“Ган зам” сонины редакцид ахмад настнууд үе үе ирж хууч хөөрөх дуртай байдаг. Олон жил захиалж уншсан сониныхоо шарласан хуудаснаас залуу насныхаа дурсамжтай үйл явдлын тухай мэдээллийг эрж суран, өөрсдийн бичих дурсамжиндаа нэмэрлэх гэж ихэнх нь ирдэг юм. Энэ удаа манай сонинд зочилсон ахмад төмөр замчин Намсрайн Дашхүү гуайн ярианаас товчлон хүргэе ээ.
Н.Дашхүү гуай 1936 онд Говь-Алтай аймгийн төв Алтай хотод төржээ. 1958 онд Төмөр замын техникумд элсэж ороод 1962 онд төгссөн байна. Сургуулиа төгсөөд Зүүнхараагийн депод хагас жил дагалдангаар ажиллаж байгаад 1962 оны арванхоёрдугаар сард Улаанбаатарын зүтгүүрийн депод шилжин ирж туслах машинчаар ажиллах болжээ. Зургаан жил туслах машинч хийгээд 1970 онд машинч болжээ. Ингэж төмөр замд тасралтгүй 30 жил ажиллаад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр 55 настайдаа 1991 онд тэтгэвэртээ гарсан байна.
“Намайг ажиллаж байх эхэн үед машин техникийн хүчин чадал гэвэл тээвэрт ТЭ2, сэлгээнд ТЭ1 гэж жижиг тэрэг явдаг байсан. Одоо эд бүгд чөлөөлөгдсөн. Би ТЭМ1263 зүтгүүрт ахлах машинчаар хориод жил ажиллажээ. Ингэхдээ Улаанбаатар өртөөнд сэлгээнд ихэнхдээ ажилласан. Сэлгээний машинчийн сандал дээр суусан л бол тэр хүнд босох эрх байхгүй. Хойно, урдаас ирсэн галт тэргийг Улаанбаатар өртөөний гуч дөчин салбар замд хүлээн авч вагон тавьдаг байлаа. Миний анхны багш Гомбосүрэн гэдэг машинч байсан. Цувааны зааварлагч нь Цэрэн гэдэг өвгөн байсан. Манай цуваа 70 хүнтэй байлаа. Намын үүрийн дарга нь Баатар гэж байсан. Сэлгээний машинчийн ажлын гол дүгнэдэг үзүүлэлт нь аюул осолгүй ажиллахад оршдог. Энэ завсар Мааньтад ахлах машинчаар томилогдож хэдэн жил ажилласан. Тэр үед долдугаар зөрлөгт ялгалт хийдэг, цэргийн зориулалттай ачаа их буудаг байсан. Зам муутай байхад хэцүү байсан. Заримдаа холбогч найруулагч нар буруу дохио өгнө, болоогүй байхад зогсооно, түүнээс болж мөргөлдөж аваар хийчих гээд сандрах үе цөөнгүй. Тэрнээс аварч л байсан” гэж тэрбээр хуучиллаа.
Н.Дашхүү гуай залуугаасаа олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог ч ямар нэгэн сонгуульт ажил хийх дургүй байсан гэнэ. “Би 1966 оны намын гишүүн хүн. Намын гишүүний батлахаа энгэрийнхээ халааснаас салгаж үзээгүй. Аливаа хурал, зөвлөгөөнийг тасалж байсан удаагүй” гэж тэр хэллээ.
Н.Дашхүү гуай залуудаа хөнгөн атлетикээр хичээллэж, “Замчин” нийгэмлэгийн өмнөөс спортын уралдаан тэмцээнд цөөнгүй удаа оролцож байжээ. Тэрбээр ойрын зайд 100 метр, 400 метр, буухиай тэмцээнд гүйдэг. Тухайн үедээ 100 метрт 12 секунт гүйж байсан гэнэ. Ажлаасаа чөлөөлөгдөж соёл урлагийн болон эмнэлгийн салбарын тамирчидтай нийлж Богинын аманд бэлтгэлд хийдэг байсан тухайгаа бахархан дурслаа. Одоо ч гэсэн биеийн тамир спортоо орхиогүй, хийн дасгалаар хичээллэдэг гэнэ. Саяхан БНХАУ-д болсон олон улсын хийн дасгалын тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн байна.
Н.Дашхүү гуайнх долоон хүүхэд төрүүлж өсгөжээ. Эхнэр болон хүүхдүүд нь бүгд төмөр замтай ажил амьдралаа холбосон байжээ. Хүүхдүүдээс нь эхнээсээ тэтгэвэрт гарч байгаа гэнэ.
Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, “Хүндэт төмөр замчин”, “Тэргүүний төмөр замчин” тэмдгээр тус тус шагнасан байна.
Ийм нэгэн эгэл настан өөрийнхөө тухай товч хуучиллаа. Ерэн насны босгыг давсан Н.Дашхүү гуайд өөр хуучлах зүйл зөндөө байгаа биз. “Уулзах хүмүүс цөөрч дээ. Таньдаг мэддэг хүмүүс маань ихэнх нь бурхан болжээ” гэж гүн санаа алдаж яриагаа өндөрлөлөө.
Г.Энхбаатар
