Нүүр Чөлөөт Ц.Бямба: Машинч бол эрчүүдийн чадал чансаа, хийморийг шалгадаг ажил юм шүү
Чөлөөт

Ц.Бямба: Машинч бол эрчүүдийн чадал чансаа, хийморийг шалгадаг ажил юм шүү

G.Press 2 жилийн өмнө 79 үзэлт 0 сэтгэгдэл

Зүтгүүрийн Бямба гэж... Түүний байгаа  газарт амьдрал “буцалж” байдаг.  Ажил “бужигнаж” байдаг. Хаа нэгтээ таарахад онигор нүдээ  улам жийхайлгаж ирээд тас тас инээнэ. Далд санаа, хар хорын бодолгүй.  Нударга зөрүүлэхнээ ч сийхгүй, шударга үг хэлэхээс ч буцахгүй.  Ийм л галтай, цогтой эр дээ.  Хүн харамсах зүйлгүй амьдарна гэдэг сайхан. Энэ удаагийн зочин минь ийм л хүн.

Гэгээн багын гэрэлт дурсамж

Биокомбинат түүний хүүхэд насны дурсамжаар дүүрэн.  Олон жилийн өмнө, гутлын хоншоор, өмдний өвдөг  тэсгээдэггүй, “чулуун зэвсэг”-тэй сэргэлэн шар хүүгийн нүдээр тухайн үеийн Биокомбинатыг тольдвол ёотон шиг хэдхэн цагаан байшинтай,  алим, жимсний аж ахуйд жимс жимсгэнэ багсайсан үлгэрийн орон... Зундаа Туулын усанд  умбаж, загасчдын дэгээ шидэхийг хойрхойсон харж явсан  түүний хүүхэд нас дэндүү жаргалтай.  Таван хүүхэдтэй айлын дунд хүүгийн хувьд хоёр ахын даруулганд гэрийнхээ хамаг ажлыг хамхиж, хоёр дүүгээ асрах үүрэгтээ түүртэхгүй . Түүний аав Б.Бөгөн цэргийн ангийн жолооч, харин ээж Биокомбанитын үйлдвэрт ажиллана. Хааяа ээжийнхээ ажил дээр харваж хүрнэ. Тэнд сонирхол татах зүйл зөндөө. Ээж нь тахиа шувуу, усан гахай, туулайнаас өгсүүлээд морь мал гээд зүсэн зүйлийн амьтан тэжээнэ.

Ийнхүү бага насны дурсамжаа нүдэнд харагдтал хуучлах эрхэм бол Улаанбаатар Татах хэсгийн Тоног төхөөрөмжийн цехийн мастер Цэнд-Аюушийн Бямба билээ.

Тэрбээр, 82 дугаар дунд сургуулийг төгсөөд цэргийн албанд морджээ. Учир нь, түүнийг дунд сургууль төгссөн 1982 оноос төгсөгчдийн “улаан шугам” гэгч зүйл гарч ирж, их дээд сургуульд элсэлтийн шалгалт өгөх эрхээс мултарсан тул цэрэгт мордсон нь тэр байж.

Ц.Бямба “Зүүнбаянд өнгөрсөн цэргийн албаны гурван жилийг нэр төртэй хааж, албанаасаа 45 хоногийн өмнө халагдах эрхийг жагсаалын өмнө гардаж зогсоход нүднээс нулимс гардаг юм билээ шүү. Хугацаанаасаа өмнө халагдаад ирэхэд аав, ээж хоёр минь итгэдэггүй. “Халагдахын хооронд миний хүү оргоод ирдэг нь яаж байгаа юм” гэж сандарцгааж билээ” хэмээн дурсав.

Цэргийн дэгтэй,  туслах машинчийн гараатай он жилүүд

Төмөр замчин болсон тухайгаа “Ээжийн найз Түмээ гэж Төмөр замын техникумын нарийн бичиг эгч байлаа.  Нөхөр нь, Төмөр замын цагдаагийн дарга Энэбиш гуай. Нэг удаа тэднийд ортол “Намайг төмөр замд ажилд ор. Машинч болбол маш өндөр цалинтай. Хангамж сайтай” гэлээ. Тэгэхээр нь Төмөр замын техникумд шалгалт өгтөл нэгээр гараад ирсэн. Ингээд машинчийн ангид орсон доо. Тэр жил над шиг цэргээс халагдсан залуус шалгалт өгцгөөсөн.

Намар сангийн аж ахуй явлаа. Багш нар цэргийн алба хаасан болохоор тэр үү, оюутнуудыг надад даатгачихлаа. Оюутнуудаа өглөө бүр 06.00 цагт босгоод таван км гүйлгэнэ дээ. Өөрөө урд, хойно нь орж гүйгээд...Цэргийн албанд явсныхаа хэргийг бүтээж, амихандаа ангийнхнаа дэгтэй, журамтай  байлгаж байгаа юм уу даа /инээв/.Оюутнууд модон авдартай,авдартаа дүүрэн боорцог, чихэртэй. Бүгдийг нь хурааж аваад тэнцүү хувааж өгнө. Ёотонг хүртэл хувааж өгнө. Эрчүүдийг нь “Та нар удахгүй цэрэгт явна. Цэрэгт очоод эр хүн шиг байх хэрэгтэй. Хүн дээрэлхэж, зодолдож болохгүй. Цэргийн албыг нэр төртэй хаагаарай” гэж захина.Тэгж гүйлгэж байсан оюутнуудаас Сэргээн босгох галт тэрэгний дарга А.Чулуунбаатар, Зорчигчийн вагон депогийн галт тэрэгний дарга, МУ-ын Гавьяат тээвэрчин Ж.Гал-Эрдэнэ гээд захаас аван байна даа.

1989 онд сургуулиа онц төгсөөд Улаанбаатар Татах хэсэгт хуваарилагдлаа.Депогийн удирдлагууд Улаан буландаа биднийг хүлээж авлаа.Биднийг ашиглалт, засвар гээд хуваарилчихлаа.Намайг засварт хуваарилж, II зэргийн засварчны үнэмлэх өгөхөөр нь авсангүй. “Яахаараа, би засварчин болох юм бэ?. Туслах машинч болмоор байна. Туслах машинч болох хүүхдүүдтэй чинь хамт шалгалт өгөөд эхний тавд орж чадахгүй бол шууд гаръя” гэлээ. Тэр үед төмөр замчдын хүүхдүүд голдуу туслах машинч болчихно. Шалгалт ч  авсангүй. Хэд  хоногийн дараа намайг дуудаад туслах машинч бол гэхэд нь ёстой нар гийсэн дээ” хэмээв.

 -Анхны цалингаа авахад сэтгэл их хөдөлдөг дөө? гэвэл  “Туслах машинч 700 гаруй төгрөгийн цалинтай. Гэтэл Оросод сургууль төгссөн, Худалдааны яаманд ажилладаг ах маань 400 гаруй төгрөг авдаг байсан. Ах  гурван төгрөгийн “Белемор”, би зургаан төгрөгийн  Болгарын “ВТ” татна. Цалингийн ялгаа харагдаад байгаа биз” гээд хөхүүн инээв.

Ц.Бямба“Туслах машинчаар гурван жил ажиллаад 1992 онд Төмөр замын техникум коллеж болоход нь инженер-механикчийн ангид вагончдоос долоо, зүтгүүрчдээс долоон хүн авсны нэг нь би.Тухайн үед коллежид үндсэн цалинтай тэнцэх тэтгэлэгтэй гэсэн боловч начир дээрээ цалин мөнгөгүй сурах болов оо. Хичээлийн хөтөлбөр ч байхгүй. Тэгэхээр нь хэдүүлээ зарга хийж байж 1500 төгрөгийн тэтгэлэгтэй оюутнууд болцгоож байв” гэв.

Гэнэдээд машинч болсон нь

1994 онд сургуулиа төгсөөд дэд инженер-механикчийн  дипломтой деподоо эргээд ирлээ. Депогийн дарга Ю.Идэрчулуун “Ямар ажил хиймээр байна?”гэхэд нь “Машинч” гэлээ. Тэгтэл “Чамайг Сэргээн босгох галт тэрэгний даргаар тавья” гэхэд нь “Би яагаад машинч хийж болдоггүй юм” гээд жаахан гөжлөө. Тэгэхэд Идэрээ дарга “Чи боловсролтой, сайн машинч байж болно. Мэдлэг сайтай машинч нар манайд байна. Мэдлэггүй нь ч байна. Ер нь, машинч хүнд аян замын тэнгэр гэж юм байдаг юм” гэж билээ. Тэгэхээр нь би “Тэгвэл засвар дээр очъё.Жаахан юм суръя” гэв. Тэгээд өөрийнхөө саналаар Бага засварын цехэд хүлээн авагч боллоо.

Засвар дээр жил гаруй боллоо. Намайг засвараас явуулдаггүй. Тэр үед Засвар эрхэлсэн орлогч дарга одоогийн сургалтын инженер,  МУ-ын Гавьяат тээвэрчин Х.Сүрэнжав байсан юм. “Би ашиглалт руу явмаар байна” гээд орохоор буруу хараад суучихна  эсвэл шал өөр юм яриад дүйвүүлээд өнгөрнө. Гүрийсээр байгаад жил зургаан сар болж байж Ашиглалт руу очлоо. Суудлын галт тэрэгний туслах машинчаар жил гаруй ажиллаж байтал Ашиглалт эрхэлсэн орлогч дарга Ц.Пүрэвсүрэн (Тээврийн хяналтын албаны байцаагчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан) дуудаж байна гэв. Би жил гаруй суудлын галт тэрэгний туслах машинчаар ажиллаад байсан юм. Яваад ортол “Чи мэдлэг муутай. Чи машинч болж чадахгүй л дээ” гээд хорон үг шидэж байна. Би ч “Паров авч цөхөх юу байсан юм бэ?” гэтэл  “Чамайг харъя” гэж байна.  4-5 хоногийн дараа шалгалт өглөө, . эрхийн үнэмлэхээ ч авлаа. Ц.Пүрэвсүрэн даргын  өрөөнд ороод “Чаддаг л байхгүй юу” гээд эрхийн үнэмлэхээ ширээ рүү нь шидчихлээ. Тэгсэн “Өнөө оройноос чи машинчийн зүгшрүүлэлтэд явна” гэв. Зорчигчийн галт тэрэгний туслах машинч, ачааны галт тэрэгний машинчаас өндөр цалинтай болохоор би машинч болъё гэж яарахгүй байхгүй юу. Мань хаширт машинч хэрэгтэй байдаг. Миний занг андахгүй юм болохоор миний хор шарыг малтаж байгаад санасандаа хүрснийг нь би тэгэхэд л ойлгосон. Эрчүүдийн л хэрэг юм даа./инээв/

Машинч болоод сар гаруй явж байтал авто тоормосны зааварлагч Б.Баатар гуай ээлжийн амралтаасаа орж ирээд хурдны тууз үзээд “Чамаар машинч хийлгэхгүй. Энэ янзаараа чи нэг өдөр аваар хийнэ” гэлээ. Учир нь, Хоолт, Эмээлтийн хэсэгт ачааны галт тэрэгний хурдыг 10 км/цагаар бууруулах ёстой. Би 5-7 км/цагаар л бууруулдаг. Миний багш Л.Мичив гайхалтай, төмөр замд нэртэй машинч л даа. Багшдаа очоод “Баатар гуай намайг машинч хийлгэхгүй гэнээ” гэлээ. Багш Баатар гуай дээр давхиж ороод “Бямбаа машинч хийхгүй бол би ч машинч хийхгүй” гээд үзэлцэж байна. Манай зааварлагч Энхбаяр дээр нь нэмж ороод “Тэгвэл би бас зааварлагч хийхгүй” гээд бөөн хэрэг мандлаа.

Иймэрхүү адал явдалтай машинч болсон доо. Илчит тэрэг жолоодоход машинчийн ур чадвар их чухал. Мэдлэг, ур чадвар, түлш хэмнэлт гээд юм юмаараа ялгарахыг хичээнэ. Үүний тулд их уншина судална, өөрийгөө хэрэндээ дайчилна. Зөв хор шар бол надад байсан. Өлзийжаргал гэж мундаг зааварлагч байлаа. Тэр хүн түлш сайн хэмнэнэ. Түүнээс илүү гарах юмсан гэж боддог байлаа шүү дээ. Ер нь, залуу хүнд зөв хор шар бол байх ёстой гэж боддог.

Машинчаас дарга болсон түүх

1997 оны сүүлчээр албаны дарга дуудаад “ Чи дулааны техникийн зааварлагч бол” гэдэг юм байна. Депогийн Хүний нөөцийн тасгийн даргаар ажиллаж байгаа тэтгэвэрт гарсан Ө.Энхбаатар тэр үед дулааны техникийн анхны монгол зааварлагч байсан юм. Түүнээс ажлыг нь ав гэв. Ажил хүлээлцэхээр албаны вагонтой, албаны дарга тэргүүтэй хэдэн хүнтэй Сайншанд руу явлаа.Сайншандаас албаны дарга буцаад.Ө.Энхбаатар бид хоёр цаашаа Замын-Үүд орлоо. Шинэ жил дөхсөн учир, оны дараа хойд замд явж  ажил хүлээлцэхээр болж, албаны даргаас ч зөвшөөрөл авчихлаа. Он гараад хойд замд явж амжаагүй байтал албан дээр дуудлаа. Яваад очтол Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ц.Сандууз дарга дуудуулсан гэлхээр нь ортол “Чамайг дулааны техникийн зааварлагч болгохгүй. Сайншанд Татах хэсгийн ашиглалт эрхэлсэн орлогч даргаар томилно” гэв.  Би  ч “Дарга хийж үзээгүй. Машинч болоод удаагүй. Зааварлагч машинч ч хийж үзээгүй” гэж баахан гоншигноно биз дээ. Дарга ч ширүүлэх маягтай гэр бүлтэй зөвлөнө энэ тэрийг ярьтал  өөдөөс  “Чи чинь өрхийн тэргүүн юм байгаа биз дээ” гэж шамдуулж байна. Би “Ядаж, аав, ээж, хадмуудтайгаа зөвлөе” гэлээ. “Аав, ээж чинь хаана байдаг вэ”гэнэ. Аав маань өөд болсон, ээж Биокомбинатад бий. Хадмууддаа хэлье” гэвэл “Хадам чинь хэн юм” гэхээр нь “ҮЭ-ийн холбооны Дамдин” гэвэл даргын нүд сэргэж “Өө тэгвэл чи найдвартай юм байна” гээд намайг гаргалаа.

Орой хариад хадам аавдаа хэлтэл өөдөөс “Явахгүй яах юм.Аав нь Ленинградад сургууль төгсөж ирээд Чойр явж байлаа” гэх нь тэр. Гэрийнхнээс эхнэр л дурамжхан байна. Хадам аав ч охиноо “Чи ч явахгүй гээд яах юм” гэснээр асуудал шийдэгдлээ.

Ингээд нэгдүгээр сарын 5-нд тушаалаа аваад Сайншанд руу явсан даа. Нөгөө хэдхэн хоногийн өмнө дулаан техникийн зааварлагчаар ажил хүлээлцээд явж байсан хүн чинь Ашиглалт эрхэлсэн орлогч даргын ажил хүлээж авлаа.Орлогчоор 45 хоног ажиллаад байтал байгууллагын тайлан баланс тушаах боллоо.Баясгалан дарга “Миний хоолой өвдөөд байна. Бямбаа чи яваад баланс хамгаалаад ир” гэлээ. Засвар эрхэлсэн орлогч дарга маань Өргөнцагаан гэж гайхамшигтай хүн байсан. Өргөнцагаан дарга ч “Чи гэр орон чинь хотод юм чинь гэртээ харингаа балансаа хамгаалаад ир” гэв. “Би балансын талаар юу ч мэдэхгүй шүү дээ” гэтэл “Ерөнхий нягтлан, эдийн засагч хоёр балансаа хамгаалчихна. Чи зүгээр байж л байхад болно” гэлээ. Тэгэхээр нь гараад шидчихсэн. Ц.Сандууз дарга дээр баланс хамгаалах боллоо. Дарга намайг хараад “Чи энд юу хийж яваа юм. Чи баланс хамгаалж мэдэх юмуу?” гэж байна. Би “Мэдэхгүй” гэж үнэнээ л хэллээ. Дарга “Тэгээд чи юу хийж яваа юм?” гэхээр нь дарга нар “Баланс хамгаалах далимд гэртээ хариад ир гэсэн”гэж үнэнээ л хэллээ. ГэтэлЦ.Сандууз дарга албаны даргыг загнаад, баланс хамгаалалтыг хойшлуулж, манай хоёр даргыг хотод дуудаж шуурхай хийх боллоо. Би ч өөрөө эвгүй байдалд орчихлоо. Депогийн дарга, засвар эрхэлсэн орлогч даргыг ажлаас нь авчихлаа. Ингээд намайг депогийн даргаар томилчихлоо. Ашиглалт, засвар эрхэлсэн орлогч дарга нараа өөрөө сонго гэхэд нь төгсөлтийнхөө Бат-Оршихыг, Бага засварын цехийн мастер Б.Баяраа(МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга асан)хоёрыг сонгосон. Б.Баяраа Бага засварын цехэд намайг тосож авсан миний багш л даа.

       Депогийн даргаар хоёр жил зургаан сар ажиллаад албаны даргатайгаа ам мурийгаад шарандаа “Энэ ажлаа ав” гэчихлээ. Ц.Сандууз дарга  манай депод ирж шуурхай хийхдээ “Танай даргыг албанд байцаагчаар ажиллуулна. Тушаал дэвшүүлж байгаа” гэсэн. Шуурхай дээр хэд хэдэн хүн босож үг хэлсэн. Өргөнцагаан ах, Гомбо гуай, ерөнхий нягтлан Оюунпүрэв гээд...Тэд яг ажлынхаа гүнд орж,одоо л туршлагажаад дарга болж байхад ажлаас нь авч байгаа нь ямар учиртай юм гэцгээж. Ерөнхий нягтлан “Байгууллагын санхүүд ээлтэй дарга байсан. Ширхэг хадаас байсан ч тооцдог. Ийм дарга үзээгүй” гээд намайг өмөөрч “Гар нийлээд сайхан ажиллаж байхад...” гэсэн чинь Ц.Сандууз “Та хоёр хэдийдээ гар хөлөө нийлүүлээд амжчихав” гэж ёжилж инээдэм болцгоож билээ. Ц.Сандууз дарга гайхалтай хүн, сайн удирдагч  шүү дээ.

Ахин амьдралын шинэ үе

Хот руу буцах болоход гэр бүлийн хүн маань их баярласан байх. Албаны дарга  байцаагч хийлгэх гэхээр нь “ Машинч хийнэ” гээд бас гөжчихсөн. “Чи машинч хийж чадахгүй” гэхээр нь “Бүх машинч нараа авчраад хамт шалгалт өгүүлчих. Эхний тавд орж чадахгүй бол би явъя. Тэгээд ч та III зэрэгтэй машинчаас шалгалт авдаггүй юм” гээд хэлээд тавьчихсан. Ингэж явж машинч болсон.

Манай Идэрээ дарга гайхалтай удирдагч шүү. Намайг ирэхэд “Чи төсөөрчихсөн байгаа туслахаар ганц хоёр яв. Гэхдээ чи тос арчина гэж юу байх вэ. Би чамд дагалдан өгье” гэж билээ. Тэгээд туслахаар хоёр гурав яваад машинч болсон.  Машинч болоод жаргасан даа. Машинч бол эрчүүдийн чадал чансаа, хийморийг шалгадаг ажил юм шүү. Нэг өдөр засвар эрхэлсэн орлогч  Б. Чимэд гуай намайг “ХАБ-ын инженер хий” гэлээ.

Манай хадам ээж минь намайг машинч хийлгэх дургүй. Хоол ундгүй, нойргүй яваад ядарна гэдэг байсан юм. Намайг ажилд дуудагдахад хадам ээж хэзээний босоод л хоол цай хийчихнэ. Шөнө хэдийд ч буугаад ирсэн гялс хоол цай бэлтгэчихнэ. Сайхан сэтгэл шүү. “ Миний хүү машинчаар олон жил ажиллавал ядарна” гэдэг болохоор ХАБ-ын инженер боллоо. 2002 оны эхээр юм даа. Ц.Сандууз дарга тэтгэвэртээ гарч,депод  байгуулагдсан Сургалтын төвийн эрхлэгчээр ирлээ. Сургалтын төвийн хажууд хөдөлмөр хамгааллын кабинет байх. Тэр үеэс Ц.Сандууз даргатай дотно танилцсан.Ц.Сандууз дарга нэг удаа “Чамайг би ийм хүн гэж  ойлгоогүй явжээ” гэж билээ. Тэр гайхалтай хүн намайг тоож буйгаа тэгж илэрхийлсэн байх.

2004 онд ҮЭ-ийн холбооны сонгууль болох боллоо. Ц.Сандууз дарга сургалтын төвийн мастер багш З.Өлзийбат бид хоёрын нэгийг ҮЭ-ийн сонгуульд нэр дэвш гэлээ.Тухайн үед Өлзийбат маань “Би өрсөлдөхгүй” гэхэд нь “Бямбаа чи нэр дэвш” гэлээ. Өлзийбатыг найз нөхөд нь нэр дэвш гэсэн бололтой. Сонгууль болоход хоёулаа нэр дэвшиж байлаа.

Би ҮЭ-ийн хорооны даргын мөрийн хөтөлбөртөө 12 айлын орон сууц барина гээд том амалчихсан. Хорооны дарга болоод орон сууцаа барьсан. Төв засварын үйлдвэрийн хашаанд 16 айлын орон сууц барьсан шүү. Мэдээж, орон сууц барихад алба, Замын удирдлагын дэмжлэг их байсан. ҮЭ-ийн хорооны даргаар гурван удаа сонгогдож, 12 жил хийгээд халаагаа өгсөн. ҮЭ-ийн хороодын дарга нар дотроо Суудлын вагон депогийн ҮЭ-ийн хорооны дарга Х.Эрдэнээ бид хоёр арай манлайлдаг байлаа. Цалин нэмүүлэх талаар яриад бүх хороодын дарга нар гарын үсэг зурчихаад маргааш нь Замын дарга дээр орох болоход бид хоёроос өөр хүн байдаггүй.Бүгд өвчтэй, чөлөөтэй, шугам замд явчихсан гэсэн шалтагтай. Тэгээд яахав дээ, хоёулхнаа В.Отгондэмбэрэл дарга дээр ороод төмөр замчдынхаа цалинг 20 хувиар нэмүүлье гэж ороод 15 хувиар нэмүүлээд гарч байлаа. Тэр үе Замын санхүү сайнгүй байсан хэдий ч төмөр замчдынхаа цалинг нэмүүлж чадсан шүү. Залуу ч байж, зоригтой ч байж, омголон ч байж дээ.

2015 оноос Тоног төхөөрөмжийн цехийн мастераар ажиллаж байна.Миний удирдлагад 24 шижигнэсэн залуу ажилладаг.Надад тэднийхээ аав шиг нь, ах шиг нь, найз шиг нь байх үе бий. Тэднийхээ хүчинд би өдий зэрэгтэй явна. Намайг залуу байхад депогийн эрчүүд дунд  “Элсэн дээр очно” гэдэг яриа байлаа. Ам мурийж муудалцвал  элсэн дээр очоод гар зөрүүлчихнэ.Тэгээд учраа сайхан олчихно. Бидний үеийнхнээс залуу үе шал өөр болжээ. Гар зөрүүлдэг үе өнгөрчээ. Депогийн дарга байхдаа цалингаа мөн ч их хасуулдаг байлаа. Одоо бол цалингаас хасуулахгүй, хүний цалин ч хасах дургүй. Төмөр зам гэх их айлтай хувь заяагаа холбоод 35 дахь жилтэйгээ золгож байна. Өнгөрсөн он жилүүдийг харахад дурсах, дурсагдах мөртэй л явсан болов уу” хэмээн яриагаа  өндөрлөлөө.

Тэрбээр, хоёр охинтой. Том охин нь АШУҮИС-ийг эм зүйчээр төгсөөд төмөр замын Төв эмнэлгээс ажлын гараагаа эхэлсэн бол өдгөө АНУ-д ажиллаж амьдарч байна.  “Зээ охин дээрээ очиж амжихгүй л явна. Өвөө, эмээ хоёр нэг л өдөр Америк ниснэ” гэсэн төлөвлөгөөтэй гээд инээв. Бага охин нь Бээжингийн их сургуулийг бизнес удирдлага-эдийн засагчаар төгсөөд депогийн Механик цехээс ажлын гараагаа эхэлж, өдгөө“Говь” компанид ажиллаж байна. Эхнэр Д.Наранцацрал Зорчигчийн вагон депод суудлын галт тэрэгний байцаагч ажилтай гэлээ. Ц.Бямба мастер “Сая ах нь Түлш эрчим хүчний яамны “Тэргүүний ажилтан” цол тэмдгээр дөрвөн цахилгаанчнаа шагнуулах болоод бөөн баяр явна. Манайхаас анх удаа Түлш эрчим хүчний яамны шагнал хүртэж байгаа нь энэ” хэмээн тас тас инээсээр явна билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.