Улаанбаатар өртөөний дарга Б.Удамбуянтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Он гарснаас хойш Улаанбаатар өртөөнийхөн тээврийн төлөвлөгөөт зорилтоо хэрхэн биелүүлж байна вэ?
-Хэсэглэлийн хэмжээнд энэ оны ачилтын төлөвлөгөө өнгөрсөн оноос харьцангуй нэмэгдсэн. Улаанбаатар өртөө хоногт 307 вагон ачих төлөвлөгөөтэйгөөс дунджаар 311.2 вагонд ачаа ачиж, төлөвлөгөө 101 хувийн биелэлттэй явж байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 128 хувийн биелэлт юм. Амгалан өртөөний хувьд энэ оны төлөвлөгөөгөө барьж ажиллаж байгаа. Харин өнгөрсөн оны мөн үетэй нь харьцуулахад ачилтын төлөвлөгөө 135 хувиар биелж яваа. Мааньт өртөөний хувьд ачилтын төлөвлөгөө хараахан биелэхгүй байгаа. Энэ өртөөний экспортын ачилт хийдэг салбар замууд гаалийн хяналтын талбай биш гэдэг шалтгаанаар ачилт одоогоор хийгдэхгүй байгаа. Ер нь, эндээс 1-2, 5-10 вагонд жонш, жоншны баяжмал гэх мэт ачаа ачигддаг онцлогтой. Ачилтын төлөвлөгөө нь 87 хувийн биелэлттэй ажиллаж байна.
Мөн хэсэглэлийн хэмжээнд буулгалтын төлөвлөгөө оны эхнээс нэлээд өндөр төлөвлөгдсөн. Энэ нь УБТЗ өнгөрсөн оны 33.4 сая тонн ачаа тээвэрлэсэн түүхэн амжилтаа ахиулна гэдэг зорилт тавьсантай холбоотой.
Одоогийн байдлаар, буулгалтын төлөвлөгөөний биелэлт өссөн дүнгээр 85 хувьтай, харин өнгөрсөн онтой харьцуулахад 101 хувьтай явж байна. Энэ оны төлөвлөгөө хараахан биелэхгүй байгаа ч өнгөрсөн оноос манай ажил буураагүй явж байгаа гэсэн үг.
Амгалан өртөөний хувьд буулгалт өнгөрсөн онтой харьцуулахад 90 хувьтай, энэ оны хувьд 72 хувийн биелэлттэй ажиллаж байна. Эхний таван сарын байдлаар
Багахангай өртөөн дээр биднээс шалтгаалахгүйгээр буулгалтын ажил буурсан. Энэ өртөөнд дизель түлш, АИ92 автобензин гэх мэт шингэрүүлсэн ачаа буудаг нэг салбар замтай. Тухайн компанийх нь үйл ажиллагаа зогсчихсон байгаатай холбоотой цистерний ачилт, буулгалтын үйл ажиллагаа оны эхний таван сард огт хийгдээгүй.
Хонхор өртөөн дээр аюултай ачаа буюу тэсэрч дэлбэрэх ачаа буудаг байсан. Нийслэлийн Засаг даргын хотын ойр орчим тэсэрч дэлбэрэх аюултай ачаа буулгахгүй гэсэн захирамж гарснаар аюултай ачааны буулгалтыг өнгөрсөн оны аравдугаар сараас Багахангай өртөө рүү шилжүүлсэн. Үүний дагуу Багахангай өртөөнд аюултай ачаа бууж байна. Тус өртөөний хувьд энэ оны төлөвлөгөө 122 хувийн биелэлттэй, хоногт 14 вагон буулгах төлөвлөгөөтэй ч 17 вагон буулгаж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 78 хувьтай явж байгаа нь цистерн ачаа огт буухгүй байгаатай холбоотой.
Хонхор өртөөнд Баян өртөөний ачилт буулгалтын төлөвлөгөө давхар явдаг. Хонхор дээр УБТЗ-ын үндсэн тооцооны оператор бүх замын мэдээ тайлан гаргадаг ачааныхан суудаг учраас өнгөрсөн онтой харьцуулахад 38 хувийн биелэлттэй явж байна. Энэ нь Тавантолгой түлшийн түүхий эд хоёрдугаар сараас хойш Баян өртөө буулгаагүйтэй холбоотой. Тавантолгой түлш ХХК-ний үйл ажиллагаатай холбоотойгоор ийнхүү ачилт буулгалт хийгдэхгүй байна.
Цаашид Хонхор, Баян өртөөнөөс ачилт хийх эсэх нь тодорхойгүй байгаа учраас одоо төлөвлөгөө өгөхгүй байгаа.
Одоо Баян өртөөнд зөвхөн МАК ХХК-ний евро блокийн үйлдвэрийн түүхий эд болох шохой, цемент л бууж байна.
Гэхдээ хэсэглэлийн хэмжээнд авч үзэхэд манай ажлын хэмжээ өнгөрсөн оны түвшинд яваа.
-Цаашид ачилт, буулгалтын ажлыг нэмэгдүүлэх чиглэлээр ямар нэгэн ажил хийж байна уу?
-Мааньтын ачилтын төлөвлөгөө биелэхгүй байгаагийн гол шалтгаан нь гаалийн хяналтын бүс биш гэдэгт байгаа. Тус өртөөний ачилтын гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийг Улаанбаатар хотод ирж хийлгэдэг учраас үүнийг дагаад ачилтын ажил ч удааширдаг.
Би он гарангуут ачаа тээвэр хариуцсан орлогч даргатайгаа хамт ачилт буулгалт хийдэг салбар замынхантай бүгдтэй нь уулзсан. Мааньт дээр “Монгол Чех” гэдэг ганц компани ачилт хийдэг. Харилцагч нар салбар замаа гаалийн хяналтын бүс болгох талаар бүгд хөөцөлдөж байгаа боловч шалгуур маш өндөр байна гэдэг тайлбар тавьж байгаа.
-Тээврийн ажлын бусад үзүүлэлтүүд хэр байгаа вэ?
-Манай орон нутгийн вагоны сул зогсолт төлөвлөгөөгөөр 44 цаг. Улаанбаатар өртөө эхний таван сарын байдлаар орон нутгийн вагоны сул зогсолт 28.26 цаг байна. Өөрөөр хэлбэл, манай өртөө ачилт, буулгалтад төлөвлөгөөнөөс 15.7 цагийг хэмнэж, шуурхай ажиллаж байна.
-Оны сүүлийн хагаст ачаа тээврийн хэмжээ нэмэгдэх хандлага ажиглагдаж байна уу?
-Ажил нэмэгдэх хандлага бага багаар ажиглагдаж байна. Тээвэр зохионы байгуулалтын албанаас авсан мэдээллээр Тяньжин-Улаанбаатар чиглэл болоод Замын-Үүд рүү чиглэсэн импортын ачаа нэмэгдэж байна.
Манай өртөөний хувьд ачилтаар хоосон чингэлэг буцаадаг онцлогтой. Буулгалт бол бүх төрлийн ачаа болоод ТЭЦ-үүдийн нүүрсний буулгалт байгаа. Өнгөрсөн өвөл өмнөх жилүүдээс харьцангуй дулаан байсан учраас ТЭЦ-үүдийн нүүрсний татан авалт буурсан.
-Улаанбаатар өртөөнд тулгамдсан асуудал бий юу?
-Тулгамлдсан асуудал харьцангуй гайгүй. Ачаалал тийм ч их биш, ажил хэвийн явж байна.
-Хаврын үзлэгийн үеэр илүү цагийг бууруулах чиглэлээр танай өртөөнийхөн үр дүнтэй ажиллаж байна гэж үнэлэгдсэн. Илүү цагийг хэрхэн бууруулж байна вэ?
-Хэсэглэлийн зарим өртөө, зөрлөгт ажлын хэмжээ буурч байгаатай холбоотой хөдөлмөр зохион байгуулалтыг хийж, илүү цагийг бууруулж байгаа. Жишээ нь, Мааньтын ачилт буурсантай холбоотой ээлжээр ажилладаг байсан зарим ажилтанг дуудлагаар ажилладаг болгосон. Энэ өртөөнд ачаа вагон хүлээлцэгч, туслах жижүүр, тооцооны операторыг зөвхөн ажилтай үед нь дууддаг журам боловсруулаад ажиллаж байна. Ингэснээр илүү цаг буурсан. Мөн Баян өртөөнд Тавантолгой түлш ХХК-ний ажил түр зогссонтой холбоотойгоор гэрээт ажилчид буюу 10 орон тооны ажилчин байгаа. Эдгээр ажилчдыг хэсэглэлийн ажлын ачаалал өндөр байгаа бусад өртөөдөд томилолтоор ажиллуулж байна. Баян өртөөний ажилчид дөрвөн ээлжээр ажиллаж байсныг гурван ээлжид оруулж, мөн дуудлагын зарчмаар ажиллах болсноор нэг найруулагч, туслах найруулагчийг хэмнэн ажиллаж байна.
Мөн нэг ажилтныг хэд хэдэн ажлын байранд хөрвөн ажиллах чадвартай болгон сургаж дадлагажуулан, ажлын байрны тодорхойлолтод нь өөрчлөлт оруулсан. Нэг ажилтан 2-3 албан тушаалд хөрвөх чадвартай байна гэсэн үг.
Тухайлбал, сэлгээний диспетчер доод албан тушаалын хэд хэдэн ажлын байранд хөрвөж ажиллах чадвар дадлыг эзэмшиж, шалгалт шүүлгээ өгөөд явж байна гэсэн үг. Ингэж нэг ажилтан шаардлагатай үед өөр ажлын байранд хөрвөн ажиллах чадвартай байх нь илүү цаг буурах нэг нөхцөл болж байна.
Мөн цаг үеийн онцлогтой зарим зохицуулалтыг хийж байна. Жишээ нь, баяр наадмын үеэр хэдэн салбар зам ажиллаж, хэд нь ажиллахгүй вэ гэдэг мэдээ судалгааг урьдчилж аваад түүнд нь тохируулж, ажилчдаа хуваарилж, хэдэн сэлгээ ажиллуулах вэ гэдэг тооцоогоо хийгээд ажлаа төлөвлөж байна.
Энэ нь мөн илүү цаг, цалингийн зардал бууруулахад ихээхэн үр дүнгээ өгч байгаа.
Тээвэр зохион байгуулалтын албаны харьяа баланстай 12 аж ахуйн нэгжээс хамгийн олон хүнтэй, хамгийн олон өртөө зөрлөгтэй хэрнэ манай өртөө илүү цагийг оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэсээ 1.2 дахин бууруулж чадсан. Тухайлбал, 2024 оны эхний гурван сард 9090 илүү цаг гарч, 274 сая төгрөгийн илүү цагийн хөлс олгож байсан бол энэ оны эхний улиралд илүү цагийг 4665 цагаар бууруулж чадсан. Илүү цагийн хөлсийг 111.5 сая гаруй төгрөгөөр бууруулсан.
-Хүний нөөцийн хувьд хэр байна вэ?
-Дутуу орон тоог тогтмол бууруулж ажиллаж байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард өртөөний даргаар томилогдож ирэхэд 15 орон тоо дутуу байсан. Ирснээсээ хойш хүний нөөцийн бүрдүүлэлтийг хийх талаар нэлээд ажилласан. Ажилд хүн авсан ч зөрж гарах тохиолдол нэлээд байсан. Ер нь, 7-8 орон тоо дутуу яваад байсан. Энэ он гарсаар сул орон тоог бууруулж ажилласан. Харин одоогийн байдлаар манайд үндсэн хоёр орон тоо л дутуу байна.
Дагалдан ажилтан арав орчим байна. Жинхлэх хугацааг өнгөрсөн оноос бууруулж чадсан. Манай өртөөний дагалдан ажилтны жинхлэх хугацаа 40-45 хоног байна. Энэ нь албаны дундажийн хэмжээнд явж байгаа гэсэн үг. Энэ нь цаашлаад хүний нөөцийн бүрдүүлэлт, илүү цаг, цалингийн зардалтай шууд холбогддог үзүүлэлт.
Нийт ажилтны 20 гаруй хувь нь 11-ээс дээш жил, тав хүртэл жил ажиллаж байгаа ажилтан 40 гаруй хувийг эзэлж байна. 0-5 жил ажиллаж байгаа ажилтнуудын дунд шилжилт хөдөлгөөн их ажиглагддаг. Олон жил ажилласан ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай ажиллаж байна.
-Оны зорилтын хүрээнд ямар ажлууд хийж байна вэ?
-Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг хангах жилийн хүрээнд сургалт зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Хэсэглэлийн хэмжээнд өртөөний жижүүрүүдийн сургалт зөвлөгөөнийг Багахангай өртөөг түшиглэн зохион байгууллаа. Үүнд Улаанбаатар хэсэглэлийн 15 өртөө зөрлөгийн жижүүрүүд оролцсон. Энд ээлж ахлаад ажиллаж байгаа жижүүрүүдийн өдөр тутмын ажилд тулгамдаж байгаа асуудлуудыг хөндөж ярилцаж, арга туршлагаасаа хуваалцлаа. Уг зөвлөгөөнд МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуяг, Тээврийн хяналтын албаны орлогч дарга Д.Батдорж, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан байцаагч Д.Пүрэвдорж зэрэг удирдах шатны хүмүүс оролцсоноороо ихээхэн үр өгөөжтэй зөвлөгөөн боллоо. Мөн ачаа тээврийн ажлын сарын аяны хүрээнд Замын-Үүд өртөө, Шилжүүлэн ачих анги, Эрээн өртөөний үйл ажиллагаатай хэсэглэлийнхээ өртөө зөрлөгүүдээс нийлээд 28 ажилтанг танилцууллаа. Удирдах ажилтнуудаа сургалтуудад хамруулсан. Ажлын байрны засвар тохижилтын ажлуудыг хийсэн. Мөн 2025 оны их барилга, их засварын төлөвлөгөөгөөр Довын сургалтын танхимын дээврийн 40 сая төгрөгийн төсөвтэй нэг л ажил бий. Манай өртөөнөөс өөрсдийн ажилчид, мужаан цехээсээ оролцуулаад аж ахуйн аргаар материалуудаа аваад дотоод нөөцөө ашиглаж засвар тохижилтын ажлыг нэлээд хийсэн. Тухайлбал, нэг давхарын улаан булан, санхүүчдийн өрөө зэргийг зассан.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Гүнжээ
