Нүүр Ярилцлага Ч.Сугирбаатар: Замын-Үүд зангилаа 18.3 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт то...
Ярилцлага

Ч.Сугирбаатар: Замын-Үүд зангилаа 18.3 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт тогтоосон

G.Press 4 сарын өмнө 513 үзэлт 0 сэтгэгдэл

 

Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатартай уулзаж ярилцлаа.

 

-Сайн байна уу. Шинэ оны мэнд хүргэе. Замын-Үүд зангилааны хувьд өнгөрсөн онд тавьсан зорилт, өгсөн үүрэг даалгаврыг хэр биелүүлэв?

 

-Сайн байцгаана уу. Нийт төмөр замчдадаа шинэ оны мэнд хүргэе. Өнгөрсөн он Замын-Үүд зангилааны хувьд маш амжилттай сайхан жил байлаа. Замын захиргаанаас Замын-Үүд хилийн боомт, өртөө, зангилаагаар нийт 17.5 сая тонн ачаа дамжин өнгөрөх буюу нэвтрэх ёстой гэдэг үүрэг даалгавар өгсөн. Энэ нь өмнөх оны гүйцэтгэлийг давж өгсөн төлөвлөгөө байсан. Төмөр замчдын нийлмэл хамтын хөдөлмөрийн үр шимээр бид оны өмнө буюу 12 дугаар сарын 24-ний өдөр гэхэд энэ төлөвлөгөөгөө биелүүлж, 17.5 сая  тонн ачааг дамжин өнгөрүүлж, мөн өртөөн дээрээ чанаржуулж жин тонныг нь ахиулах, галт тэрэгний тоог нэмэх ажлуудыг хийсэн. 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт тээвэрлэсэн ачааны хэмжээ 18330228 тонн болж, бид 800000 гаруй тонноор төлөвлөгөөгөө давуулж биелүүлсэн нь өндөр амжилт юм. 

 

-Зангилааны хамт олны амжилтад баяр хүргэе. Өнгөрсөн жил ямар ачаа тээвэрлэлт давамгай байсан бэ?

 

-Баярлалаа. Ерөнхийдөө 16 галт тэрэг өргөн царигаар дамжин өнгөрч байгаа. 16 галт тэрэгний зургаа нь ОХУ-аас БНХАУ руу дамжин өнгөрөх транзит чингэлгийн тээвэрлэлт. Үлдсэн арван галт тэргээр Монгол Улсаас гарч буй төмрийн хүдэр, нүүрс, жонш, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэж байна. Мөн Монгол руу нарийн царигаар орж ирж байгаа импортын бараа буюу өргөн хэрэглээний бараануудаас суларч, экспортын хоосон чингэлгүүд буцаж байгаа. Энэ  чингэлэг 1-2 галт тэрэг байдаг. Ер нь нэг галт тэрэг л гарсан. Ерөнхийдөө дамжин өнгөрч байгаа нь зургаа, үлдсэн арав нь Монголоос гарч байгаа ачаа бараа гэж ойлгож болно.

 

-Өнгөрсөн онд нүүрсний экспорт зэргээс хамаараад төлөвлөгөө даван биелэхгүй байх магадлалтай болж, хэмнэлтийн горимд шилжих зэрэг асуудлууд гарч байсан?

 

-Тиймээ, бид энэ байдлыг урьдчилж харж чадсан. Тээвэрлэлт явж байгаа учраас алдагдалтай, алдах магадлалтай тээврийг ямар тээврээр нөхөх вэ, аль тээврүүдээ илүү хийвэл төлөвлөгөөндөө хүргэх вэ гэдэг байдлаар тээвэр зохион байгуулалтаа маш сайн хийсэн. Тэгээд Замын захиргаа, Тээвэр зохион байгуулалтын албатай хамтарч нарийн судалгаатай ажилласнаар оны эцэст бид гүйцсэн. Сүүлийн гурван сарын хугацаанд төмөр замчид маань үнэхээр сайн ажиллаж, алдагдалд орох гээд байсан ажлыг нөхөж гүйцээж чадсан. 33.7 сая тонн ачаа тээвэрлэж, гүйцээх байтугай давуулчихлаа. Энэ том амжилт юм. Улсын хэмжээнд тээвэрлэсэн ачааны 54.3 хувь Замын-Үүдийн боомтоор гарч байна гэхээр бид үнэхээр их ажилтай 2025 оныг үдлээ.

 

-Замын-Үүд зангилааны хувьд өнгөрсөн онд хамгийн тулгамдсан асуудал юу байв. Түүнийгээ хэрхэн даван туулав?

 

-Замын-Үүд зангилааны хэмжээнд 13 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, 1700 гаруй төмөр замчид ажиллаж, амьдарч байна. Жил бүр өсөн нэмэгдэж буй ачааг амжилттай тээвэрлэж, энэ их ажлын ард гарч байгаа. Бид даван туулахын тулд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж, техник хангамж, хүн хүчний байдлаа бодит бий болчихсон тээврийн хэмжээтэйгээ харьцуулбал хүнд. Гар ажиллагаатай байгууламжууд байсаар л байна. Тухайлбал, БНХАУ-аас 1435 мм-ийн царигаар Хятадын хөдлөх бүрэлдэхүүн зүтгүүрүүдийг авч Монгол руу ачаагаа оруулж ирж, энд өргөн цариг руу шилжүүлж ачдаг. Энэ өртөөний байгууламж нь гар ажиллагаатай. Хүний оролцоотойгоор сумыг эргүүлдэг. Ингээд галт тэрэгний замналыг бүгдийг нь гар ажиллагаагаар хийж байна. Хамгийн өндөр эрсдэл нь хөдөлгөөний аюулгүй байдал. Ачааны хэмжээ ийм эрс их болсныг дагаад эрсдэл, аюулгүй байдлын ноцтой зөрчил гарах магадлал өндөр. Нарийн царигийн өртөөн дээрээ хөдөлгөөний аюулгүй байдлын соёлыг төлөвшүүлж, байгууллагын хэмжээнд соёлыг ахиулснаараа аюулгүй байдлаа барьж авч чадсан. Гэхдээ өргөн цариг гээд зарим нэг сэлгээний ажилтай холбоотой асуудал, алдаа гарсан. Орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглах, гар ажиллагааг бүрэн автоматжуулах, цахилгаан төвлөрүүлэлтэд холбохгүй бол болохоо больчихоод байгаа юм. Тиймээс Замын-Үүд зангилаанд өргөтгөл хийх төсөв, төлөвлөгөөг гаргахад 13 төрлийн ажил хийхээр байгаа. Нийт төсөвт өртөг нь 190.6 тэрбум төгрөг. Эхний ээлжинд нарийн царигаа цахилгаан төвлөрүүлэлтэд холбох ёстой. Ингэснээр өсөн нэмэгдэж байгаа тээврийн хэмжээгээ бид хангаж чадна. Хамгийн гол нь хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. Хоёрдугаарт ачилт буулгалтын талбайг нэмэх ёстой. Замын-Үүдийн Шилжүүлэх ачих ангийн шилжүүлэн ачих I, II, III, IV талбайн болон Бүс нутгийн ложистикийн төв байгаа. Энэ дээр бид транзит чингэлгийн ачаагаа голлож гүйцэтгэдэг. Чингэлэг ачуулах зориулалтын стандарт талбайг нэмэгдүүлэх ёстой. Төлөвлөснөөр 1500 чингэлэг агуулах талбайтай болчихвол бид өргөн царигаар 20, нарийн царигаар 13 хос галт тэрэг солилцох боломж бий болно.

Гуравдугаарт, Монгол, Хятад улсын хилийн нарийн царигаа хоёр гарцтай болгохоор бэлтгэсэн. УБТЗ-ын 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр дахь хос замыг нарийн царигаар тавиад хил дээр очоод тулсан. Хятадын талтай ярилцаад холболтын цэгүүдээ тохирчихсон. Хоёр улсын ГХЯ нот бичиг солилцож, тохиролцох асуудал байгаа. Гадаадад гарц нэмэгдэнэ гэдэг нь  хамгийн том нэр хүндтэй ажил байдаг. Үүнийг дагаад тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдэнэ. Нэр хүнд, орлого өснө. Эхний энэ гурван ажлыг хийчихвэл бидний хүсэн хүлээгээд байгаа өндөр тоотой галт тэргүүдээ солилцож эдийн засгийн үзүүлэлт эрс өсөх юм.

 

-Энэ жил хэчнээн тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөж байгаа вэ?

 

-Эхний ээлжинд гурван улс хоорондоо хэлэлцэж ачааныхаа хэмжээг тохирно. Ингээд Монгол Улсаар дамжин өнгөрөх ачаа хэд байх юм, транзит нь хэд байх вэ, Монгол Улс дотооддоо экспорт, импортын бараа бүтээгдэхүүнүүдийг хэдэн тоннд барих юм гэхчлэн хэм хэмжээ тогтохоор тодорхой болно. Өнгөрсөн жил Замын-Үүд өртөөнд 17.5 тонн ачаа тээвэрлэх гэдэг төлөвлөгөө өгсөн. Орос Монголын хамтарсан нийгэмлэгээс манай хамт олонд өгч байгаа төлөвлөгөө юм. Өнгөрсөн онд 18330228 тонн ачаа тээвэрлэсэн учраас магадгүй энэ гүйцэтгэлээр манайд төлөвлөгөө өгөх болов уу. Саяхан Монгол, Хятад улсын хилийн өртөөдийн удирдлагууд уулзаж ярилцсан. Уулзалтаар техникийн боломжтой шийдлийн талаар болон өнгөрсөн оны ачаа тээвэрлэлтээ хэрхэн гүйтцэтгэснээ дүгнэж, 2026 онд хэдэн тонн ачаа тээвэрлэх боломжийн талаар ярилцсан.

Тээвэрлэлт болон хөдөлгөөний зохион байгуулалтын маш олон ажлыг хийж байж бид өнгөрсөн жил 18.3 сая тонн ачааг тээвэрлэсэн. Тэгэхээр 19.0 сая тонн ачаа тээвэрлэх, магадгүй цаашлаад 2030, 2050 зорилтын хүрээнд бодлогын бичиг баримтуудад туссан тэр өндөр сая тонн ачааг тээвэрлэхийн тулд бид стандарт талбайг нэмэгдүүлэх, гар ажиллагааг бүрэн автоматжуулах, цахилгаан төвлөрүүлэлтэд холбохгүйгээр хийхэд хүндрэлтэй. Дээрээс нь энэ ажлыг ганцхан УБТЗ хийж чадахгүй гэж би харж байгаа. УБТЗ 190.6 тэрбумын хөрөнгө оруулалттай ийм том бүтээн байгуулалтуудыг хийнэ гэдэг хүнд шүү дээ. Хуучин цагт УБТЗ вант улс гээд биеэ даагаад бүхнийг хийж байсан. Одоо тийм боломж байхгүй. Монгол Улсын хамгийн олон ажилтантай ажил олгогч энэ байгууллага хүссэн ч, эс хүссэн ч Засгийн газартайгаа хамтарч хийхээс өөр замгүй. Тийм учраас Засгийн газар, чиглэл хариуцсан яам сайн дэмжлэг үзүүлж ажиллахгүй бол бид дангаараа хийхэд үнэхээр хүнд гэж бодож байна.

 

-Замын даргын А01 тоот тушаалаар 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ зорилтын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил, ололт болон дутагдалтай тал юу байв?  

 

-Зорилтын хүрээнд манай хамт олон, ажилтан албан хаагчдаа тогтвор суурьшилтай ажиллуулах, мөн хэрхэн өөрсдийг нь хөгжүүлэх вэ гэдэг чиглэл дээр анхаарч ажилласан. Тэр дундаа шугам замд ажиллаж байгаа ажилчдынхаа ажиллах орчин, суралцах боломж гэх мэт асуудалд нэлээд анхаарсан. Сүүлийн үеийн залуучууд шугам замд галлагаатай байранд амьдарна гэдэг хэцүү болсон. Тэгэхээр энэ хүмүүсийг амьдрах болон ажиллах байрыг нь дулаанд холбох, ажлын байранд 00-той болгох, инженерийн шугам сүлжээнд холбох, гүний худагтай болгох зэрэг ажлыг эрчимтэй хийлээ. Манайх долоон өртөө зөрлөгтэй. Улаан-Уул өртөө инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Цагаан хад зөрлөгт гүний худаг гаргахад Замын захиргаа анхаарсан. Сумангийн зоо зөрлөгийг 127 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээнд холбож тохижууллаа. Нартын хошуу зөрлөгт Замын IV анги маань том бүтээн байгуулалт хийсэн. Энэ онд үлдсэн гурван газар өрөмдөж, ус хайгуулын судалгаа хийн тогтмол устай болгож байж л энэ асуудлыг шийдэхээс биш зөөврийн усны галт тэрэгтэй үед үүнийг шийдэхэд хүнд. Олон ажилчид маань эчнээгээр сурч, “Говийн төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд олон төрлийн хөнгөлөлтийг эдэлж байна.

Энэ оныг “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарлалаа. “Биеэ засаад, гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэдэг шиг өөрсөд дээрээ нэлээд ажиллалаа. Одоо байгууллагын хэмжээнд бүтээмжийг хэрхэн дээшлүүлж ажиллах тал дээр бид бодлоо чилээнэ дээ.

 

-Өртөө, зөрлөгүүдэд галлагаанаас татгалзаж, цахилгаанаар халаах зэрэг дэвшилтэт технологи нэвтрүүлдэг ч нөгөө талдаа цахилгааны төлбөр өндөр гарах асуудал үүсэж байгаа. Сэргээгдэх эрчим хүчийг ашиглах тухай уулзалт яриа хөөрөө болсон гэсэн. Тэр талаар тодруулж ярина уу?

 

-Сайншандад “Дорноговь аймгийн инженерүүдийн зөвлөгөөн” болсон. Манай Замын удирдлагууд үүрэг өгсний дагуу УБТЗ-ын өнөөгийн байдал, өргөтгөл шинэчлэлтэй холбоотой илтгэл тавьсан. Энэ үеэр сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар илтгэл тавьсан хүмүүстэй уулзсан. Шугам зам дагуух технологийн орон сууцны дээврийг нарны эрчим хүчний төхөөрөмжөөр тоноглох, салхин сэнс ашиглах зэрэг олон төсөл яригдсан. Энэ  онд зөрлөгүүдийнхээ дээвэрт нарны панел суурилуулж ажилчдын орон сууцаа халаах талаар инженерүүдтэй уулзаж, хамтарч ажиллах талаар ярилцсан. Мөн 2026 оны зургадугаар сарын 01-нээс Замын-Үүд сум маань хот болж байгаа. Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулиар  шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломж бүрдэнэ гэж харж байгаа.

 

-Та Дорноговь аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч, мөн өртөөний даргын хувьд төмөр замчдадаа дэмжлэг туслалцаа түлхүү үзүүлэх, хөрөнгө оруулалт татах талд  орон нутгийн удирдлагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ?

 

-Би Замын-Үүд сумын I, II багаас сонгогдсон төлөөлөгч. Энэ хоёр багийн дийлэнх иргэд төмөр замд ажилладаг. Замын-Үүдийн иргэдийн эрх ашгийг хамгаалах нь миний үндсэн үүрэг учраас идэвхтэй оролцдог. Тухайлбал, төмөр замын “Алтанхаргана” цэцэрлэгийг 200.0 орчим сая төгрөгийн өртөгтэй тоглоом, техник хэрэгслээр хангасан. Зорилтот бүлгийн хүүхдүүдэд дэмжлэг үзүүлдэг. Иргэдийн хурлын төлөөлөгч байна гэдэг давуу талтай. Манай аймагт 1109 дүгээр км-т долоон зам огтлолцдог төмөр замын гарам байдаг. Үүнийг хоёр өөр түвшинд огтлолцуулахад 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Орон нутагтаа би санал тавьчихсан. Замын дарга, салбарын сайд ч дэмжиж байгаа.  Энд 1700 орчим төмөр замчин ажиллаж амьдардаг. Спорт заалгүй учраас дунд сургуулиудын заалыг бид түрээсэлдэг. Манай зангилааны нийт аж ахуй нэгжүүд жилд заалны түрээсэнд 340 сая гаруй төгрөг өгдөг тооцоо гарсан. Спорт заал барихад 1.1-1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай болохыг өнгөрсөн намрын үзлэгээр Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковт танилцуулахад дэмжиж, улмаар Замын даргын тушаалд орсон. Бид усан бассейн, фитнесс заал бүхий спорт цогцолбор барих саналаа танилцуулсан.

 

-“Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжсэний давуу талуудыг дурдана уу?

 

-“Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжсэний үр дүн, давуу тал олон байна. 2023, 2024 онд орон тооны дутагдалтай, галт тэрэгний найруулагчгүй болчихоод хойд өртөө, зөрлөгүүдээс томилолтоор хүмүүс авч ажиллуулж байлаа. 2025 онд Замын даргын А01 тоот тушаал, “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Дархан, Сайншанд, Улаанбаатарын Политехникийн коллеж, МСҮТ-үүдийг төгссөн хүүхдүүд их ирдэг болсон. Замын захиргаанаас зөв харж гаргасан бодлого, дээр нь “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр өнөөдөр ямар ч байсан ээлжийн ажилтнуудаа 48 цаг амраадаг боллоо. Хүний нөөцийн бүрдэл боломжийн түвшинд хүрлээ.

 

-Замын-Үүд өртөөний вокзал олон жилийн түүхтэй. Уламжлалт өв соёлыг нь хадгалж үлдэх, үнэ цэнтэй байдлыг хадгалах, хамгаалах тал дээр ямар ажлуудыг хийж байна вэ?

 

-70 жилийн ойгоо угтаж өнгөрсөн онд Замын-Үүд өртөөний брэнд шовгор оройтой шар барилгын гадна фасадыг зассан. Энэ онд хуучин вокзалынхаа дотор талын засварыг хийх юм. Дотор талд нь өв соёлтой холбоотой маш ховор түүхийн хоёр том зураг байгаа. Монголд бараг л үүн шиг том зураг байхгүй болов уу. Тэгэхээр энэ хоёр том зурагтай хүлээлгийн танхимаа сайхан тохижуулна. Замаас ширээ сандлуудыг нь дахиад авах төсөв хөрөнгө хуваарилсан. Хуучин вокзалд хүлээлгийн танхимтай болохгүй бол шинэ вокзал зорчигчдоо дийлэхгүй байна. Иргэд зорчигчдын хөдөлгөөн үнэхээр их байна шүү дээ. Одоо орон нутгийн галт тэрэгний тасалбар олдохгүй, 100 хувийн дүүргэлттэй маш өндөр ачаалалтай байна.

 

- 2026 онд Замын-Үүд өртөөний 70 жилийн ой тохионо. Ойгоо угтсан ямар бүтээлч ажлууд хийхээр төлөвлөв?

 

-Манай өртөө, зангилааны хувьд маш чухал он болж байгаа. Учир нь 1956 оны нэгдүгээр сарын 03-нд Монгол Улсад төмөр замын шинэ гарц нээгдэж, анхны галт тэрэг аялсан түүхэн өдөр. 2026 оны нэгдүгээр сарын 03-нд бид энэ түүхэн өдрийг ёслол төгөлдөр эхлүүлсэн. Энэ өдөр бид өргөн, нарийн хоёр царигаараа 70, 70 вагонтой галт тэрэг аялуулж, өргөн царигаар 6547 тонн жинтэй төмрийн хүдэр ачсан 70 вагонтой галт тэрэг анх удаа аялуулсан. Өмнө нь 70 вагонтой галт тэрэг аялж байгаагүй. Бид ойрын зай, өгсүүр, уруудуур замын аяс онцлогийг тохируулсан. Хойноос ирсэн 50 вагон дээр эндээс ачаатай 20 вагон нэмсэн. Мөн нарийн царигаар урд хөршөөс Монгол Улс руу өргөн хэрэглээний хүнсний болон цахилгаан бараа бүтээгдэхүүн, далайн импортын чингэлэгтэй галт тэрэг аялуулсан. Ойн арга хэмжээ хоёр үе шаттай явагдана. Олон улсад гарцтай хилийн том өртөө учраас 70 жилийн ойдоо өндөр ач холбогдол өгч байгаа. Замын дарга урин дулаан цагт ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх чиглэл өгсөн. Үндсэндээ бид 73 ажил хийхээр төлөвлөсөн. Ойн арга хэмжээ  сайхан боллоо ч үлдэх юм л чухал шүү дээ. Тиймээс бүтээн байгуулалтад илүү анхаарч байна даа.

 

-Танд ажлын амжилт хүсье.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.