Барилга ашиглалт үйлчилгээний III ангийн дарга Б.Батцэнгэлтэй уулзаж ярилцлаа.
-Сайн байна уу. 2025 онд төлөвлөгөөний дагуу хэчнээн ажил хийж гүйцэтгэх вэ?
-Манай анги Наран-Элгэнээс Замын-Үүд хүртэлх төмөр замын 21 уурын зуух, 315 барилга объектын засвар үйлчилгээг хариуцдаг. 2025 оны их засвар, их барилга засварын хүрээнд Олон улсын гармын өдөрлөгөөр буюу өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн гармын барилгын ажлыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ашиглалтад өглөө. Их засварын 2.1 тэрбум төгрөгийн төлөвлөгөөт ажлаас эхний хагас жилд зургаан ажлыг хийж гүйцэтгэлээ. Улсын баяр наадам, төмөр замчдын баяраас өмнө арваад ажлыг хийж дуусгахаар шамдан ажиллаж байна. Энэ ондоо их засвар, их барилгын ажлуудаа 100 хувь хийж дуусгана. Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд уурын зуух, шугам сүлжээний засварын ажлуудыг салбар бүр дээр хийж байна. Сайншандын төвд 100 гаруй метр дулааны шугамын их засварын ажил дуусаж Барилга, орон сууцны албанаас ирж шалгасан, хаалтын шатандаа явна. Замын даргын үзлэгээр зарим хэсгийн доголдолтой байгаа уурын зуухны асуудал хөндөгддөг. Айраг, Олон-Овоогийн насжилт өндөртэй уурын зуухны халаалтын системийн тогоог өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд шийдвэрлэхээр болсон.
-УБТЗ-ын мэдлийн хойд, урд хэсэглэлд байдаг зарим уурын зуухуудыг тухайн орон нутагт нь шилжүүлэх асуудал шийдэгдэж байгаа юу?
-Олон жил яригдаж байгаа УБТЗ-ын Говьсүмбэр зангилаан дахь төмөр замын I, II, III уурын зуухыг энэ жил орон нутагт хүлээлгэж өгнө. Үе шатны хурлууд нь болж, ажлын хэсэг хоёр талын оролцоотой байгуулагдсан. Өнгөрсөн тавдугаар сард сүүлийн хурлаа хийгээд бичиг баримт, объект, тоног төхөөрөмж, шугам сүлжээ хүлээлцэх ажлууд өрнөж байна. Долдугаар сарын 01-нээс өмнө аймгийн Иргэдийн хурал хуралдаж, орон нутгийн шийдвэр гарна. Төмөр зам талаас Ерөнхий хорооны хурлын шийдвэр 2024 онд гарсан. Тэгэхээр орон нутгийн чанартай, ард иргэдийг аятай тухтай амьдрахад орон нутаг төмөр замаас тодорхой үүргийг хүлээж, цаашид энэ уурын зуухуудыг ашиглая, аваад явъя гэсэн хүсэлтийн дагуу ажлууд зохион байгуулагдаад явж байна. 2011 онд “Чандмань илч” компанид Замын-Үүд хэсгийн уурын зуухуудыг өгч байсан туршлага бий. Төмөр зам нийгмийн салбарын ус дулаан, уурын зуухтай холбоотой шугам сүлжээг орон нутаг руу өгөх бодлогыг сүүлийн жилүүдэд эрчимтэй барьж байгаа. Цомог зөрлөгийн 24 айлын орон сууцыг орон нутгийн уурын зууханд холбохоор техникийн нөхцөлөө авсан. Тэгэхээр нэг уурын зуух зогсоно гэсэн үг. Цаашдаа Сайншанд дахь уурын зуухнуудаа орон нутгийн дулааны шугамд холбох ажлыг төлөвлөж байна. Энэ өвөл манайх 18 уурын зуухны өвлийн бэлтгэлийг хангаж ажиллана.
-2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлт, ажилчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?
-Манай ангид мэргэжлийн инженер, техникийн ажилтны хүрэлцээ хомс байна. Хоёр сар ХАБЭА-н инженергүй, мэргэжлийн боловсон хүчин олдохгүй, зар тавьж байгаа. Барилгын инженер, даамал ч хомсдолтой. Үндсэн барилгын ажилтан хомсдолтой байна. Үүний улмаас барилгын ажил удаашрах, чанаргүй болох зэрэг асуудал ажиглагддаг. Тэгэхээр бид байнгын эргэж тойрч, газар дээр нь алба болон ангийн зүгээс хяналт ойр ойрхон тавьж, төмөр замчдынхаа аятай тухтай амьдрахад анхаарлаа хандуулан ажиллаж байна. Мэргэжлийн боловсон хүчний талд сүүлийн жилүүдэд олон ажил зохион байгуулсан. 2019 оноос эхлээд хосолсон мэргэжилтэй ажилтан бэлтгэхээр болсон. Уурын зуухны галч нар улирлын чанартай буюу галлагааны долоон сарын хугацаанд ажилладаг. Тэднийг тавдугаар сард халаалт зогсох үеэр их засварын шавар будгийн ажилд туслахаар ажиллуулдаг. Барилгын мэргэжилтэй болгоё гэдэг үүднээс Говьсүмбэр аймгийн МСҮТ, Дорноговь аймгийн Политехникийн коллежтой хамтран ажиллаж нийтдээ 23 ажилтныг мэргэшүүлсэн. Харамсалтай нь, энэ ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллах нь учир дутагдалтай байна. Цалингаа голох зэрэг янз янзын шалтгаанаар халагдаад явчихна. Ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах, барилгын мэргэжлийн ажилтны нийгмийн асуудлыг хангах зорилготой Замын даргын А/247 тоот тушаал гарсан. Тухайн объектын 15 хувь дотор урамшуулал хүртэх заалттай. Энэ тушаал амжилттай хэрэгжиж байгаа. Нөгөө талдаа сүүлийн үед залуус ажлаас шантрах зэрэг байдлаас халагдаад явах тохиолдол олон гарч байна. Бид сүүлийн жилүүдэд шугам замд ажиллаж байгаа их засварын бригадуудыг 14 хоног ажиллуулаад буулгаж 2-3 өдөр гэрт нь амраадаг болсон.
-Барилгын нарийн мэргэжил бэлтгэдэг МСҮТ-үүд болон орон нутгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-Манай хүний нөөцөөс жил бүр Барилгын коллеж дээр уулзалт зохион байгуулж, байгууллагынхаа ажил байдлын талаар танилцуулж, ажиллах хүсэлт тавьдаг. Тухайн сургуулийг барилгын даамал болон нарийн мэргэжлийн ажилтнаар төгсөж байгаа хүүхдүүд говийг сонгодоггүй. Хойд чиглэлийг сонгодог учраас мэргэжлийн боловсон хүчний дутагдалтай байна. Аймгийн Хөдөлмөр, халамжийн хэлтэстэй хамтран ажил горилогч иргэдийн мэдээллийг тогтмол солилцон, тэндээс ажилчдаа хайдаг. Ангийн хэмжээнд Их засвар, Сантехник, Ашиглалт, Механизмын гэсэн үндсэн цех тасгуудтай. Эдгээр мэргэжил эзэмшсэн цехийн ажилтнуудаа түшиглэж л ажил явж байна. Төмөр замынхаа ажлыг тасалдахуулахгүйн тулд тодорхой хэмжээний шагнал урамшуулал өгдөг. Албаны зүгээс сайн хяналт тавьж, ажилчидтай уулзаж, асуудлуудыг шийдэж байна. Манай албаны Г.Ганбат дарга албыг чадварлаг удирдаж байгаад баярладаг. Манай хэсэглэлд “Говийн төмөр замчин” хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Замын даргын шийдвэрээр Лүн зөрлөгийн 30 айлын орон сууцыг худалдан авч өглөө, Замын үүд зангилаанд 108 айлын орон сууц, Сайншандад 180 айлын орон сууц баригдаж байна. Мөн Дархан, Зүүнхараа гээд орон сууцжуулах төслүүд амжилттай хэрэгжиж байна. Дорноговь аймагт 10000 айлын орон сууц барих зорилго тавьсан. Ипотекийн зээлийг орон нутаг руу татчихсан. Энд хөгжил байна. Сайншанд сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа учир төвд амьдраад өртөө, зөрлөг рүү явж ажиллана гэхээр хүмүүс ирэхгүй. Шалтгаан нь орон нутгийн барилгын зах зээл өргөн байна.
-Аль ч ажлын байранд шинэ үеийнхэн ажиллахаар ирж байна. Залуу ажилтныг хэрхэн сургаж, тогтвор суурьшилтай ажиллуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Одоогийн залуус хандлага ондоо болжээ. Сургууль төгсөөд ирсэн дипломтой залуучууд сурах сонирхолгүй, юмаа мэдэхгүй. Их дээд сургуульд практик дадлага бүүр алдагдсан. Тэр бүгдийг ажлын талбар дээр тэгээс нь эхлэн зааж, дадлагжуулах болдог. Тиймээс багш шавийн гэрээ байгуулж байна. Төмөр замын хэм хэмжээ дотроо л бүгдийг дүрэм журамд оруулахаар явж байтал “Ер нь болохгүй нь дарга аа, би явлаа” гэнэ. Тэгэхээр системтэй бодлого хэрэгтэй. Нөгөө талдаа алслагдсан аймгаас хүмүүс татах явдал чухал. Бүх их дээд сургууль Улаанбаатар хотод байна. Монголын өнцөг булан бүрээс хотод төвлөрч боловсрол эзэмшдэг. Жишээ нь Баян-Өлгий эсвэл Дорнодоос 100 оюутан суралцахаар хотод ирлээ гэхэд тэдний 50 хувь нь Улаанбаатарт шингэж, үлдсэн 50 хувь орон нутагтаа очиж байна. Орон нутагтаа очсон нь танил тал, ах дүү, хамаатан садангаар дамжуулан 30 хувь ажлын байртай болно. Дийлэнх нь худалдагч, том автомашины жолооч, сүлжээний бизнес эрхлэх, мал дээр гарч байна. Төмөр замын ажил үйлчилгээг сурталчилсан ажлуудыг Баян-Өлгий, Увс, Хөвсгөл зэрэг дэд бүтэц бага хөгжсөн газар хийж болохоор байгаа. Цахилгаан, холбооны инженер, барилгын өргөн мэргэжлийн хүмүүс хаа сайгүй байна. Энэ мэргэжлтнүүдийг эхний ээлжинд татмаар байна. Аймаг, сум бүр уурын зуухтай. Энэ нарийн мэргэжлийн хүмүүсийг татах хэрэгтэй. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээр нь дамжуулж зар явуулах, видео шторк, слайд хийгээд аймаг бүрт явуулмаар байгаа юм. Энэ хооронд ипотекийн зээлийн орон сууц барьж байртай болгох хэрэгтэй. Ирж байгаа хүмүүс байранд амьдрах сонирхолтой. Эсвэл түрээсийн орон сууцтай бол амьдарч байгаад өөрийн болгох гэсэн хоёр л гарц байна. Дорноговьд орон сууцжуулах том хөтөлбөр хэрэгжиж байгаа. Би Сайншандад таван жил ажиллахад хоёр өрөө байртай, арван жилийн дараа Улаанбаатар, Замын-Үүдэд очиж амьдарна гэсэн хүний амьдралын тооцоолол янз янз байж болно. Ийм хөшүүрэгтэй байхгүй бол ажилчин ирэхгүй байна. Зар тавиад ч ирэхгүй. “Цалин 4-5 сая төгрөг биш бол би очихгүй” гэдэг. Манайх “Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжихээс өмнө л орон тооны хомсдолтой байсан. Мөн дэлхий нийтээр 1990 оноос хойш төрөлт багассанаар ажиллах хүчний хомсдолд оржээ. Өмнө нь 2015, 2016 оны үед ажилд оръё гээд дугаарладаг байлаа. 2019 онд энэ байдал байхгүй болсон. Орон нутгийн бүтээн байгуулалтууд ихэссэнтэй ч холбоотой байх.
-Одоо хэчнээн ажилтантай вэ?
-308 ажилтантай. Өнгөрсөн жилийн мөн үед 24 орон тоо дутуу байсан. Явцын дунд нөхсөн ч 6-7 орон тоо дутуу л байна. Ялангуяа, байгууллагын гол цөмийг барьж явах ёстой инженер олдохгүй байна гэхээр хэцүү биз дээ.
Хамгийн нэгдүгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй. Би өөрөө ХАБЭА-н инженер байсан учраас барилга, уурын зуух, шугам дулаан зэрэг асуудлаар хуралдах бүртээ ХАБЭА ярьдаг. ХАБЭА-гаар хурлаа эхлээд технологи, төсөв, ирц чадавх гэсэн дарааллаар ажлаа ярилцдаг. ХАБЭА нэн тэргүүний асуудал гэдгийг ажилчдадаа яс маханд нь шингэтэл ойлгуулах нь чухал. Олон хэлэхээр бас улиг болдог юм байна. Хэлэхгүй байж бас болохгүй. Хэлээд ч хэрэгжихгүй байх тал бий. “Дарга дандаа тэгэж л байдаг юм” гэсэн аястай. Ийм байдал руу хүнийг түлхэж болохгүй. Одоо жаахан ширүүлээд чанга дуугаар ярьчихвал “Өргөдлөө өгөөд явлаа” гэх тохиолдол зөндөө л тулгарч байна.
-Зөрлөг өртөөний технологийн эсвэл галладаг орон сууцны засвар үйлчилгээнд энэ жил хэр төсөв мөнгө тусгагдсан бэ. Их засварт оруулахаас илүүтэй шинэ орон сууц барих нь үр дүнтэй болов уу?
-Ажилчдын орон сууц барих, засварлах хоёрын өртөг бараг адилхан болоод байна. Юмны үнэ өсөөд төсөв нэмэгдэхээр засварын зардал өснө. 2000 оноос хойшхи үеийн он залуу барилгуудыг дулаалах ажлыг сүүлийн жилүүдэд хийж байна. Улмаар цахилгаан халаалтад шилжүүлэх. Сумангийн зоо, Долоодын хөндий зөрлөг дээр иж бүрэн засвар хийсэн. Дээвэр, цонх, шал, хана, дулаалга, гадна фасадыг ойрын хэдэн жилдээ гар хүрэхээргүй болгохгүй бол энэ олон зуун барилга объектын цаана гарч чадахгүй. Үзлэг бүрээр “Манай байр сийгдэг, дусаал гоождог” гэж төмөр замчид ярьж, арга хэмжээ авч өгөхийг хүсдэг. Орон сууцжуулах бодлогын хүрээнд сүүлийн 20 гаруй жил олон орон сууц барьсан. Замын хөрөнгө санхүү, мөн тухайн өртөө зөрлөг яаж хөгжих, тээх нэвтрүүлэх чадвар хэр нэмэгдэх, ажилтнууд хэрхэн нэмэгдэх гэж байна. Нөгөө талдаа амьдрах орон сууцны насжилт нь дуусаж уу гэдгийг Орон сууцны төв комиссоос тооцож байгаад Замын дарга шийдвэр гаргаж байгаа. Өртөө зөрлөг дээрх ЛП маягийн байшингуудын насжилт дууссан. 50-70 оны барилгууд шүү дээ. Засварлана гэхээр бараг шинээр барих хэмжээний зардал гарахаар байгаа. Бид төсөв хийхээр өндөр гараад төлөвлөгөө олдохгүй юм. Замчид манай байрыг засаад өгөөч гээд байдаг. Бидэнд тавигдаж байгаа төсөв төлөвлөгөө бусдын аж ахуйтай нийлээд 1-3 тэрбум гаруй төгрөгийн ажлыг жилдээ хийж байна. Энэ жил манайх 456 сая төгрөгөөр долоон ажил хийх жишээний. Нөгөө уурын зуух, инженерийн шугам сүлжээ, худгууд, машин механизм, өртөө зөрлөгийн 315 барилга объектоо яах вэ, энэ хэдхэн төсөв дээр асуудал яригдаж байна. Сууцны аж ахуй, нийгэм хангамж, өөрийн болон бусдын их засвар гэсэн гурван хүрээлэлд төсөв яригддаг. Задалбал, технологийн орон сууцыг засварлахад 136 сая төгрөг. Энэ хүрээнд Олон-Овоо, Оорцог-Энгэр дэх 16 айлын дээврийн ажлыг хийж байна. 21 уурын зуух, 33 км инженерийн шугам сүлжээ, 1000 гаруй худагтай. Тэгэхээр энэ төсвүүд хаанаа ч хүрэхгүй байна. Нийгэм хангамж дээр дөрвөн ажилд 233 сая төгрөг төсөвлөгдсөн. Дулааны шугам сүлжээний ажлыг сая хийж дууссан. 100 гаруй метр дулааны шугам сүлжээнд 70 гаруй сая төгрөгийн ажил хийлээ. Сайншандын нэгдүгээр зуухны тогоог хүчитгэсэн. Уурын зуухны усны нөөц банк авах, ялтсан бойлуурын ажил гэрээний шатандаа явж байна. Өөрийн болон бусдын их засвар гэхээр манайх гурван клуб, хоёр спорт заал, гурван зочид буудалтай. Эндээс тодорхой хэмжээний ашиг олно. Ашиг олохгүй үе ч гарна. Орчин үеийн зочид буудлууд маш гоё стандарттай болсон. Тэр жишигт хүргэх л зорилготой байгаа. Үе шаттайгаар жил жилийн төлөвлөгөөнд бодлогоор заавал тавьж байгаа. Тэгэхгүй бол өөрийн аж ахуйгаа навсайлгаад байж болохгүй. Бусад ажлууд нь бусдын аж ахуй. Нийтдээ 1.7 тэрбум төгрөгийн ажил байгаа.
-Жил бүр хойшлогдоод, орхигддог ажлууд байгаа юу?
-Байгаа, өртөөний ажилчдын сууц. Түшлэг, 39 дүгээр зөрлөг, 33 буюу замын хэсгийн сууцнууд, 31 гээд олон газар байна. Бид ангийнхаа хүрээнд ажлаа эрэмбэлдэг. Хамгийн эрсдэл ихтэй байшингуудаасаа авч төлөвлөгөөндөө оруулдаг. Бусдын аж ахуй мөн ялгаагүй ингэж л хийгддэг байх. 315 технологийн болон албан тушаалын байр байна. Бид аль болох замчдын орон сууц руу мөнгө тусгуулчих гэдэг. Өнөөх нь хэтэрхий өндөр төсөв гарч ирээд байдаг. Дөрвөн айлын байр гэхэд л 120-180 сая төгрөгийн өртөгтэй засвар хийгдэнэ. Төмөр замын ажилчдын цалин төсөвт суудаг учраас өртөг өндөр байна. Автомашин парк шинэчлэлт хийх гээд олон асуудал байна. 4.5 тн ачдаг хуучны “Самсовал” байсан дээр үү, 20-22 тн ачдаг “Howo” маркийн автомашинтай байсан нь дээр үү гэж олон хувилбараар ярьж л байна. Сүүлийн жилүүдэд Замын дарга дорвитой шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байна. Төмөр замчид ч ам сайтай байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
