Монгол Улсын Гавьяат багш, техникийн ухааны доктор (Ph.D), профессор Б.Сэрвүүдтэй ярилцлаа.
-Сайн байна уу та, сайхан хаваржиж байна уу. Сүүлийн үед ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сайхан хаваржиж байна. Техникийн чиглэлийн мэргэжилтний, ялангуяа механик инженерийн зайлшгүй эзэмших мэдлэг бол “өргөн тээвэрлэх машин”, “хий шингэний хөтлүүр”, “мехатроник”, “хөдөлгүүр” гэсэн дөрвөн шинжлэх ухаан гэж үздэг. Эдгээр нь инженерийн суурь судлагдахууныг мэргэжлийнхтэй холбодог, уулзвар шинжлэх ухаанууд юм. Гэтэл монгол хэл дээр ном байдаггүй. Би өмнө нь аливаа үйлдвэрийн механикжилтын үндсэн хэрэгсэл, механикийн бүх тооцооны үндэс болох “Өргөн тээвэрлэх машин” сурах бичиг, түүний төсөл тооцоо гэсэн хоёр ном, энергийн хоёр дахь эх үүсвэр, үйлдвэрлэлийн автомат комплекс, орчин үеийн роботын удирдлага, хөдөлгөөний үндсэн эрхтэн болох хий шингэний хөтлүүрийн нэг сурах бичгийг зохиож төмөр замчид, төгсөгчдөдөө хүргэсэн.
Одоо “Мехатроникийн үндэс” ба “Хөдөлгүүр, электрон удирдлага” гэсэн хоёр ном бичээд байна. Шинжлэх ухаан салаалан шинэ чиглэлүүд үүсэж, бас нэгдэн нийлэхийн бодит жишээ бол мехатроник юм. Гэрийн угаалгын машинаас амьдрах байр, унах машинаас сансрын техник хүртэл ухаалаг болж мехатроник хиймэл оюун ухаанд шилжиж, бидний өдөр тутмын хэрэглээ, амьдралын орчин боллоо. Иймээс мэргэжилтэн дан ганц механикч юмуу, электроникийн, эсвэл компьютерийн мэдлэгтэй байх нь хангалтгүй. Учир нь, бүх техник өөрөө байгалийн шинжлэх ухааны нэгдэл болсноос зөвхөн мэргэжлийн хүн төдийгүй жирийн иргэн амьдрах шинэ орчинтойгоо зохицох хэрэгтэй болж байна.
Манай техникийн чиглэлийн их сургууль, коллежуудад мехатроникийн хичээл ордог болж, ШУТИС-д мэргэжилтэн бэлтгэж эхэллээ. Иймээс эх хэл дээрх мехатроникийн бүх ойлголтыг нэгтгэсэн ном хэрэгтэй болсон учир миний бие “Мехатроникийн үндэс” номоо бичсэн. Мехатроник нь орчин үеийн технологийн төхөөрөмжийн үндэс, бүх техникийн тухай шинжлэх ухаан юм.
-Та ТЗДС-ийг удирдаж байхдаа мехатроникийн тухай “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан санагдана?
-Тиймээ, 13 жилийн өмнөх тэр ярилцлагадаа “Мехатроникийг механик, электроник, мэдээлэл зүйн шинжлэх ухаануудын нэгдэл” гэсэн тодорхойлолтыг өгч байсан юм. Тэр үед сургуульдаа улсын анхны мехатроникийн лабораторийг байгуулж байлаа. Үүгээрээ их бахархдаг.
-Та номынхоо агуулгыг товч хэлж өгнө үү?
-Мехатроникийн анхан шатны ойлголтыг өгснөөр одоогоор түүний бүрэлдэхүүн шинжлэх ухааны мэргэжилтнүүд бусад салбаруудаа мэдэхэд хэрэгтэй юм. Мөн мехатроникийг ойлгоход хялбар болгох зорилгоор машин механизмын онол, гидравлик, цахилгаан техник, термодинамик, электроникийн зайлшгүй хэрэг болох, бүр суурь мэдэгдэхүүнийг тусгасан нь эдгээр шинжлэх ухааныг тусдаа лавлах байдлаар ч ашиглаж болно.
-Хөдөлгүүрийг инженерийн суурь шинжлэх ухаан гэж та түрүүн хэллээ. Энэ бараг бүгд мэдэх юм шиг ойлголтын тухай ном байдаггүй гэж үү?
-Би “Хөдөлгүүр, электрон удирдлага” гэдэг номын талаар ярья л даа. Хөдөлгүүргүйгээр ямарч техник байхгүй. Энергийн анхдагч эх үүсвэр болох дотоод шаталтын ба цахилгаан хөдөлгүүр бол техникийн “зүрх” нь юм. Эдгээр хөдөлгүүрийн удирдлага боловсронгуй болсноор электронд шилжиж, улам бүр хялбарчлагдаж, автоматчлагдсаар байна. Өөрөөр хэлбэл, хөдөлгүүрийн электрон удирдлага бол техникийн “тархи” нь болж байна. Хоёр төрлийн хөдөлгүүр тус бүрийн электрон удирдлагатайгаа энэ дөрвөн шинжлэх ухаан зөвхөн механикийн биш бас цахилгааны, электроникийн, мэдээлэл зүйн мэргэжлийн суурь ухаан боллоо.
Таны хэлснээр дотоод шаталтын ба цахилгаан хөдөлгүүр хүний өдөр тутмын хэрэгцээ тул мэдэхгүй хүн байхгүй байх. Гэхдээ бид өөрт байгаа юмаа мэддэггүй бас үнэлдэггүй. Жолооны дэлгэц дээр нэг харахад гэрэл ассан байдаг. Угаалгын машин, тоос сорогч гэнэт зогсдог. Бид энергийн эх үүсвэрийн удирдлагыг ашигладаг мөртлөө бас сайн мэдэхгүй байна. Энэ номонд тэр бүрийг нарийн заагаагүй ч анхан шатны ойлголт, үндэс нь байгаа. Одоо унадаг, тээдэг, өргөдөг, буулгадаг машин, нисдэг, хөвдөг онгоц, үйлдвэр, ахуйн техник, технологи, хүүхэд залуусын скүтер хүртэл инвертор удирдлагатай болсон өнөө үед энэ удирдлагын тухай зохих ойлголтыг мэргэжлийн оюутан сурагчид төдийгүй бүх нийтэд өгөх хэрэгтэй боллоо. Бид ч мэдлэг, мэргэжлээ өргөтгөхөөс аргагүйд хүрч байна. Хүний амьдралын тулгуур болсон энэ дөрвөн шинжлэх ухаан нэгдэн нийлж, ашиглагдсаар байхад тэдгээрийг хамтатган туурвисан бүтээл, ном байхгүй байж болохгүй. Энэ хоёр номны редактораар манай улсын техникийн чиглэлийн нэрт эрдэмтэн Ч.Авдай академич ажиллаж, “Сайн ном болжээ” гэж үнэлсэн.
-Та ахмад багш нар болон зарим төгсөгчдийнхөө тухай, танин мэдэхүйн сонирхолтой нийтлэлтэй “Тунгаамал” сэтгүүлийг эрхлэн гаргаж байсан. Энэ сэтгүүлээ гаргаж байгаа юу?
-Би өөрийн удирддаг “Төмөр замын ахмад багш нарын холбоо” ТББ-ынхаа ажлын чиглэлээрээ 2022 он хүртэл танин мэдэхүйн “Тунгаамал” сэтгүүлийг бэлтгэн гаргасан. Түүнээс хойш эдгээр номыг зохиож, гурвыг нь замчид, төгсөгчдөдөө хүргэсэн. Одоо шинээр бичсэн хоёрыг нь танилцуулж байна. “Тунгаамал” сэтгүүлийн агуулга нь улс орны түүх, соёл уламжлал, боловсрол, шинжлэх ухааны нээлт бүтээл, суут хүмүүсийн ажил амьдрал, эх дэлхий, орчлон ертөнцийн үүсэл хөгжлийн талаарх сонирхолтой мэдээ мэдээллээс бүрддэг. Бид уншигчдад шаардлагатай, монгол хүн, иргэний хувьд зайлшгүй мэддэг байвал зохих танин мэдэхүйн ойлголтыг товч боловч бүрэн агуулгатай, уншихад сонирхолтой, хялбаршуулсан байдлаар хүргэхийг хичээдэг. Сэтгүүлээрээ уншигчдын танин мэдэхүйг хөгжүүлж, ахмад багшаа алдаршуулан, дэлхийн улс орнуудын төмөр замын хөгжлийн тухай мэргэжилтний үгийг дамжуулж, шинжлэх ухааны сонирхолтой мэдээлэл, сургамжийг түгээхийг зорьдог.
-Уншигч, төмөр замчдадаа хандаж та юу хэлэх вэ?
-Манай Замын удирдлагууд төмөр замчдынхаа шинжлэх ухаан, техникийн мэдлэг, мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг. Ахмад багш нарынхаа бүтээлийг ч өндрөөр үнэлж, бидний оюуны хөрөнгө оруулалтыг дэмждэг. Замын дарга Х.Хэрлэн, орлогч дарга Ш.Нямсүрэн, Б.Гантөмөр нарт танай сониноор дамжуулан ТЗИС-ийн бүх ахмад болон төгсөгчид, төмөр замчдынхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Төмөр замчид, төгсөгчид та бүхэн маань ахмад багш биднийхээ шинэ ном, бүтээл, сэтгүүлийг дэмжин хүлээн авч, мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэн ажиллаарай гэж хүсье. Та бүхэн маань гал морин жилдээ аав ээж, ахан дүүсээрээ амгалан тайван, эрхэм нөхөд, ижил түмнээрээ эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!
-Баярлалаа, танд ном бүтээлийн арвин их амжилт хүсье!
