргүүтэй төлөөлөгчидтэй
Эрээн өртөөнд уулзалт хийсэн. Уулзалтаар хилийн өртөөдийн ачаа, зорчигч тээврийн оны эхний таван сарын ажлыг дүгнэх, Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэгний солилцооны мэдээллийг харилцан солилцох, Эрээн өртөөний ачилт буулгалтын талбайн үйл ажиллагаатай танилцаж, хоёр өртөө хооронд харилцан ажиллуулж байгаа агентын ажлын талаар, Хөх хот-УБ чиглэлийн шууд харилцааны вагоны ашиглалт зэрэг асуудлуудаар санал солилцож, зарим асуудлыг шийдвэрлэсэн. Эхний таван сард Замын-Үүд, Эрээн хооронд өргөн царигаар хоногт дунджаар 15.8, нарийн царигаар 7.3 хос галт тэрэг солилцож байсан. Цаашид өргөн царигаар галт тэрэг солилцоог нэмэгдүүлэхэд хоёр хүчин зүйл саад болж байгааг УБТЗ-ын зүгээс Хөх хотын төмөр замд санал тавьсан. Үүнд нэгдүгээрт, хил дээрх галт тэрэгний зогсолтыг багасгах, хоёрдугаарт зөөврийн тэрэгний ашиглалтыг сайжруулах хүсэлт тавьсан. Эдгээр саналыг Хөх хотын төмөр замын зүгээс судалж үзээд үр дүн гарч эхлээд байна. УБТЗ-ын зүгээс наймдугаар сарын 25-29-ний өдрүүдэд болох Хилийн зөвлөгөөн хүртэл өргөн царигаар 17 галт тэрэг, нарийн царигаар есөн галт тэрэг солилцох саналыг Хөх хотын төмөр замд тавьсан. Хятадын талаас хилийн зөвлөгөөн хүртэл хоёр хилийн өртөөний ажлын нөхцөл байдлыг харж дүгнэсний үндсэн дээр уг саналыг хэрэгжүүлэх боломжтой гэж хэлсэн. Өнөөдрийн байдлаар долоо хоногийн 2-3 өдөрт өргөн царигаар хоногт 17 галт тэрэг Эрээн өртөөнд хүлээлгэн өгч байна.
-УБТЗ ХНН болон “РЖД” НХН хоорондын хоосон болон ачаатай вагоныг цаасгүй технологиор тээвэрлэх ажлыг зохион байгуулахад EDI систем ашиглан мэдээлэл дамжуулах үйл явцыг төгөлдөржүүлэх ажлыг үргэлжлүүлнэ гэсэн шүү дээ. Энэ талд ахиц гарч байна уу?
-УБТЗ нь ОХУ-ын РЖД НХН-тэй 2012 оноос эхлэн улс хоорондын ачаа тээврийн цахим мэдээлэл солилцооны ажлыг эхлүүлж, 2020 оноос ашиглалтын үйл ажиллагаанд нэвтрүүлэн ажиллаад цаашид цаасгүй технологиор тээвэрлэх ажлыг зохион байгуулах хүрээнд цахим өгөгдлийн чанарыг дээшлүүлэх ажлуудыг хийж байна. УБТЗ ба РЖД хоорондын цахим мэдээлэл солилцооны ажлын чанарын түвшин 2023 онд 84.34 хувь, 2024 онд 88, 2025 оны 99.5 хувьд хүрээд байна.
-УБТЗ 2030 он гэхэд жилдээ 50 сая тонн ачаа тээвэрлэнэ гэж төлөвлөсөн. Үүний тулд тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадлаа нэн даруй нэмэгдүүлж, зарим ажлын байрыг автоматжуулах шаардлагатай. УБТЗ-ын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ээ баталгаажуулсан уу?
-Узбекистаны нийслэл Ташкент хотноо 2016 оны зургадугаар сарын 23-ны өдөр “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг гурван улсын Ерөнхийлөгч нар гарын үсэг зурснаар батлагдсан. 2018 онд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд санамж бичиг байгуулсан. Уг хөтөлбөрт Төмөр замын “Төв” коридор (Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн-Улаанцав-Жанчхүү-Бээжин-Тяньжин)-ыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулахаар төлөвлөсөн байгаа. “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан “Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх” шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийн ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, Тээврийн яам, БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хороо, Тээврийн яам хоорондын хамтарсан мэдэгдэл” гарсан. Мэдэгдлийн хавсралтаар “Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг судлах ажлын төлөвлөгөө”-г баталсан. Хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023.05.08-ны өдрийн А/144 дүгээр тушаалаар “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридорын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийн ажлыг эхлүүлэх тухай Хамтарсан мэдэгдэл”-ийн хүрээнд төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх ТЭЗҮ-ийг судлах хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ажлын хэсгийг Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Оросын талын ажлын хэсгийг ОХУ-ын Тээврийн орлогч сайд Валентин Олегович Иванов, Хятадын талын ажлын хэсгийг Улсын төмөр замын газрын орлогч дарга Ан Лушин тус тус ахалж байна. Удахгүй цахилгаанжсан хос замтай болж 50 сая тонн ачаа тээнэ гэдэгт итгэлтэй байна.
-Энэ онд арван өртөө, зөрлөгийг диспетчерийн төвлөрүүлэлтэд шилжүүлнэ гэж байсан. Одоогийн байдлаар энэ ажлыг хийж байгаа юу?
-Зам, тээврийн яам СИРДП-Е системийг бүрэн хүлээж аваагүй байгаа тул энэ ажил эхлээгүй байна.
-Монгол Улсад шинэ төмөр замуудын төсөл хэрэгжиж байна. Удахгүй зүүн, баруун босоо тэнхлэгийн төмөр замтай болох нь. Эдгээр бүтээн байгуулалт УБТЗ-ын цаашдын хөгжил, өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлөх бол?
-Тээврийн салбарын хөгжлөөс аливаа улс орны бусад салбарын хөгжил, үндсэн хөгжил ихээхэн хамаардаг. Зам, тээврийн салбарын өрсөлдөх чадварыг зорчигч болон ачааг шуурхай тээвэрлэхэд шаардлагатай газрын болон агаарын дэд бүтэц, дагалдах үйлчилгээ, логистик гэж тодорхойлж байна. Иймээс уг салбарыг хөгжүүлэхэд зөвхөн төмөр зам бариад зогсохгүй, замын дагалдах дэд бүтэц, логистик, эдийн засаг, гадаад хөрөнгө оруулалт, худалдааны эргэлт гэх мэт олон талын нөлөөллийг харгалзан тооцоолох шаардлагатай байдаг. Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн 2023-ын үр дүнгээс харахад Монгол Улс ерөнхий үнэлгээгээр 35.56 оноотойгоор нэлээн доогуур байрт эрэмблэгдсэн. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад төмөр замын салбар эрчимтэй хөгжиж, шинэ төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэн 900 гаруй км төмөр зам барьж, ашиглалтад оруулаад байна. Манай улс Төмөр замын хамтын ажиллагааны байгууллага /ОСЖД/ -оос батлан, мөрдүүлж буй Ачааны болон Зорчигчийн харилцааны хэлэлцээрийг өөрийн улсын төмөр замын салбарт өдийг хүртэл хэрэглэн, хамтран ажиллаж ирсэн. Цаашид зүүн, баруун босоо төмөр замын коридор болон бусад чиглэлийн төмөр замуудыг барьж, нийт 2700 км төмөр замыг барихаар төлөвлөж байна. Хил холболтын төмөр замуудыг барьж, шинэ гарцууд нээснээр 2030 он гэхэд Монгол улсын төмөр замын тээх хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ. Бидний зүгээс эдгээр төслүүд хэрэгжсэнээр манай төмөр замын үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөлөл их биш гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл эдгээр төмөр замууд ашиглалтад орсноор тухайн бүс нутгийнхаа уул, уурхайн бүтээгдэхүүний экспортыг дэмжих, улс орны эдийн засгийн эргэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүд гэж ойлгож байгаа. БНХАУ-ын Гаалийн төв байгууллагаас тус улсын 2024 оны гадаад худалдааны дүн мэдээг зарласан мэдээллээр, Хятадын экспортын хэмжээ 2024 онд жилийн дүнгээрээ 10.7 хувь өсөж, шинжээчдийн тооцоолж байснаас хавьгүй давсан дүн үзүүлжээ. Манай өмнөд болон хойд хөрш хоёр орны хоорондох бараа эргэлт 2024 онд 244.8 тэрбум ам.долларт хүрч түүхэн дээд үзүүлэлтэд хүрч өссөнийг Орос, Хятадын гаалийн байгууллагуудын мэдээлэл харуулж байна. Энэ нь хоёр хөршийн хоорондох бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар өссөн дүн юм байна. Цаашид энэ тоо жил бүр нэмэгдэж, хоёр улсын хоорондох төмөр замын тээврийн хэмжээ тогтвортой өсөх төлөв харагдаж байгаа юм. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг шинэчлэн хөгжүүлэх төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар төмөр замын гол замын нэвтрүүлэх хүчин чадал 2030 онд 50.6 сая тонн, 2050 онд 90.7 сая тонн болгож өснө.
-Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажил эхэллээ. Нийт 102.5 км төмөр зам барих юм байна. Энэ төмөр замын цаашдын арчилгаа, үйлчилгээг УБТЗ хариуцах уу?
-Энэ оны нэгдүгээр сарын 09-нд Монгол Улсын Зам тээврийн сайдын А/04 тушаалаар УБТЗ-ын Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт дэвсгэрт байрлах Хөшигийн хөндийн “Эдийн засгийн чөлөөт бүс, үйлдвэржилт, тээвэр логистикийн бүс хүртэлх салбар төмөр зам барих нөхцөл боломжийг судалж техникийн нөхцөлийн дүгнэлт гаргах ажлын хэсэг”-ийг байгуулсан. Зургадугаар сарын 09-нөөс эхлэн нэгдсэн хуваарийн дагуу өртөөний гуравдугаар замыг 816 м сунгах, 292 м татах мухар зам барих, таван Р65 суман шилжүүлгийг төмөр бетон ялуу дээр шинээр угсрах, авто замын гармыг сунгаж барих, гармын жижүүрийн байр шилжүүлэх, гармын ПАШ хаалт, удирдах самбар, зарлан мэдээлэх, хяналтын камерын цамхгийг зөөж байрлуулах, замын трассд орсон хоёр ширхэг чанга яригчийг зөөж байрлуулах, гол тоологчийн кабелийг 60 м шилжүүлэх, Ч оруулах дохионы релен шкафаас хөндлөн гарч буй шилэн кабелийг зам тавигдах хэсгээс шилжүүлэх, сум № 2, 26, 32-г тавих цонхонд ажиллаж гарнитур, цахилгаан шилжүүлэгчийг угсарч суурилуулах, өртөөнд хоёр гармын гэрэлтүүлэг шинээр суурилуулах, цахилгаан дамжуулах 1000 м агаарын шугамыг шилжүүлэх ажлуудыг хийж дуусгахаар ажиллаж байна. Наадмын өмнө уг ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Шинээр барьж буй төмөр замын арчилгаа үйлчилгээг “МТЗ” ТӨХК хариуцах, Багахангай өртөөнд хийх сэлгээний ажлыг УБТЗ ХНН хариуцаж ажиллана.
-Эцэст нь асуухад УБТЗ-ын захиргаа төдийгүй салбар нэгжүүддээ бүтэц зохион байгуулалт хийж, зарим орон тоог багасгах, ажлын давхардлыг арилгах зэрэг заалт бүхий А/499 тоот цахилгаан гарсан. Энэ тушаал хэрэгжсэнээр ямар үр дүн авчрах вэ?
-УБТЗ 16000 орчим ажилтантай. Үүнээс галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой 12 208 ажилтан ажиллаж байгаа нь нийт ажилтны 77.1 хувийг эзэлж байна. 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан нь цагаа олсон шийдвэр гэж харж байгаа. Замын даргын А/01 дүгээр тушаалын хүрээнд есөн дэд зорилтыг хэрэгжүүлж ажиллахаар нэгдсэн төлөвлөгөө гаргасан. Төмөр замчдынхаа нийгмийн баталгааг хангахын тулд цалин хөлсний системийн шинэчлэлийг боловсруулж хэрэгжүүлж эхлээд байна. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн гурван жилд төмөр замчдынхаа цалин хөлсийг 36.2 хүртэлх хувиар нэмж, 13 дахь сарын цалинг жил бүр 200 хувь олгож байна. Үүнээс гадна говийн бүсэд ажиллаж буй төмөр замчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд сар бүр 50-200 мянган төгрөгийн нэмэгдлийг олгож байна. 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн УБТЗ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан эхчүүдэд “Цалинтай ээж” тэтгэмжийг олгож эхэлсэн. Нийгэмлэгийн хэмжээнд бүтэц, зохион байгуулалт, орон тоо, ажлын хэмжээг оновчтой тодорхойлж, ажлын ачааллыг жигдрүүлэх, давхардлыг арилгах, цахимжуулах, шинэ техник, тоног төхөөрөмжийг ашиглаж хөдөлмөр зохион байгуулалтыг оновчлох, шаардлагагүй орон тоог багасгах, санхүү, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” Замын даргын тушаал А/499 тоот тушаал гарсан. Уг тушаалын хүрээнд бүх алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгж одоогийн бүтэц зохион байгуулалт, орон тоонд судалгаа шинжилгээ хийж ажлын давхардлыг арилгах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шаардлагагүй нэгж хэсгийг нэгтгэх, ажлын байрыг цахимжуулах, механикжуулах зэрэг санал боловсруулж харьяа Замын орлогч даргаар хэлэлцэн, санал шийдвэрийн төслийг долдугаар сарын 03-ны дотор ажлын хэсэгт ирүүлсэн. Нийт 62 салбар нэгжээс ирүүлсэн саналыг судалж байна. 2025 оныг хүний нөөцийн тогтвортой хөгжлийн жил болгон зарласнаар урт, дунд хугацааны төлөвлөлт хийж, Нийгэмлэгийн бүтэц зохион байгуулалт оновчтой болно гэсэн үр дүн харагдаж байна. Гэхдээ энэ ажлыг хийхэд цаг хугацаа, судалгаа, дүн шинжилгээ хэрэгтэй.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.
М.Наранболд
