Цэргийн нэрт тагнуулч Навааны Кампаан агсны 105 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал нэгдүгээр сарын 30-нд Батлан хамгаалах яаманд боллоо.
Н.Кампаан нь Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлын төлөө амь биеэ үл хайрлан зүтгэсэн хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, эх оронч, цэргийн нэрт тагнуулч байсан төдийгүй энхийн цагт УБТЗ-ын халуун бүлийн нэгэн гишүүн, шилдэг машинч байлаа. Уг эрдэм шинжилгээний хуралд Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон тус яамны удирдлагууд, цэргийн түүхчид, судлаач нар, Н.Кампаан агсны ар гэр, төрөл төрөгсөд, мөн УБТЗ ХНН-ийн хамт олныг төлөөлөн Замын даргын зөвлөх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш, Төмөр замын Ахмадын холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Гавьяат холбоочин Ч.Цогтбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.
Тэрээр 1938 онд 17 настайдаа цэргийн албанд татагдаж, Матадын наймдугаар морьт дивизийн бага даргын сургуульд хуваарилагдсан байна. Улмаар 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцон гарамгай гавьяа байгуулсан юм. Түүний Халх голын дайнд байгуулсан гавьяаг үнэлж Маршал Х.Чойбалсан “Байлдааны гавьяаны нэгдүгээр зэргийн улаан тугийн одон”-гоор шагнасан гэдэг. Н.Кампаан нь жирийн байлдагчаас тасгийн дарга, салааны дарга, тагнуулын ротын дарга зэрэг хариуцлагатай албан тушаалуудыг хашиж явсан түүхтэй.
Эрдэм шинжилгээний хурлаар судлаачид Н.Кампааны намтар, түүний гүйцэтгэсэн тусгай үүрэг, ялангуяа тагнуулын салбарт оруулсан хувь нэмрийг нэхэн дурсаж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хэлэлцүүлэг өрнүүлжээ.
Хурлын үеэр Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлсэн үгэндээ “Эх орныхоо бүрэн эрхт байдлын төлөө халуун амь, бүлээн цусаа үл хайрлан тулалдаж явсан Навааны Кампааны алдар гавьяаг Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний дайчин цэрэг эрс бүхэн хэзээ ч мартахгүй дурсаж, үлгэрлэн дуурайх болно” хэмээн онцлон тэмдэглэв.
Уг эрдэм шинжилгээний хуралд төмөр замчдаа төлөөлөн оролцсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Р.Рашаас Н.Кампаан агсны талаар тодруулахад;
- Миний мэдэхээр эх оронч, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Н.Кампаан гуай 1980-аад онд Улаанбаатар, Толгойт өртөөдөд сэлгээний машинчаар ажиллаж байсан. Энэ хүн Хөвсгөл аймгийн Ханх сумынх юм билээ. 17 настайдаа цэрэгт мордсон, Халх голын дайн, Чөлөөлөх дайнд оролцож гарамгай гавьяа байгуулсан хүн юм билээ. Кампаан гуайг Улсын баатар болгох гэж төрийн дээд байгууллагад олон удаа тодорхойлж байсан юм билээ. Гэхдээ янз бүрийн шалтгаанаар Улсын баатар цолыг өгөлгүй өдий хүрчээ. Саяхан Батлан хамгаалах яаман дээр болсон Эрдэм шинжилгээний хуралд цэргийн түүхчид түүний талаар маш сонирхолтой баримт сэлтийг нотолгоотой гаргаж ирж, илтгэл тавилаа. Тэр хурлаас цэрэг эх оронч үзэл гэдэг ямар их агуу бэ гэдгийг хэний ч толгой руу торхийж орж иртэл ойлгогдож байсан. Энэ талаар бид дутуу л бодож, өнөөдрийнхөө л ажил, арилжаа, бизнесийг боддог болчихжээ гэж бодож суулаа. 1939 оны Халх голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайнд манай баатарлагаар тулалдан охид хөвгүүд эх орныхоо тусгаар тогтнол, сөөм газрын төлөө баатарлагаар алтан амиа өргөж байсныг сонсоход эрхгүй бахархаж байлаа.
Н.Кампаан гуай цэргийн тагнуулч хүн юм билээ. 1945 оны дайнд Жанчхүүгийн даваанаас цааш мань хүн морин хөтөчтэйгөө хамт 300 гаруй япон цэрэг рүү арга эвийг нь олоод дайрч ороод, бууж өг гэдэг шаардлагыг тавиад зэвсгийг нь хурааж, буулгаж авч олзолсон байна. Тэгэхдээ тэнд япон цэргүүд 200 шахам өвөр монгол эмэгтэйчүүдийг зарцалж, хоол ундаа хийлгэж байсныг ч чөлөөлсөн байдаг. Цэргийн түүхчдийн илтгэлээс сонсоход хурдан шалмаг хөдөлгөөнтэй, овсгоотой сэргэлэн хүн байсан нь тодорхой байна билээ.
Зөвлөлт-Монголын морьт механикжуулсан бүлгийн, армийн генерал С.А.Плиев “Квантуны армийг сөнөөсөн нь” гэх дурдатгал номондоо Н.Кампаан гуайн тухай онцгойлон дурсаж бичсэн байна.
-Н.Кампаан гуай хэзээнээс төмөр замд ажиллаж эхэлсэн юм бол?
-Дайны дараа цэрэг эрс 1953 онд саарал шинелиэ тайлаад энх хөдөлмөрийн талбарт гарцгаасан. Тэгэхэд Н.Кампаан гуай манай төмөр замд ирж, Зүүнхараагийн ОС-ны ангид ажиллаж байсан бололтой юм билээ. Тэгээд курст сурч төгсөөд Улаанбаатар зүтгүүрийн депод сэлгээний машинч болсон байдаг.
1980-аад оны эхэнд намайг Толгойт өртөөний даргаар ажиллаж байхад Н.Кампаан гуай шударга шулуун зантай, их сайхан ярьдаг, ажлаа харилцан зөвлөлддөг байсан. Оройн шуурхай хуралд суучихаад, өртөөний дарга дээр заавал орж ирж, нэмэлт анхааруулах зөвлөх зүйл байна уу гэж асууна. Өглөө ажлаасаа буугаад заавал өртөөний дарга дээр орж ирж, санал бодлоо солилцдог байсан. Диспетчер байхдаа ч түүнийг мэднэ. Мань хүнийг ажилд гарч байгаа үед диспетчерийн гар хөнгөн байдаг. Сэлгээг маш хурдан хийдэг. Гэлдрээд ажил хийж өгдөггүй машинч нар байдаг л даа. Гэтэл Кампаан гуай галт тэрэгний зурмагийг ягштал барьж ажилладаг. Галт тэрэгний зурмагтай цэргийн алхаагаар хөл нийлүүлж алхдаг, төмөр замын чанд дэг журам, хатуу цагийн хуваарьт тохирсон зан чанартай хүн байжээ гэдгийг би гэдгийг хэлсэн үгэндээ онцлон дурдсан. Энэ баатарлаг хүнийг “Улсын баатар” цолоор нэхэн шагнуулахыг Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам, үр хүүхдүүд нь хөөцөлдөж байгаа юм билээ.
Би энэ саналыг төмөр замчин хүний хувьд, эх орон тусгаар тогтнолынхоо төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж явсан хүнийг “Улсын баатар” цолоор нэхэн шагнахад юу нь болохгүй байхав дээ гэж бодох юм.
Толгойт өртөөний дарга асан Ч.Ядамсүрэнгийн дурсамжаас “...Н.Кампаан гуай галт тэрэг найруулах сэлгээний ажлыг хурдан шуурхай, цаг хугацаанд нь гүйцэтгэж, галт тэргийг хуваарьт цагаар нь, явуулдаг чадмаг машинч байсан юм. Толгойт өртөөний Мах, гурилын комбинат, Тоосгон завод, Керамикийн үйлдвэр, Төв болоод Хүнсний бараа бааз зэрэг алслагдсан салбар замуудаас ачаатай болон хоосон вагонуудыг богино хугацаанд татан авчирч, галт тэргэнд холбон цагаар нь явуулах шаардлагыг нарийн чанд гүйцэтгэдэг байлаа. Түүний сэлгээний илчит тэргийг жолоодох хөдөлгөөн нь өртөөний жижүүрийн чанга яригчийн яриа, найруулагчийн дохио, шүгэл, илчит тэрэгний дуут дохиотой зэрэгцэн эвсэлддэг байсан юм” гэв.
Улаанбаатар зүтгүүрийн депогийн зааварлагч машинч Д.Балжиннямын дурсамжаас “Н.Кампаан гуай галт тэрэгний хөдөлгөөний дүрмийг ягштал баримталдаг, үүрэгт ажлаа цагт нь биелүүлдэг, зүтгүүрийн бригадын цуглаанд байнга оролцдог, ажлын саатал бэрхшээлийг засаж залруулах талаар байнга санал бодлоо тодорхой илэрхийлдэг хүн байлаа”.
УБТЗ-ын ХЗЭ-ийн хороонд ажиллаж байсан Н.Баавгайн дурсамжаас “...Хурдан гавшгай хөдөлгөөнтэй, түс тас яриатай, өвөл офицер нэхий дээл өмсөж гоголь малгай духдуулж, гялалзтал тосолсон хромон гутлын түрийг грамушиглан өмсдөг байсан сан. Тэр цэрэг хүний хэв шинжийг бүх талаар хадгалсан эх оронч хүн байсан. Н.Кампаан гуай тухайн үеийн МХЗЭ-ийн ажилд үлгэрлэн оролцож, залуучуудад цэрэг эх оронч, ахмад үеийн дайчин уламжлалыг сурталчилж, ёс суртахууны өндөр хүмүүжлийг зааж сургадаг байлаа” гэж дурсан ярьжээ.
Тэрбээр, УБТЗ-д нийтдээ 27 жил үр бүтээлтэй ажиллажээ. Сэлгээний машинчаар ажиллаж байхдаа зөвхөн хэмнэсэн түлшээрээ таван жил ажилласан амжилт гаргажээ. Мөн Толгойт өртөөнд 1962 онд галт тэрэг мөргөлдөж, долоон хүний амь нас сүйдэх аюулаас урьдчилсан сэргийлж, 1972 онд замын хооронд унтаж байсан хоёр настай хүүхэд, 1978 онд зам дээр согтуу хэвтэж байсан хүний амь насыг тус тус аварч байжээ. Ийнхүү дайны талбарт төдийгүй энхийн цагт хөдөлмөрийн фронтод гаргасан түүний гавьяа зүтгэлийг өнөөдөр ч олон төмөр замчин дурсан ярьж байна. Түүнийг Улаанбаатар зүтгүүрийн депогоос “Улсын баатар” цолоор шагнуулахаар тодорхойлж байжээ.
Харин Улаанбаатар зүтгүүрийн депогийн ТЭМ18ДМ-3006 тоот зүтгүүрийг 2020 оны есдүгээр сарын 09-нд Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Эх оронч, “Хүндэт төмөр замчин” Навааны Кампааны нэрэмжит болгожээ.
Б.Гүнжинлхам
