УБТЗ-ын 2023 оны “Шилдэг дарга”, Замын II ангийн дарга Д.Алтангэрэлтэй манай сонин өмнө нь ажлын талаар олон удаа ярилцаж байсан. Харин энэ удаад түүний хүүхэд нас, ээжтэйгээ өнгөрүүлсэн дурсамж, үр хүүхэд, хань ижил гээд зүрх сэтгэлдээ нандигнан хадгалж явдаг дурсамжийнх нь талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Би Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд найман хүүхэдтэй айлын бага хүү болж, ээжийнхээ 38-тайд төрсөн. 1978 онд аймгийнхаа Хөхморьт суманд нэгдүгээр ангид элсэж байлаа. Ах, эгч нар сургууль төгсөөд ихэнх нь Улаанбаатарт суурьшсан. Хөдөө том ах, миний дээд талын эгч хоёр л бий. Аав маань эрт бурхан болсон болохоор би сайн мэдэхгүй. Ер нь, миний хүүхэд насны амьдрал ихэнхдээ л малын захад өнгөрсөн. Малчин айлын хүүхэд болохоор дөрөв төгстлөө есдүгээр сарын 1-нд хичээлд очиж бараг үзээгүй. Эгч, ах нар хэдийнээ явчихна. Би бол нэгдүгээр улирлын хичээл тарахын өмнөхөн л очдог байлаа. Ээж ч намайг дэргэдээсээ холдуулах дургүй. Нэгдүгээр ангид ороход цас орж хүйтэрсэн хойно том эгчийн нөхөр Төмөрбаатар ах мотоциклдоо сундлаад явсныг санаж байна. Ээж урд орой нь л “Миний хүү явах нь тодорхой боллоо. Сайн сурдаг юм шүү” гэснээс яг явахад юу ч хэлээгүй. Бэлтгэж өгсөн юмыг нь аваад ахтай гэрээс гарахад ээж цагаан халадаа өмсөн хувингаа бариад зэл рүү алхчихаж билээ. Сэтгэл нь их хүнд байсан байх /нулимс нь мэлтгэнэв/. Ахынх Хөхморьт суманд. Манайхаас 60 гаруй км зайтай. Магадгүй хүүгээ тийм хол явуулна гэхээс хэцүү санагдсан байх. Тэгээд явахад “Сайн яваад ирээрэй” гээд үнсвэл хоёулаа нялхраад эхэлнэ ч гэж бодсон байх. 1980 онд хүргэн ахынх Жаргалант сум руу нүүхэд нь би шилжиж сурсан. Наймдугаар ангиа төгсөөд сургуульд явахад ч таатай хүлээж аваагүй. Ээж ах, эгч нарыг ажилтан, харин намайг малчин болгоно гэсэн бодолтой байсан юм билээ. Бид олуулаа ч томчууд нь эрт тусдаа гарч, ажил амьдралын захтай золгосон. Надтай зуны амралтаар бага ах, эгч хоёр л хааяа байдаг. Том эгч Санхүү эдийн засгийн техникум төгсөөд Жаргалан, Хөхморьт сумдад ажилласан. Хоёр дахь эгч намайг төрөө ч үгүй байхад нагацынд сургуульд сурахаар явсан юм билээ. Эгчтэйгээ би 13-тайдаа танилцсан гээд л бод. Увсад аравдугаар анги төгсөөд, Киев хотын Улс ардын аж ахуйн дээд сургуульд явсан байсан. Нагац ах маань Баян-Өлгий, Увс аймгийн болон Налайхын Эрүүл мэндийн газрын дарга, Эрүүл мэндийн дэд сайд Ч.Нямдорж гэж хүн байлаа. Том ах маань ч багаасаа Улаанбаатар руу явсан. Харин удаах гурван ах, бага эгч нар сумандаа сургууль төгссөн ч бас л Улаанбаатар явцгаасан. Ер нь, манай гэрт ч гэлтгүй нутагт намар орой надаас өөр хүүхэд үлдэхгүй шүү. Эрлийн хүмүүст нутгийнхан намайг л зааж өгсөн байдаг сан. Учир нь, би ээлжгүйгээр өдөр бүр хонинд явна. Тиймээс хэзээ, хаана, ямар зүсмийн, хэний мал байсныг андахгүй. Биднийг нэг өвөл хичээлийн амралтаар иртэл ээж маань хонь хариулж явахдаа цасан дээр халтираад унасан байсан. Огцом өндөр уулын ар руу ойролцоогоор 500 орчим метр газар гулсаж, өнхрөхдөө хавирга нь гэмтэж, нүүр нь халцарсан байж билээ. 14.00 цагийн үед уначихаад буцаад уул давж чадахгүй. Тиймээс өнөөх том уулыг намаар нь тойрохдоо бие нь өвдөж, ойр ойрхон амарч явсаар шөнө 02.00 цагт гэртээ иртэл хонь нь гаднаа байхыг хараад санаа амарсан гэдэг. Нэгдлийн хонио хээр хонуулан хангайд оруулчихвал аюул шүү дээ. Тэр үед хөдөө, уулын мухарт утас гэж байх биш.
“МИНИЙ ХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ХҮРЭХ БОЛОВ УУ” ГЭЖ БИЛЭЭ
-Би 1986 онд Шарын голын Усны аж ахуйн техникумын хуваарь аваад Улаанбаатарт ирсэн юм. Гэтэл ээж хөдөө биш хотод нь сургуульд оруул гэж ах, эгч нарт захиж. Ингээд бүр арваннэгдүгээр сард ахын хэлснээр төмөр замын Техникумын захирал Доржваанчиг гуайтай уулзан учраа хэлж “Вагоны жолооч болмоор байна” л гэлээ. Тэгтэл “Анги дүүрсэн, боломжгүй. Харин чи замын техникчийн ангид үндсэн биш оюутнаар бүртгүүлж болно. Хэрэв эхний улиралд дүн чинь гайгүй байвал хоёрдугаар улирлаас үндсэн оюутнаар бүртгэж авна” гэв. Өөрөөр хэлбэл, сайн дурын л оюутан гэсэн үг (инээв). Ингээд сайн дүнтэй төгсөөд 200 төгрөгийн цалинтай үндсэн оюутан болж байлаа. Бичгийн хэв сайтай тул ханын сонин хийнэ. Хоёрдугаар курсээ төгстөл 1988 онд Октябрийн районоос цэрэгт татагдлаа. Тэгээд 1990 онд татагдсан газраа халагдах ёстой байтал Гавь-Алтай руу явуулчихдаг юм. Гайхаад асуутал дарга нар “Ийм шийдвэр гарсан” л гэж хэллээ. Гэтэл ээж л хөөцөлдөж тийм шийдвэр гаргуулсныг сүүлд нь мэдсэн дээ. Буцаад сургуульдаа сурах байтал ээж маань малчин бол гэдэг юм. Ингээд малчин болоод байтал 1991 оны зун ХӨСҮТ-д сувилагчаар ажилладаг бага эгч маань “Эгч нь ээжтэй ханьтай байж байя. Миний дүү сургуулиа төгсөөд ир. Хоёрхон жил юу байх вэ” гэж байна. Үндсэндээ ах эгч нар хуралдаад тийм шийдвэр гаргаж /инээв/. Ингээд сургуульдаа үргэлжлүүлэн сураад 1993 онд төгссөн. Тэр үед диплом хамгаалалтад Замын захиргаанаас болон салбар нэгжийн дарга, хүний нөөцийнхөн суудаг байсан юм. Тэгтэл Замын II ангийн орлогч дарга Гомбодорж гуай “Би ганц л хүүхэд авах эрхтэй. Тиймээс энэ хүүг авъя” гээд намайг сонгоод, удалгүй X хэсэг буюу Баян зөрлөгт замчнаар хуваарилсан. Харин сувилагч байсан эгч минь нутгийн залуутай гэрлэж, тэр чигтээ малчин болсон доо. Намайг бодож, бас эмнэлгийн хүн ээжид ойр бай гэсэн ах, эгч нарын үүргийг ч биелүүлсэн байх. Ээж 1994 оны намар “Чи төмөр замчин болно л гээд байдаг. Манайд төмөр замчин хүн байсангүй. Яг ямар юманд л дурлаад байна даа” гээд ажилтай танилцахаар ирж билээ. Хэд хонохдоо зам дээр галт тэрэг, вагон зогсож байгааг нь, хөдлөөд явахыг нь үргэлж л ажиглаад байсан. Тэгснээ “Их л нарийн ажил харагдаж байна. Байшин шиг том, тэгээд бас нарийн дугуйтай техникийг нарийнхан зам дээр явуулна гэдэг амаргүй байх. Энэ ажилд миний хүүгийн боловсрол хүрч байгаа юм уу. Их л өндөр хариуцлагатай ажил шиг байна. Ингэж байснаас хэдэн малаа хариулаад, өвөлжөө бууцаа сэргээгээд явбал амар биш үү. Үргэлж эргэж тойрч, шалгаж байхгүй бол мал төллөхөөс ч хэцүү юм шиг ээжид нь санагдлаа. Орон байрны хувьд бол сайхан юм аа. Гэхдээ миний хүү үнэхээр энэ ажилдаа дуртай, дээр нь боловсрол чинь хүрэх л юм бол яах вэ” гэж хэлсэн. Өөрийг нь дагаад явахгүйг ойлгож, тэгсгээд ээж маань нутаг буцсан даа. Дараа нь би эхнэр, хүүхэдтэй болоод 1996 онд гэр бүлээрээ ээждээ очсон юм. Тэгэхэд ээж “Хүүгээрээ би их хань татдаг байлаа. Сургуульд явснаас нь хойно ганцаараа үлдэхдээ их санана. Ялангуяа, цагаан сарын шинийн нэгний өглөө. Цай чанаж, хэдэн бууз жигнэж бурхан тахилдаа өргөчихөөд “Миний муу хүү яажшуухан суугаа бол” гэж бодно. Малаа дагаад гарахдаа өдөржин л боддог байсан. Мөн бие өвдөх, сэтгэл санаа тавгүйтэх үед л хүүгээ их санадаг юм даа” гэж хуучилж билээ. Сонирхуулахад, оюутан байхдаа 1991 оны цагаан сараар нэг хөглөсөн. Багш нартаа хэлээд арай хэд хоногийн өмнө очихоор боллоо. Амьхандаа ээждээ туслах гэж буй нь тэр. Азаар сумынхны цагаан сарын гурил ачих ЗИЛ-130 ирэхэд нь гуйгаад суулаа. Гэтэл архи уудаг, “зам нийлэхгүй” нэг нөхөр хамт явж таарсан. Бид 05.00 цагт Улаанхуарангаас гарсан хэр нь Эмээлт ороод хонолоо. Жолооч нийлж архи уугаад. Эмээлтээс хөдөлсөн ч холдолгүй дахиад хоночихлоо. Тэгсэн камазтай хэдэн залуус замд таараад хэсэг байсан юм. Тэдэн дунд өөрийгөө Өвөрхангайн хүүхдийн эмч гэж танилцуулсан нэг эмэгтэй өнөө архи уудаг нөхрийг “Чи залуу хүн гэхэд яасан арчаагүй юм бэ. Их муухай харагдаж байна” гэж шүүмжилтэл санаа нь зовсон уу, бид шууд давхисаар Өвөрхангай орсон. ШТС дээр манай аймгийн нэг машин байхаар нь жолоочдоо “Би энэ машинд суугаад Бууцагааны тээврийн товчоонд очоод хүлээж байя. Та намайг замаараа аваарай” гэчихээд явтал байдаггүй. Шууд явчихаж. Холбоо барих аргагүй учир товчоон дээр хоносоор цагаан сарын шинийн нэгэн боллоо. Хотоос эрт гарсныг ээж мэдсэн болохоор цагдаад мэдэгдсэн байж. Тэгтэл шинийн нэгний үдээс хойно Баянхонгорын цагдаа нар намайг хайж ирдэг юм. Ингээд намайг Говь-Алтайн цагдаа нарт хүлээлгэн өгч, би шинийн гурванд шилжих шөнө сумын түргэний тэрэгний жолоочоор ажилладаг төрсөн ахаараа гэртээ хүргүүлсэн. Ээж минь хөөрхий уйлаад л... Шинэ дээл хийснээ гаргаж өмсгөхдөө “Гэхдээ ээж нь нэг л уужуу байсан. Учир нь битүүний орой ирнэ гээд цайны дээж хийсэн юм. Бас шинийн нэгний цайны дээжийг өөр аяганд хийсэн. Гэтэл аль нь ч халуун гэрт гашлахгүй байхаар нь ирнэ гэж итгэсэн” гэж билээ.

МИНИЙ АМЬДРАЛЫН ХАМАГ БАЯР БАЯСАЛ ЭЭЖТЭЙ МИНЬ ХОЛБООТОЙ
-Ээж минь аливаад үнэнч, зөв, тууштай байхыг сургасан. Ажилтай танилцахдаа л надад “Зам шалгах чинь хотоо эргэхээс илүү өндөр хариуцлагатай ажил байна шүү” гэчихэж байгаа юм. Бага байхад хонь төллөх үеэр хотоо эргэнэ гэдэг өндөр хариуцлага. Алдаж болохгүйг би сайн мэднэ. Гуравдугаар сар дөнгөж гарангуут хонь төллөөд эхлэх үе бий. Цаг зөөлрөөгүй, үүрээр хурга хөлдчих гээд хэцүү шүү. Ээж “Хурганы чих хайрагдаад зогсвол яах вэ. Харин хөл нь хөлдчихсөн, оцон доголон юм болгочихвол чи надад харагдалгүй амыг нь барьчихаарай” гэж хатуу хэр нь мартагдахааргүй хэлсэн. Би яаж тэр муу нялх амьтны амыг барьж зүрхлэх вэ дээ. Тиймээс маш соргог унтаж, хонь хургалах шиг л дуулдвал гарч харна. “Миний хүү шөнө гарахдаа битгий айгаарай. Хотонд хонь, үхэр налайж, хаяанд нохой хэвтэж байна” гэж зоригжуулдаг. Гарангуут тас харанхуй. Нохойгоо дуудаж хань хийгээд л тэмтчээд алхдаг сан. Хот руу нохойтой хэт ойртвол хонь үргээчихнэ /инээв/. Хонь хургалсан бол нарийн бүртгэнэ. Ямар зүсмийн хониноос хэдэн сарын хэдэнд, хэдэн цаг, минутад ямар зүстэй, эр, эм, содон тийм тэмдэгтэй хурга гарлаа. Хонь хургалахдаа хүндрэлтэй байсан эсэх. Хэн эх барьж авсан гээд төлийн журналд бичнэ. Тайлбар хэсэгт нь ихэр, эсвэл эндсэн гэж бичдэг. Бригадын дарга, тоо бүртгэгч, малын эмч нар айлуудаар явж журнал шалгана. Эндсэн гэсэн тайлбар бичүүлэхгүйг их хичээдэг байлаа. Жилд 280-300 хонь, 30-50 орчим ямаа төллүүлдэг. Ер нь, нэгдлийн нэг гишүүн төллөх мал 250-аас, гэр бүлийн хоёр хүн 500 гаас дээш мал авах ёстой байлаа. Нэг наст малыг бол 1000-аас дээш суурилна. Төлөө нэг настай болонгуут айлууд бригадад хүргэснээр дараагийн малчдад нь хүлээлгэж өгнө. Тэгээд л хонио аваад ээж бид хоёр наймдугаар сард оторт гарч арваннэгдүгээр сард ирнэ. Отор гэдэг нь хонь бэлчиж явсаар хоносон газарт нь л майхнаа бариад хононо. Нэг газар буудаллаад эргүүлж тойруулна гэж үгүй. Хэт хоргоож, хорихоор өнгө зүс нь гундаж, үргэмтгий болдог юм. Харин дураар нь явуулаад байвал өнгө орж, сэргэлэн цовоо болдог. Өглөө эрт шинэ ногоо идүүлбэл төл сэнсрэхгүй, муудсан мал ч амархан сэргэдэг. Ээжийг маань нутгийнхан Нандин Дайрийжав гэнэ. Манайхыг тэмээнүүдээ хөтлөөд усанд явахыг хэн ч холоос хараад танина. Учир нь, манай 40-ийн савнуудын гадар толь шиг л өнгөтэй. Наранд гялтганаад л андашгүй. Данх, тогоо, юу л байна гэрийн сав суулга гялтгар. Сумын “Соёлч өрх”-өөр шалгарна. Хавийн айлууд “Танайх саваа юугаар өнгөлдөг юм” гэж их асууна. Би багадаа угаасаа л ийм өнгөтэй гэж боддог байлаа. Гэтэл ээж минь үргэлж л арчиж зүлгэж улам л өнгө оруулдгийг сүүлд нь мэдсэн юм.
ЭЭЖИЙГЭЭ БОДОХООР НУТГАА ИХ САНАДАГ БАЙЛАА
-Хэдийгээр мал маллахаас зугатаж оюутан болж, хотод суурьшсан ч ээжийгээ их санадаг байлаа. Ер нь, ээжийгээ бодохоор нутгаа бүр их санана. 1996 онд хэсгийн мастер болоод байтал ээжийн бие сайнгүй дуулдаад очсон юм. Замчид бидэнд зун, намрын сайхан цагт амралт олдохгүй шүү дээ. Ангийн даргадаа учир байдлаа хэлж наймдугаар сарын 15 нд амралтаа аваад явсан. Эхнэр, охиноо дагуулаад очсон гэж дээр хэлсэн дээ. Тэр үе. Сумын түргэний жолооч ахаараа хүргүүлэн гадна нь очиход ээж минь хөөрхий дэлгэцтэй ааруул бариад гэрээс гарч ирж билээ. “Хүүе ээ, миний хүү ирж байна шүү дээ” гээд бөөн баяр. Ногоон туяатай ч юм шиг цэнхэр дан дээлээрээ хэрэндээ л гоёод. Ач охиноо тэвэрч үнсээд, нулимс унагаад л... Цай цүү болж, хонь төхөөрүүлж шинэ шөлөөр дайлж билээ. Ойр хавийн хөгшчүүл ч цугларан нэлээд ярилцаж, инээлдэж сууцгаасан. Тэгтэл үүрээр манай хүн “Ээжийн бие нь өвдөөд байх шиг” гээд сэрээлээ. Өндийгөөд “Яаж байна” гэтэл “Миний хүү ахыгаа дуудаад ир” гэж байна. Сумын төв ойрхон 7-8 км л дээ. Гялс гарч аргамжаатай морь авчирч унаад сумын төв рүү давхиж, ах ч эмч аваад ирлээ. Тэгээд ээж минь нэг их дээрдээгүй. Би амралтаа дуусан чөлөө авч, аравдугаар сар гартал байсан. Ээж “Миний хүү эхнэр хүүхдээ цаг хатуурахаас өмнө аваад буцсан нь дээр. Ажил төрлөө ч бод. Одоо ээж нь алзахгүй ээ” гээд байна. Тиймээс буцахаар болж, тэр өдөр ээж бие нь тун дажгүй, ер өвдөөгүй юм шиг биднийг гаргаж өгөөд үлдсэн. Миний сэтгэл ч уужраад. Хотод ирээд гурав хонож байтал ээжийн бие тун тааруу гэсэн хэл ирж, би өдөртөө онгоцоор очсон. Даваа гараг байсан юм. Дүү нар нь ирчихсэн. Тэгээд Пүрэв гараг хүртэл ээж овоо гайгүй, гадаа ч гараад. Тэгсэн ээжийн дүү намайг “Миний дүү яах гэж буцав даа. Уг нь өнгөрсөн Даваа гараг тун сайн өдөр байсан юм шүү дээ. Ээж чинь чамайг хүлээсээр явж чадсангүй. Маргааш л арай гайгүй нь Баасан гараг байна. Настай хүнд Бямба, Ням онцгүй” гэж зэмлэж байна. Үгүй энэ чинь ямар ч хүн эхийгээ нэг хоног ч амьд байгаасай гэж хүснэ биз дээ. Тиймээс “Хамаагүй ээ, бурууддаг юм бол буруу нь над дээр ирэг” л гэлээ. Баасан гараг боллоо, үдээс хойш 15.00 цагийн үед бүр сайжирч “Одоо ээж нь алзахгүй. Ингэж олуулаа ажлаа алдаад яах вэ. Түрүүчээсээ явбал яасан юм. Ээж нь жаахан унтаж амаръя даа” гээд л хэвтсэн. Тэгээд 17.00 цагийн үед бурхан болсон. Сонин шүү, яг тэр үед нь гадаа нэг мотоцикл дуугараад ирлээ. Гараад хартал хотын төв ганданд суудаг нутгийн уугуул лам сундалчихсан, нутгийн хөгшчүүлдээ золгоод буцах гэж яваа нь тэр байж. Ингээд засал ном уншиж, хойдын буяныг нь үйлдэж өгсөн дөө. Ээжийг унаснаас хойш 10 жил нутагтаа очоогүй. Тэгтэл 2007 оны хавар нутгаа зүүдэлж, зүүдэндээ уйлахад эхнэр намайг сэрээсэн. Тэгээд нутагтаа очихгүй бол болохгүй нь гэж бодоод тэр зун нь гэр бүлээрээ очиж 10 гаруй хоноод ирсэн. Очиж явахад нутгийн бараа ил гарч, далд ороод л байх үнэхээр сайхан. Ойртох тусам гэгэлзэж, бага нас, ээжтэйгээ өнгөрүүлсэн өдөр хоногууд, нутгийн хөгшид гээд бүхий л дурсамж нүдний өмнө эргэлдээд л... “Одоо энэ дурсамжийн эзэд байхгүй шүү дээ” гэж бодохоор хоолой зангирч, цээж хүнд оргиод, нулимс унагаж явлаа. Ер нь, ойрын хүнээ алдана гэдэг амаргүй байдаг юм билээ. Намайг багад ээж намар бүр 10 аад хонь төхөөрч хот руу хүүхдүүддээ болон аавдаа явуулдаг байлаа. Нэг намар хэдэн хонь уячихаад байж байтал нагац хүргэн ах хүрээд ирлээ. Ээжтэй гэрт юм яриад л, би гадуурх ажлаа эмхлээд ороод иртэл ээжийн царай барайчихаж. Тэгснээ “Миний хүү уяатай хонинуудаа сайн зүслээд тавьчих” гэлээ. Ах ч явлаа, ээж буруу харж нулимсаа арчин зул хийгээд байх юм. Асуутал “Аав минь нүд аньжээ” гэв. “Та тэгвэл яваач” гэтэл “Нэгэнт уулзаж чадаагүй хойно очоод яах вэ, миний хүү. Саяны хонинуудыг энэ жилдээ дахиж барихгүй шүү” гэсэн. Энэ үед би ээжийгээ маш их өрөвдсөн. Үеийнх нь хүн ойр хавьд байсан бол уулзан ярьж, сэтгэлээ онгойтол уйлах байх даа гэж. Хүүгийнхээ дэргэд уйлж чадахгүй ч байх шиг, маш хэцүү байсныг нь би одоо ч тод санаж байна (нулимс нь мэлтрэв).
ЭХНЭР МААНЬ ДУНД СУРГУУЛИЙН НӨГӨӨ АНГИЙН ОХИН БАЙЛАА
-Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын дунд сургуулийн би 8-б, Ж.Алтанцэцэг 8-в анги төгссөн. Аав, ээж нь боловсролын байгууллагын хүмүүс, манай арын хашааны айл. Эхнэр маань Цэцэрлэгийн багшийн техникумын оюутан болсон. Сумаасаа дөрвүүлээ ирсэн болохоор нэг нэгэндээ хань болдог байлаа. Нутаг руугаа нэг унаагаар л явж, ирцгээнэ. Замдаа гурав хононо шүү дээ. 1987 онд би төмөр замын Техникумын нэгдүгээр курсээ төгсөж очсон юм. Манай хүн ч бас ялгаагүй. Ер нь, манай сум бүсийн гол сум л даа. Клуб, соёлын ордон тусдаа. Том эмнэлэг, сургууль, бүр сум дундын шүүхтэй. Наймдугаар сард клубын эрхлэгч нарын уулзалт болж, тэр үйл ажиллагаан дээр бид хоёр илүү дотносож, үерхсэн. Тэгээд “Хоёулаа хойшдын амьдралаа холбоод явбал яаж байна” гэтэл Ж.Алтанцэцэг эхлээд итгээгүй. “Чи ч худлаа даа. Өөрийгөө оюутан, том болсон гэж бодоод байх шиг байна. Одоохондоо бид хоёр есдүгээр анги төгссөн л хүүхдүүд шүү дээ. Яах вэ, сургуулиа төгсөж, цэрэгт явж хүн болчихоод эргээд энэ тухай ярихгүй юу” гэж билээ /инээв/. 1993 он хүртэл үерхэж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг хэн хэндээ данстай л явсан байх. Цэцэрлэгийн багшийн техникумаа Алтай гурван жил сурч төгсөөд 1989 оноос Чандмань сумын цэцэрлэгийн багшаар 1993 он хүртэл ажилласан. Тэр хооронд нь би цэрэгт явсан, мал малласан, эргээд сургуульдаа сурсан гээд их л юм болсон. Залуу бүсгүйн хувьд буйдхан суманд ажиллаж амьдарна гэдэг амаргүй. Их сорилтыг туулсан он жилүүд өнгөрсөн байдаг. Залуучууд гаднаас ирсэн залуухан бүсгүйг эргүүлэх гэнэ. Алтай “Тэр бүхний саналыг няцааж, үг хэлээ ололцох хэцүү. Үеийн залууст үнэн учраа ойлгуулж болдог. Харин ах нар юмыг хүчээр шийдэх гэсэн үзэл бодолтой. Заримаас нь дургүйцлээ гээд алганы амт хүртэл амссан удаатай” гэж одоо дурсдаг юм. Бид хоёр захидлаар харилцдаг байлаа. 1993 оны нэгдүгээр сард төгсөх курсийн оюутны шуудангийн хаяг хаагдчихсан. Тиймээс наймдугаар сар хүртэл харилцаа тасарсан. Хотод нэг өдөр эгчийндээ усанд орохоор зөрлөгөөс ирэхдээ хүргэн ахынх руу нь залгаад үзтэл эгч нь авч байна. Намайг таньдаг болохоор сургууль төгссөн эсэхийг асуугаад “Алтанцэцэг зуны амралтаараа ирсэн, өнөө маргаашгүй буцах гэж байгаа” гэхээр нь шууд яваад очсон. Ёстой ам мөлтөс утасдсан байгаа юм. Хувь тавилан л юм даа. “Манай цэцэрлэг татан буугдаж, орон тооны цомхотголд орсон. Аймгийн Боловсролын газраас өөр суманд ажилд хуваарилна, ир гэсэн” гэж байна. “Үгүй ээ, чи одоо гэр орондоо оч. Одоо хоёулаа амьдрал ярих болсон биз дээ” гэж хэлчихээд удалгүй замчин Г.Содномбаяр найзтайгаа хамт галт тэргээр дагуулаад харьсан. Очиход өнөөгийн X хэсгийн мастер Т.Буянтогтох маань ёслол төгөлдөр угтаж авсан. Тэр намартаа замчдынхаа дунд цайллага хийж, гэр бүл болсон. Том охин маань 1994, хоёр дахь охин минь 1996 онд мэндэлсэн. Бага охин багадаа ханиад хүрч, тэр нь хүндэрсээр 2013 онд алдчихсан. Аав хүн амьдралын бүх ачааг үүрч даах нуруутай байдаг. Харин үрийнхээ шарилыг мөрлөхөд л үнэхээр хотойдог юм билээ. Ээжийгээ алдахад хүнд л байсан. Гэхдээ ээж минь үр хүүхдүүдээ сайхан өсгөж, өдий насаллаа. Хувь тавилан ийм л байдаг даа гэж бодож байсан. Харин үрээ алдана гэдэг бол үнэхээр хэцүү /нулимс унагав/. Л.Халтар дарга Замын Нийгмийн асуудал хариуцсан орлогч байхдаа “Хүүхэд нь эмнэлгийн хяналт, асаргаа сувилгаанд байдаг” гээд манайд байр өгсөн. Охин минь аав, ээждээ буянаа үлдээгээд явсан. Манайх гурван охинтой айл. Бага охин маань МУИС-д сурч байгаа. Том охин хөөрхөн хүү төрүүлж, бид хоёрыг эмээ, өвөө болгосон. Амьдралд ч уй гуниг, баяр хөөр хослох юм даа. Ер нь, дээр үеийн хөгшчүүл гэр бүл болоход хайр сэтгэлээс илүү хоорондын нийцэл, ааш зан, жил ус, удам судрыг нь илүү хардаг байж. Үр хүүхдээсээ түрүүлэн судалж үзээд ойртуулах менежментийг хийдэг. Өөрөөр хэлбэл, хүүгийнхээ дэргэд аав, ээж нь хоорондоо санаандгүй мэтээр “Үгүй мөн Доржийн охин сайхан хүүхэн болжээ. Ажил төрөл, ааш зан гэж ярих юм алга. Тэрэнтэй суусан эр хүн ч жаргана даа” гэхчлэн магтаж ярилцана. Мэдээж охины аав, ээжтэй ч энэ тохироог хийсэн тул зөрүүлээд нөгөө хүүг охиндоо магтана. Тэгэхээр залуу хүмүүст сонирхол төрж эхэлнэ шүү дээ. Бүр “Алив, чи Доржийнд үүнийг хүргээд өг” гэх мэт уулзах замыг нь засаж өгнө. Ингэж ханилсан гэр бүл илүү бат бөх болдог байж. Одоо бол аав, ээж нь ингэж судлах боломжгүй. Хүний хүүхдийг бүү хэл хүүхдээ хаана, юу хийж явааг ч мэдэх аргагүй болжээ.

АЖЛЫН ХАМТ ОЛОН МИНЬ МИНИЙ ГЭР БҮЛ Л ГЭСЭН ҮГ
-Ах дүү нартайгаа цагаан сар болон ямар нэгэн баяр ёслолоор л нэг уулзах юм. Ажил, амьдрал тусдаа болохоор сэтгэл зүрхээрээ л ойр байдаг. Харин замчидтайгаа бол маш ойр. Саяхан миний бие өвдөж, эмнэлгээр хэсэг явахад ах, эгч нар их анхаарал тавьсан. Бас манай ажлынхан хоорондоо тохирсон ч юм уу, хоёр хоноод л хэд нь ирдэг байлаа. Ажил ярина, асууна, зөвлөлдөнө. Эмнэлгээс гараад гурван сар хэвтрийн дэглэм сахин гэртээ хэвтэх амаргүй юм билээ. Тэр хугацаанд ажлын хамт олон маань “Би өвдсөн, өвчтөн шүү” гэдэг бодлыг үнэхээр мартуулсан. Хэн ч гэрт ирэхгүй, тааз ширтээд л хэвтвэл би яах ч байсан юм. Ер нь, ажлын хамт олон минь миний гэр бүл л гэсэн үг. Намайг ажил, мэргэжлийн талд илүү сайн сургасан хүн бол Ю.Нямжаргал дарга. 20-оод жил удирдлагад нь ажиллаж байна. Ю.Нямжаргал дарга ажлыг маш олон талаас нь харж байж шийдвэр гаргадаг. Замын IV ангийн дарга А.Оргодол, миний орлогч О.Батхүү, Замын VI ангийн дарга Т.Лхагвасүрэн, Тээврийн хяналтын албаны Зам хариуцсан хяналтын байцаагч Д.Даваажав бид хэд нэг ангийнхан. Ангийнхнаараа бахархдаг даа.

М.Наранболд
Б.Дэлгэрхишиг
