Энэ удаагийн зочинтойгоо уулзаад гарч явахад Ардын хувьсгалын “Шивээ Хиагт” дууны
...Дөрвөлжин сүмийн үүдэнд
Дөрвөн пулемёт зоогоод
Дүрэмгүй муусайн гаминг
Дөтийн замаар тонилгов оо... гэх мөрүүд өөрийн эрхгүй аманд аялагдаж байлаа. Учир нь, түүний өвөг эцэг Ардын хувьсгалын партизан Гомбын Дугарсүрэн гэж хүн байжээ. Тэрбээр, “Өвөө минь 1900 онд төрсөн. Ардын хувьсгалтай 20-оодхон настай золгож, Хиагтыг чөлөөлөх тулалдаанд оролцсон дөрвөн пулемётчны нэг нь байсан юм. Өвөөгийн пулемёт Сэлэнгийн Алтанбулагийн музейд бий дээ” гэж тун бахархалтай өгүүлсэн билээ.
Бидний хувьд ном, зохиол, уран сайхны киноноос төсөөлөх түүхэн хүмүүсийн нэгнийх нь ач хүү миний өмнө сууж байгаа нь гайхалтай. Энэ эрхэм Зүүнхараа Ачааны вагон засварын депогийн ШБАЗ-ын бригадын засварчин, УБТЗ-ын 2023 оны мэргэжлийн аварга Батаагийн Соёл-Эрдэнэ билээ. Эгэл даруухан түүнийг депогийнхон “Алт шиг хүн” гэж тодорхойлсон билээ. Тийм ч учраас, 2024 оны арванхоёрдугаар сарын 20-нд гавьяаны амралтадаа гарсан ч гурван сарын дараа л “уригдан” ирж, дассан сурсан ажилдаа оржээ.
Тэрбээр, өөрийн намтар түүхийг цааш нь ийн хуучиллаа.
“Өвөө минь Сэлэнгэ аймгийн Мандал сум байгуулагдахад Цагдаагийн хэлтсийн анхны даргаар нь томилогдон ажиллаж байсан гэдэг. Уг албыг хоёр жил гаруй хашиж, түүнээс хойш мал аж ахуй эрхэлж байгаад 90 нас хүрээд өөд болсон. Өвөө өндөр нуруутай, хүдэр чийрэг хүн байсан даа. Надад “Миний хүү өвөөгийнхөө пулемётийг очиж үзэж байгаарай” гэж захиж байсан. Би Алтанбулаг орвол музейгээр нь заавал ороод гардаг. Өвөө минь Сэлэнгэ аймгийн Карнаков тосгоны хүн. Одоогийн Ерөөгөөс зүүн урагш долоон км зайтай, маш гоё монос ургадаг газар бий. Аав минь тэнд төрсөн гэдэг. Одоо айл амьтан нутагладаггүй ч сайхан монос ургадаг хэвээр байна билээ. Аавынхаа төрсөн гэрийн буйран дээр бид хааяа очдог юм. Миний аав төмөр замд Замын ангийн жолооч байлаа. Одоо нас сүүдэр 82-ыг зооглож байна. Ээжийг минь Т.Бадам гэдэг. Зүүнхараа өртөөнд анх билетийн кассир, дараа нь ачаа тээврийн ахлах коммер хийж байгаад тэтгэвэрт гарсан. Би Зүүнхараагийн төмөр замын эмнэлэгт төрж, төмөр замчдын тосгонд өссөн хүн.
Эцэг эхээс долуулаа, дээрээ нэг эгчтэй. Том эгч минь вагон үзэгчээр ажиллаж байгаад хувийн бизнес эрхлэх болсон. Нэг дүү минь манай депод засварчнаар ажилладаг. Миний хүү С.Эрдэнэбаяр энд электроникийн инженер-хүлээн авагчаар ажиллаж байгаа. Манайх дөрвөн хүүхэдтэй. Бага хүү минь Москвагийн Зам харилцааны их сургуульд ашиглалтын инженерээр сурч байна. Үүнээс гадна аавын минь том ах Дугарсүрэнгийн Лувсангомбо УБТЗ-ын ҮЭ-ийн хорооны анхны дарга байсан гээд яривал манайх удам дамжсан төмөр замчин гэр бүл дээ” гэж сэтгэл хангалуун өгүүллээ.
Түүний намтар түүхийг сонсоход ганц энэ хүний ч биш улс орны түүхэн хөгжлийн сонин содон баримтыг дурдав. Тэрбээр, дунд сургуулиа төгсөөд хуучнаар ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украины Донецк хотын Техникийн коллежид тоног төхөөрөмжийн тохируулагч мэргэжлээр хоёр жил суралцан төгсөж иржээ.
Түүнийг 1984 онд төгсөөд ирэхэд нь Хөтөлд УАЗ-469 машины эд анги үйлдвэрлэдэг тоног төхөөрөмжийн улсын үйлдвэр байгуулагдсан байж. Уг үйлдвэрт хуваарилагдаж, гурван сар ажилласан гэнэ. Уг үйлдвэрт УАЗ-469 машины кузовээс бусад бүх эд ангийг үйлдвэрлэж, Орос руу гаргадаг байж.
Тэр үйлдвэрийг байгуулахдаа ажиллах боловсон хүчнийг бэлтгэж Украины Донецк хотод түүнтэй нийлээд 14, Вилинст хотод 11, Ленинградад 12 эмэгтэй токарьчин сургасан байж. Тухайн үед Монгол Улсын үйлдвэр аж ахуйгаа хөгжүүлэх том бодлого хэрэгжиж байсныг тэрбээр ярьж байлаа. Тоног төхөөрөмжийн тэр үйлдвэрээс бусад үйлдвэр рүү хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг хуваарилдаг байсан аж. Б.Соёл-Эрдэнийг тэнд гурван сар ажиллаад байтал нь Дарханы Эрдэст хөвөн эзэлхүүний комбинат руу томилжээ. Тэнд очоод Тоног төхөөрөмжийн удирдах бригад гэдгийг ахлах болж. Эрдэст хөвөн гэдэг нь одоогийн барилгын дулаалгад хэрэглэдэг базальт хөвөн аж. Тийнхүү ажиллаж байтал нь 1990 оны ардчилал гарч, улсын том үйлдвэрүүд ар араасаа хаалгаа барьж, ажилчид нь гудамжинд лааз өшиглөсөн амаргүй цагтай золгожээ. Тэр үед Б.Соёл-Эрдэнэ төрсөн нутаг Зүүнхараадаа ирж, 1990 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Ачааны вагон засварын депод үнс зөөгчөөр ажилд орсноор төмөр замчдын дунд анх хөл тавьжээ. Төд удалгүй, 1991 онд тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллах болж, 1993 оноос гагнуурчин-тоног төхөөрөмжийн засварчин, 1999 оны долдугаар сарын 18-нд “ШБОС-ын бригад”-ыг ахлах үүргийг хүлээсэн байна. Энэ тухай тэрбээр “1999 онд Вагоны аж ахуй маань Ачаа тээврийн албаны харьяанд байсан үе. Албаны дарга Лхагвасүрэн, Вагоны аж ахуйн хэлтсийн Дамчаа дарга, ерөнхий инженер Л.Болд /Одоогийн Вагоны аж ахуйн албаны дарга/ нар надад энэ чухал ажлыг хариуцуулахад нь үнэндээ эмээж “Би чадах болов уу?” гэхэд “Чамаас чадах чадахгүйг чинь асуухгүй. Чи чадна. Чамд нэг токарьчин, нэг засварчин өгнө” гэж билээ. Ингэж энэ бригад үүсэн байгуулагдсан юм. Р.Раш дарга энэ бригадыг сэргээн байгуулах санаачилгыг гаргасан юм билээ. Манай депод 1980-аад онд ШБОС-ийн дөрвөн хүнтэй бригад байсан гэдэг. Тэдний хоёр нь орос мэргэжилтэн байсан гэцгээдэг. Манай бригадын анхны бүтээл 2000 онд хийсэн “Дам нуруу харуулдах машин”. Монголд ийм машин байгаагүй. Депогийн үндсэн хөрөнгөд нэг босоо өрөм байсныг өөрчлөн тоноглоод дам нуруу харуулдах зориулалттай болгосон. Түүнийг 20 гаруй жил ашиглаад саяхан шинэчлэн сайжруулсан. Одоо ашиглаж л байна. Би тэтгэвэрт гарахдаа тооцож үзэхэд 25 жилийн хугацаанд манай бригад 256 ШБАЗ хийсэн байсан. Үүнээс үйлдвэрлэлд нэвтэрсэн нь нэлээн байгаа, ашиглалтын хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгдсөн зүйлс ч их бий. Бид жилд дунджаар 17-18 орчим ШБАЗ-ыг гаргадаг” гэв.
Таныг ажиллаж байх хугацаанд юу урам зориг, эрч хүчээр тэтгэж байв гэхэд “Удирдлагаас биднийг маш их дэмждэг болохоор ажил хийхэд их амар байдаг. Бүх боломж нөхцөлөөр хангаад өгчихвөл бэрхшээл гардаггүй, ажил урамтай урагшилна шүү. Дээр нь манайхан үнэхээр бүтээлч сайхан хамт олон” гэлээ.
Ачааны вагон засварын депогийнхон ТГМ23Б серийн сэлгээний тэргэнд модернизаци хийж, ашиглалтад оруулсныг би тус депод хийсэн сурвалжилгадаа дурдсаныг манай уншигчид санаж байгаа байх. Бараг хоёр жил үргэлжилсэн том ажлын голыг Б.Соёл-Эрдэнийн багийнхан нугалсан аж. Эвдрээд засварлах боломжгүй гэгдэж арав гаруй жил депогийн хашаанд зогссон тэргийг тэд ийнхүү сэргээн босгох ажлыг амжилттай хийж ашиглалтад оруулсан байна.
Б.Соёл-Эрдэнэ “Би инновацийг л сайн хөгжүүлээсэй гэж боддог. Бид хэрэглэгч биш үйлдвэрлэгч болж байж л Монгол Улс хөгжинө шүү дээ. Монголчууд бид хүний гар харахгүй л амьдардаг болчихвол... гэж их боддог доо. Миний хамгийн том хүсэл энэ” гэлээ.
Таныг тэтгэвэртээ гараад одоо л нэг сайхан амсхийе гэж байтал чинь депогийн удирдлагууд “Ажилдаа ирж ор” гэчихэв үү гэвэл инээгээд “Мэдээж гоё л санагдана шүү дээ. Хүн гавьяанд суух сайхан л даа. Гэхдээ юм хийхгүй гэрт зүгээр сууна гэдэг надад хэцүү байсан. Тэтгэвэрт гараад гэртээ суусан чинь хоосон орон зайд, бүх зүйлээс хаягдаж байгаа мэт сонин мэдрэмж төрсөн. Өөрөө өөрийгөө орхиж байгаа ч юм шиг... Элдэв юм бодогдоод удвал стресстэх маягтай, үнэнийг хэлэхэд хойд төрөлдөө очихоо хүлээхээс өөр ажилгүй мэт л санагдсан шүү” гэлээ. Танайх хашаандаа хүнсний ногоо, мод бут тарьдаг биздээ гэхэд “Өрхийн хэрэглээний ногоо цагаагаа тарилгүй яах вэ. Өөрсдөө өвөлжин идэх, үр хүүхдүүддээ илүүчлэх, ногоо тарьдаг. Гэхдээ тэр бол надад тийм цаг хугацаа зарцуулах ажил биш. Депогийнхоо дарга нарыг эргээд ажиллаач гэхэд нь баярлаад гүйгээд л ирсэн дээ” гэж баяртай өгүүлэв.
Тэрбээр, цааш нь деподоо хэдэн сайхан залуучууд сургаж өгнөө. Хамгийн гол нь, техникийн онолын мэдлэгтэйгээс гадна, аливаа зүйлийн гаргалгааг нь ойлгодог хүн юм сурна. Хүн бүхнийг мэддэг байх албагүй. Гагцхүү мэдэхийг, чадахыг эрмэлздэг л байх нь чухал. Би одоо ч мэдэхгүйгээ мэдэхийг, чадахгүйгээ чадахыг хичээгээд л явж байна. Үүний тулд маш их зүйлийг уншиж судлах хэрэгтэй. Ном ертөнцийг харах цонх гэдэг үнэн. Техникийн талын зүйлсээ орос хэл дээр уншдаг. Тооцоолол хийхэд их цаг зарцуулдаг. Ах нь төмөр замынхаа бүх л шагналыг авсан.
Шагнуулах сайхан. Гэхдээ тэр их хүндэтгэлийг дааж явна гэдэг чухал шүү” гэж бодож санаж явдгаа уудлав.
Залуус ажилд тогтохгүй байгаа нь юундаа байна вэ гэвэл “Цаг үе, нийгэм тэдэнд их нөлөөлж байгаа байх. Хүний амьдралын хөшүүрэг мөнгө шүү дээ. Тэгэхээр тэднийг бас буруутгаж болохгүй. Хүн арай ахиу цалин руу явна.
Харин нэг хэсэг нь явахдаа байгууллага, хамт олноо муухай харагдуулаад явж байна уу даа. Энэ байгууллагад ирж өсөж, дэвжиж, эндээс сурч мэдчихээд явахдаа депогоо муухай харагдуулах элдэв юм ярьж яваа нь тун тоогүй. Энэ байгууллагад ажилладгаараа би бахархдаг. Хүн олон жил тууштай ажилласныхаа үр өгөөжийг заавал хүртэнэ. Зарим залуус аливааг амраар төсөөлөөд дэндүү яараад байна уу даа. Эхлээд ажил мэргэжилдээ дадлагажаад, энэ байгууллагадаа үр өгөөжтэй ажиллаж байж дараа нь өөрөө үр шимийг хүртэнэ шүү дээ. Бүх зүйл цаг хугацаатай. Цаг нь болохоор хүссэн санасан бүхэн бүтдэг дээ” гээд тэр ажилдаа орлоо.
Б.Гүнжинлхам
