Дорноговийн уудам талд ган зам зурайж алсад үргэлжилнэ. Өглөөний нарны туяанд замын төмөр гялалзаж, хаа нэгтээ галт тэрэгний дохио цуурайтах нь энэ нутгийн амьдралын нэгэн хэмнэл юм. Өргөний хэсэглэлдээ ажиллаж, амьдралынхаа олон он жилийг төмөр замын үйлсэд зориулан, хийх бүтээх зүйлээ хийж дуусгаад гавьяаныхаа амралтад гарсан хэсэг ахмад замчидтай нэг дор уулзах сайхан боломж тохиосон юм. Тэд Замын IV ангийн ахмадууд байлаа. Ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохоор төлөвлөсөн бололтой, ахмадууд бүгд л сайхан дээл хувцсаа өмсөж, одон тэмдгээрээ гоёж, өнгө жавхаатай харагдана. Тэднийг харахад төмөр замын хүнд хүчир ажлыг нуруундаа үүрч, хөдөлмөрийн замналаа нэр төртэй туулсан он жилүүд нь өөрийн эрхгүй бодогдоно. Эдгээр ахмадын дунд энэ хэсэглэлд олон жил бригадын даргаар ажилласан Л.Шинэхүү гуай байв. Тэрбээр нөхдийнхөө хууч яриа, дурсамжийг хөтлөн чиглүүлж, мартсан зүйлийг нь сануулан, хааяа нэг тас тас хөхөрч, яриаг улам хөгжилтэй, дотно болгож сууна. Түүний яриа нөхдийнхөө итгэл, бахархлыг улам асааж, өнгөрсөн он жилүүдийг нүдэнд нь дахин амилуулж буй мэт санагдана. Л.Шинэхүү гуай энд байхгүй найз нөхдөө ч дурсан ярьсан. Ч.Хоролсүрэн гуай замчин, гэр цэцэрлэгийн багш хийж явсан, харин түүний нөхөр Доржготов нь морьт эргүүл хийдэг байжээ. Ажилдаа сайн, гялалзуур, сэргэлэн хүн байсан тухай ахмадууд дурсав. Ж.Оролмаа, нөхөр Жамъяанноров нарын тухай ч яриа хөвөрнө. Жамъяанноров гуай 1049-ийн уугуул замчин дэр модоо хадахдаа “Сүүлиймаа, Сүүлиймаа” хэмээн аялан хэлдэг байсан тухай дурсаж, тэр үеийн ажил хөдөлмөрийн өнгө төрх, замчдын хөгжилтэй яриа хөөрөө хүртэл нүдэнд харагдах шиг болов. Мөн Мягмар гуай зам сумыг сайн матдаг, гарын дүйтэй, ур ухаантай хүн байсан талаар Л.Шинэхүү гуай хуучилж байлаа. Түүний хүү М.Батзориг ч мөн замчнаас ажлын гараагаа эхэлж, өнөөдөр бригадын даргаар ажиллаж байгаа аж. Аавынхаа адил гарын дүйтэй, ажилдаа сайн залуу хэмээн бахархан ярихыг нь сонсоход төмөр замчдын хөдөлмөрийн ур чадвар, туршлага үеэс үед өвлөгдөн үргэлжилж буйг тодхон мэдрэв. Ийнхүү ахмад төмөр замчдын хууч яриаг сонсож суухад нэгэн үеийн түүх, хөдөлмөр, нөхөрлөл, амьдралын замнал тэдний яриа бүрээс цухалзана. Тэдний инээд хөөр, хууч яриа, бие биенээ сануулан дурсах мөчүүд нь ахмад үеийнхний хөдөлмөрийн үнэ цэнэ, нөхөрлөлийн нандин холбоог улам тодотгож байв. Төмөр замын зам мөрийг олон жил дархалж, хойч үедээ өвлүүлэн үлдээсэн эдгээр ахмад замчидтай уулзсан нь миний хувьд мартагдашгүй сайхан дурсамж болж үлдэв.
Б.Ичинхорлоо: Бид үе дамжсан төмөр замчид
Баранзын Ичинхорлоо гуай 1967 оны аравдугаар сарын 16-нд замчин болсон нь түүний амьдралын мартагдашгүй өдөр. Төмөр зам аавынх нь амьдралын нэг хэсэг, хожим өөрийнх нь хувь заяа, улмаар үр хүүхдүүдийнх нь мэргэжлийн замнал болжээ. Өнөөдөр 70 гарсан ч Б.Ичинхорлоо гуай төмөр замын тухай ярихдаа залуу насныхаа эрч хүчийг буцаан олсон мэт инээмсэглэнэ. “Намайг 954 дүгээр точкад, Лувсандорж мастертай замын хэсэгт хуваарилсан. Тэр үед замчны ажлыг голдуу эрчүүд хийдэг, хүнд хөдөлмөрийн нэг байв. Би ах эгч нарын дунд орж, ажлыг нь дагаж, харж, сурсан. Хүүе, ажлаа суугаад хийж болохгүй шүү хэмээн загнуулна. Бригадынхан маань намайг элдвээр шалгана. Гурил зуурч чадах уу, хоол хийж чадах уу гээд л гал тогоонд үлдээчих санаатай байсан болов уу. Тэгснээ нүх ухаж чадах уу гээд л өөр ажил өгнө. Замчин мэргэжилдээ дуртай. Өөр ажил хийе гэж бодож байсангүй. Төмөр замын ажил ёстой сайхан шүү дээ” хэмээн тэрбээр дурссан. Тэрбээр 17-той насанд хүрээгүй тул насаа нэмж ажилд оржээ. Б.Ичинхорлоо гуай анх чадах бүхнээ хийж, чадахгүйгээ сурч байлаа. Тэр үеийн амьдралын нэгэн үнэн нь энэ байв. Хүн ажлаа сонгодоггүй, харин өгсөн ажлаа хийж, дадлагажиж сурдаг байв.
Б.Ичинхорлоо Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд төрж, Өргөн нутагт өсөж торнижээ. Айлын ганц охин аав, ээжийнхээ хайр халамжид өссөн түүний хүүхэд нас хөдөө нутгийн эгэл амьдрал, хөдөлмөрийн дунд өнгөрчээ. Түүний аав Р.Баранз нь тухайн үеийн хэллэгээр “Мал хөөгч”, хожим “Морьт эргүүл” хэмээх албыг хашдаг байв. Морин дэл дээр давхиж, төмөр замын ойролцоох малаас замаа хамгаалах нь түүний үүрэг. Өнөөдөр бодоход энэ нь энгийн мэт боловч тухайн цаг үедээ асар хариуцлагатай ажил байжээ. Б.Ичинхорлоо гуай аавынхаа тухай бахархалтайгаар өгүүлж байсан. Б.Ичинхорлоо төмөр замын ажилд орсон өдрөөсөө хойш замчны ажлаа тасралтгүй хийсээр иржээ. Өглөө эрт ажилдаа гарна. Халуунд хална, хүйтэнд хөрнө. Төмөр замын хүнд хүчир ажлыг эрчүүдтэй мөр зэрэгцэн хийнэ. Өглөө гэрээс гарахдаа ар гэр, үр хүүхдээ бодно. Ажлынхаа хажуугаар гэрийнхээ бүхнийг амжуулна. Тэр үеийн эмэгтэйчүүдийн амьдрал бүр ч хариуцлагатай байв. 45 хоног амраад л ажилдаа орно. Хүүхдээ сумын цэцэрлэгт өгнө. Ажлын зохицуулж хүүхдээ хөхүүлээд ажил руугаа гүйдэг байсан цаг үе. Үүнийг сонсоход энгийн боловч нэгэн үеийн эмэгтэйчүүдийн тэсвэр, хөдөлмөр, хариуцлага бүхэлдээ багтана. Тэрбээр ахлах замчнаар ажиллаж байгаад 1992 онд тэтгэвэртээ гарчээ.
Түүний нөхөр Н.Дашмаа Завхан аймгаас илгээлтээр төмөр замд ажилд орж, замчин, бригадын дарга, замын мастер, ахлах мастер хийж байгаад тэтгэвэртээ гарчээ. Орос, хятад ажилчидтай хамт ажиллаж, орос хэлээр сайн ярьдаг, олон жил мастер хийж явсан түүний нөхөр төмөр замынхаа төлөө 44 жил зүтгэжээ. Б.Ичинхорлоогийн амьдралын хамгийн бахархалтай хэсэг нь зөвхөн өөрийнх нь хөдөлмөр бус. Түүний үр хүүхдүүд төмөр замын замын ажлыг үргэлжлүүлжээ. Тэднийх гурван үеийн төмөр замчид. Том хүү Д.Мэндбаяр нь Зүүнбаянд ажиллаж, замчны ажлаас мастер хүртэл, одоо бригадын даргаар ажиллаж байна. Д.Мэндсайхан ч энэ салбарт ажилладаг. Хүү Д.Зоригтбаатар замчнаар ажиллаж байв. Охиных хүүхдүүд ч төмөр замаас холдсонгүй. Өртөөний ажилтан, жижүүр зэрэг мэргэжлээр ажиллаж буй. Б.Ичинхорлоогийн гэр бүлийн түүхийг төмөр замын түүхээс салгах аргагүй юм. Нэг үе нь морин эргүүл хийж төмөр замаа хамгаалж байв. Дараагийн үе нь зам дээр ажиллав. Түүний дараагийн үе нь мастер, бригадын дарга болж, төмөр замын мэргэжлээр замнаж байна. Айлын ганц охин зургаан хүүхдийн ээж, үр хүүхэд, ач зээгээр хүрээлүүлсэн өнөр өтгөн айлын эзэгтэй болжээ. Түүний ярианаас гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрэгдэнэ. Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар ажилдаа явж, төмөр замын хүнд хөдөлмөрийг нуруундаа үүрч ирсэн он жилүүдийнх нь үнэ цэнэ өнөөдөр үр хүүхдийнх нь амьдралаар үргэлжилж байна. Хөдөлмөрлөхийн хажуугаар Б.Ичинхорлоо гуай урлагт дуртай нэгэн. Залуудаа концертод оролцож, дуу хөгжим сонирхож явжээ. Спортод нэг их дуртай байгаагүй ч бүжигт харин дуртай. Одоо ч нийтийн бүжиг хийж, хөдөлгөөнт дасгал хөдөлгөөнд оролцдог. 70 гарсан хойноо ч хөгжмийн аялгуунд дуртай, бүжиглэхээсээ ичдэггүй гэсэн. Түүний хувьд нас гэдэг тоо болохоос сэтгэлийн хязгаар биш ажээ.
Төмөр замын ган төмөр олон жилийн нар, салхинд өнгөө алддаггүй. Харин түүнийг даган ажилласан хүмүүсийн мөр цаг хугацааны эрхээр бүдгэрч болох ч үр хүүхдүүдийнх нь амьдралд үлдсэн хөдөлмөрийн мөр хэзээ ч арилдаггүй. Б.Ичинхорлоо гуайн амьдралын зам ч үр хүүхэд, ач зээ нарынхаа мөрөөр цааш үргэлжилсээр байна.
Батмөнхөө багажныхаа сарааг гоё болгоорой
Шархүүгийн Батмөнх гуай 33 жилийн амьдралаа төмөр замтай холбон дурсахдаа нэгэн үеийн замчдын хөдөлмөр, хүний мөс, ахмад үеийнхний сургаал, нөхөрлөлийн тухай олон сайхан дурсамж дэлгэв. Түүний төмөр замчны амьдрал V хэсгээс эхэлжээ. Тэр үеийн туршлагатай замчдын гар дээр очиж, ажлын анхны эрдэмд суралцжээ. V хэсэгт түүнийг Н.Дашмаа мастерын гар дээр, дараа нь А.Довдон хэмээх ахмад замчны удирдлага дор ажиллаж байсан хэмээн дурсана. Чадахгүй байвал дахин дахин заагаад л өгдөг нь тухайн үеийн ахмад замчдын нэгэн сайхан чанар байжээ. Ажлыг зүгээр нэг хийлгэх бус, залуу хүнд өөрийн туршлагаар зааж, учир шалтгааныг нь ойлгуулж, ажил мэргэжлийнх нь амтыг мэдрүүлдэг байв. Ш.Батмөнх гуай өөрөө анх төмөр замчин болно гэж зориогүй ч багаасаа төмөр замын орчинд өсөж, замын ажил, замчдын амьдралыг харж явсан нь сэтгэлд нь ойр байжээ. Тэрээр V хэсэгтээ орсноос хойш 33 жил нэг хэсэгтээ ажилласан байна. “Би нэг хэсгээсээ салаагүй” хэмээн тодотгон ярих Батмөнх гуайн онцлог нь өөрийн гавьяаг хэтрүүлэн ярихгүй, харин хамт ажиллаж байсан ахмадуудынхаа тухай бахархан дурсдагт оршиж байлаа. “Би ахмад болон залуу төмөр замчдынхаа буянаар л өдий зэрэгтэй явж байгаа хүн. Тэд л их юм сургасан” хэмээн тэрбээр дахин дахин өгүүлнэ. Хэн нэгэн “Батмөнх өө, энийг хийчихээрэй” гэвэл, тэр “За” гээд л хийчихнэ. Тэрбээр хэзээ ч “Чадахгүй”, “Ажил ихтэй байна” хэмээн цааргалахгүй. Ажлаа зохицуулаад хийчихнэ. Даруу төлөв, хүний үг даах, даалгасан ажлыг дуусгах, хамт олныхоо төлөө зүтгэх чанар түүнийг олон жил нэг газартаа тогтвортой ажиллахад нь түшиг болжээ. Батмөнх гуайн бас нэгэн содон чанар нь гарын дүй. Замын ажилд багаж хэрэгсэл байнга хэрэглэнэ. Хэрэглэж байгаад ишийг нь хугалах үе ч олон. Тэгэхэд “Батмөнхийг үлдээгээрэй. Ишийг нь янзалчихна” гэдэг байжээ. “Батмөнх өө, багажныхаа сарааг гоё болгох хэрэгтэй байна” гэвэл мөн л үлдэнэ. Тэгээд өөрийн гараар засаж сэлбэнэ. Түүний хувьд аливаа зүйлийг хаяж орхихоос илүү засаж сэлбээд дахин хэрэглэх нь амьдралынх нь нэг дадал болжээ.
Төмөр замын хүнд хүчир ажлын хажуугаар Ш.Батмөнх гуай оёдол, урлалд сонирхолтой байв. Ажлаасаа ирээд зүгээр суухгүй. Хүүхдийн хувцас оёно, малгай хийнэ, өөрийнхөө хүүхдийг хувцаслана. Хүүхдийн баяр, уралдаан тэмцээн болоход өөрийн гараар хувцас урлаж, хүүхдээ оролцуулна. Заримдаа амжилттай оролцоод ирцгээнэ. Тухайн хэсгийн хүүхдүүдийн хувцас, спартакиадын хувцас хэрэглэл түүний гарын ур дүйгээр “амилна”. Ийнхүү замын хүнд хөдөлмөрийн хажуугаар зүү утас барьж, хүүхдийн хувцас урлаж суудаг байсан нь Ш.Батмөнх гуайн
амьдралын бас нэгэн өнгө юм. Батмөнх гуай зөвхөн ажил хөдөлмөрөөрөө бус, урлаг спортод ч идэвхтэй байжээ. Урлагийн үзлэгт тогтмол оролцоно. Гитар сайхан тоглоно. Спортод, ялангуяа өндрийн харайлтад сонирхолтой байв. “Багаасаа хөнгөн шингэн хүн байсан. Өндөрт харайдаг байлаа” хэмээн тэр дурсана. Ажил, урлаг, спорт, гарын ур дүй гээд өөр өөр талын авьяасаа зэрэг хөгжүүлж явсан нь түүний хөдөлмөрч, хөдөлгөөнтэй зангийн илрэл байлаа. 2014 онд Батмөнх гуай ОХУ-ын Сочигийн олимп үзэх эрхээр шагнуулжээ. Анхандаа санхүүгийн асуудал бодогдож, “Яаж явна даа” гэж санаа зовниж байсан ч дарга нар нь зоригжуулж явснаар амьдралынхаа бас нэгэн сайхан дурсамжийг бүтээжээ. Ингээд олон хүний тэр бүр үзэж чаддаггүй газар орныг үзэж, спортын томоохон арга хэмжээг нүдээрээ харжээ. “Би бас азтай хүн” хэмээн тэр даруухан инээмсэглэнэ. Түүний хувьд энэ нь зүгээр нэг аялал биш, олон жилийн хөдөлмөрийнх нь дурсгалтай нэгэн сайхан шагнал байжээ. Батмөнхийн дурсамжийн хамгийн тод хэсэг нь өнөөдрийн замын ажилтай харьцуулсан хуучны хөдөлмөрийн тухай яриа байлаа. Тэр үеийн замчид өглөө эрт гарч, орой буцаж ирнэ. Хээрийн нөхцөлд ажиллана. Үдийн цайгаа ч хээр ууна. Хоол ундаа өөрсдөө авч явна. Балласт буулгах, чигжүүр барих, зам засах зэрэг олон ажил гараар хийдэг байв. “Бид өдөржин ажиллана. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хийх ажлаа хийдэг. Нэг нь ядарвал нөгөө нь орлоно. Өнөөдөр техник технологи хөгжиж, нэг товчлуур дарахад олон хүний хийдэг байсан ажлыг машин механизм гүйцэтгэдэг болжээ” хэмээн харьцуулж хүүрнэж байлаа. Ш.Батмөнх гуайн гэргийг П.Отгонцэцэг гэдэг. Өргөн сумын уугуул, мөн төмөр замын IV хэсэгт ажиллаж байсан нэгэн. Тэд зургаан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. 33 жилийн турш нэг хэсэгтээ ажиллаж, гэр бүлээ авч явсан энэ амьдралын ард хөдөлмөр, тэвчээр, эв нэгдэл, хүний сайхан чанар нуугдаж байна. Батмөнх гуайн амьдралын философийг хэдхэн үгээр хэлбэл, чадлынхаа хэрээрээ хий. Сэтгэл гаргавал ажил бүтдэг. Хүний үгийг сонс. Ахмадынхаа заасныг марталгүй авч яв .
Тэрбээр өөрийнхөө тухай ярихдаа “Миний түүх товчхон” хэмээн даруухан хэлсэн. Гэвч 33 жилийг нь нэг дор сөхөж харахад тэр “товчхон” амьдрал биш ажээ. Тэр бол нэг хэсгээсээ салаагүй, төмөр замынхаа төлөө 33 жил хөдөлмөрлөсөн замчин. Ахмадынхаа заасан эрдмийг авч, залуустайгаа хуваалцаж, багаж засаж, зам засаж, хээрийн цайгаа ууж, хамт олонтойгоо инээлдэж, урлаг спортод оролцож, хүүхдүүдийнхээ хувцсыг өөрийн гараар оёж явсан хөдөлмөрч хүн. Түүний амьдралын үнэ цэнэ том шагнал, цол хэргэмээр хэмжигдэхгүй. Өглөө бүр ажлынхаа зүг алхаж, орой нь хамт олонтойгоо буцаж ирсэн 33 жилийн мөрөөр хэмжигдэнэ. Төмөр зам өнөөдөр техник технологийн шинэ эринд орсон ч түүнийг бүтээлцсэн хүмүүсийн гарын мөр, хөлс хөдөлмөр, инээд хөөр, нөхөрлөлийн дурсамж замынхаа хажууд үлдсээр...
Д.Энхбат: Би замынхаа төлөө амьдарсан замчин хүн
Даваажавын Энхбат 1996 онд анх төмөр замд ажилд орж, V хэсэгт замчнаар ажлын гараагаа эхэлжээ. Тэр үеэс хойш төмөр замын ажилтай амьдралаа холбож, 30 гаруй жил хөдөлмөрлөжээ. Анх ажилд ороход олон сайхан мастер, ахмад замчдын гар дээр ажиллаж, тэднээс мэргэжлийн арга ухааныг сурч байлаа. Н.Дашмаа, Одон, Н.Даваасүрэн зэрэг олон мастерын удирдлага дор ажилласан. Хүнээс ажил сурах гэдэг зөвхөн заалгаснаа хийх биш, тухайн хүний хөдөлмөрч зан, хариуцлага, ажилдаа ханддаг сэтгэлээс суралцах явдал байдаг юм байна гэдгийг тэрбээр үед ойлгосон хэмээн онцолж байлаа.
Түүний ажил амар байгаагүй. Өнөөдрийнх шиг замчид машинд суугаад ажлынхаа талбарт хүрдэг байсангүй . Хэдэн арван километрийг явган туулж, замаа шалгаж, ажлаа хийчихээд буцаад алхдаг байжээ. Д.Энхбат гуай нэг удаа Өргөнөөс 66 орцны зам хүртэл явган явж, замаа шалган ажиллаад, тэндээ хонож байгаад буцаад ирж байсан гэдэг. Нийтдээ 20 гаруй километр замыг явган туулжээ. Д.Энхбат, “Өдөртөө очиж, буцах нь нийлээд 20-30 орчим километр алхах үе ч гарна. Зуны цагт өглөө эрт 06:00 цагийн үед ажлынхаа машинтай явна. Би морь унаж чаддаггүй, мотоцикл ч унадаггүй хүн. Тийм болохоор замын ажилдаа ихэнхдээ явган явсан даа. Харин хүүхэд байхдаа тэмээ унаж, тэмээ сургаж явсан үе бий. Замчны ажлын нэг чухал хэсэг нь замын тор. Тор муу байвал мал орж, замд аюул учруулна. Тиймээс тороо чанартай хийх нь замчны хамгийн том хариуцлагын нэг. Би тороо өөрөө хийх дуртай. Хэн нэгэн миний хийсэн торыг засаад байвал нэг л эвгүй санагдана. Учир нь өөрийн хийсэн ажлаа өөрийн сэтгэлд хүргэж хийхийг хичээдэг. Манай IV хэсгийн замчид намайг андахгүй. “Энхбат ахын хийсэн тор өөр байдаг” гэж хэлдэг. Би өөрийн хийсэн ажлыг өөрийн нүдээр хараад сэтгэл хангалуун байхыг хүсдэг хүн. Тор гэдэг чинь зүгээр нэг төмөр утас татчихдаг ажил биш. Татсан тор хоног хоногоороо сунаж, сулрана. Тиймээс анх татсан хэмжээгээ ажиглаж, дараа нь яаж чангаруулах, эгнээг нь ямар зайтай хийх, ташуу холбоосоо хэрхэн гаргах гээд өөрийн гэсэн арга барилтай болдог. Анх дөрвөн эгнээ хийж байсан бол таван эгнээ болгож үзнэ. Доод хэсгийн зайг өөрчилж үзнэ. Дунд хэсгийн зайг тохируулна. Ингээд өөрийн хийсэн ажлыг өдөр бүр ажиглаж, маргааш нь арай илүү чанартай болгохыг боддог. Нэг удаа шон суулгах ажилд ганцаараа гарч байлаа. Нэг километр орчим газарт шон суулгана. Тэр үед ганцаараа ажиллаж, өдөрт хэдхэн шон суулгана. Заримдаа хатуу газар таарна, заримдаа зөөлөн газар таарна. Гэхдээ ажлаа дуусгах хүртлээ зүтгэнэ. Хэрэгтэй материалаа өөрөө зөөнө. Шонгоо өөрөө суулгана. Тороо өөрөө залгана. Мал орчихсон байвал зайлуулна. Нэг хүн бүхнийг хийхээр амаргүй. Гэхдээ хийж дууссаны дараа “Би өөрөө хийчихлээ” гэсэн сайхан сэтгэгдэл төрдөг. Өнөөдөр ажил хөнгөвчлөгдсөн. Машин техник байна. Зарим ажлыг хүмүүс урьдчилж бэлтгээд өгчихдөг болсон. Тэр бол сайн хэрэг. Гэхдээ бидний үеийн замчид нэг юм дутагдвал өөрсдөө арга олоод л хийдэг байлаа. Мастер, дарга нарын зүгээс “Энхбат аа, энэ тор чинь муу байна” гэж хэлэхэд би зүгээр өнгөрдөггүй. Харин ч тэрийгээ өөрөө очоод засчихна. Хүний хэлсэн үгийг муугаар хүлээж авах биш, “Надад хэлж байгаа нь энэ ажлаа улам сайн хий гэсэн үг” гэж ойлгодог байсан. Ажлынхаа төлөө зүтгэж явахад цалин хөлснөөс гадна хүний итгэл хамгийн чухал. Мастерын өгсөн үүрэг, бригадын өгсөн үүргийг би аль болохоор биелүүлж ирсэн. Тэгээд ч олон удаа ажлын аварга болж байсан. Нийтдээ арав орчим удаа аваргаар шалгарч байжээ. Тэр бүр нь надад ажилдаа зөв хандаж явсны минь урам юм” хэмээх ярихыг сонсох нь бахархмаар байлаа.
Түүний аавыг Д.Даваажав гэдэг. Аав нь тэтгэвэртээ гарч, нутаг руугаа явахаар болсон үед тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөж төмөр замд ажилд оржээ. Аав минь сайхан дуулдаг хүн байжээ. Д.Энхбат гуай ч дуулах дуртай. Хань Ж.Отгонбаяр нь төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ суужээ. Тэднийх хоёр хүүхэдтэй. Охин, хүү нь замчин хийдэг. Хүү нь ч дуулах дуртай, урлагийн авьяастай гэсэн. Тэрбээр, “Хүүхдүүд маань миний замналаар төмөр замын ажил хийж байгааг харах нь эцэг хүний бахархал юм. Би 30 гаруй жил ажиллаад тэтгэвэртээ гарсан. Ажлаас гарчихсан чинь эхэндээ их хэцүү байсан. Өглөө босоод л зам руугаа явмаар санагдана. Алхмаар санагдана. Нэг хэсгийн ажлаа бүтэн эргэж шалгачихаад ирэхээр сэтгэл амардаг байсан хүн чинь гэнэт гэртээ суухаар нэг л хоосон санагддаг юм билээ. Хил, замаа бүтэн эргэж үзэж байж сэтгэл амардаг байлаа. Нэг тал руугаа явчихаад буцах биш, бүхэл бүтэн тойргоо эргэж, “Зам маань ямар байна, тор маань ямар байна, галт тэрэг маань аюулгүй явж байна уу” гэдгийг өөрийн нүдээр харах хүсэл одоо ч төрдөг. Олон сайхан мастерын гар дор ажилласан. Олон сайхан замчин, олон сайхан бригадтай хамт явсан. Тэднээс сурсан зүйл их. Өнөөдөр замын ажил маань техник технологийн хувьд өөр болжээ. Замчдын ажил хөнгөрч, олон зүйлийг машин техник хийдэг болсон байна. Гэхдээ замчин хүний сэтгэл өөрчлөгдөх ёсгүй гэж би боддог. Зам муу байвал засах ёстой. Тор муу байвал татах ёстой. Шон суулгах хэрэгтэй бол суулгах ёстой. Хэн нэгэн “Хий” гэж хэлэхийг хүлээх биш, өөрөө ажлаа хараад хийх хэрэгтэй. Би олон жил ингэж ажилласан.Өнөөдөр эргээд харахад төмөр замд өнгөрүүлсэн 30 гаруй жил минь нэг л урт зам шиг санагддаг. Тэр замаар би өглөө бүр алхаж гарсан. Бороо, салхи, халуун, хүйтнийг туулсан. Олон километр замыг явган туулсан. Тор татсан, шон суулгасан, зам шалгасан. Олон сайхан хүмүүстэй мөр зэрэгцэн ажилласан.Тиймээс би өөрийгөө зүгээр нэг төмөр замд ажилласан хүн гэж боддоггүй. Би замынхаа төлөө амьдарсан замчин хүн. Одоо ч хааяа замаа санана. Алхмаар санагдана. Нэг бүтэн тойргоо эргээд ирмээр санагдана. Тэгээд сэтгэл дотроо “Зам минь зүгээр байгаа болов уу” гэж үргэлж боддог” гэж өгүүлснийг сонсоход үнэхээр бахдалтай санагдаж байлаа. Энэ л замчин хүний сэтгэл юм даа.
П.Түмэндэмбэрэл
