Нүүр УБТЗ ХНН Ц.Ариунбат: ЦХОБА-ны эрх зүйн орчныг баталгаатай болгох шаардлагатай байна
УБТЗ ХНН

Ц.Ариунбат: ЦХОБА-ны эрх зүйн орчныг баталгаатай болгох шаардлагатай байна

G.Press 3 жилийн өмнө 195 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

“Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ЦХОБА-ны дарга Ц.Ариунбаттай ярилцлаа

- Хууль хүчний байгууллагын мэргэжлийн хүний хувьд  УБТЗ-ын ЦХОБА-ын даргаар томилогдон ирэхдээ нэн тэргүүнд анзаарсан зүйл юу байв?

-Миний бие цагдаагийн байгууллагад 25 жил ажилласан. Өнгөрөгч аравдугаар сарын 07-нд энэ албыг хүлээн авсан. Оны өмнө Замын хэмжээнд явж, тус албанд харьяалагддаг объектууд болон нийт бие бүрэлдэхүүний ажил үйлстэй танилцлаа. Энэ хугацаанд өөрчилж шинэчилмээр багагүй зүйл байгааг харлаа. Хамгийн түрүүнд энэ оны нэгдүгээр улиралд багтаагаад эрх зүйн орчноо бүрдүүлж, одоо мөрдөгдөж байгаа дүрэм, журам тухайлбал, галт зэвсэг тусгай хэрэгсэл ашиглахтай холбоотой зүйл заалтуудыг орчин цагт мөрдөгдөж буй хууль дүрэмд нийцүүлэх. Хүний нөөцийн бодлогын бичиг баримт, үйл ажиллагааны үед ажлын байранд мөрдөгдөх дараалал, чиг үүргийг боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарч, эхнээс нь батлуулаад явж байна. Түүнчлэн, манай хамт олон төмөр замаар тээвэрлэж байгаа бүхий л үнэ цэнэтэй ачаа барааны аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй учраас алба хаагчдаа орчин цагийн хамгаалалтын хэрэгслээр хангах, цаашлаад хүний оролцоотой хүчин зүйлүүдийг багасгаж, техникийн хөгжлийг ашиглах бодлого барьж байна. Энэ хүрээнд бид албаныхаа техник зэвсэглэмжийн чадамжийн судалгаа, эрсдлийн үнэлгээг гаргаад үр дүнг нь Замын удирдлагад танилцуулсан. Эхний ээлжинд 150 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник, тусгай хэрэгслээ шинэчлэх шийдвэрийг гаргуулсан. Энэхүү шийдвэрийн дагуу холбогдох албад нь судлах шатандаа явж байна.  Галт зэвсгийг л гэхэд хоёр төрлөөр шийдвэрлэнэ. Онцгой тохиолдолд байлдааны зэвсэг ашиглах бусад нөхцөлд хийн болон газ??? байдлаар халдагч этгээдийн довтолгоог саатуулах, хүчийг саармагжуулах арга хэмжээ авна гэх мэт.

- Алба хаагчдын мэдлэг, ур чадварын асуудал хамгаас чухал байх нь мэдээж. Ялангуяа тусгай галт зэвсэг, хамгаалах хэрэгсэл ашиглаж байгаа тохиолдолд?

-Тийм шүү. Яг энэ чиглэлээр бид тодорхой ажлуудыг зохион байгуулсан. Жишээ нь, ЦХОБА-нд ажиллаж байгаа нийт алба хаагчдын мэдлэг чадварын судалгааг нь гаргасан. Ингээд нэгдүгээрт, харуул хамгаалалтын курс, дамжаа төгсөөгүй хүнийг энэ албанд авахгүй. Хоёрдугаарт, “Галт зэвсэг эзэмших тухай хууль”-ийн хүрээнд “Галт зэвсэг эзэмших гэрчилгээ”-тэй болгосон.  Одоогоор гурван үе шаттайгаар нийт 150 алба хаагчаа галт зэвсгийн сургалтад хамруулаад байна. Энэ ажил цаашид ч үргэлжилнэ. Нийт алба хаагчдын маань 70 гаруй хувь нь мэргэжлийн бус хүмүүс байсан учраас эхний ээлжинд тэднийг бүрэн мэргэшүүлэх. Дараа нь орчин цагийн дэвшилтэт техник, зэвсэглэмжийг хэрэглэе гэсэн зорилт тавьсан. Түүнээс гадна гал сөнөөгчид мэргэжлийн хүмүүс байх шаардлагатай учраас Дотоод хэргийн их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад энэ чиглэлийн алба хаагчдаа гал сөнөөгчдийн дамжаанд 100 хувь хамруулсан. Ингэснээр манай алба мэргэшсэн гал сөнөөгчидтэй болж байна. Зургадугаар сарын 25-наас хойш зөвхөн мэргэжлийн үнэмлэхтэй, мэргэшсэн алба хаагчдадаа зэвсэг зэвсэглэмжүүдийг олгоно. Ингээд шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэн ЦХОБ-ын албаны хэмжээнд мэргэжлийн алба хаагчидтай болно. Эдгээрийн дүнд орчин цагийн хамгаалалтыг зөв, сонгодог байдлаар нь зохион байгуулах нөхцөл бүрдэнэ. Хамгийн наад зах нь, зарим нэг газрын паркын харуул 2 км зайд ганцаараа, явган, гавнаас өөр зэвсэггүйгээр явж харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байна. Гарт нь байгаа ганц гав нь эвдэрхий, ийм нөхцөл байдалтайгаар өнөө цагт ажиллана гэдэг хэцүү. Тиймээс Замын эдийн засгийн нөхцөл байдлыг харж байгаад камержуулахаас эхэлж илүү оновчтой хяналт, зохион байгуулалт хийнэ. Өнөөгийн нөхцөлд дөрвөн постын дунд нэг шуурхай бүлэг байгуулъя гэвэл пост бүрт дөрвөн алба хаагч дээр нь харуулын дарга гээд 20 хүн ажиллах жишээтэй. Нэг хүний сарын дундаж зардал 2.9 сая орчим төгрөг.  Уг нь дөрвөн постыг цомхотгоод дундаа нэг шуурхай бүлэг жижүүрлэдэг, камерын хяналт дээр нэг нэг алба хаагч ажилладаг болгочихвол хэд дахин илүү үр дүн гарна. Онцгой тохиолдолд шуурхай бүлэг нь яваад очиж болно. Ийм зохион байгуулалтад оруулахын тулд зардал, үр дүн гээд олон талын судалгааг хийж байна. Энэ бол бидний хэтийн зорилт. Гэхдээ шинэчлэлт өөрчлөлт хийж байна гээд нэг ч хүний ажлын байрыг хөндөхгүй. Манай албаны хэмжээнд улиралд 30 орчим хүний шилжилт хөдөлгөөн гардаг учраас энэ орон тоо руу шилжүүлэх байдлаар шат дараатай зохион байгуулалт хийгээд явна.

-Адил чиг үүрэг бүхий гадны харуул хамгаалалтын байгууллагатай танай алба хаагчдыг харьцуулбал ахуйн хангамж болоод ажиллах нөхцөлийн хувьд аль багцаанд байна вэ?

-Цалин хөлсний хувьд манай алба хаагчид харьцангуй боломжийн хэмжээнд байна гэж ойлгож болно. Миний сэтгэлийг эмзэглүүлж байгаа ганц зүйл бол хангалт, хувцас формын асуудал. Нэгдүгээрт, “Төрийн нэгдсэн бодлогын баримт бичиг”-ийг Зэвсэгт хүчний командлагч баталсан. Үүний дотор УБТЗ-ын ЦХОБА огт тусгагдаагүй. Манай алба хаагчдын өмсөж байгаа дүрэмт хувцас нь 1997 оны Засгийн газрын тогтоолоор л явж байна. Хэрэглэж байгаа албан тушаалын ялгах тэмдэг, цол нь аль нэгэн цэргийн байгууллагын дүрэм журамд огт байхгүй. Цэрэгжсэн байгууллага нэрийн доор дүрэмт хувцас өмсөж байгаа атлаа цол, дэс нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрэмд байхгүй шүү дээ.Тийм учраас ЗХЖШ-т “Дээрх чиглэлээр бидэнд зөвлөмж гаргаж өгөөч” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн. Энэ нь алба хаагчдын итгэл үнэмшил, цаашид ажиллах урам зориг, боловсон хүчний тогтвор суурьшилд онцгой нөлөөтэй юм. Бас нэг асуудал нь манай алба хаагчдын нормын хувцас цэрэг цагдаагийн байгууллагынхны хангалтад өгдөг хувцаснаас даруй 40 хувиар бага үнэлгээтэй байна. Үнээ дагаад чанар нь муу.  Зуны халуун, өвлийн хүйтэнд үүрэг гүйцэтгэх шаардлагыг хангахгүй байна. Бид ажил алба гүйцэтгэж байгаа хүнээ нэн түрүүнд бодох ётой. Төмөр замд ХАБЭА гэж их ярьдаг атал энэ талд учир дутагдалтай байна. Төмөр замын эдийн засаг хүндэрснийг бид бүхэн ойлгож байгаа. Гэхдээ бага багаар ч атугай шийдвэрлээд явах ёстой юм. Мөн Нийгмийн даатгалын хуулиараа “Цэрэгжсэн байгууллагын алба хаагч 25 жил ажиллаад тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ” гэдэг заалт манайд хэрэгждэг. Гэхдээ цэргийн байгууллага 85 хувиар тэтгэвэр тогтоолгодог бол манайхан 45 хувиар тэтгэврээ тогтоолгодог гэхчлэнгээр асуудал их байна. Тэгэхээр цаашид энэ албыг Монгол Улсын төрийн цэргийн байгууллагын чиг үүрэгт оруулах уу аль эсвэл байгууллагын хамгаалагч гэдэг байдлаар нь явах юм уу гэдгийг нэг талд нь гаргаж, эрх зүйн орчноо баталгаатай болгох ёстой.

 

ЯРИЛЦСАН Б.ДЭЛГЭРХИШИГ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.