ЦАСАНД ДАРАГДСАН ДҮЛИЙ ЦАГААН СУУРИН
Битүү цастай дүлий цагаан сууринд алсаас галт тэрэгний дуут дохио хангинахтай зэрэгцээд Моэгийн аав аргил хоолойгоор “Ашимой өртөө” гэж зарлан мэдээлэх нь нам гүмийг сэрээх амьдралын амь халуун дуудлага мэт сонсогддог сон. Өртөөн дээрээс өлгийтэй хүүхэд олох нь хуучин хүнийг шинэ амьдрал руу хүчээр алхуулж, ертөнцийн хаа нэгтээ мартагдсан бөглүү суурингаар галт тэрэг дамжин өнгөрөх нь амьдрал үргэлжилсээр ахуйг сануулах, бас хоёулаа Ашимой гэх нэг өртөөн дээр зураг авалт нь хийгдсэн “Ошин”, “Сузуран” гэх хоёр кино ерээд оны дундуур Монголын үндэсний телевизээр гарсан нь өдгөө ч сэтгэлд тод. Галт тэрэгний тухай кино гэж бодохтой зэрэг энэ хоёр л шууд сэтгэлд тодроод ирэх.
Уран зохиол хийгээд кино бүтээлүүддээ хүний сэтгэлийн угт байдаг зүйлийг хэл үггүйгээр хөнддөг, сануулдгаараа япончуудын этгээд сэтгэлгээ амттай. Тэд зааж зааварладаггүй, бас өгөгдлөөр зоддоггүй, монологоор ухуулдаггүй, үзэгчдэдээ зүгээр л эгэл дүрс, энгийн үгсийг ажлын хувцас шиг тарааж, борог амьдралаар “амьдруулдаг”. Ийнхүү тэдний кинон дотор амьдрах явцдаа хүмүүс сэтгэлгээ хийгээд бодит байдлын зөрүүтэй талуудыг анзаарч, мэдрэмжүүдийн зөрчилд автах нь олонтаа.
Энэ кинонд галт тэрэг тогтмол үзэгдэх нь төмөр замын компаниудыг төлөөлөхгүй. Харин ч эсрэгээрээ төмөр зам нь хувь төөргийг, түүн дээгүүр явах илчит тэрэг нь амьдралыг, өртөө нь оршихуйг, тэндэхийн аж амьдрал нь үзэгдлийг илэрхийлж байдаг. Нэгтгээд харахаар уйтгартай ч гэж хэлж болохоор “цасанд дарагдсан” хуучин суурин. Гэтэл Аристотелийн зүйрлэсэнчлэн амьдрал, амьтай юм болгон гоо сайхан байдгийн хуулиар аглаг тэртээд ч “Амьдрал үргэлж сайхнаараа”. Газар бүрт, гэр болгонд амьдрал өөр өөрөөр өрнөж болох ч инээд нулимс оршин буй л бол тэдгээр ондоо зүйлс нь нэг л цэгт ирж уулздаг. Энэ бол Амьдрал-Өртөө.
ЕРТӨНЦИЙН ХЯЗГААР ДАХЬ АШИМОЙ ӨРТӨӨ
Ашимой гэдэг өртөө дэлхий дээр байхгүй. Энэ бол зохиомол нэр. Харин дээрх киноны зураг авалтуудыг Японы Хоккайдо арлын алслагдсан өртөөдийн нэг Эбишимад авчээ. Байгаль цаг агаарын хувьд Монголтой ихээхэн төстэй, урт удаан өвөл бүхий эрс тэс уур амьсгалтай Хоккайдо аралд Монголын хөдөөгийн улаан хацарт охидтой эгээ андуурам Ошины бага нас, Моэ охины битүү зовнилтой ч ариун цагаан зүрх сэтгэл, хөх хөвчийн чөлөөнд торолзох, нэвсийсэн цастай буйд суурин…
Дээрх кинонууд дэлгэцэнд гарч, Японы Эйн Эйч Кей телевизийн өглөөний шоунуудаар тус киноны уран бүтээлчид ид алдаршиж эхлэхтэй зэрэгцээд Ашимой өртөөг биечлэн үзэх сонирхогчдын цуваа хөвөрчээ. Үүнийг анзаарсан төмөр замын компани Эбишима өртөөг Ашимой болгон киноны натураар нь тохижуулж аялал жуулчлалын нэгэн шинэ объект бий болгов. Гэхдээ л Эбишима өртөө төмөр замын хуваарьт ажлаа хийдгээрээ хийсээр, харин зорчигчдын тоо нь илт өсчээ. Хамгийн буйд аглагийн ийм нэгэн өртөө нь дээрх кинонуудын буянаар олны хөлийн газар болон хувирах нь тэр. Технологийн цаг эринд амьдарч байгаа их хотын хүмүүс алжаал тайлан тархиа амраахаар энэ газрыг зорихдоо цаг хугацааны аялал хийж буй мэт мэдрэмж авдаг гэнэ. Кинонд ашигласан хуучны эд хэрэглэл, цай кофе нь хүртэл өнгөрсөн үеийг санагдуулдаг аж. Харин Ашимой гэдэг нэрээр бидний тархины бор хальсанд хадагдаж үлдсэн нэвсгэр хөвчийн гүн дэх Эбишима өртөө 2023 онд л өртөөнийхөө үүргээр ашиглагдахаа больж татан буугджээ.
Төмөр замын ажил үйлийн тухай огт өгүүлэхгүй, үе үе үзэгдэх галт тэрэгнээс өөр “дүрслэлгүй” энэ кино төмөр замчдын тухай, галт тэрэгний тухай кинонуудын дунд нэр хүндээрээ жин дардаг нь бидний хувьд мартагдсан дурдатгал шиг санагддаг амьдралын нандин философитой холбогддогийнх биз ээ.
ЭРГЭН ДУРСАХАД САЙХАН
Фэйсбүүкийн “Эргэн дурсахад сайхан” гэдэг хуудсан дээр Unurjargal Damdin гэдэг хүн өдгөөгөөс долоон оны өмнө энэ хоёр киноны анонс зургийг тавьж хүмүүсийн дурсамжийг хөглөсөн нь маш олон сэтгэгдэлд булуулсан юм. Үүнийг түүвэрлэн сонирхуулахад:
Мөнгөө Мөнхжин: Энэ киног гарч байхад би 12 настай байсан. Аавынхаа дурдан бүсээр дүүгээ нуруундаа үүрээд, өөрийгөө Ошин болчихсон гэж сэтгээд, гэр орныхоо ажлыг чадлаараа хийж ээждээ тусалдаг байлаа. Сүүлдээ бүр кинондоо орчихсон “Ээжээ та намайг энд тэндээс олсон юм биш биз дээ? Тэгвэл шууд үнэнээ хэлээрэй” гэж тулгаад аавдаа шавхуурдуулж билээ, хэхэ
Puuj Erdene: Хүсэн хүлээж үздэг байсан кино доо. Нэг мэдэхэд манай ангийнхан завсарлагаанаар “Ашимой өртөө” гэж хашгирдаг нэг хүнтэй, тэгэнгүүт нь галт тэрэгний дуут дохиог хоороор дуурайдаг багтай болчихсон байж билээ кк
Сангаа Халиун: Ошины тухай онигоо гарсныг мэдсэн л биз дээ? Ошиныг нас барахаар нь оршуултал булшны шороогоо сэгсэрч босож ирснээ “Төвөг учруулсан бол уучлаарай” гэж хэлдэг юм даа, ха ха ха
Төмөрбаатар Цэцэгмаа: Ошин ч нэг хэсэг зурагтаас биднийг уясан даа. Гэхдээ надад Сузуран л илүү таалагддаг. Гоё кино
“Өнөөдөр” сонин: Улаанбаатар өртөөний нэг өдрийг сурвалжлахаар Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн 275-р галт тэргэнд өнгөрсөн пүрэв гаригийн орой суугаад бодлоо. Өртөөний тухай, ер нь төмөр замынхны тухай ямар кино байдаг билээ гэж. Орчин цагт манай залуус “Өртөө”, “Зөрлөг” гэж кино хийсэн ч үнэндээ нэр шигээ сэтгэлд тод үлдсэн нь юу билээ. Галт тэрэг хөдлөх, зогсох тоолонд дарцгаа өргөн “Ааа-шййй-мойййй” гээд өндөр дуугаар анхааруулдаг Моеэгийн аавын дүр гэтэл ой тойнд илүү тод үлдсэн байх юм. “Ашимой” өртөө гэх жижиг суурингийн хүмүүсээр дамжуулан амьдралын эгэл үнэнийг элдэв хачиргүйгээр үзүүлсэн болоод тэр юмуу, олон хүний сэтгэлд уг бүтээлийн аядуу зөөлөн дотоод хэмнэл нь хадагдаж үлдсэн шиг байдаг. Ийм эрэл, тийм эгэл үнэний битүүхэн эрэлттэй “Олон Овоот өртөөнд буулаа...
ЦАГ ХУГАЦАА ХЭМЭЭХ ГАЛТ ТЭРЭГНИЙ ЗОРЧИГЧИД
Японд 1999 онд бүтээгдсэн "Poppoya-Railroad Man" киноны үйл явдал өрнөдөг Хоккайдо мужийн Икүтора галт тэрэгний өртөө хаагдсан тухай “Asahi Shimbun” сонин өнгөрсөн жил мэдээлсэн билээ. Учир нь 117 жилийн түүхтэй "JR Nemuro Line" төмөр замын шугам татан буугдсантай холбоотойгоор өртөөг нь мөн хаасан байдаг. "Railroad Man" кино гарснаас хойш 26 жил өнгөрсөн ч жил бүр олон мянган хүн тус өртөөг үзэхээр ирдэг байжээ. Кинонд гардаг өртөөний танилцуулга самбар болон киноны зурагт хуудас эдүгээ хүртэл өртөөний байран дотор өлгөөстэй байдаг гэнэ. Японы шилдэг зохиолчид олгодог “Наоки” шагналт зохиолч Асада Жирогийн "Төмөр замчин" романаас сэдэвлэсэн энэхүү киног өртөөний даргын эгэл амьдралыг харуулах гэж бүтээжээ. Өртөөний даргын дүрд Японы нэрт жүжигчин Кен Такакүра тоглосон юм. Харин киноны хөгжмийг "Сүүлчийн эзэн хаан" киноны хөгжмөөрөө "Оскар"-ын шагнал хүртсэн Рюичи Сакамото зохиожээ. Орон нутгийн захиргаа уг кинотой холбоотой дурсамжийг хадгалах үүднээс “JR Hokkaido” төмөр замын компаниас уг өртөөг шилжүүлэн авч, кинотой холбоотой орчныг тэр чигээр нь хадгалан хүмүүст үзүүлэхээр болсон байна.
Үүнээс үүдэн бодоход Японы уран бүтээлчдэд төмөр замын тухай уран сэтгэмж илүүхэн орцтой байдаг ч юм шиг. Мэдээж төмөр зам, галт тэрэгний тухай уран бүтээл дэлхийд олон ч тэдгээрийн нэг нь ч яг төмөр замчдын ажил амьдралыг тусгайлан харуулдаггүй, харин төмөр зам, галт тэрэг гэх ойлголт амьдралын шинэ хуучин мэдрэмжийн зөрлөг болон тусгагддаг нь ихээхэн содон. Тэр тусмаа яруу найрагчид “Амьдралын хурдан галт тэрэг”-ний тухай сэрж сэхээрэн бичиж үлдээсэн нь олонтаа.
Ийнхүү бодохул бид бүгдээрээ цаг хугацаа хэмээх галт тэрэгний зорчигчид билээ. Төмөр зам, галт тэрэг хэмээх нь философи утгаараа амьдралыг төлөөлсөн өнө мөнхийн ойлголт, зөвхөн зорчигчид нь л солигдсоор байдаг ч юмуу...
ХҮН ЧАНАРЫН ДУЛААН УЛИРАЛ
Мэдээллийн эрин зуун дахь технологийн дэвшилтэй зэрэгцэн хүн чанарын сэрүүн улирал эхэлж буй тухай энд тэндгүй яригдах болов. Ямарч сэрүүн цаг үед дулаан мэдээ олддог нь хүн төрөлхтөний эерэг тал гэлтэй.
Google-ын хайлтын системээс төмөр замын дулаан мэдээ нэхтэл 2016 оны нэг кейсийг санал болгож байх юм. Мөн л Японд болсон хэрэг явдал аж. Ками-Ширатаки галт тэрэгний буудал нь Японы хойд Хоккайдо арал дээр байрладаг бөгөөд гурван жилийн өмнө алслагдсан байршил, ачааны галт тэрэгний төгсгөлөөс шалтгаалан Японы төмөр зам (JR) үүнийг хаахаар шийджээ. Гэсэн хэдий ч тэд өдөр бүр ахлах сургуульдаа явахын тулд нэг жаал охин тус буудал дээр тогтмол ирдэг болохыг олж мэдээд бодлоо өөрчилжээ.
Олон жилийн турш зөвхөн түүний төлөө мөнөөх буудал дээр галт тэрэг зогссоны эцэст буюу 2016 оны гуравдугаар сарын 26-нд л сая нэг галт тэрэгний буудлыг албан ёсоор хаасан байх юм. Охин яг тэр өдөр сургуулиа төгсчээ. Ками-Ширатаки буудал дээр өдөр бүр хоёрхон галт тэрэг зогсдог байсан бөгөөд охины сургуульдаа явах, буцах нөхцөлөөс хамаарсан өвөрмөц цагийн хуваарьтай байжээ.
Хүний чанар цаг агаарын мэдээ шиг хувьсан өөрчлөгдөж, амьдралын хурдан галт тэрэг жирэлзэн давхисаар. Бидний дараагийн өртөө юу билээ?
Б.Занданхүү
