Шинэ оны босгон дээр “Төмөр замчны алдар” хүндэт тэмдгээр энгэрээ мялаалгасан ахмад төмөр замчин Ц.Уртнасан гуайг урьж ярилцлаа. Тэрбээр, өдгөө нас сүүдэр 90 шахаж явна.
-Шинэ оны босгон дээр УБТЗ-ын “Төмөр замчны алдар” хэмээх хүндтэй шагналыг хүртсэнд баяр хүргэе?
-Баярлалаа, хүү минь. Төмөр замынхаа хайр хишгийг хүртээд өвгөн ах нь баяртай сууна. Төмөр зам намайг сайн ханьтай учруулж, сайхан амьдралтай залгуулсан буянтай байгууллага. Намайг гурван настайд аав минь тэнгэрт хальж, 13-ны жил дээр ээж минь өөд болсон. Бага балчир насандаа эцэг эхээсээ өнчирч, хүнд хэцүү амьдрал туулсан, ах нь. Харин төмөр замчин болоод сайхан амьдарсан. Тийм болохоор төмөр замдаа ах нь жигтэйхэн хайртай. Төмөр замыг муу хэлсэн хүнтэй бол үзэж тардаг хөгшин шүү /инээв/.
-Таныг илгээлтээр ирсэн төмөр замчдын нэг гэж сонссон. Хэдэн онд илгээлтээр ирэв?
-Би 1956 оны илгээлтийн эзэн. Ховд аймгаас илгээлтээр 56-уулаа ирсэн. Тэгэхэд би 18 настай байлаа. Илгээлтийнхэн дунд нэг охин байсан. Ховд аймгийн драмын театрт дагалдан жүжигчин байсан гэх 17 настай тэр охин миний хань З.Хандсүрэн юм шүү дээ. Хоёулаа илгээлт аваад төмөр замчин болохоор ирж байгаа нь тэр. Биднийг хотод ирэхэд энэ төмөр замын тосгонд Октябрийн районы хэдэн жижиг шар байшин байсан санагдана. Тэр байшингуудын дэргэд бараг 50-аад гэр барьчихсан.
Тухайн үед төмөр замыг барьсан оросууд нутаг буцах болж тэдний халааг авах монгол ажилчдыг бэлтгэх гэж эх орны хязгаар нутгуудаас олон ажилчин элсүүлсэн юм билээ л дээ. Биднийг анх ирэхэд төмөр замд орос, хятадууд голдуу ажиллана. Монгол ажилчид цөөн. Оросууд зам барих, засах ажлаа хариуцаж, харин хятад ажилчид өртөө, зөрлөгийн байшингуудыг барьж байсан. Оросууд нутаг буцаж, илгээлтээр ирсэн бид тэдний халааг авсан.
-Та тэгвэл ханьтайгаа ирэх замдаа танилцсан хэрэг үү?
-Тиймээ, биднийг хотод ирсний дараа шугам замд тараан хуваарилсан. Өртөө зөрлөг, замын хэсгүүдэд хүмүүсийг буулгаж явсаар хамгийн сүүлд бид хоёрыг 824 дүгээр км-т хамт буулгасан. Ёстой хувь тавилан л байсан байх /инээв/.
-Та ажлын гараагаа ямар ажлаас эхлэв?
-Замчин. Ирээд гурван сар замчнаар ажиллаад Төмөр замын техникумд замын ангид орж сурсан. Миний наймдугаар анги төгссөн гэрчилгээг үзээд сайн сурлагатай юм. Аравдугаар ангийнх нь гэрчилгээг бичээд өгчих гэж байсан юм. Төмөр замын удирдлагууд намайг харж үзсэн хэрэг. Сургуулиа дүүргээд замын бригадын даргаар 615 дугаар км-т хуваарилагдаж ажилласан. Тэнд гурван сар ажиллаж байтал 824 дүгээр км-т ажил сайжруул гээд томилчихсон. Тэр хэсгийн замын балл 130 байсан. Бас тэнд нэг вагон уначихсан хүнд хэсэг байлаа. Надад замын балл бууруулж, ажил сайжруул гэсэн даалгавар өгсөн. Тэнд би 10 гаруй замчинтай очин ажиллаж, замын байдлыг сайжруулсан. Их л ядарч байж замаа аятайхан болгож авсан санагдана. Гэхдээ залуу байхад ядарлаа гэж хэлэх биш. “Ажил сайжруул!” гэдэг даалгавартай ийш тийш их томилогдсон доо. Шугам замын өртөө зөрлөгүүдэд ажиллаж байхдаа амьтан хүнтэй ч их танилцсан, нутгийнхантай ч ах дүү шиг дотно болсон. Тэр үеийнхэн нэг нэгнийхээ ажилд туслаад их сайхан байдагсан. Төмөр замын гараагаа тэгж эхэлсэн.
-Та Баянтүмэнд хүртэл томилогдон ажиллаж байсан гэв үү дээ?
-Харин тиймээ, Замын албаны инженер н.Балданням гэж хүн байсан. Тэр хүн нэг удаагийн Замын даргын үзлэгээр “Уртнасанг техник бараадуулчихмаар хүн” гэж байсан юм. Тэгээд тэгсэн үү, намайг Баянтүмэн тасаг руу томиллоо. Залуу байхдаа би хүний хийж байгаа ажлыг сайн харж аваад л бие даагаад хийчихдэг байсан.
Баянтүмэн тасагт очоод мотовозны жолооч боллоо. Эрээнцав төмөр замын тосгон хоёрын хооронд 2-3 улаан модон поошигтой ус чирч гараад точикоор тарааж өгнө. Заримдаа Замын ангийн дарга нартайгаа зам шалгагч тэргэнцэртэй гараад давхина. Тэр нь жижиг мотортой бүхээггүй, хоёрхон хүний суудалтай, вагоноос хурдан явдаг эд л дээ. Тэнд овоо ажиллаж байтал бие муудаж, зүрх өвдсөн. Төмөр замын эмнэлэгт байсан н.Түмэнжаргал их эмч акт бичиж өгч орон нутгаас шилжиж хотод ирсэн. Намайг хаашаа л томилогдоно хөгшин маань дагаад л явдаг байлаа. Намайг дагаж явахдаа манай хөгшин замчин, холбоочин, сумчин гээд юм юм хийсэндээ. Тэр үед мэргэжил нэг их хайхрахгүй. Энэ ажлыг сураад хий л гэнэ. Бидний үеийнхэн ч ажил хийх их сонирхолтой, зүтгэлтэй байж. Аливаа юмыг их соргог, овжин тусгаж авдаг байсан юм уу даа.
Хотод хүрээд одоо хаашаа томилогдох бол гэж бид хоёр ярилцдаг байлаа. Тэгтэл бид хоёрыг Сэлэнгэ рүү яв гэж байснаа болиод Замын II ангид хуваариллаа. Замын II ангиас 35 дугаар зөрлөгт хуваарилсан. Тэнд Замын мастераар томилогдоод ажиллах болов. Зөрлөгт замын мастер хийхэд ачаалал багатай залхуу болох шинжтэй санагддаг байв. Тэгтэл Замын ангийн их засварын хэсэг зөрлөгүүдээр их засвар хийгээд явлаа. Их засварын хэсэгт бригадын дарга хийвэл хий гэж байна. Тэгээд их засварын хэсэгт орж хэдэн жил ажилласан. Уг нь их сайхан ажил. Гэвч биеийн байдал нэг л өөдөлдөггүй. Жил бүр л рашаан сувилалд явна. Тэгээд Амгалан дахь одоогийн Төв засварын газарт аппарадчик машинчаар 1963 оноос ажиллах болсон. Хоёр сар болоод аппарадчикаар жинхэлсэн. Ингээд баллонтой хүчилтөрөгч үйлдвэрлэдэг болж, тэндээ тэтгэвэрт гартлаа ажилласан даа. Төв засварын үйлдвэрт байхад минь энэ байрыг Р.Раш дарга надад өгсөн юм шүү дээ.
-Тийм үү, байр орон сууцтай болно гэдэг хүний амьдралын хамгийн чухал зүйл шүү?
-Нэг хагас сайны өглөөний сонсгол дээр Р.Раш дарга хүрээд ирлээ. Манай байгууллагад 25 байр хуваарилжээ. Хоёр өрөө байр 12, нэг өрөө байр 12, гурван өрөө байр нэг л хуваарилагдсан юмсанж. Сонсгол дээр байрны хуваарь унших боллоо. Р.Раш дарга “Гурван өрөө ганц байрыг Ц.Уртнасанд өгнө шүү. Барьцах хүн байхгүй юм байгаа биз дээ” гэж байна. Тэр үед миний баярласан гэж... /Алга хавсран тэргүүн дээрээ өргөн залбирав/ Тэр байр маань энэ шүү дээ. Их баярласан. Манайх найман хүүхэдтэй, Амгаланд хүрэн алаг, галладаг модон байшинд байсан юм шүү дээ. Тэр байшин маань одоо ч байгаа. Манайхыг шинэ байшинд ороод нүүхэд Амгалангийн бригадын дарга н.Баасанжав гээд залуугийнх нүүж орсон. Тэр айл одоо ч тэндээ байгаа.
-Та тэтгэвэрт гараад юу хийв?
-Тэтгэвэрт гараад ёстой өдөр өнгөрөхгүй хэцүү байсан. Ажил олж хиймээр санагдана.
Тэгээд наймаа хиймээр санагдлаа. Хэдэн төгрөг байгаа дээр нь наймаа хийе гэж бодлоо. Тэр үед надад ямар мөнгө байсан гэж санана. Манайх дөрвөн охин, дөрвөн хүүтэй айл. Бүгд урлаг уран сайханд авьяастай. Манай хөгшин Ховдын Хөгжимт драмын театрт дагалдан жүжигчин байсан болохоороо урлагийн талаар жаахан жуухан юм мэднэ. Би болохоор дуулахаас өөр юм байхгүй. 1986 онд болсон Ард түмний урлагийн их наадамд улсад гэр бүлээрээ гуравдугаар байрт орлоо. Гэр бүлээрээ “Тэргүүний уран сайханч” гэдэг цолтой.
Манай хөгшний том ах нь жүжигчин “муухай” гэгддэг МУГЖ З.Пүрвээ, мөн нэг ах нь “Ардын элч” кинонд тоглосон МУГЖ З.Галсанданзан. Манай гэр бүлийг улсын уралдаанд гуравдугаар байр эзэлсэн тул 18 аймгаар урлаг уран сайхнаар үйлчил гээд “аавын цээж” (УАЗ-451) машин гаргаж өглөө. Тэвшинд нь бүхээг хийгээд хүүхдүүдээ аваад “муухай” Пүрвээ ахтайгаа хөдөө аймгуудаар тоглолт хийгээд явлаа. Эх орноо Чойбалсангаас эхлээд нар зөв тойрсон. Аялан тоглолт хийгээд 40 мянган төгрөгтэй орж ирж билээ. Тэр үедээ маш их мөнгө байсан. 40 мянган төгрөгөөс хүүхдүүддээ 500, 500 төгрөг өгөөд дуртай юмаа аваарай гэж байгаа юм. Их мөнгөтэй хүн болж байгаа юм байлгүй. Пүрвээ ахдаа 1000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө банкинд хийсэн байсан юм. Тэр мөнгө маань 1990 оны 20 дугаар тогтоолоор тал нь байхгүй болсон байсан. Түүнээс хойш банкинд итгэхээ больсон доо. Тэр мөнгөөрөө Бээжин Улаанбаатар хоёрын хооронд 17 жил хөөрөгний наймаа хийлээ. Том охин уурлаад “Аав одоо амар. Биеэ бод” гээд болдоггүй. Хүүхдүүдийнхээ шахалтаар наймаа хийхээ больсон. Гэртээ зүгээр суухаар өдөр өнгөрөхгүй хэцүү байдаг. Одоо хүүхдүүддээ би “60 настай бол ажил хиймээр байна. Ёстой сүнгэнүүлнэ дээ” гэдэг юм.
-“Мартсанаас мал мэнд үү” гэгчээр саяхан таны охин МУГЖ У.Уранчимэг Английн Лондон хотноо "УЭСТ ЭНД"-д Монголынхоо нэрийг цуурайтуулаад ирлээ. Аавын хувьд баярлаж, бахархаж л суусан байх даа...
-Тэглээ. Охиноо Монголынхоо нэрийг гаргаад ирсэнд нь баярлалгүй яах вэ. Хүмүүс ч ам сайтай байх шиг байна. Уранчимэг маань энэ их завгүй ажлынхаа хажуугаар аав, ээж хоёрыгоо авч яваа хүн дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай!
Б.Гүнжинлхам
