Түүхийн ухааны доктор (Ph.D.), судлаач Ц.Минжинг урьж ярилцлаа.
-Юун түрүүнд бидний урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Энэ удаа тантай Монгол хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгаалал гэсэн сэдвээр ярилцмаар байна?
-Баярлалаа. Ярилцлагын эхэнд нэг жижигхэн тайлбарыг хэлэхэд энэ сэдэв миний албан ажил, мэргэжилтэй холбоогүй ч сүүлийн арваад жил өөрийн сонирхлоор хүүхдүүдтэй ажиллаж байна. Ялангуяа, зуны улиралд ээлжийн амралтаараа Хэнтий аймгийн Баян-Адарга, Дундговийн Адаацаг суманд байх “Нүүдлийн соёлын зуслан”-д багшаар уригдаж ажилладаг.
Мөн Соёлын яаман дээр хэрэгжиж байгаа “Нүүдлийн соёлын боловсрол” хөтөлбөрт өөрийн санал бодлоо нэмэрлээд явж байгаагийн хувьд хүүхэдтэй холбоотой асуудалд өөрийн үзэл бодол, үгийг хүргэхийг хичээдэг. Энэ сэдвээр ярилцахаар урьсанд баяртай байна.
-Хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого нийгмийн тулгамдсан асуудлын нэг болчихлоо. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Монгол Улс дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад харьцангуй залуу улс. Нийт хүн амынх нь дийлэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг. Тэр ч утгаараа төрийн урт, дунд, богино хугацааны бодлогод хүүхэд залуусын асуудлыг онцгойлж авч явах ёстой.
Өнөөдрийн хүүхдүүд 10, 20 жилийн дараа нийгэмд тодорхой байр суурь эзлээд улс орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгээд явна. Яг үнэндээ өнөөгийн Монголын нийгэмд тулгарч байгаа олон асуудлын учгийг бид 1990-ээд оны, 2000-аад оны бодлогоос хайх хэрэгтэй. Тийм учраас Монголын ирээдүйн сайн сайхны төлөө одооноос хүүхэд, залууст чиглэсэн бодлогоо маш зөв хийх ёстой юм.
Хүүхэд хөгжил, хүүхэд хамгаалал гэдэг энэ хоёр асуудал байна. Хөгжил ойлгомжтой. Хүүхэд хамгаалал гэхээр бид махан биеийн хамгааллыг л ярьдаг. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах, үе тэнгийнхний дээрэлхэлт, гадуурхлаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гэх мэт.
Гэтэл үүний цаана сэтгэлгээний хамгаалал, субъектив хамгаалал үндсэндээ байхгүй болсон. Бид хүүхэд хөгжил, хамгааллын асуудлыг ярихдаа “Монгол хүүхэд”, “Монгол хүн” гэдэг оюун санааны цөмийг нь хамгаалах ёстой. Гэтэл тэр оюун санааны цөм нь он удаан жилийн туршид бий болсон бидний нүүдэлчин ахуй, сэтгэлгээ, ухамсар, соёлд л байгаа.
-Манай улсын хүн амын талаас илүү хувь нь суурин газар амьдардаг болсон. Тэр хэрээр бид нүүдэлчин ахуйгаас төсөөрч байгаа. Үнэхээр хотод өссөн, хөдөө өссөн хүүхдийн бие даах чадвар шал өөр. Тэгэхээр бид хүүхэд хүмүүжүүлэх уламжлалаа эргэж харах ёстой юм болов уу?
-Суурин газар өссөн болон нүүдэлчин ахуйд өссөн хүүхдийн хүмүүжил, соёлын сэтгэлгээ өөр байдаг нь үнэн. Үүнийг бид хот, хөдөөгийн ялгаа л гэж ярьдаг. Тэгэхээр хотын хүүхэд ч монгол хүүхэд, хөдөөгийн хүүхэд ч монгол хүүхэд. Хот, хөдөөгийн хүүхэд гэж ялгахаасаа илүүтэй ахуйд нь орж, сэтгэлгээний дархлааг аль аль шатандаа хийж өгөх нь зүйтэй юм.
Сэтгэлгээний дархлааг хамгийн түрүүнд гэр бүлд хийнэ. Монголчуудын хүүхдээ хүмүүжүүлж ирсэн арга ухааныг эргэж харах л хэрэгтэй.
Монголчууд 0-6 насанд хүүхдийн сэтгэл, 6-12 насанд ахуй сууна гэдэг. Зургаан нас хүртэл нь “хүүхдийг хаан мэт өргө, хатан мэт тойл” гэдэг үг байдаг. Тэгэхээр 0-6 насанд л тэр хүүхдийн сэтгэлгээний хамгаалалт бий болж, тархины хөгжил идэвхтэй явагддаг. Тархи, бие эрхтэн нь эрчимтэй хөгждөг энэ үед гэр бүлийн орчин, нөлөө маш чухал. Одоо хүүхэд хоёр нас хүрээд цэцэрлэгт явж байгаа боловч гэр бүл дотор сэтгэлгээний дархлааг сайн бий болгож, хөгжүүлж өгөх хэрэгтэй. “Хүүхдийг хаан мэт өргө” гэдэг нь чихэр бурмаар тэтгэ гэсэн үг биш. 0-6 насандаа л хүүхдийн зан араншин төлөвшиж байдаг учир хүнийг хайрлах, энэрэх, өгөөмөр сэтгэл төлөвшдөг. Монголчууд эртнээс хүүхдийн дэргэд хэрүүл, тэмцэл хийхгүй, улай үзүүлэхгүй зэрэг олон хорио цээр бий. “Хатан мэт тойл” гэдэг нь 0-6 насанд нь хүүхдийг ханиад хүргэхгүй, гэдэс дотрыг нь хямраахгүй, эрүүл саруул бойжуулбал элдэв суурь өвчингүй эрүүл чийрэг өснө гэсэн үг. 0-6 насанд нь эрүүл мэндийг нь анхаарсан бол 20 настайдаа ужиг урхаг өвчнөөр өвдөхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 0-6 нас нь өөрөө маш чухал нас юм. Эцэг, эхчүүд хүүхдээ хэлд ороогүй, хөлд ороогүй, юмны учир мэдэх болоогүй гэж боддог. Гэтэл 0-6 насанд хожмын 20 настны сэтгэлгээ, хүмүүжил төлөвшиж, эрүүл мэндийнх нь суурь нь тавигдсан байдаг.
Ахуй суух 6-12 насанд нь л хүүхдээ өглөө эрт босгоод сургачих хэрэгтэй. Тэгвэл 20-той хүү, охиноо “Хөөе босоорой, цаг чинь болохоо болилоо. Хичээлдээ, ажилдаа яв” гэж дуудах шаардлагагүй болно. Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай нэгэнтээ “Мал нь хүндээ ухаан нэмсэн ард түмэн шүү дээ” гэж хэлсэн байдаг. Гадаа үнээ тугал нь мөөрөөд байхад тэр гэрийн эзэгтэй босохгүй гээд яах юм. Гэрийн эзэн адуугаа хурааж ирэхгүй гээд яах юм.
Нүүдэлчин ахуй нь Монголчуудыг эртэч болгодогтой адилхан бид үр хүүхдээ хүмүүжүүлэх “0-6 насанд сэтгэл суух”, “6-12 насанд ахуй суух” буюу хүнийг хайрлах сэтгэл, амьдралын дадал суух насыг нь хайхрахгүй алдчихаад байна.
Ер нь, 13-ны жил орсон хүүхэд өөрийгөө мэддэг, аливаа үйлдлээ ухамсарлах хэмжээнд очдог. Тэр болтол нь эцэг эхүүд зөвлөх, чиглүүлэх ёстой. Түүнээс цааш бол биеэ даадаг.
-Эмээ, өвөө нар “Одоогийн хүүхдүүд гараас мөд гарахгүй юм. Эцэг эхийг нь бид ингэж өсгөөгүй” гэдэг. Үнэхээр бидний хүүхдүүдийн бие даах чадвар сул байна. Одоо яах вэ? Ийм асуултыг олон эцэг эх асуух байх.
-Өнгөрсөн жил Хэнтий аймгийн Баян-Адарга сумын “Нүүдлийн соёлын зуслан”-д долоон настай Сүлд гээд хүү очсон. Тэр их сахилгагүй л дээ. Би түүнд “Чамайг ингэж сахилгагүйтээд байвал хот руу ээж, аавд чинь хүргэж өгье” гэсэн. Тэгтэл тэр хүү “Би явахгүй” гэж байна. “Тэгвэл чи явахгүй байх гурван шалтгаан хэл” гэхэд тэр хүүхэд
“Би гэрээсээ гараад найзуудтайгаа тоглох гэхээр орц нь кодтой, хаалга нь цоожтой. Тиймээс бид хаалганы наана цаанаас тоглодог. Найзтайгаа шууд уулзаж чаддаггүй. Гэтэл би энэ зуслан дээр гүйж гараад л найзтайгаа уулзаж байна. Энэ нь гоё байна. Хоёрт, би хотод зурагт үзээд, утсаа ухаад нүд маань хөхөрчихдөг. Энд надад үзэх телевизор, утас байхгүй учраас миний нүд зүгээр болчихсон. Гуравт, би хоёр эгчтэй. Эгч нар миний өмсөх хувцсыг бэлтгээд тавьчихдаг учраас тэр л хувцсыг өмсдөг. Энд бол би өөрийнхөө хүссэн хувцсыг өмсөөд аз жаргалтай байна” гэж хариулсан.
Бид бодохдоо хүүхдийн хувцсыг бэлтгэж өгөөд тэр хүүхдэд тусалчихлаа гэж боддог. Гэтэл хүүхэд өөрөө хувцсаа сонгож өмсөх тэдний хувьд эрх чөлөө байх нь. Долоон настай хүүхэд зурагт үзэх, утсаар тоглох нь эрүүл мэндэд нь хортой байна гэдгийг уг нь мэдээд байна. Гуравт, найзтайгаа тоглох нь хүүхдийн хувьд нийгмийн харилцааны чухал хэрэгцээ. Тэгэхээр бид хүүхдээ хэт бөөцийлж байна. Мөн эрсдлээс хамгаалж байна гээд хэт хорьдог. Эцэг эхчүүд би хүүхдээ хамгаалж байна гээд хүүхдийн эрх чөлөөг хорьж байгаагаа мэддэггүй. Бидний хэт их хайрлаж, халамжилж, бөөцийлдөг нь бие даах чадвар суулгахгүй байна гэж хардаг. Таны хүүхэд 20 настайдаа ийм зэрлэг нийгэмд хөл тавихад бэлэн үү гэдгийг сайн бодох хэрэгтэй.
Монгол ухаанд 3-5 настай хүүхэд хургаа эргүүлээд ирдэг. 6-8 настай хүүхэд тугал эргүүлээд ирдэг. 9-12 настай хүүхэд адуугаа хураагаад ирдэг. Нас насандаа таарсан ажлын хуваарьтай. Тэр болгонд тодорхой эрсдлүүд бий. Мориноос, явганаас бэртэж магадгүй. Тэр эрсдлүүдээс хүүхэд өөрийгөө авч гарч чадах ухаанд сурна гэдэг өөрөө амьдрах ухаанд сурч байгаа юм. Амиа аваад явчих хар ухаантай бай гэж сургадаг даа.
-Та “Нүүдлийн соёлын зуслан”-гийн нэрнээс нь эхлээд сонирхолтой санагдаж байна?
-“Нүүдлийн соёлын зуслан”-г анх арваад жилийн өмнө “Монгол хатдын өргөө”-г санаачилсан тухайн үеийн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын ИХ-ийн төлөөлөгч М.Мөнхбат ах маань байгуулсан. “Монгол хатдын өргөө” нь охидод оёх, шидэх, сүү сааль авах, монгол ухааныг зааж сургах, мөн хүнтэй яаж үерхэж нөхөрлөх вэ, эмэгтэй хүн яагаад гадны хүнтэй гэр бүл болж болохгүй вэ. Эр нөхрөө яаж хүндлэх ёстой юм гэдгийг заадаг гэр сургалт байсан. Амьдралын чухал асуудлыг охид тэр болгон аав, ээжтэйгээ ярилцдаггүй. Найз нөхдөөсөө буруу мэдээлэл авдаг. Үүнээс болж алдаж энддэг шүү дээ. Энэ нь гэр сургалтыг хөвгүүд ч бас сонирхоод байхаар улам өргөжүүлээд “Нүүдлийн соёлын зуслан”-г байгуулсан түүхтэй. Энэ зуслангийн хөтөлбөрийг М.Мөнхбат ах арваад жил авч яваа. Түүн дээр “Төрт ёсны академи” ТББ-ын багш нар өөрсдийн мэргэшсэн чиглэлээр хичээл заадаг. Манай багш нар дотор доктор, магистр цолтой төрийн албан хаагч нар бий. Орчин үеийн мэдлэгийг уламжлалт ахуйтай холбосон маш сонирхолтой цогц сургалтын хөтөлбөртэй зуслан байгаа.
Уржнан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн дэмжлэгээр Говь-Алтайгаас хүүхдүүд 1500 км зам туулаад ирж амарсан. Өнгөрсөн жил Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн дэмжлэгтэйгээр говийн хүүхдүүд Хэнтийд ирж, хангайн бүсэд амарсан.
Хүүхдүүд 1000, 1000 км замыг туулж байгаа боловч энэ зам тэдэнд асар их хөрөнгө оруулалт болж байна гэж би хувьдаа дүгнэдэг. Хүүхдүүдэд Хүннүгийн үеийн булшийг үзүүлээд чиний 100 дахь үеийн өвөө эмээ чинь энд амьдарч байсан. Чиний дөч дэх үеийн эмээ буюу Чингис хааны ээж, хатад энд байсан гээд эх түүхээ өөрт нь хамаатуулаад ярихаар хүүхдүүдийн нүд нь гэрэлтээд, сэтгэл нь огшиж байгаа нь мэдрэгддэг. Хүүхдийн төсөөллийн, үлгэрийн ертөнц өөрөө гайхалтай шүү дээ. Энэ сэтгэлгээ дээр нь Монгол бахархал, эх оронч үзлийг бид бодитоор суулгахаас гадна танхимд түүхэн он цаг, тоо баримт “хуурай” цээжлүүлснээс түүхэн газруудад авчраад газар дээр нь ярьж тайлбарлаж өгөх нь илүү үр өгөөжтэй.
Хүүхдүүдтэй хамтдаа Хүннүгийн Дуурлиг нарсны хогийг цэвэрлээд, байгальд ингэж хог хаяж болохгүй. Энэ газар Хүннүгийн их хаадын өлгий нутаг. Энэ мод 200 гаруй жилийн настай гээд л бодитоор нь үзүүлнэ. Эх байгалиа хамгаалахаар цэвэрлэсэн энэ ой чиний ирээдүйн хүүхдэд хүчилтөрөгч бэлэглэнэ. Хэрэм, туулай амьдрах сайхан орчин болно гэх мэтээр ярьж хэлж, тайлбарлаж өгдөг. Энэ бол бид 10 жилийн дараах Монголыг авч явах залуусыг өнөөдрөөс бэлтгэж байгаа хэрэг шүү дээ. Тэд 20 жилийн дараах Монгол Улсыг авч явах иргэд, ирээдүйн эцэг эх гэдгийг мартаж болохгүй.
-Таны дээр хэлсэнчлэн, нэг хэсэг үеийг бид хараанаасаа алдчихсан гэж үнэн. Цэргийн зарлан авсан залуус маань эрүүл мэндээр тэнцэхгүй, тэнцсэн ч сэтгэл зүйн хувьд бэлэн биш. Зарим хэсэг нь бушуухан л гадаад руу гарах хүсэл мөрөөдөлтэй болчихсон байна. Энэ бол цөөн хүн амтай манай улсын хувьд харамсмаар санагддаг?
-Бид 1990-ээд онд, 2000-аад онд бодлогоо алдчихсан учраас 2020-оод оны залуучууд маань ийм болчихсон. Бидний бодлого өнөөдөр зөв байж, одооноос 2040 оны залуучуудаа бэлтгэнэ.
Бид харагдаж байгаа махан биеийн асуудлыг нь их ярьдаг. Нуруулаг, царайлаг сайхан залуу, бүсгүй гэж л хардаг. Гэтэл бид сэтгэлгээний дархлаа гэдэг зүйлийг суулгаагүй байна. Үнэн худал нь тодорхойгүй элдэв мэдээллээр тархийг нь угаагаад байж болохгүй. Энэ их мэдээллийн эринд зөв, бурууг шүүн тунгаах амьдралын ухаан суулгах хэрэгтэй.
Сэтгэлгээний дархлааг яаж суулгах вэ гэхээр өв соёл, ахуй, уламжлалаар дамжуулж суулгана. Өөрөөр хэлбэл, сэтгэлийн хаттай болгоно гэсэн үг. Бид ямар ард түмний удам угсаа, ямар түүхийн залгамж билээ. Бидний эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөө юугаар ч үнэлж болшгүй үнэ цэнэтэйг яаж мэдрүүлэх юм. Ирээдүйн
Монгол Улсыг, Монгол үндэстнийг авч явах ачаа чиний нуруун дээр байдаг юм шүү. Чи өөрөө Монгол Улсаа хамгаалах дархлааны нэг эс, эд гэдгийг ухамсарлуулах л хамгийн чухал.
Хамгийн сайхан амьдрал гадны улс оронд л байна. Монголоос л явах юмсан гэдэг ойлголт асар буруу. Улс, эх орноо үзэн ядах тэр үзлээс монголчуудын сэтгэлгээ, ухамсар, түүх, соёл маань л аварна даа. Эцсийн эцэст эх орноосоо нүүр буруулна гэдэг хуучин цагаар бол урвагчийн л ажил. Гадаадад сураад эрдэм мэдлэг хураагаад, ажил сурсан байж болно. Эргэж ирээд эх орондоо тэр сурсан мэдлэгээ зориулж, өөрөө эх орноо хөгжүүлэх зүтгэх хүч нь болох ёстой.
1990-ээд он бол нэг нийгмээс нөгөөд шилжих түүхэн шилжилтийн үе байсан. Бүгд л хөлөө олох гэж унаж босож явсан. Тэр цаг хугацаанд алдсан байж болно. Гэхдээ алдаагаа давтахгүй байх л хэрэгтэй. Хэзээ, хаана, юун дээр алдав гэдгээ эргэж харах хэрэгтэй.
“Угтаж мэдээд, тосож бэлдээд, тэсэж магад гарах” гэж үг бий. Угтаж мэдэхийн тулд бид өнгөрснөө харах. Тосож бэлдэхийн тулд ирээдүйг төлөвлөх, тэсэж магад гарахын тулд өмнөхөө хийх ёстой.
-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
Б.Гүнжинлхам
