Нүүр Ярилцлага Ц.Золбаатар: 82 объектод үл эвдэх сорилтын аргаар оношилгоо хийгээд байна
Ярилцлага

Ц.Золбаатар: 82 объектод үл эвдэх сорилтын аргаар оношилгоо хийгээд байна

G.Press 1 жилийн өмнө 196 үзэлт 0 сэтгэгдэл

 

Техникийн бодлого, стандартчиллын албаны харьяа Хэмжил зүйн төвийн ерөнхий инженер Ц.Золбаатартай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Хэмжил зүйн төв байгуулагдаж, та энэ байгууллагад цөөнгүй жил ажиллалаа. Ер нь, зүтгүүрийн мэргэжилтэй хүн яагаад металлурги, металлын технологи, шинжлэх ухааны чиглэлийг сонгох болов?

 

-Би хэмжил зүйн төвд 2022 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр ерөнхий ижненерээр томилогдсон. Энэ нь миний бас нэгэн сонирхдог салбар л даа. Томилогдсоноор УБТЗ-д тулгараад байгаа асуудлуудыг судалж шийдвэрлэх, хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй ажиллаж байна. Энэ хүрээндээ ШУТИС-ийн харьяа Механик инженер, тээврийн сургуульд металлурги, металлын технологиор докторын зэрэгт горилон сурч байгаа. Металлурги гэдэг бол том шинжлэх ухаан. Бүх үйлдвэрлэлд шинжлэх ухааны үндэс суурьтайгаар туршилт нотолгоотой бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, нэвтрүүлэх, худалдан авах, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ болон ашиглаж буй тоног төхөөрөмжөө ашиглалтын явцад үнэн зөв оношилж сэргээн засварлах нь чухал. УБТЗ-ын хувьд хөдлөх бүрэлдэхүүн, машин механизм, тоног төхөөрөмжүүдийн эд анги, металл хийц элэгдэж, ашиглалтын насжилт их байгаа нь эрсдэл үүсгэж байгаа. Иймд эдгээр эд анги, металл хийцэд үл эвдэх сорилтын оношилгоо, соронзон санамжийн аргаар оношилж, ашиглалтын үеийн техникийн байдлыг тодорхойлон ашиглалтаас хасах, сэргээн засварлах, ашиглалтын хугацаа сунгах зэрэг ажлыг үе шаттай авах хэрэгтэй. Энэ ажлын хүрээнд манай Хэмжил зүйн төвийн хамт олон 2024 оны Замын даргын А/01 тоот тушаалын 3.8 дугаар заалтын дагуу 82 объектод үл эвдэх сорилтын аргаар оношилгоо сорилт хийгээд байна.

 

-Металлын соронзон санамжийн арга  гэж яг юу вэ?

 

-Металлын соронзон санамж гэсэн ойлголтыг анх зохиогч нь ОУХ-ын техникийн ухааны доктор А.А.Дубов. Энэ ойлголтыг 1994 онд нэвтрүүлэх хүртэл техникийн ном зохиолд ашиглагдаагүй байдаг. Дуу бичлэгийн “соронзон санах ой”, металл бүтээгдэхүүн дэх дотоод хүчдэлийн үүдэлтэй “хэлбэрийн өөрчлөлтийн санах ой”, археологийн судлаачид “Дэлхийн соронзон санах ой” зэрэг нэр томьёо, ойлголтыг мэддэг байсан. Энэ арга дэлгэрээд 30 гаруй жил болж, дэлхийн 40 гаруй улс өргөнөөр нэвтрүүлж хөгжүүлэн ашиглаж байна. Металл бүтээгдэхүүн дэх соронзон үзэгдлийн физик, дислокацийн буюу бүтээгдэхүүний согогийн үйл явцын тогтоосон харилцаанд үндэслэн “Металлын соронзон санамж” гэсэн ойлголтыг нэвтрүүлж, оношилгооны шинэ аргыг боловсруулсан.

 

-ШУТИС-д металлурги, металлын технологи чиглэлээр докторт суралцаж байгаа гэлээ. Судалгааны ажлын талаараа сонирхуулж болох уу?

 

-УБТЗ-ын хэмжээнд ашиглаж байгаа хөдлөх бүрэлдэхүүн буюу зүтгүүр, вагон, тоног төхөөрөмжийн эд анги, металл хийцийн хүчдэл төвлөрсөн бүсийг тодорхойлон дүн шинжилгээ хийж, сэргээн засварлах боломжийг судлах, тэдгээрийн техникийн ашиглалтын нөөцийг тогтоох судалгааг эхлүүлээд байна. Эхлээд би хүчдэл төвлөрсөн бүс гэж юу вэ гэдгийг тайлбарлахыг оролдъё. Хүчдэл төвлөрөлт гэдэг нь металл материалын бүтцэд хэт их ачаалал үүсэх процесс юм. Металлын микро бүтцийн нэгэн төрөл алдагдсан газар. Өөрөөр хэлбэл, статик буюу давталттай ачааллын үйлчлэл дор дислокацийн гулсалт жигд явагдах зурвас бүсэд үүсдэг. Эдгээр хэсэгт хүчдэл нь орчны хэсгийнхээс өндөр байдаг. Үүнийг хүчдэл төвлөрөлт гэнэ. Металл бүтээгдэхүүний хүчдэл төвлөрөлт нь материалын эвдрэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг. Цаашид онолын болон судалгааны үр дүнгээ би төмөр замчдадаа танилцуулж, мэдээллээ хуваалцаад явж болно. Өнөөдөр Монгол Улсад хэрэгжиж буй бүхий л зүйл стандарттай байдаг. Манай энэ чиглэлээр гэвэл  МNS ISO 24497-1:2008 Үл эвдэх сорилт-Металлын соронзон санамж I хэсэг: Тайлбар толь, МNS ISO 24497-2:2008 Үл эвдэх сорилт-Металлын соронзон санамж II хэсэг: Ерөнхий шаардлага, МNS ISO 24497-3:2008 Үл эвдэх сорилт-Металлын соронзон санамж III хэсэг: Ширээсэн холболтын шалгалт зэрэг стандартууд бий. Хэрэв соронзон санамжийн аргын дэлгэрэнгүйг судлахыг хүсвэл ОХУ-ын https://www.energodiagnostika.ru/ сайтаар орж техникийн ухааны доктор А.А.Дубов нийтлэлүүдээс ч сонирхож болно шүү дээ.

 

-Тодорхой мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

 

М.Наранболд 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.