Зам,тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “Хятадын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний корпораци” буюу “CRRC” групп компанийн Гүйцэтгэх захирал Ван Фөнтэй уулзаж, Монгол Улсын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний санхүүжилт болон худалдан авалт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний хамтын ажиллагааны талаар өнгөрсөн долоо хоногт санал солилцжээ. Уулзалтын эхэнд 2024 оны есдүгээр сард “CRRC” корпорацитай уулзахдаа тухайн үеийн ТУЗ-ийн дарга Сүнь Юунцайтай уулзан хөдлөх бүрэлдэхүүнийг санхүүгийн түрээсээр худалдан авах асуудлыг хэлэлцэж байсныг дурдсан байна. Харин энэ удаагийн уулзалтаар Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт чухал ач холбогдолтойг онцлоод, Гашуунсухайт-Ганцмодын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал эрс нэмэгдэнэ. Энэхүү тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангахын тулд Монголын төмөр замын салбарт хөдлөх бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг танилцуулжээ. Тухайлбал, “Монголын төмөр зам” ТӨХК болон Улаанбаатар төмөр зам ХНН-д шаардлагатай 1300 гаруй зүтгүүр, вагоныг хууль журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах сонирхлоо илэрхийлж, үйлдвэрлэлийн хугацаа төлөвлөлтийг урьдчилан тохиролцож, хамтран ажиллах хүсэлтийг “CRRC” корпорацийн удирдлагад уламжилсан байна. Мөн хөдлөх бүрэлдэхүүнийг худалдан авахад шаардлагатай санхүүжилтийн дэмжлэгийг Монголын талаас “Хөгжлийн банк” болон түүний харьяа “Ди Би Эм Лизинг” ХХК, Хятадын талаас “Хятадын экпорт, зээлийн даатгалын корпораци” SINOSURE, бусад банк санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэхээр судалж байгаа ажээ. Энэ үеэр мөн ачаа тээврийн зориулалттай вагоныг технологийн хувьд эргэдэг авто угсраа буюу шууд хөмөрч буулгах болон дугуй солих зориулалттай хийлгэх хүсэлтэй байгаагаа тодотгов. Түүнчлэн, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зорчигчийн 140 вагонд парк шинэчлэл хийх асуудлыг хөндөж, одоо ашиглагдаж буй зорчигч үйлчилгээний вагонуудыг шинэчлэх, эхний ээлжид 1-2 вагонд туршилтын шинэчлэл хийх саналыг тавьжээ. Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр холбогдох мэдээллийг солилцож, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ. “CRRC” корпорацийн зүгээс Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зорчигчийн вагоны засвар үйлчилгээг хийхдээ урьдчилан судлах, оношилгоо хийх шаардлагатай. Харин “Хятадын төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний корпораци”-ийн хувьд вагон зүтгүүр үйлдвэрлэлийн ердийн хугацаа 18-36 сар байдаг ч энэ удаа Зам, тээврийн сайд биечлэн уулзаж, хүсэлт тавьсан учраас вагон зүтгүүрийн захиалгыг богино хугацаанд багтаан үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэн ажиллах болно гэдгээ мэдэгджээ.
