Нүүр Сурвалжилга Бүтээн байгуулалт өрнөсөн Төв засварын үйлдвэр
Сурвалжилга

Бүтээн байгуулалт өрнөсөн Төв засварын үйлдвэр

G.Press 3 долоо хоногийн өмнө 38 үзэлт 0 сэтгэгдэл

УБТЗ-ын Төв засварын үйлдвэр 1957 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Сүүлийн жилүүдэд тус үйлдвэр импортын хараат байдлыг бууруулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих бодлогын хүрээнд чамгүй олон ажлыг амжуулаад байна. Өмнө нь тус үйлдвэрийн үйл ажиллагааг сурвалжилж байсантай харьцуулахад шинэ техник технологи ч нэвтэрч, шинэ цехүүд ч ашиглалтад оржээ. Төмөр замын тоног төхөөрөмжийн металл хийцийн элэгдлийг сэргээн засварлах, шинээр хийх  чиглэлээр үндсэн үйл ажиллагаагаа явуулж байна. Биднийг очиход Төв засварын үйлдвэрийн зохион бүтээх инженер, ҮЭХ-ны дарга М.Эрдэнэсамбуу, ХАБАЭ-н инженер Г.Амарбилэг, чанарын инженер Б.Сувд-Эрдэнэ нар угтан үйлдвэрээ танилцууллаа.

Шинээр үүдээ нээсэн Хуванцрын цехийн үйл ажиллагаатай танилцлаа. 2024 оны хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжийг авч 2025 онд суурилуулж  энэ оны эхнээс АРС бэхэлгээтэй замын жийргэвчийг үйлдвэрлэнэ.

Өнгөрсөн онд Худалдан авалт борлуулалтын албанд ирүүлсэн бараа материалын захиалгаас замын их засварт шаардагдах хуванцар жийрэг,тэргэнцрийн хуванцар хавчуургын нийт үнэд УБТЗ нэг тэрбум 735 сая төгрөг зарцуулсан аж. Тэгвэл УБТЗ-д ашиглагдаж байгаа хуванцар эд ангийг бүгдийг Төв засварын үйлдвэрт үйлдвэрлэсэн тохиолдолд жилд 400 гаруй сая төгрөгийн хэмнэлт гарах тооцоо бий гэнэ. Энэ хүрээнд 1954 онд уурын зуухны зориулалтаар барьсан, ашиглахгүй орхигдсон байсан барилгыг дотоод нөөц боломжоо ашиглан 2024-2025 онд  засварлаж, энэхүү цехээ байгуулжээ.

Хуванцрын цех АРС бэхэлгээний хуванцар буланг хоногт 12000 ширхэгийг үйлдвэрлэх хүчин чадалтай. Одоогоор 1000 ширхэгийг Замын албанд туршилтаар нийлүүлжээ. Тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг жилийн дөрвөн улиралд туршиж байж эцсийн үр дүн гарах юм байна. Тус үйлдвэр дэргэдээ Металл судлалын лабораторитой бөгөөд хуванцрын цехийн үйлдвэрлэсэн АРС бэхэлгээний хуванцар булан нь лабораторийн дүгнэлтээр ЗЗМС-аас ирүүлсэн АРС бэхэлгээний хуванцар булантай ижил 17.8HВ  хатуулагтай гарчээ.  HD210L загварын Хуванцар шахах машинд хавчуурга гэхэд л нимгэн зузаан гэхчлэн олон янзаар гардаг бөгөөд миллметрийн л зөрөөтэй найман төрлөөр хуванцар эд үйлдвэрлэж болох аж. 30 секундэд найман ширхгийг үйлдвэрлэх хүчин чадалтай энэ машинаар төмөр замын бүтэн жилийн хэрэгцээт АРС бэхэлгээний тайвшруулагчийг сард л үйлдвэрлэх боломжтой гэнэ.

УБТЗ ХНН жилд 80 км замд засвар хийхэд зам төмрийн суурь, хавчуурга, түгжээ, монорегулятор, подклимник гэхчлэн тус бүр 400 мянган ширхэг ордог аж. Ингэж тооцоход эдгээр таван эд ангийн гурвыг нь тус үйлдвэр хийгээд хэвшжээ. Харин одоо үлдсэн хавчаар, суурь хоёрыг үйлдвэрлэх эрхээ авчихвал дотоодоо 100 хувь хангаад эхлэх төдийгүй замын эд ангийг иж бүрнээр нь хийх бүрэн боломжтой хэмээн Эрдэнэсамбуу инженер тайлбарлав.

Түүгээр ч зогсохгүй ЗD принтерээр хэвлэн цэцгийн сав, үзэг балны сав, тагтай түгжээтэй батерей хадгалах сав зэргийг хийж байгаа төдийгүй байгууллагуудын лого, тэмдэг зэргийг урласан байх нь гайхалтай байлаа. Удирдах газрын А заалны Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн баатрын тэмдгийг ч энд урлажээ. Байгууллагууд ч өөрсдийн логогоо өгөөд захиалаад л авдаг аж.

Төмрийн цехэд кокс нүүрс шатааж металлыг халууны аргаар боловсруулдаг технологио сайжруулж, цахилгаан индукцэн халаагчтай болжээ. Үүнийг нэвтрүүлснээр ажлын орчин нөхцөл сайжирч, бүтээмж ч өссөн гэнэ. Ачааны болон зүтгүүрийн вагоны ашиглагдахаа больсон хос дугуйн төмрийг тайрч, нүүрстөрөгч өндөртэй ганг давтан эд анги хийх бэлдэц бэлэн болдог. Ингэхийн тулд 800 градус хүртэл халааж,  лантуудаж диаметрийг нь томруулна. Ингээд дараагийн дамжлага дээр очиж зорогдсоор эд ангиудыг үйлдвэрлэж эхэлдэг. Хаягдал зам төмрийг тасдаж жижиглэн халаагаад замчдын багаж бэлэн болдог. Кокс нүүрсээр халаадаг байхад зөвхөн бэлтгэл ажилд өдрийн талыг зарцуулж өдөртөө дөрвөн бэлдэц улайсгаад давтдаг байсан бол одоо кноп дараад л 20 минутад л бүрэн  халж, өдөрт 8-12 төмөр хайлуулдаг болжээ. Төв засварын үйлдвэрт хийсэн дээрх хөрөнгө оруулалтууд бүгд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхийн зэрэгцээ бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж байгаа ажээ. Мөн төмөр замд хэрэглэгдэх нөөцийн болон даралтат хийн сав, Зүтгүүрийн депогийн хий хуримтлуулдаг нөөцийн савыг энэ цехэд үйлдвэрлэдэг. Энд мөн лазераар зүсэгч машиныг шинээр суурилуулжээ. Инженер компьютерт бүх зургаа оруулж зургийн дагуу программаар өгөгдлөө өгчихөд тэр дагуу лазераар зүсэгдээд гарч ирдэг аж. 0.5-30 мм зузаан төмрийг 1000-ны нарийвчлалтай зүсдэг. Энэ цехэд Дохиолол холбооны ангиудаас захиалсан шугам зам дагуу байрлуулах гэрлэн дохио, камерын цамхаг ч бэлэн болсон харагдана. Хаврын бүтээн байгуулалт, замын их засвар, комиссын үзлэг эхлэх энэ үеэр захиалгууд ихэсдэг гэнэ. Тэгээд ч тус үйлдвэр өндөр ачаалалтай ажиллаж байгаа нь илт байлаа.Төмрийн цехэд төмөр замын хаягдал буюу засвараас актлагдаад гарсан эд анги, хос дугуйн голыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгон эргээд нийлүүлж байна.

Ган хайлах цехэд явж ороход ган хайлах индукцэн зуухан дээр хоёр хүн ажиллаж байлаа. Нэг удаад 0.5 тонн ган хайлах хүчин чадалтай, мөн л төмөр замаас гарсан хаягдал төмрийг ашигладаг. Энд монорегулятар, АРС бэхэлгээний түгжээ хийхийг л зориод  байгаа тухайгаа зохион бүтээх инженер М.Эрдэнэсамбуу онцоллоо. Ер нь тус үйлдвэр АРС бэхэлгээний бүхий л эд ангиудыг иж бүрнээр нь үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Эхний туршилтуудаас гарсан бүтээгдэхүүнийг бүтэц, шинж чанар, стандартынхаа бүхий л шаардлагыг хангасан үед бүрэн үйлдвэрлэлд нэвтрэх юм. Механик шинж чанар, тэсвэртэй байх зэргийг л сайтар хангах гээд туршаад л яваа гэнэ. Зохион бүтээгч инженер М.Эрдэнэсамбуу хийж турших сэлбэг, эд ангийн бүхий л зургийг иж бүрнээр нь компьютерт зурж, улмаар дараалал тус бүрээр туршиж угсарч үзсээр металл хаанаа уярч, хаана ядарч байгаа  гэхчлэн бат бөхийн бүх тооцооллыг шат дараатай гаргадаг ажээ.

Ирэх онд Төв засварын үйлдвэрийн 70 жилийн ой тохионо. Тэр үед бүхий л шинэ туршилтуудаа амжилттай баталгаажуулж үйлдвэрлэлд нэвтрүүлээд үр дүнгээ үзсэн амжилттайгаар ойгоо угтахаар төлөвлөн ажиллаж байгаа талаараа инженерүүд ярьж байна. Бид тойрсоор Металл судлалын лаборатори бүхий Механик боловсруулалтын цехээр орлоо. Энэ цехэд эд ангийг гагнуурын аргаар сэргээн засах, дахин боловсруулах үйл явц өрнөдөг. Цахилгаан хөдөлгүүрүүдийг шинээр засварлаж байна. Үйлдвэрийн дэргэд Металл судлалын итгэмжлэгдсэн лаборатори ажиллаж буйг дээр дурдсан. Энд өөрийн болон гадны байгууллагуудын металлын сорьцыг хянаж шинжилдэг. Гагнуурын сорил шалгалт гэхчлэн металл хийцийн бүхий л хяналт сорьцыг энд хийнэ. Гадны зам төмрийн хатуулгийг тодорхойлох сорьцыг ч энд хийж байна.

Төв засварын үйлдвэр 100 хүний орон тоотойгоос өнөөдөр 79 хүн ажиллаж байна. Ажлаас гарч байгаа гол үзүүлэлтийн нэгдүгээрт цалин бага гэсэн шалтгаан орж  байна. Гэсэн хэдий ч тус үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд болон залуус ажилдаа дуртай, хийе бүтээе гэсэн хүсэл тэмүүллээр дүүрэн ажиллаж байгаа нь илт. Голдуу залуучууд байгаа тул УБТЗ-ын 75 жилийн ойгоор хамтын хүчээр 3x3 хэмжээтэй сагсан бөмбөгийн талбайг барьж тохижуулжээ. Энэ талбайдаа амралт, чөлөөт цаг гэлтгүй цайны цагаараа ч ирж тоглоод урамтай ажиллаж байна. Урин дулаан цагт эндээ хурал, цуглаан наадам баяраа ч хамт олноороо зугаатай тэмдэглэдэг тухайгаа хүүрнэж байлаа. Хэрэв төмөр замын байгууллагууд захиалбал сагсан бөмбөгийн талбайн ийм сүүдрэвчийг тэд урлаж өгөхөд бэлэн гэсэн шүү.

Эцэст нь Төв засварын үйлдвэрийн залуус  өөрсдийн идэвх санаачлагаар БНХАУ-д болсон Азийн аварга шалгаруулах Дэлхийн ур чадварын 59 дүгээр олон улсын нөхөрсөг тэмцээнд “Үйлдвэрлэлийн дизайны технологи” төрлөөр ерөнхий инженер Ц.Чинзориг, инженер Э.Лхагвасүрэн нар оролцож III байр эзэлж, хүрэл медаль хүртсэн байна. Гагнуурчдын улсын аварга шалгаруулах VII тэмцээнд тус үйлдвэрийн дөрвөн гагнуурчин амжилттай оролцож, Чанарын инженер Б.Сувд-Эрдэнэ шүүгчээр ажилласан зэрэг амжилт ололт арвин байна.  

 

А.Энхсайхан 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.