Замын даргын намрын үзлэгийн үеэр Замын удирдлагуудад өртөө, зөрлөг бүрт төмөр замчдын санал, хүсэлтийг сонсож, заримыг нь газар дээр нь шийдвэрлэсэн. Замын-Үүд өртөөний найруулагч н.Мөнхнасан үзлэгийн дүнгийн хурал дээр төмөр замчдад тулгамдаж буй асуудлуудад хариулт авахыг хүссэн юм. Тэрбээр, “Би энэ салбарт 20 жил ажиллаж байна. Яагаад дүрэмт хувцасгүй байгаагаа тайлбарлая. Ажлын хувцас олгодог хүмүүст формын хувцас байдаггүй, харин форм өмсдөг хүмүүст ажлын хувцас байхгүй” хэмээн ярьсан.
Мөн өртөөнд найруулагч, туслах найруулагч дутагдалтай, ажиллах хүч тогтдоггүй нь ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж байна. Найруулагчийн туслахаар ажилд орж байгаа хүмүүсийн 80 хувь нь зургаан сар л ажилладаг. Учир нь нийгмийн даатгал төлүүлж, визэнд орж, банкны зээл авч, эцэст нь ажлаасаа гардаг ажээ. Тэрбээр цааш ярихдаа илүү цагийн олговрын бодит нөхцөл байдлыг хөндөж, “Сард илүү цаг гарлаа гэхэд улиралдаа л нэг удаа олгодог. Илүү цагаар ажилласан ч цалингаа авч чаддаггүй. Хэрэглээний үнийн индекс 33 хувь болсон энэ үед амьжиргаанд цалин хүрэхгүй хэцүү байна. Замын даргын тушаал хөрсөн дээрээ бууж, бодитой хэрэгжих хэрэгтэй” гэж байв.
Хэдийгээр төмөр замын тээврийн болон чанарын үзүүлэлтүүд жил бүр 20-30 хувиар өсөж байгаа ч ажилтнуудын амьдралын түвшин үүнтэй дүйцэхгүй байна гэв.
“Өмнө нь төмөр замын цалин улсынхаа ТОП-5-д ордог байсан. Харин одоо ТОП-50-д багтах уу гэдэгт эргэлзэхэд хүрч байна. Цалин, нийгмийн баталгаа, орчны нөхцөлөө бодитоор сайжруулахгүй бол залуу үе энэ салбарт тогтохгүй гэж тэр нэмж хэлсэн юм.
Замын удирдлагууд дээрх асуултад тодорхой хариулсан билээ.
УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков:- Сүүлийн үед “Хувийн төмөр зам руу олон хүн явж байна” гэх яриа олны дунд гарах боллоо. Гэвч бодит байдлыг эргэцүүлбэл, ямар ч хувийн компани ийм өргөн хүрээний хариуцлагыг өөр дээрээ үүрч чаддаггүй юм. Тэдний гол зорилго ашиг, тээвэрлэлтийн хэмжээ байдаг. Хэрэв орлого багасвал хамгийн түрүүнд ажилчдаа цомхотгох, эсвэл цалингүй чөлөөлөх арга хэмжээ авдаг нь нууц биш.
Харин УБТЗ-ын бүх түүх энэ талаараа онцгой. Цар тахлын үед ч, тээвэрлэлтийн хэмжээ буурсан энэ жилд ч гэсэн нэг ч ажилчнаа гудамжинд гаргаагүй. Энэ бол үнэхээр бахархах баримт. Хувийн компанид ийм нөхцөл үүсвэл ажилтан бүрт “баяртай” гэж хэлээд хаалгаа хаадгийг бид мэднэ. Томоохон компаниудын туршлага ч үүнийг баталдаг. Хувийн бизнесийн үндэс бол ашиг, харин төр, олон нийтийн өмчит байгууллагын үнэт зүйл нь хүн байдаг.
Гэхдээ хэн нэгнийг буруутгахын оронд бид өөрсдийгөө нэг бодох хэрэгтэй. Шинэ найруулагч хагас жил болоод л ажлаасаа гарч байгаагийн шалтгаан нь зөвхөн удирдлага бус, бидний хандлага юм. Бид залхуу, хариуцлагагүй үеийг өөрсдөө өсгөсөн. Хүүхдүүддээ төмөр замаар бахархах, үе дамжсан мэргэжлийн уламжлалаа өвлүүлэх ухамсар дутагдаж байна.
Би найруулагчийн ажил үүрэгт гүн хүндэтгэлтэй ханддаг. Учир нь би ажлын гараагаа найруулагчаар эхэлж байсан. Найруулагчийн ажил ямар хүнд, хичээл зүтгэл шаарддагийг би мэднэ.
Эцэст нь хэлэхэд, төмөр замын ирээдүй биднээс өөрсдийн хандлага, хариуцлага, бахархлаас хамаарна. Энэ байгууллага бидний ажил, амьдрал, бахархлын нэг хэсэг хэвээр байх ёстой.
УБТЗ-ын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ш.Нямсүрэн:-Найруулагчийн хомсдол үүссэн асуудал зөвхөн Замын-Үүд гэлтгүй Замын хэмжээнд нийтлэг байгаа. Энэ талаар Замын захиргаа онцгойлон анхаарч, орон тооны нөхөлтийг яаралтай хийх, ажилчдын хөдөлмөр зохион байгуулалтыг алдагдуулахгүйгээр ээлжийн ажлыг жигд үргэлжлүүлэх бодлого баримталж байна.
Олон өдөр дараалан, тулсан графикаар ажиллах нь сэтгэлзүйн болон биеийн хувьд ихээхэн ачаалал үүсгэдэг. Ковидын үеийн нөхцөл байдал үүнийг тод харуулсан. Хүн яаж ядарч, стресст ордог вэ гэдгийг бид биеэрээ мэдэрсэн. Тиймээс энэ асуудлыг орхиж болохгүй, ажил болгох ёстой. Ажлын хувцас олгодог хүмүүст формын хувцас байдаггүй, харин форм өмсдөг ажилтнуудад ажлын хувцас олгодоггүй гэх гомдлыг хүлээн авч, цаашид анхаарах болно. Ерөнхий инженерийн орлогчоор ажиллаж байхдаа ажлын хувцасны тоог хоёр болгож байсан. Энэ асуудлыг үе шаттайгаар сайжруулах боломжтойг онцолсон юм. Бидний зорилго бол төмөр замчдын ажил, амьдралын чанарыг сайжруулах, тэдний хөдөлмөрийг бодитоор үнэлнэ.
УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд:- Хэрэглээний үнийн индексийн өсөлт, инфляцийн дарамт нь энгийн иргэдийн амьдралд өдөр бүр мэдрэгдэх болсон энэ үед УБТЗ-ын хамт олон эдийн засгийн бодит нөхцөлд дүн шинжилгээ хийж, цалин хөлс, тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч байна. 400 гаруй нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийн өөрчлөлтөөр хэрэглээний индекс тогтоогддог. Өнгөрсөн жил 10 төгрөгийн үнэтэй бүтээгдэхүүн энэ жил 11.2 төгрөг болж өссөн. Энэ нь дунджаар 8-9 хувийн өсөлт. Сүүлийн саруудад инфляцийн түвшин 11-12 хувийн хооронд хэлбэлзэж буйг илтгэнэ. Бидний авч байгаа цалингийн бодит үнэ цэн буурч байгаа нь үнэн. Төгрөгийн худалдан авах чадвар буурч байгаа нь хэрэглээний индексийн өсөлтөөр тод харагдаж байна гэж онцлов.
Тодруулбал, УБТЗ-ын 100 төгрөгийн орлогын 50 хувь нь цалинд, 24-25 хувь нь түлш, шатахуунд зарцуулагддаг. Үлдсэн багахан хэсгээр зам, тоног төхөөрөмж, хөдлөх бүрэлдэхүүний засвар, үйлчилгээг хийж, олон жил хойшлогдсон хөрөнгө оруулалтаа нөхөхөд ихээхэн зардал шаардагдаж байгаа аж. Сүүлийн жилүүдэд таван удаагийн тарифын өөрчлөлтөөр Оросын талтай шат дараатайгаар хэлэлцэн, тээврийн тарифаа нэмэгдүүлснээр олон жил засаж чадаагүй замуудаа сэргээн засварлах, парк шинэчлэлт хийх боломж бүрджээ.
Одоогийн байдлаар ачааны вагоны дийлэнхийг хувийн компанийн эзэмшлийн вагоноор тээвэрлэж байгаа бол зорчигчийн вагоны 80 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрсэн, 40-өөс дээш жилийн дээш насжилттай байна. Зарим чиглэлд зорчигчийн тээврийг нэгтгэн, зардал хэмнэх зохион байгуулалт хийжээ.
Хэмнэлтийн гормид шилжиж, төсөв танагдлаа гэж дарга нар шүүмжилж байгаа ч, улс орны эдийн засаг бүхэлдээ хүндэрч, эмнэлгүүд хүртэл цалингаа тавьж чадахгүй байгаа энэ үед хэмнэлтээс өөр арга байхгүй.
Бид ашигтай чиглэлүүдээ түлхүү хөгжүүлж, орлогоо нэмэгдүүлэх замаар цалин хөлсийг шат дараатай нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хөдөлмөрийн нөхцөл, бүтээмж, үр ашиг зэрэг үзүүлэлтэд суурилсан шинэ аргачлалыг боловсруулж байгааг Замын удирдлагууд онцолсон юм.
Замын хэмжээнд цалин хөлсийг дунджаар арван хувиар нэмэхэд 70-80 тэрбум төгрөгийн нэмэлт орлого шаардлагатай байдаг аж. Гэвч энэ онд тээврийн хэмжээ хилийн хэлэлцээр болон бусад хүчин зүйлээс шалтгаалан нэг сая тонноор тасарч, төлөвлөсөн орлого буурсан байна.
Тиймээс “Ашигтай тээвэр хийх, зардлаа хэмнэх” нь цалин нэмэгдүүлэх цорын ганц гарц болж байна. Эдийн засгийн бодит байдал ийм байгаа ч УБТЗ-ын хамт олон гар хумхин суусангүй. Өндөр бүтээмж, оновчлол, хэмнэлтийн зохистой тэнцвэр дээр тулгуурлан төмөр замчдын цалин хөлс, ажиллах нөхцөлөө сайжруулах чиглэлд бодит алхмууд хийсээр байгааг онцолж дурдсан билээ.
МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг:-Төмөр замчдын хөдөлмөрийн онцлог нь цаг наргүй, хариуцлага өндөр, улс орны эдийн засгийн урсгалыг тээдэг хатуу дэгтэй ажлын онцлогтой. Тиймээс илүү цагийн зохицуулалт, амралтын нөхцөл, цалин хөлсний шударга тооцоолол нь салбарын хамгийн чухал асуудлын нэг байсаар ирсэн. Хамтын гэрээгээр илүү цагийг зохицуулах заалтад тодорхой тусгасан. Өмнө нь төмөр замчид илүү цагаа жилийн хугацаанд балансалдаг байсныг 2022–2023 онд хагас жилээр балансалдаг болгож өөрчилсөн. Одоогийн мөрдөж буй хамтын гэрээнд илүү цагийн гурван тодорхой зохицуулалтад орсон. Ээлжийн графикаар ажилладаг ажилтны илүү цагийг долоо хоногийн Бямба, Ням гаригт ажилласан тохиолдолд амрааж нөхнө. Жилийн ажлын цагтай ажилтны илүү цагийг тухайн байгууллагын цалингийн төлөвлөгөөнд тусгасан бол тухайн сард нь олгоно. Олгоогүй тохиолдолд улирлаар нэгтгэн тооцох ёстой. “Илүү цагийг хасна” гэсэн ойлголт байх ёсгүй. Илүү цагийг нөхөн амраах болон мөнгөөр олгох хоёр хэлбэр бий. Хэрэв мөнгөөр ологвол дундаж цалинд оруулж тооцдог. Гэвч илүү цагийг мөнгөөр олгох нь сайн зүйл биш. Ажилчдын эрүүл мэндэд хамгийн ноцтой нөлөөтэй. Өнөөдөр магадгүй би 178 цагтай ажиллах ёстой атал 190 цаг ажиллаж, илүү ажилласан 12 цагийн хөлсийг цалин дээрээ авлаа гэхэд бие организм бүрэн амарч чаддаггүй. Дараагийн сар дахин ээлжиндээ гарна. Энэ удаан үргэлжилбэл хүний хөдөлмөрийн чадвар доройтно. Тиймээс хамтын гэрээний гол зорилго нь илүү цагийг мөнгөөр бус, цалинтай нөхөн амраах хэлбэрт шилжүүлэхийг зорьж байна. Энэ нь зөвхөн ажилчдын эрүүл мэнд төдийгүй байгууллагын тогтвортой ажиллагаанд ч эерэг нөлөөтэй гэж үздэг.
Цалин нэмэгдсэн ч ойлголтын зөрүү байсаар байна. 2024 оны есдүгээр сарын 1-нээс төмөр замчдын үндсэн цалин арван хувиар нэмэгдэж, сарын ажлын үр дүнгээс таван нэгжээр шилжүүлсэн. Ингэснээр нийт цалин 15 хувиар өссөн. Гэвч энэ өөрчлөлтийн тайлбар дутмагаас ажилчдын дунд “5 хувь уу, 15 хувь уу?” гэсэн эргэлзээ үүсжээ. “Манай захиргаа, ҮЭХ, санхүү цалин хөлснийхөн хамтран нийт ажилчдад сургалт зохион байгуулах шаардлагатай байна. Үндсэн цалин арван хувь нэмэгдэж, ажлын үр дүнгийн таван нэгжид шилжсэнээр бодитоор 11.5 хувь нэмэгдсэн. Энэ өсөлт нь шөнийн нэмэгдэл, жилийн эцсийн 13 дахь цалин зэрэгт давхар нөлөө үзүүлнэ. Уг шинэчлэлийн үр дүнд он дуустал 25.4 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардлагатай байгаа ч ажилчдын урам зориг, тогтвортой байдалд эерэг үр дүн гарч байна.
Өвөл дөхөж буй энэ үед төмөр замчдын хувьд нүүрсний хөнгөлөлт чухал дэмжлэг болдог. Судалгаанд оролцсон нийт ажилчдын 79 хувь нь өнгөрсөн жил шиг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргаснаар 300000 төгрөгийн хөнгөлөлт олгох шийдвэр гарсан.
Өртөө, зөрлөгийн алслагдсан нөхцөлөөс үүдэн нүүрс татахад хүндрэлтэй байгаа тул ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, зангилаад хамтран ажиллах чиглэл өгчээ.
Ажилчид 70 хувийг гаргаад, үлдсэн 30 хувийн хөнгөлөлт хамтын гэрээний дагуу байгууллагаас олгогдоно. Энэ бол ажил олгогч, ҮЭ-ийн хамтын ажиллагааны бодит илрэл. Одоогийн мөрдөж буй хамтын гэрээ 2025 он дуустал хүчинтэй бөгөөд шинэ гэрээний төслийн хэлэлцүүлэг аль хэдийнэ эхэлсэн. Анхан шатны нэгж, өртөө, зөрлөг бүрээс санал хүсэлт авч, тулгамдсан асуудлуудаа эрэмбэлж, 2026 оноос хэрэгжих шинэ хамтын гэрээний төсөл боловсруулах ажил явагдаж байна. Хамтын гэрээ ажилчдын эрх ашгийг хамгаалсан хамгийн бодит баталгаа юм. Тиймээс хэлэлцүүлэгт бүх түвшний оролцоо, ойлголцол, хамтын шийдвэр зайлшгүй шаардлагатай байна гэж хариулсан билээ.
Замын удирдлагын бодлогын хүрээнд цалин, урамшууллын тогтолцоог илүү шударга, үр дүнтэй болгох зорилгоор есдүгээр сарын 01-ний өдрөөс нийт ажилтнуудын үндсэн цалин арван хувиар нэмэгдэж, сарын үр дүнгийн шагналын таван хувийг үндсэн цалинд нэгтгэснээр нийт нэмэгдэл 11.5 хувьд хүрсэн. Энэ нь байгууллагын зүгээс ажилтнуудын хөдөлмөрийг бодитоор үнэлж, урамшуулах нэг алхам болсон. Төмөр замчдын дунд “10 хувь+5 хувь=15 хувийн өсөлт болохгүй юу гэсэн асуулт гарна. Үүнийг энгийнээр тайлбарлая.
Тодруулбал, 10 хувь үндсэн өсөлт+хуучин цалингийн 5 хувийг нэгтгэх арга =нийт цалин 11.5 хувь нэмэгдэх гэсэн үг юм. Ийм систем нь өндөр цалинтай, бага цалинтай ажилтанд адилхан урамшууллын боломж олгодог, харьцангуй шударга бодлого юм байна. “5 хувь” гэдэг нь өмнөх дүнгээс таван хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цалин, тариф, бүтээмжийн үзүүлэлт зэрэг өсөлт нь тухайн хэмжээтэй уялдан өөрчлөгдөнө. Тухайлбал, төмөр замчны сарын үндсэн цалин 1000000 төгрөг байлаа гэхэд 5 хувиар нэмэхэд 1000000× 5 хувь = 50000 төгрөг. Шинэ цалин 1050000 төгрөг. Энэ тохиолдолд нэмэгдэл нь цалингийн хэмжээтэй уялддаг. Өндөр цалинтай хүн илүү их, бага цалинтай хүн бага хэмжээний нэмэгдэл авна.
Харин “5 нэгж” нь шууд нэмэгдэл. “5 нэгж” гэдэг нь тогтмол хэмжээний өсөлт. Энэ нь харьцангуй бус, яг тогтсон тоо байх ажээ. Тухайлбал, “5 мянган төгрөгөөр”, “5 тонн-аар”, “5 цэгээр” гэх мэт. Бүх ажилтанд 5 нэгжээр буюу 50000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж үзвэл хэн ч бай, бүгд 50000 төгрөгийн нэмэгдэл авна. Энэ нь тэгш хэмжээний, гэхдээ харьцангуй шударга биш байж болох ч бага цалинтай хүнд бол мэдэгдэхүйц өсөлт, өндөр цалинтай хүнд бага өсөлт мэт харагдана. “5 хувь” нь харьцангуй өсөлт, суурь дүнгээс хамаарна. “5 нэгж” нь тогтмол өсөлт, суурь дүнгээс үл хамаардаг юм байна.
П.Түмэндэмбэрэл

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.