Нүүр Уул уурхай Б.Өлзийбаяр: Нүүрсний орлого оффшор руу бус, Монгол Улсдаа орж ирж байна
Уул уурхай

Б.Өлзийбаяр: Нүүрсний орлого оффшор руу бус, Монгол Улсдаа орж ирж байна

G.Press 3 жилийн өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

 Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ өнгөрсөн оны арванхоёдугаар сард баталсан. Хууль хүчин төгөлдөржих хугацаа ойртож байна. Ирэх долдугаар сарын 1-ний өдрөөс уул уурхайн биржийн тогтолцоо руу Монгол Улс албан ёсоор шилжинэ. Оны эхнээс Хөрөнгийн биржээр нүүрсээ туршилтаар арилжаалж эхэлсэн. Эхний гурван сарын байдлаар нийт 1.2 сая тонн нүүрс цахимаар борлуулжээ. Биржийн дуудлага худалдаа нь хэдий туршилт боловч зах зээлийн оролцогч талуудад хуучин арга барилаа халах, шинэ соргоор хүлээн авах боломж олгож буй.

Одоогийн байдлаар төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” болон орон нутгийн өмчит “Тавантолгой” хувьцаат компани, хувийн хэвшлээс “Энержи Ресурс” дээрх хугацаанд нүүрсээ арилжаалж байна. Уул уурхайн бирж нь эрдсийн бүтээгдэхүүний зах зээлийн бодит үнийг тогтоох, худалдааг ил тод болгох зорилготой. Тус бирж 10 гаруй жилийн өмнөөс л яригдаж байсан. 2015 онд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого болж, тухайн үеийн Засгийн газар Түүхий эдийн биржийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлж байв. 2016 онд мөн л нэрийг нь өөрчлөн Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийг гүйцэтгэх засаглал хэлэлцсэн байдаг. Гэвч энэ нь цааш үргэлжлээгүй бөгөөд эрх зүйн орчин нь бүрдэж чадалгүй явсаар 2022 онтой золгосон.

Харин одоо дээрх байдал эрс өөрчлөгдөж, бий болсон хууль эрх зүйн хүрээнд уул уурхайн биржээр дамжуулан баялгийн өгөөжийг нэмэгдүүлэх, үр ашгийг нь өсгөх, гэрээ хэлцэл нээлттэй болох үүд хаалга нээгдэж байгаа нь сайн. Гэхдээ уул уурхайн биржийн тогтолцоо хөдөө аж ахуйн биржийн өнөөдрийн унтаа, уйтгартай дүр төрхийг давтах учиргүй. Тиймээс өнгөрсөн алдаа, оноогоо эргэцүүлэх, шинэ тогтолцоог эхнээс нь оновчтой, сайн засаглалтай, “тоглоомын дүрэм” нь хэнд ч ойлгомжтой, тодорхой болгох шаардлага үүссэн. Энэ хэрэгцээнд түшиглэсэн “Уул уурхайн биржийн эко систем” форум анх удаа хувийн хэвшлийн санаачилгаар зохион байгууллаа.

Форумыг Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монгол нүүрс ассоциаци, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо, Өлзий энд Ко капитал ҮЦК дэмжин оролцсон юм. Үндэсний мэдээллийн технологийн компаниудын хамтран хөгжүүлсэн эко системийг “Эрдэнэс Ай Ти Консорциум” нэгдлийн гүйцэтгэх захирал Б.Буянмөнх танилцуулж, үндсэн илтгэлийг хэлэлцүүлсэн.

Б.Буянмөнх “Уул уурхайн салбар Монголын хамгийн том салбар. Энэ салбар ил тод, шударга хөгжсөн тохиолдолд бусад салбар хөгжих суурь тавигдана. Бид нар зөвхөн өөрсдийн салбараас гадна уул уурхайг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь чухал гэж үзсэн. Манай салбар олон улсын түвшнээс хоцроогүй, харин тэргүүлэх хэмжээнд ирсэн. Технологийн хөгжлийн ур чадвар ч ахисан. Бид нар уул уурхайд түшиглэсэн ай ти мэдлэгийн экспортыг хөгжүүлэх том амбийцтай” хэмээн үндэсний нэгдлийн байр сууриа илэрхийлсэн юм.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолд “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн үйл ажиллагааг цахимжуулж, үндэсний мэдээллийн технологийн компаниудын хөгжүүлсэн систем, программ хангамжийг биржийн үйл ажиллагаанд ашиглах боломжтой эсэхийг судалж, холбогдох арга хэмжээ авах” тухай заасан. Үүний хүрээнд үндэсний компаниуд нэгдэн дээрх консорциумыг байгуулжээ.

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, төлбөр тооцоо, экспортын бүхий л үйл ажиллагаа нь эко системийг бүрдүүлнэ. Манай улс уул уурхайн биржийг амжилттай нэвтрүүлснээр шууд үр дүн гэвэл гадаад валютын нөөц болон татварын орлого нэмэгдэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчид зах зээлд орж ирэх, найдвартай, ил тод биржийн арилжаа хөгжих, ложистикийн хүндрэлээ үе шаттай, системтэй шийдэх зэрэг давуу талууд үүгээр бий болох юм. 

“Нүүрсний хулгай” гэх хавтас хэргүүд олон нийтийн анхаарлын төвд орсон нь уул уурхайн биржийн ач холбогдлыг улам тодотгосон. Эрдэс баялгийн худалдаа, түүнтэй холбоотой гэрээ, хэлцлийг ил тод болгох, оролцогч талуудын эрх ашгийг бирж “илчлэх” учиртай. Үүнийг нийгэм, олон нийтийн зүгээс ч нэхэж, шаардаж байгаа. Цаг үеийн захиалга, зах зээлийн эрүүл хөгжлийн өрсөлдөөнт зарчим нь уул уурхайн бирж гэдгийг форумын хөтөлбөрт багтсан “Уул уурхайн биржид талуудын оролцоог хангах” хэлэлцүүлгийн оролцогчид онцолж байв. 

Байр суурь: 

Б.Өлзийбаяр: Биржийн арилжаа биднийг сахилга баттай, гэрээний соёлд сургана 

/“Өлзий энд Ко капитал ҮЦК “ компанийн Гүйцэтгэх захирал/

-Өнгөрсөн хугацаанд анзаарсан зүйл гэвэл биржийн бус зах зээлийг хөгжүүлэх явцад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, үр ашигтай түншлэл чухал гэдгийг бид маш тод харуулсан. Үлгэрлэсэн. Үр дүн нь гарсан. Уул уурхайн биржийн эрх зүйн орчин, харилцаа цоо шинэ. Хөдөө аж ахуйн биржийн алдаа, биржийн бус зах зээлийн оноогоо харах, эндээс сургамж авч, дүгнэлт хийх нь чухал. Өнөөдөр уул уурхайн биржийг бий болгоход болохгүй юм байхгүй. Үнэт цаасны компаниудын хувьд зах зээлийн оролцогч учраас дэмжих, хамтрах сонирхол их байгаа. Биржийн үйл ажиллагаатай холбоотой журмууд гарч эхэлж байна. Санал, зөвлөгөө авч эхэлсэн байсан. Уул уурхайн бирж бол өдрийн арилжаа нь тэрбумаар хэмжигдэхгүй. Том дүнтэй арилжаа, хэлцлүүд үүгээр хийгдэнэ. Төлбөр тооцооны системийг нь авч үзэхэд л ачаалал өндөр, тасралтгүй, найдвартай аюулгүй ажиллагаа, хурд шаардана. Хөрөнгийн зах зээл хөгжих чиглэл рүүгээ хандсан. Энэ зах зээл бүхнийг ил тод болгодог. Хэдхэн хүний эрх ашигт үйлчилдэг, далд байсан хэлцэл нээлттэй болж байна. Биржээр нүүрсээ хэдхэн сар арилжааллаа. Ам.долларын ханш буурч байна. Бодитой нөлөө нь валютын ханш суларч, бидний амьдралд энэ нь шууд мэдрэгдэж байна. Манай улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг, өмнө нь нүүрс гаргаад байгаа боловч орлогынх  нь 33 хувь л орж ирдэг байсан. Одоо энэ байдал өөрчлөгдөж, хоёр дахин нэмэгдсэн. Төлбөрийн тэнцэл дээр харагдаж байгаа. Оффшор данс руу бус Монгол Улс руу мөнгө нь орж ирж байна. Уул уурхай, хөдөө аж ахуйн биржийг нэгтгээд бараа, таваарын нэгдсэн бирж болгох, улмаар зардлаа бууруулах ч боломжтой. Хүний нөөц ч төдийлөн манайд хангалттай биш байгаа. Биржийн арилжаа биднийг сахилга баттай, гэрээний соёлд сургана. Гэрээ өөрөө хатуу нөхцөл, дүрэмтэй. Бид ирээдүйгээ төлөвлөж сурна. Өмнө нь баримжаагүй явж байсан. Ил тод, авлигатай тэмцэх нэг арга зам бол бирж. Тиймээс манай худалдан авагч талууд зах зээлий ил тод болгох, шударга байдлыг  дэмжих байх. 

Т.Болд: Салбарын өрсөлдөх чадвар дээшилнэ

/Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Ерөнхий менежер/ 

-Уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд шинэ хууль эрх зүйн орчин чухал үүрэг гүйцэтгэнэ. Зөвхөн үнэ цэнэ нэмэгдээд зогсохгүй татварын маргаантай олон асуудал үүгээр хамт шийдэгдэнэ гэж харж байгаа. Уул уурхайн салбар хайгуулын шатнаас эхлээд асар их эрсдэл, том дүнтэй хөрөнгө оруулалт, цаг хугацаа, олон талын оролцоо, хүч хөдөлмөр шаарддаг. Энэ бүхний эцэст гаргаж авсан бүтээгдэхүүнээ биржээр дамжуулан дэлхийн зах зээлийн үнээр арилжаална гэсэн өндөр хүлээлттэй байгаа. Үүний тулд түүхий эдээ боловсруулах, нэмүү өртөг шингээх, үйлдвэрлэлийн түвшин ахиулах шаардлагатай. Салбарын хувьд нэлээд ач холбогдол өгч, зохицуулалтын орчин улам тодорхой болно гэж найдаж байна. 

А.Баттамир: Уул уурхайд суурилсан программ хангамжийн эко систем бүрдүүлээд олон улсад гарах боломжтой 

Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхийлөгч, 

-Мэдээллийн технологийн салбар Монголд идэвхтэй хөгжөөд 20 жил болж байна. Энэ хооронд олон зүйл сайжирсан. 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад компаниуд шинэ түвшинд гарсан. Бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд зарж байна. Олон улсад үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлсэн. Гэхдээ Монгол Улс программ хангамж, мэдээллийн технологийн хөгжлөөрөө дэлхийд бүрэн дүүрэн танигдаж чадаагүй. Бид уул уурхайгаар илүүтэй танигдсан. Тиймээс уул уурхайд суурилсан программ хангамжийн эко систем бүрдүүлээд олон улсад гарах боломжтой. Олборлолтоос боловсруулалт, эрдэм мэдлэг рүү үндэсний бодлого чиглэж байна. Оюуны экспорт руу зорьж байгаа. Бид үүнд бэлэн болох ёстой. Бэлэн биш бол туршлага судлах, мэдлэг авах, ур чадвараа ахиулах шаардлагатай. Эхний алхмаа хийчихлээ, үндэсний компаниуд. Энэ нь Уул уурхайн биржийн эко системийг бий болгохоор ажиллаж байна. 10 жилийн дараа дэлхийн нүүрсний том нийлүүлэгч орны ашигладаг системийг олон улсад гаргах тэр боломж ойрхон. Өнөөдөр мэдээлэл технологийн салбар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа төдийлөн ахицтай биш. Түншлэгч бус өрсөлдөгч болсон. Төрийн өмчит программ хангамжийн компани олноор бий болсон. Үүнээс болоод салбарт ажиллаж байгаа мэргэжилтнүүд мохоож байгаа. Нэгдэж нийлэхгүй бол бид олон улсын энтэй өрсөлдөхөд амар биш.

 Ц.Хуяг: Арилжаанд фьючерс, форвард зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь үр дүнтэй

/Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн гишүүн/

-Дөнгөж л туршилтаар зүгшрүүлэх, сайжруулах үйл явц өрнөж байна. Энэ хугацаанд анхаарах зүйлүүд нэлээд ажиглагдлаа. Одоогийн цахим арилжаа зөв жишигт төдийлөн хүрч чадаагүй байгаа. Тэр нь ч харагдаж байна. Зарах, авах талуудад арилжаа маш тодорхой, хэлцэл хийх нөхцөл нь ойлгомжтой байх ёстой. Бүхий л оролцогч талуудад энэ нь тэгш үйлчлэх учиртай. Өнөөдөр үнэ хаялцах байдлаар арилжаа хийгдэж байна. Зарим үнэ дуудахгүй, зарах тал нь шууд үнийн санал хэлчихдэг. Энэ мэт цаашид анхаарах зүйлүүд байна. Олон улсын биржийн хэлцлээр явах ёстой. Үүнийгээ дагаж мөрдөх журмуудад ч маш тодорхой тусгаж өгөх байх. Зах зээлийн хэрэгслүүдийг хольсон зүйл харагдаж байгаа. Своп хэлцлээ зөв хийх, шат дарааллыг нь алдагдуулж болохгүй. Үүгээр зогсохгүй цаашид арилжаанд фьючерс, форвард зэрэг үүсмэл санхүүгийн хэрэгслүүдийг нэвтрүүлэх нь үр дүнтэй. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж байж л энэ цаг мөчид уул уурхайн арилжааг ил тод болгож чадна. Баялгийн хуваарилалт ч үүгээр шударга хийгдэнэ. Бүлэг этгээдийн сонирхлоор бус зах зээлийн хөгжсөн жишгээр бирж зөв ажиллана. 

Ж.Золжаргал: Монголын нүүрсийг сонирхох шинэ худалдан авагчдад арилжаанд шууд оролцох, биржээс авах боломж бүрдэнэ

/Монгол нүүрс ассоциацийн гүйцэтгэх захирал/ 

Өнгөрсөн хугацаанд хэдий сая гаруй тонн нүүрс биржээр арилжаалсан ч зах зээлд эерэг нөлөө үзүүлж чадсан. Монголын нүүрсийг сонирхох шинэ худалдан авагчдад арилжаанд шууд оролцох, биржээс авах боломж бүрдэнэ. Нүүрсний худалдаа илүү олон тоглогч, худалдан авагчтай болж байна. Үнэ зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр хэлбэлзэж, биржийн жишгээрээ явж байна. Худалдаатай холбоотой нуугдмал байсан олон асуудал эхнээсээ ил болж, тэр хэрээр өрсөлдөөн бий болно. Монгол Улс БНХАУ гэдэг ганцхан зах зээлтэй. Ганцхан тоглогчтой байхад биржийн дуудлага худалдаа хийх хэрэгцээ, шаардлага байна уу гэж асуулт гарч байсан. БНХАУ бол ганцхан тоглогч биш. Дэлхийн нүүрсний талыг хэрэглэгч. Төр болон хувийн хэвшлийн маш олон тоглогчтой. Тэд нарт нээлттэй худалдаалж байгаа. Үүгээрээ биржийн давуу тал гарч байна. Уул уурхайн бирж байгуулах нь зөв шийдвэр байсан. Одоо үүнийгээ хууль эрх зүйн хүрээнд илүү сайжруулах нь чухал. Цаг хугацааны хувьд биржтэй болох цаг үе ирчихсэн байсан. Бидний хамгийн том сул тал дэд бүтэц. Хоёр дугаарт хил гааль. Тээврийн дэд бүтэц дээр том бүтээн байгуулалт хийж чадсан. Үүнийг сайн талаас нь бас харах хэрэгтэй. Боомтын сэргэлтийн дагуу экспортыг нэмэгдүүлэх тодорхой бүтээн байгуулалтууд хийгдэж байна. Эдгээр нь биржийн үйл ажиллагааг дэмжинэ.

 

Эх сурвалж: itoim.mn

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.