Дэлхийн усны өдрийн тохиолдуулан Эрчим хүч, ус хангамжийн албанаас зохион байгуулсан өдөрлөгт Эрчим хүчний зохицуулах хорооны ахлах мэргэжилтэн Б.Уламбадрах оролцож, Эрчим хүчний зохицуулах хорооны үйл ажиллагаа, үнэ тарифын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийсэн юм. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Юуны өмнө Эрчим хүчний зохицуулах хорооны талаар товч танилцуулна уу?
-Эрчим хүчний зохицуулалтыг бие дааж, хараат бусаар хэрэгжүүлэх зорилгоор 2001 онд Эрчим хүчний зохицуулах хороог байгуулсан. Ингэснээр өмнө нь Эрчим хүчний зохицуулалт нь босоо тогтолцоотой байсан бол хэвтээ тогтолцоо руу шилжиж, төр, хувийн хэвшлийн байгууллагыг хооронд нь холбосон нэг талдаа төрийн байгууллага, нөгөө талдаа хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой үйлчилгээний байгууллага бий болсон.
Одоо ЭХЗХ-д 72 хүн ажиллаж байна. Дээр нь хөдөөгийн 21 аймагт Эрчим хүчний зөвлөлийн нэг, нэг гишүүн ажилладаг. ЭХЗХ нь эрчим хүчний тухай хуулийн дагуу бол үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх үйл ажиллагааг зохицуулах тусгай зөвшөөрлийг олгодог. Мөн эрчим хүчний үнэ тарифыг тогтоох, эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. ЭХЗХ бол эрчим хүчний тухай хууль, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
ЭХЗХ нь одоо нийтдээ 182 тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үнэ тариф, тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоох, сунгах, хэрэгжилтэд хяналт тавих, тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон хэрэглэгч хоорондын үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх, аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөлд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тухайн бүс, орон нутагт эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой Засаг дарга нартай зөвшилцөх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна.
Мөн Эрчим хүчний тухай хуулиар олгогдсон үндсэн үүргийн дагуу үнэ тариф тогтоох аргачлал боловсруулах, тарифын бүтэц тодорхойлох, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын ирүүлсэн тарифын саналыг батлах, үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах бүх компаниудын хэрэглэгчийн тарифаас эхлээд дотоод тарифуудыг хянаж баталдаг. Түүнчлэн эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглах түлшний үнийг тогтоох аргачлалыг боловсруулж, нүүрсний үнийг тогтоож, эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх журмыг баталж, 2015 оноос хэрэгжүүлж байна.
Ингэхдээ хэрэглэгчдэд ирэх ачааллыг хөнгөлөх зорилгоор бол тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс ирж байгаа ийм санхүүгийн алдагдалтай холбоотой татаасыг Засгийн газарт оруулж шийдвэрлүүлдэг. Тухайлбал, 2023 онд орон нутгийн 11 дулааны станцад 37.7 тэрбум төгрөгийн татаасыг суулгаж байсан.
-Манай улсын эрчим хүчний салбарын хүчин чадал ямар байна вэ?
- Эрчим хүчний салбарт дулааны станц ес, усан цахилгаан станц дөрөв, салхин цахилгаан станц гурав, нарны цахилгаан станц найм ажиллаж, цахилгаан болон дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг. 2023 оны үзүүлэлтээр эрчим хүчний салбарт үндсэндээ эрчим хүч үйлдвэрлэхэд 9.2 сая тонн нүүрс, 2.4 мянган тонн мазут зарцуулсан байна. Нийтдээ 53.3 мянган км цахилгаан дамжуулах, түгээх шугамтай, 8.8 мянган дэд станцтай бөгөөд нийт эрчим хүчний есөн хувийг сэргээгдэх эрчим хүчээр үйлдвэрлэж байна. Энэ салбарт 17 мянган хүн ажиллаж байна.
Тус салбар 2023 онд улсын төсөвт 682.7 тэрбум төгрөг төвлөрүүлж, улсын төсвөөс 37.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан. Одоогийн байдлаар 8.8 их наядын үндсэн хөрөнгөтэй 1 их наяд төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй салбар юм. Системийн хэмжээнд суурилагдсан хүчин чадал 1564.4 МВт, үүний 81.1 хувь буюу 1269 МВт-ыг ДЦС-ууд үйлдвэрлэж байна. Нийт дулааны эрчим хүчний 93.3 хувийг усаар 6.7 хувийг уураар түгээж байна.
Монгол Улын хэмжээнд 871 мянган цахилгаан эрчим хүч хэрэглэгч байдаг. Хэрэглэгч гэдэг үндсэндээ эрчим хүчний тухай хуулиараа хангагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг хэлдэг. Одоо хэрэглэгчдийн 84.2 хувь нь төвийн бүсэд байна. Тэд нийт хэрэглээний 89.6 хувийг хэрэглэдэг. Дулааны эрчим хүчний хувьд бол 448.3 мянган хэрэглэгчтэй. Нийт дулаан хэрэглэгчдийн 74.3 хувь нь Улаанбаатар хотод байдаг.
-Суурилагдсан хүчин чадал хэрэглээгээ гүйцэд хангаж чадахгүй байна гэж байнга сонсогддог. Үүнийг яаж шийдвэрлэдэг вэ?
-Үндсэндээ суурилагдсан хүчин чадал маань хэрэглэгчдийн ачаалалд хүрэхээ больчихсон. 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэхэд л 1636 МВт-ын оргил ачаалал авч байсан. Тэгэхээр манай суурилагдсан хүчин чадал энд яагаад ч хүрэлцэхгүй. Иймээс хэрэглэгч дээр ямар нэгэн хязгаарлалт хийхээс өөр аргагүйд хүрдэг. Диспетчерийн үндэсний төвөөс 200 МВт-ын хязгаарлалт хийх үүрэг бол өгч байсан. Иймд эхний ээлжинд томоохон ААН-ийг хязгаарлаж, ОХУ-аас авах импортын хэмжээгээ хоёр дахин нэмэгдүүлэх зохицуулалт хийсэн. Энэ ташрамд дурдахад Оюутолгойн хэрэгцээнд БНХАУ-аас импортоор 1.5 сая кВт цахилгаан авч байгаа. Ингээд үндсэндээ манай улс цахилгааныхаа хэрэглээний 22.3 хувийг импортоор хангаж байна.
-Эрчим хүчний салбарын хөгжилд үнэ тарифын бодлого ихээхэн нөлөөтэй байдаг. Үүнийг шийдвэрлэх гэж олон жил болж байх шиг байна?
-Эрчим хүчний цахилгааны үйлдвэрлэлийн нэгж өртөг өнөөдрийн байдлаар 280 төгрөг байна. Одоо эрчим хүчний үйлдвэрлэх эрчим хүч үйлдвэрлэхэд 125 төгрөг, импортоор авч байгаа цахилгаанны нэгж өртөгт 22 төгрөг, дамжуулалтын алдагдал нь 7.6 төгрөг, дамжуулалтын зардал нь 10 төгрөг 83 мөнгө байна. Түгээлтийн алдагдал нь 24 төгрөг, түгээлтийн зардал нь 35 төгрөг, хангахтайгаа нийлээд эрчим хүчний нэгж өртөг нэг кВт цахилгаан эрчим хүчинд 280 төгрөг байна.
Гэтэл хэрэглэгчдэд борлуулах тариф саяхан болтол 140 төгрөг байсан. Үүний зөрүүнд зөвхөн 2023 онд 171.5 тэрбум төгрөгийн хөндлөн татаасыг олгож байсан. Өөрөөр хэлбэл энэ хэмжээгээр нүүрсний уурхай, бусад ААН-ээсээ ахуйн хэрэглэгчид маань хөнгөлөлт эдэлсэн гэсэн үг.
Гэтэл эрчим хүчний компаниуд 2023 онд 154.1 тэрбум төгрөгийн авлагатай болсон. Өмнөх онуудын өр төлбөртэй нийлээд нийтдээ 285 тэрбум төгрөгийн өр, зээл, зээлийн хүүгийн өр төлбөртэй байна.
Одоо хэрэглэгчийн тарифыг 280 төгрөг болгоно гэдэг бол зөвхөн өртөгтөө л хүрч байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, зөвхөн бодит өртөг зардлыг тооцсон, ямар нэгэн зах зээлийн зарчимд тулгуурлаагүй гэсэн үг.
Ийм нөхцөлд ЭХЗХ-оос ямар нэгэн өрсөлдөөн зарлах, өрсөлдөөнийг нэвтрүүлэх, зах зээлийн элементүүдийг нэвтрүүлэхэд хязгаарлагдмал байдаг.
Энэ нь нэг талдаа хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах, нөгөө талдаа эрчим хүчний үйлдвэр компаниудын найдвартай ажиллагааг хангах зорилтыг хамтад биелүүлэх асуудалтай тулгардаг. Үүнийг шийдвэрлэх санхүүгийн эх үүсвэрийг үнэ, тарифаараа бүрдүүлэх ёстой. Иймд эрчим хүчний үнэ тарифыг бодит өртөгт хүргэх асуудал маш чухал юм.
Ингэхдээ эрчим хүчний үнэ тарифыг хэрэглэгчдэд хамгийн бага өртгөөр, яаж тэнцвэртэй хэмжээнд зохицуулах талаар ЭХЗХ-оос үнэ тарифын ангилал шинэ дизайныг боловсруулж байгаа.
-Үүнийг хэрэгжүүлэхэд юу хийх шаардлагатай вэ?
-УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлогоор Эрчим хүчний салбарт мөрдөх бодлогын баримт бичигт эрчим хүчний салбарыг санхүү, эдийн засгийн бие даасан тогтолцоонд үе шаттайгаар шилжүүлнэ гээд эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлж, улирал тутам шинэчилнэ гэж заасан.
Үүнийг ЭХЗХ дангаар нэмчихгүй, эрчим хүчний үйлдвэр компаниудын өртөг зардал, хөрөнгийн хэрэгцээ, хэрэглэгчдэд очих ачаалал зэргийг нарийн тооцох учиртай. Ямар түвшинд тарифын ямар бодлого барих талаар төр, засгийн түвшинд ярилцаж шийдвэрлэх ёстой. Ковид цар тахал болон удаа дараагийн УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбогдоод эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх асуудал хойшлогдож ирсэн. Ингээд 2024 оны 11 дүгээр сарын 15-нд Засгийн газрын шийдвэр гарч үнэ тарифаа өөрчилсөн. ЭХЗХ байгуулагдсан 2001 оноос хойш хоёр жил тутамд нэг удаа, нийтдээ 11 удаа үнэ тарифт өөрчлөлт оруулж байжээ.
Гэхдээ одоо бид аль болох үнэ тарифыг бодит өртөгт нь хүргэх зах зээлийн зарчим руу нь нийлүүлэх арга хэмжээ авч 2024 оны 11 дүгээр сард үнэ тарифт өөрчлөлт оруулж, уул уурхайн хэрэглэгчдэд 16.5 хувь, бусад ААН-үүдэд 30.7 хувь нэмэгдүүлж, айл өрхийн цахилгааны хэрэглээнд оргил ачааллын гурван шатлалт тарифийг нэвтрүүлж, 150 кВт цаг хүртэл 30 хувь, 150-300 кВт цагт 66 хувь, 300-аас дээш кВт цагт 84.9 хувь тус тус нэмсэн.
Энэ нэмэлтийг 2019 оноос хойших инфляцийн өөрчлөлттэй харьцуулбал бараг ойролцоо гарч байгаа. Энэ тарифын өөрчлөлтийг оруулснаар эрчим хүчний салбарт ухаалаг цахим эрчим хүч үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. Улаанбаатар хотод хэрэглэгчийн 502 мянган тоолуурыг ухаалаг тоолуурт шилжүүлж байгаа. Одоогийн байдлаар суурилуулалт 28 хувьтай явж байна. Ухаалаг тоолуурын шинэчлэл нэвтрүүлснээр компаниудын арилжааны болон түгээлтийн алдагдлыг бууруулж, хэмнэлтийн шинэ эх үүсвэртэй болж, цаашдын техник, технологийн шинэчлэлтийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм.
-Үнэ тариф өөрчилсөнтэй холбогдуулан иргэдээс ихээхэн гомдол, санал ирж байсан. Үүнийг хэрхэн яаж шийдвэрлэсэн бэ?
-Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 15-нд хэрэглэгчийн тарифт өөрчлөлт орсноор эрчим хүчний салбар татаасгүй салбар болж байгаа. Одоо зөвхөн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хөнгөлөлт, өвлийн хүлэмжтэй ААН-ийн цахилгааны татаас л үлдсэн. Уг нь 2025 онд гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн хөнгөлөлтөд 54 тэрбум төгрөгийн татаас суулгасан боловч хэрэглэгчдээс гомдол маргаан нэлээн гарсан учраас хэрэглэгчийн тарифийг эргэж харах хэрэгтэй болж байх шиг байна. Шинээр үнэ, тариф мөрдсөнөөс хойшх хугацаанд Засгийн газрын 11 11-д болон ЭХЗХ-д 400-аад өргөдөл ирсэн бөгөөд ихэнх хувийг халаалтаа цахилгаанаар шийдсэн айл өрхүүдээс ирүүлжээ. Тэд цахилгааны төлбөр хэт өндөр байна, өр төлбөртэй айл өрхөд шөнийн хөнгөлөлт үзүүлэхгүй байна, сар сардаа бичилтээ хийхгүй байна гэх мэтээр гомдол гаргасан байна. Жишээ нь, таван мянган төгрөгийн өр төлбөртэй айл байлаа гээд шөнийн хөнгөлөлтөд хамрагдаагүй айл зөндөө гарсан. Гэтэл Цахилгаан түгээх компанийхан оны эцэст орлого төвлөрүүлэлтээ шахах гээд хэрэглэгчдийн цахилгааныг их хэмжээгээр тасласан нь иргэдийг нэмж ихээр бухимдуулсан. Энэ бүх маргаантай асуудлуудыг ЭХЗХ тодорхой хэмжээгээр шийдвэрлэсэн.
Гэр хороолол дахь цахилгааны төлбөр өндөр гарсан хэрэглэгч дээр очоод үзэхээр орон сууцаа огт дулаалаагүй, ямар ч дулаалгагүй гэрт шалны халаалт суурилуулчихсан, нөгөө шалны халаалтыг нь яг зөв суурилуулаагүй болохоор газрын гүн рүү дулаанаа алдаад газраас дээш халаахгүй байх зэрэг асуудал гарсан. Үүнтэй холбогдуулан нэлээн хэдэн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлсэн. Ингэхдээ хэрэглэгчийн тарифаа өөрчлөлгүйгээр харин хөнгөлөлт үзүүлэх цагийг орой 21 цагаас өглөөний 09.00 цаг болгож, гурван цагаар сунгаж, нэмэгдүүлсэн.
Ташрамд дурдахад 2020 онд нэг айл өрхийн цахилгаан, дулааны зардал өрхийн орлогын 5.5 хувийг эзэлж байсан. Ковид цар тахал, улс төрийн сонгуультай холбоотойгоор эрчим хүчний үнэ тарифыг нэмэхгүй явсаар байгаад 2024 он болоход нэг айл өрхийн цахилгаан, дулааны зардал өрхийн орлогын 3.1 хувийг л эзэлдэг болж буурсан байсан. Харин 2024 оны шинэчилсэн тарифаар энэ зардал 5.4 хувийг эзэлдэг болж, үндсэндээ 2020 оны түвшинд очсон байгаа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Г.Энхбаатар
