Нүүр Энэ сэдвээр Б.Тамир: Суурь бүтцийн ажил удахгүй дуусна
Энэ сэдвээр

Б.Тамир: Суурь бүтцийн ажил удахгүй дуусна

G.Press 6 сарын өмнө 85 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Монголын төмөр зам ТӨХК-ийн төсөл, хөтөлбөр, судалгааны газрын дарга Б.Тамиртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 

-Та өөрийгөө товч танилцуулна уу?

 

-Намайг Батсуурийн Тамир гэдэг. Миний бие ОХУ-д төмөр замын хөдөлгөөн зохион байгуулалт, эрх зүйн чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалсан. Одоо БНХАУ-ын Шанхайн зам харилцааны сургуулийн докторантурт суралцаж, судалгааны ажлаа алсаас хийж байна. Би 2012 оноос хойш, ялангуяа сүүлийн хэдэн жил авто зам, дэд бүтцийн салбарт ажиллаж байна. Одоо Монголын төмөр зам ТӨХК-ийн төсөл, хөтөлбөр, судалгааны газрын даргаар томилогдон ажиллаад нэг жил болох гэж байна.

 

-Таны хариуцаж байгаа газрын гол үйл ажиллагаа юу вэ?

 

-Манай газар нь дотроо зураг төслийн хэлтэс, төслийн нэгж гэсэн хоёр бүтэцтэй, 30 орчим инженер техникийн ажилтантай. Манай зураг төслийн хэлтэс нь Монголын төмөр зам ТӨХК-ийн хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн зураг төсөл боловсруулдаг. Төслийн мэргэжилтнүүд маань ТЭЗҮ боловсруулах, судалгааны чиглэлээр ажилладаг. Төслийн нэгжийн инженер техникийн ажилтнууд барилга угсралтын ажлын үед захиалагчийн хяналтыг хариуцаж байна.

 

-Одоо Монголын төмөр зам ТӨХК ямар төсөл дээр ажиллаж байна вэ?

 

-Та бүхэн Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг мэднэ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах,төвлөрлийг сааруулах, тээвэр ложистикийн шинэ төв байгуулах, Хүннү хотын бүтээн байгуулалтыг өрнүүлэхийн тулд энэ төмөр замыг барьж байна.

Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн төмөр зам барих судалгаа шинжилгээний ажил олон жилийн өмнөөс хийгдсэн юм билээ. Үүн дээр бид өөрийнхөө төмөр замыг тавих үндсэн трассын дагуух судалгааны ажлыг өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлсэн. Ингээд энэ оны хоёрдугаар сарын 20-ны өдөр эхний ТЭЗҮ ээ хийж дуусгаад өмнө нь хийсэн судалгаа, мэдээллээ дахин шалгаж үзээд бэлэн болгосон. Үүнтэй зэрэгцээд зураг төслийнхөө ажлыг яаралтай амжуулах шаардлагатай болсон. Бид бараг бүх зураг төслөө өөрсдөө боловсрууллаа. Харин гүүр, хоолойн хиймэл байгууламжийн зураг төслийг “ГБЭТ” ХХК-иар гүйцэтгүүлсэн. Ингэж өөрсдөө хичээгээд ажиллавал монголчууд гадаадын өндөр үнэтэй зөвлөх компани болон гүйцэтгэгч компанийн хамаарлаас гарна гэсэн үг. Нэг үгээр хэлбэл гадаадын өндөр үнэтэй гүйцэтгэгчийн орон зайг цаашид улам багасгана. Бид олон чиглэлээр уулзалт, ярилцлага зохион байгуулж, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсож, ахмад үеэсээ болон харилцан бие биенээсээ суралцаж, алдаа оноогоо засаж, сайжруулаад явсны үр дүнд улам чадавхжиж, үндэсний компаниудынхаа хүчээр энэ төмөр замыг барьж байна. Энэ бүтээн байгуулалтын төсөл гадны оролцоогүйгээр цэвэр үндэсний компаниудын хүчээр хийгдэж, эхний шатны ажлаа ерөнхийдөө дуусгалаа. Бид өнгөрсөн 7-8 дугаар сард газар шорооны ажлынхаа ихэнх хэсгийг нугалж авсан. Дэд бүтцийн ажил ч амжилттай өрнөж байна. Одоогоор УБТЗ-ын Багахангай өртөөнөөс салаалаад эхний долоон км замын дэд бүтцийн ажлыг хийж дуусах гэж байна.

 

-Багахангай-Хөшгийн хөндийн төмөр замын суурь бүтцийг хийхэд уул геологийн нөхцөл ямар байв?

 

-Хангайн бүсэд барьж байгаа учраас түвшин нэлээн өндөр, уул геологийн хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна. Бид газрынхаа репперийг зүтгүүрийнхээ хүчин чадалд тохируулаад есөн промиллээр тооцож авсан. Нэлээд олон газарт, нийтдээ 11 цэгт уул сэтэлсэн. Хамгийн том сэтэрхий нь 4.3 км урттай, өндрөөсөө хамгийн доод цэг хүртлээ 33 метрийн гүнтэй. Зөвхөн энэ хэсэгт нэг сая гаруй шоо метр газар шорооны ажил хийсэн. Газрын нөхцөл байдал уул толгод ихтэй учраас өндөр хүчин чадалтай техникээр богино хугацаанд үндсэн хэлбэржүүлэлтээ гаргаж авахын тулд нэлээнд ажилласан. Хэлбэржүүлэлтийн дараа заслын ажлуудыг харьцангуй гайгүй хийсэн. Манай далангийн хамгийн өндөр хэсэг нь нийтдээ 19-22 метр байгаа. Үүнээс дээш өндөртэй хэсгүүдийг гүүрэн байгууламжаар шийдсэн. Ингэж бид Монголын хамгийн том буюу 173 метрийн урттай гүүрэн байгууламжийг 22 метрийн өндөрт барьж байна. Тус бүр нь 12 метрийн урттай, 74 тонн жинтэй дам нуруунуудаар угсраад дууслаа. Ийм дам нуруунуудыг угсрахад нэлээд судалгаа хийсэн. Үүн дээр урьд нь манай улсад Салхитын цахилгаан станцад салхин сэнс угсарч байсан компанийг сонгож ажиллуулсан. Тэгэхдээ ХАБЭА-н чиглэлд онцгой анхаарсан. Учир нь манай төмөр замын трасс Салхитын цахилгаан станцын сэнсний доогуур гарч байгаа. Энд угаасаа их салхилдаг газар. Тиймээс цаг агаарын төлөв байдлын мэдээллийг Төв аймгийн цаг агаарын харуулаас ойр ойрхон авч, салхины хурд 10 м/секундээс доош байх үед дам нуруугаа өргөж, тавих ажлыг хийсэн. ХАБЭА-н дүрэм, журам болон оператор компаниудаас өгч байгаа зөвлөгөөг нарийн баримталж ажилласан. Өндөрт ажиллах инженер техникийн ажилчдыг тусгайлан сургалтад хамруулж, өндрийн зааварчилгааг нэг бүрчлэн өгсөн.

 

-Материал, түүхий эдийн хүрэлцээ, хангамж хэр байна?

 

-Материал, түүхий эдийн хүрэлцээ, хангамж сайн байгаа. Бид УБТЗ ХНН-ээс 50 орчим мянган шоо метр балласт авч байгаа. УБТЗ ХНН энэ төсөл дээр маш идэвхтэй оролцож, Багахангай өртөөний өргөтгөл, гармыг нүүлгэн шилжүүлэх ажлыг 7-8 дугаар сард багтаагаад богино хугацаанд хийж дуусгасан. Ингэж манай хоёр байгууллага харилцан бие биедээ туслаад явж байгаа. Бид эхний долоон км төмөр замынхаа зам төмрийг өөрсдийнхөө нөөцөөс гаргаж тавьсан. Улаанбаатар БҮК-аас бетон дэрийг үйлдвэрлэн нийлүүлж байгаа. Ингэж монголчууд хэд хэдэн газарт төмөр зам барьж, туршлага хуримтлуулж байна. Манайх урьд нь говьд төмөр зам барьсан бол энэ удаа хангайн бүсэд ажиллаж байна. Манай инженер техникийн ажилтнуудад ч туршлага болж байна. Үүнийгээ дагаад дотоодын компаниуд чадавхжина шүү дээ. Бид төмөр замынхаа төсөлд гадаадаас зам төмөр, сум шилжүүлэг, хавчаар боолт гэсэн гурван бүтээгдэхүүнийг л авсан. Бусдыг нь дотоодоосоо авч ашиглаж байгаа. Ингэснээр төслийн санхүүжилтэд шаардагдах гадаад валютыг хэмнэж, дотоод эдийн засгаа дэмжиж байна.

 

-Зарим нэгэн зүйлийг тоогоор илэрхийлбэл ямар вэ?

 

- Төслийн хүрээнд 12.2 сая шоо метр газар шорооны ухмалын ажил хийж байна. Далангийн ажилд 8.3 сая шоо метр газар шорооны ажлыг хийнэ. Ус өнгөрүүлэх хоолой 115 ширхэг, 2500 метр урттай гүүрэн байгууламж барихаар урьдчилан тооцоолсон. Зам төмрийн хувьд нийтдээ 19500 тонн зам төмөр, 264 мянган ширхэг бетон дэр шаардлагатай. Дээр нь тодорхой тооны суман шилжүүлэг, зам төмрийн бэхлэлт, уулзварын хавчаар боолт хэрэгтэй. Энэ бүхний тоо, хэмжээг нэг бүрчлэн гаргасан. Манай төслийн оргил ачааллын үе буюу өнгөрсөн 7-8 дугаар саруудад дотоодын 63 ААН, 2500 орчим хүн, 1400 орчим техник хэрэгсэлтэйгээр өндөр дүнтэй ажилласан. Хоногийн бүтээмж харьцангуй сайн, 24 цагаар тасралтгүй ажилласан. Одоо төслийн ажлын гүйцэтгэл 96 хувьд хүрээд байна. Өөрөөр хэлбэл, төмөр замын суурь бүтцийн ажил дуусаж байгаа гэсэн үг. Одоо бид дэд бүтцийн ажил руугаа түлхүү анхаарч байна.

 

-Өртөө зөрлөгийн барилгыг барьж эхэлсэн үү? -Энэ жилдээ барихгүй. Ирэх оны дөрөвдүгээр сараас гурван өртөө, дөрвөн зөрлөгийн барилгын ажил эхэлнэ. Бид урьд нь барьж байсан нэг маягийн зураг төслөөрөө энд өртөө, зөрлөгийг барина. -Энэ зам Хөшгийн хөндий хүрчихлээ. Цаашаа Шувуун фабрикийн карьерын замтай нийлэх үү?

 

-Энэ асуудлыг ЗТЯ, УБТЗ, МТЗ ТӨХК, Төмөр замын агентлагаас томилох хамтарсан ажлын хэсэг шийдвэрлэх байх. Монголын төмөр зам ТӨХК-ийн хувьд тэр карьерын төмөр замыг ашиглах бодолтой байгаа. Сая Харбинд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Багахангай Хөшгийн хөндийн төмөр замыг хойшоо Аршаант өртөөтэй холбох асуудал хөндөгдсөн гэж сонсогдсон. Бид энэ төмөр замаа алсдаа Аршаант өртөөтэй холбоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

 

-Туслан гүйцэтгэгч зарим нэг ААН-үүдийн санхүүжилт доголдоод байна гэсэн гомдол сонсогдож байсан. Энэ асуудлыг яаж шийдвэрлэж байгаа вэ?

 

-Монголын төмөр зам ТӨХК төслийн санхүүжилтээ Хөгжлийн банкнаас авахыг хүссэн боловч тодорхой шалтгааны улмаас олгоогүй. Иймд манай компани өөрсдийнхөө тээврийн үндсэн орлогоосоо туслан гүйцэтгэгч компаниудаа тодорхой хэмжээгээр санхүүжүүлээд явж байгаа. Мэдээж компаниудын өгсөн гүйцэтгэлийн тайлан болон санхүүжилтийн дүн хоорондоо зөрөөтэй байгаа. Үүнийг нягталж үзээд аль болохоор хурдан хугацаанд тэдний санхүүжилтийг олгох арга хэмжээ авна.

 

-Төслийн ажил хэзээ дуусахаар байна вэ?

 

-Суурь бүтцийн ажил энэ сарын 20 гэхэд дуусахаар байна. Одоо далангийн тэгшилгээ, заслын ажлуудыг гүйцэтгэж байна. Мал амьтан өнгөрүүлэх гарц, дөрвөлжин хоолойнууд, буцаан дүүргэлт хийх ажлууд үндсэндээ дуусах тал руугаа орсон. Дэд бүтцийн ажил сая болсон БНХАУ-ыг тунхагласан баярын амралттай холбоотойгоор хил гааль долоо хоног хаагдснаас орж ирэх ёстой тээврүүд хойшилж нэлээд саатлаа. Одоо тэр ачаа ороод ирвэл дэд бүтцийн ажил үргэлжлээд явна.

 

-Энэ төслийн гол ач холбогдол юу вэ? -

 

Ер нь, энэ төмөр замыг барих хэрэгцээ шаардлагын чухлыг манай иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Ялангуяа, нийслэлийн иргэдэд ямар ач холбогдолтой вэ гэдгийг бодож үзэх ёстой. Энэ замыг барьснаар нэгдүгээрт, Улаанбаатар хотын дундуур тээвэрлэж байгаа ачаа бараа, нефть шатахуун, химийн болон бусад аюултай бараа материалыг шууд Хөшгийн хөндийд барих тээвэр ложистикийн төв руу шилжүүлэн буулгах, хоёрдугаарт, тухайн нэг цэгээс ачаа барааг орон нутагт авто тээврээр түгээдэг болсноор нийслэлийн түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм. Нөгөө талаар шинээр барих Хүннү хотын бүтээн байгуулалтад шаардлагатай бараа, материалыг тээвэрлэхэд чухал зам. Энэ төмөр замын бүтээн байгуулалт Улаанбаатар болон Хүннү хот, Хөшгийн хөндийн орчмыг эдийн засийн харилцан таталцлыг бий болгох ач холбогдолтой. -Төмөр замын трасс тавихад газрын асуудлаар хэр зэрэг бэрхшээл гарч байсан бэ?-Трасст өртсөн зарим газарт асуудал гарч байсан. Гэхдээ манай монголчууд энэ асуудалд эх оронч сэтгэлээр хандсанд талархалаа илэрхийлье. Зарим компани өөрсдийн 200 гаруй тэрбум төгрөгийн үнэлгээтэй газрыг ямар нэгэн нөхөн төлбөргүйгээр чөлөөлж өгсөн. Тэд үндэсний ийм том бүтээн байгуулалтад газраа чөлөөлж өгөлгүй яах вэ гэсэн нь үнэхээр бахархмаар байсан. Тухайн бүс нутагт амьдарч байгаа малчид трасст өртсөн өвөлжөө, хаваржаагаа бид өөрсдөө зохицуулчихъя гээд нүүлгэж байлаа. Манайх энд олон жил нутагласан, нүүхгүй гэж хэн нь ч хэлээгүй. Бид аль болохоор зөвшилцөөд явсан. Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн, Алтанбулаг сумын ИТХ, багийн хурлуудад бид очиж төслөө маш сайн танилцуулсан. Тэдний зөвлөгөө сануулгыг үйл ажиллагаандаа тусгаж, төмөр замынхаа трасст мал, амьтан нэвтрэх хонгилон гарцуудыг шинээр төлөвлөж, гаргаж өгсөн. Анх 1500-гийн дугуй хоолой хийхээр төлөвлөсөн ажлаа 4х4 ийн хос хоолой болгон өөрчилж, машин тэрэг нэвтрэх хэмжээтэй болгож өргөтгөсөн. Үүнд орон нутгийн иргэд, малчид сэтгэл хангалуун байгаа.

 

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

 

Г.Энхбаатар

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.