Нүүр Цаг үе Ц.Төрмөнх:Боловсон хүчний тогтворгүй байдал, орон сууцны асуудал хоёр гол хүндрэ...
Цаг үе

Ц.Төрмөнх:Боловсон хүчний тогтворгүй байдал, орон сууцны асуудал хоёр гол хүндрэл болж байна

G.Press 2 жилийн өмнө 73 үзэлт 0 сэтгэгдэл

 

Улаанбаатар өртөөний дарга Ц.Төрмөнхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Юун түрүүнд танай хамт олон өвлийн тээврийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж буйгаас яриагаа эхлүүлэх үү?

-Манай хамт олон өвлийн тээврийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр 17 зүйл бүхий төлөвлөгөө гаргасан. Энэ хүрээнд одоогоор 13 ажлыг 100 хувь гүйцэтгэсэн. Туул зөрлөгийн барилгын цууралт, гадна фасадын их засварын ажил наймдугаар сарын 21-нд эхэлсэн. 70 хувийн гүйцэтгэлтэй. Улаанбаатар өртөөний ялтсан бойлерыг иж бүрнээр нь солих их барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Өртөөний 352 ажилтнаас 305 хүн ээлжийн амралтаа авсан. Өнөөдрийн (есдүгээр сарын 18) тушаалыг зураад 90 хувьд хүрэх юм. Өвлийн хувцасны татан авалтыг одоогоор хийгээгүй байна. Худалдан авалт, борлуулалтын алба нийлүүлэлтээ бэлэн болгочихвол бид тухайн ажлыг шууд гүйцэтгэхэд бэлэн. Ерөнхийд нь авч үзвэл 2023-2024 оны өвлийн тээврийн бэлэн байдлыг 92-оос дээш хувийн үзүүлэлттэйгээр хангаад байна.

-Ачаа тээврийн төлөвлөгөөт үзүүлэлт оны эхний найман сарын дүнгээр хэр түвшинд явна вэ?

-Улаанбаатар өртөөний төлөвлөгөөт үзүүлэлтийг оны эхний найман сараар авч үзвэл, ачилт вагоноороо 125, тонноороо 129 хувьтай байна. Ачилт АБТЭМА-тай нийлээд вагоноор 126, тонноор 148 хувийн биелэлттэй байна. Статик даац 117, буулгалтын төлөвлөгөө 94 хувийн биелэлттэй явж байна. Буулгалтын төлөвлөгөө харьцангуй бага үзүүлэлттэй гаргахад нөлөөлсөн хэд хэдэн зүйл бий. Явуулалт 112, орон нутгийн вагоны сул зогсолт болон ачааны нэг ажиллагаан дахь вагон сул зогсолт, ажиллагаатай болон ажиллагаагүй транзит вагоны сул зогсолтын төлөвлөгөө бүрэн биелсэн.

-Буулгалтын үзүүлэлт төдийлөн ахьсангүй,  шалтгааныг нь тодруулбал?

-Улаанбаатар өртөөний хамт олон энэ оны эхний найман сарын байдлаар 86403 вагон буулгаж, төлөвлөгөөг 94 хувиар гүйцэтгэсний гол шалтгаан гэвэл нэгдүгээрт, Замын-Үүд өртөөн дэх чингэлгийн хуримтлал буурсан өмнөх оны мөн үетэй харьцуулахад буулгалтын үзүүлэлт багассан харагдаж байна. Мөн 2022 оны чингэлгийн буулгалт найман хувиар буурсан. Энэ нь Замын даргын А-810 тоот тушаал 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ноос хэрэгжиж, улмаар АБТЭМА-ийн тариф нэмэгдсэнтэй холбоотой. Нэг үгээр хэлбэл, тарифын өсөлттэй холбоотойгоор АБТЭМА-ийн буулгалт 46 хувиар буурсан нь манай төлөвлөгөөт үзүүлэлтэд шууд нөлөөлсөн гэж харж байна. Үйлчлүүлэгч нар мэдээж хямд үнэ тарифыг л сонгоно. Тэд АБТЭМА-аас илүүтэйгээр бусад хувийн хэвшлийн терминалуудыг сонгон үйлчлүүлэх болсон. Бусдаар бол манай хамт олны төлөвлөгөөт үзүүлэлтүүд бүрэн биелж байна. Хүн хүч, техник хэрэгслийн хүрэлцээ хангамжтай холбоотой хүндрэл бэрхшээл одоогоор гараагүй. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад буулгалт өсөж байгаа нь Хонхор өртөө. Уул уурхайн эдийн засаг тэлж байгаатай холбоотойгоор тус өртөөний буулгалт эрс нэмэгдэж буулгалтын хэмжээ даруй 30 хувиар өсөж байна.

-Боловсон хүчний тогтвор суурьшил хэр байна вэ?

-Хүний нөөцийн хувьд ерөнхий дүр зургаар нь авч үзвэл Сайншанд, Замын-Үүд, Чойрын хэсэглэлд шилжилт хөдөлгөөн их байгаа. Зөвхөн өртөөний хэмжээнд ч бус зам, дохиолол холбооны чиглэлээр ч хүн хүч дутагдаж байгаа. Энэ бэрхшээл Улаанбаатар өртөөг ч тойрч гарахгүй нь бололтой. Сүүлийн үед хүмүүс өөрийн хүсэлтээр ажлаас гарах тохиолдол эрс нэмэгдэж байна. 2023 онд хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн өмнөх оны мөн үеээс 20 нэгжээр өссөн. Тухайлбал, галт тэрэгний хөдөлгөөнтэй шууд холбоотой мэргэжлийн 10 хүн бусад төмөр замын байгууллага руу шилжсэн. Өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж байгаа хүмүүсийн шалтгааныг тодруулахад бусад төмөр замын байгууллага руу шилжсэн үзүүлэлт нэг дахин өссөн. Нэмэгдсэн ажилтны 80 хувийг сонгон шалгаруулалтад тэнцсэн ажилтнууд бүрдүүлж байгаа бол хасагдсан ажилтны 50 хувийг өөрийн хүсэлтээр ажлаас гарах, үлдсэн хувийг нь гадны орон руу сурч, ажиллахаар явах, сахилгын зөрчлөөр ажлаас халагдах зэрэг тохиолдол эзэлж байна. Манай хэсэглэлийн хэмжээнд 21 дагалдан ажилтан дасан зохицох, дадлагажуулах сургах үйл ажиллагааг багш-шавийн гэрээний үндсэн дээр зохион байгуулж байна. Оны эхнээс нийт 79 ажилтныг дагалдуулан ажиллуулсан. 70 ажилтан өөрийн болон албаны техникийн шалгалтад комиссгүй тэнцсэнээс 16 ажилтан давтан шалгалт өгч байж тэнцжээ.  352 хүнээс нэг жилийн хугацаанд хөдөлгөөнтэй холбоотой 70 хүн хөдөлгөөнд орсон байна гэдэг нь хүний нөөцийн тогтвор суурьшилд хүндрэл үүсэж байгаагийн илэрхийлэл юм. Нийт ажилтнуудын 70-аас дээш хувь нь залуус боллоо. Бүгд 10-аас доош жил ажилласан туршлагатай залуус байна. 20-оос дээш жил ажилласан туршлагатай хүмүүсийн эзлэх хувь 10-д хүрэхгүй.

-Сургууль төгссөн залуу боловсон хүчнээс ажилд орох хүсэлт ирүүлж байгаа юу. Тэд мэдлэг чадварын хувьд ажлын байрандаа тогтворжиход хэр их хугацааг зарцуулж байна вэ?

-Москва, Санктпетербург, Эрхүү зэрэг ОХУ-ын их дээд сургуулиуд болон дотоодын их дээд сургууль, коллежийг төгссөн залуусын дунд сонгон шалгаруулалт хийх ажлыг бид хоёр ч удаа зохион байгуулсан. Эхний сонгон шалгаруулалтад 17, дараагийнхад нь 10 орчим хүн ирж оролцсон. Ерөнхий дүр зургаар нь харвал гадаад дотоодын сургуулийн алинд нь төгссөн байхаас үл хамаараад залуусын маань мэдлэг чадамж тааруухан байна. Нэг үгээр хэлбэл, мэргэжлийн төмөр замчдын залгамж халааг бэлтгэх зорилго бүхий сургуулиудын сургалтын чанар хангалттай бус байгаа юм болов уу гэж дүгнэхэд хүргээд байгаа юм. ТЗДС л гэхэд Ашиглалтын багшгүй болчихоод сонгон шалгаруулалт зарлаж байна шүү дээ. Боловсролын байгууллага нь өөрөө мэргэшсэн боловсон хүчний дутагдалд орчихсон энэ цаг үед сургалт чанаргүй байх нь ч аргагүй. Залуу насныхаа дөрвөн жилийг дэмий шахам өнгөрүүлсэн залуус ажлын талбарт ирж байна гэдэг үнэхээр харамсалтай. Тэглээ гээд нэгэнт сургуулиа төгсөөд ирсэн залуу үеийг бид ажилд авахгүй гэх хэцүү. Өөрөө ажиллая гэсэн чин хүсэл эрмэлзэлтэ шинэ залуусаа ажлын байранд нь дагалдуулаад, дадлагажуулаад ажилд нь төдийгүй амьдралд зөв чиглүүлээд явдаг туршлага бол үе үеийн ахмад, дунд үеийн төмөр замчдын үүрэг байсаар ирсэн. Энэ ч утгаараа аль болох чаддаг мэддэгээ зааж өгч, хамт олных нь дунд идээшүүлэх гээд бүх талаар мэрийж байна. Харамсалтай нь, тухайн залуус нэг хоёр жилийн дараа ажлын жаахан дөр суугаад ирэхээрээ өөр тийш шилжчих гээд, шалтгаан л олдвол ажлаас гарчих гээд байдаг ийм тогтвортой бус цаг үе ирээд байна. Залуус маань Солонгос руу маш ихээр явж байна. Уг нь, төмөр замын байгууллага боловсон хүчний тогтвор суурьшлыг тэргүүн эгнээнд авч явах ёстой юм. Гэвч хүссэн хүсээгүй ийм бэрхшээлтэй нүүр тулгарчихаад байгаа нь цаашид төмөр замын боловсон хүчний бодлогыг тэс өөр түвшинд гаргахгүй бол байдал улам хүндрэх нь гэж харагдаж байгаа.

-Ажилтнуудыг тогтвортой байлгахын тулд ямар арга хэмжээ авбал дээр гэж та харж байна вэ?

-Цалингийн сүлжлийн шинэ систем мөрдөгдөж эхэлснээр ялангуяа олон жил ажилласан чадварлаг ажилтнуудын тогтвор суурьшил бэхжих юм болов уу гэж харж байгаа. Бидний хувьд өндөр хүлээлттэй байна. Гэхдээ Замаас хэрэгжүүлж байгаа энэхүү бодлогын бодит үр дүн яг хэзээ гарах вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

-Ганцхан жилийн дотор 70 хүн ажлын байрандаа шинээр суралцаж буй нь ГТХАБ болоод ХАБЭА-н чиглэлд өндөр эрсдэл бий болж байна гэсэн үг. Энэ чиглэлээр ямар бодлого барьж байна вэ?

-Шинэ хүмүүс галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулаад, удирдаад, халуун тогоонд нь ороод явна гэдэг нь эрсдэлийг нэмэгдүүлнэ гэдэгтэй санал нэг байна. Олон жил ажилласан хүмүүсийн мэдлэг, туршлагыг юугаар ч орлуулшгүй шүү дээ. Тэгэхээр бид залуусаа яаж богино хугацаанд чадавхжуулах вэ гэхээр нэн тэргүүнд сургалтын чанарын сайжруулах. Сүүлийн жилүүдэд цар тахлаас үүдэлтэйгээр аль болох зайнаас ажиллаж, цахим сургалтыг түлхүү орж, танхимын сургалтаа нэлээд цалгардуулсан. Сургалтыг цахимаар хийх нь цаг хугацааг хэмнэж болох ч үр дүн тааруухан байна гэж үзсэн. Ингээд Тээврийн хяналтын алба, Тээвэр зохион байгуулалтын алба тэр дундаа Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэнгийн санаачилгаар Багануур өртөөг түшиглэн “Онц хөдөлгөөнчин” тэмцээнийг зохион байгууллаа. Эхний шат нь аж ахуйн нэгжүүддээ, хоёрдугаар шат нь зангилаа тус бүрдээ болж, эцсийн шатанд шалгарсан багууд “Замын аварга”-ын төлөө Багануур зангилаанд өрсөлдсөн. Энэ оролцсон залуус замын хэмжээний чадварлаг найруулагч, машинч, холбооны механикч, замын мастерын ур чадварыг бодитоор харж, суралцсан. Тэргүүн байрын эзэд “Онц хөдөлгөөнчин”, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр шагнуулсан учраас ширүүн ч өрсөлдөөнтэй болсон. Цаашид тус тэмцээнд оролцох залуусын хүсэл эрмэлзлийг улам сэргээсэн болов уу гэж бодож байна. Өмнө нь тус тэмцээнийг “Сэлгээ ур чадвар” нэрийн доор  машинчийн бригад, холбогч найруулагч нарынхаа дунд л зохион байгуулдаг байлаа шүү дээ. Энэ мэтээр сургалтыг ч газар дээр нь бодит, үр дүнтэйгээр хийвэл чадварлаг залуусаа юу юугүй алдаад байхгүй болов уу гэж бодож байна. Ажилтан хүн зөвхөн албан ажилдаа анхаарах бус сургалтад суугаад гарсан ч, албан тасалгаагаараа орсон ч сэтгэлд таатай, тав тухтай орчныг нь бүрдүүлж өгөх чиглэлээр Улаанбаатар өртөөнийхөн хичээн ажиллаж ивүүрчдийн ажлын байр, сургалтын танхим, холбогч найруулагчдад зориулсан ариун цэврийн өрөө гээд шат дараатайгаар шийдээд явж байна.

-Боловсон хүчний тогтвор суурьшилд орон байрны асуудал гол жин дарж байх шиг. Ялангуяа, залуу ажилтнууд Улаанбаатартаа ажиллах хүсэл сонирхолтой байдаг шүү дээ?

-Манай хэсэглэлийн хэмжээнд шугам замын орон сууцны асуудал маш хүндрэлтэй байна. Нүхэн жорлонтой, халуун хүйтэн усгүй, гал түлдэг байр манай хэсэглэлд маш олон бий. Чойрын хэсэглэлд харьцангуй өөр. Орчин цагийн тохилог орон сууцанд ажиллаж амьдарч байгаа өртөг өндөртэй нийслэл рүү тэмүүлээд байхгүй. Гэтэл манай хэсэглэлд ийм орон сууц үнэхээр дутагдаж байна. Багахангай, Баян, Хонхор зэрэг томоохон өртөөдөд энэ асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай. Бид шийдэхийн төлөө шат шатанд уламжлаад явж байгаа боловч Замын хөрөнгө санхүүгээс шалтгаалаад богино хугацаанд шийдэгдэх боломжгүй байна. Орон сууцны асуудал дундаас маш их чирэгдэл дагуулж байгаа асуудал бол 2018 онд гаргасан Замын даргын А-22 тоот тушаал. Энэ тушаалыг даруй өөрчлөхгүй бол шинээр хуваарилагдан очиж байгаа залуусыг албан тушаалын байранд нь оруулах гэхээр ахмад төмөр замчид байраа чөлөөлж өгдөггүй. Хонхорт л гэхэд технологийн байранд 20 жил амьдарч байгаа ахмад бий. Замын даргын А-22 тоот тушаалд 30 ба түүнээс дээш жил ажилласан ахмад төмөр замчин технологийн орон сууцандаа гурван жил амьдрах эрхтэй байдаг. Тэгэхээр энэ асуудлыг хүссэн, хүсээгүй чангатгах хэрэгтэй. Гавьяаны амралтаа хэзээ авах нь тодорхой учраас дараагийн залгамж халаа болсон залуусаа чирэгдүүлмээргүй байгаа юм. Хонхор өртөөний дарга нь байргүй учраас хотоос явж ажилладаг. Ийм байдлыг ахмадууд маань ойлгох ёстой. Тэд өөрсдөө ч залуу байсан шүү дээ. Тиймээс дээрх тушаалыг өөрчлөхөд бусад өртөөдийн дарга нарыг бас нэгдээч гэж уриалъя.

-Хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр танай хамт олон ямар үзүүлэлттэй ажиллаж байна вэ?

-Оны эхэнд хоёр гологдол гарсныг эс тооцвол гологдол, дутагдалгүй ажиллаж байна. Он дуустал энэ үзүүлэлтээ барьж ажиллахын төлөө хүн бүр чармайж байгаа.

 

Б.Дэлгэрхишиг

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.