Нүүр Ярилцлага Б.Артур: Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг 2026 онд дуусгана
Ярилцлага

Б.Артур: Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын ажлыг 2026 онд дуусгана

G.Press 6 сарын өмнө 214 үзэлт 2 сэтгэгдэл

 

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артуртай ярилцлаа.

 

-Сайн байна уу? Тантай бид өмнө нь олонтаа ярилцаж байсан ч Төмөр замын газрын даргаар томилогдсоноос тань хойш анх удаа ярилцаж байна. Юун түрүүнд Төмөр замын газар дахин байгуулагдаад хэр төвхнөж амжив. Одоогоор ямар бүтэц бүрэлдэхүүнтэй, ямар үүрэг чиглэл хүлээн ажиллаж байна вэ?

 

-Төмөр замын тээврийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийг 2023 онд баталж, энэ оны нэгдүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 10 дугаар зүйлд “Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна” гэж заасан.

Төмөр замын газар нь өсөн нэмэгдсээр байгаа тээврийн хэрэгцээг хангаж, төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөнийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах, суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч болон тээвэрлэгч хоорондын харилцааг зохицуулах, тээврийн аюулгүй байдлыг мөрдүүлэх, салбарын боловсон хүчнийг мэргэшүүлэх, суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх, тээврийн сүлжээг өргөжүүлэх үүрэгтэй. Мөн төмөр замын чиглэлийн судалгаа, шинжилгээ, шинжлэх ухаан технологи, инновацийг нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, төмөр замын салбарт мөрдөх дүрэм, журам, стандартыг боловсронгуй болгох, төмөр замын тээврийн үйлчилгээнд оролцож буй өмчийн олон хэлбэрийн хуулийн этгээдийн зах зээлийн өрсөлдөөний тэгш байдлыг хангах, төр хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Засгийн газрын энэ оны 73 дугаар тогтоолоор манайхыг байгуулсан. Орон тооны дээд хязгаарыг нь 48 байхаар тогтоосны дагуу Зам, тээврийн сайдын гуравдугаар сарын 12-ны өдрийн “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” А/69 дүгээр тушаалаар зургаан газар, хоёр хэлтэс, 48 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гэвч Засгийн газрын өнгөрсөн наймдугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 52 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар манай орон тооны дээд хязгаарыг 35 байхаар шинэчлэн тогтоосон.

Ийнхүү “Агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц”-ийг Засгийн газрын 52 дугаар тогтоолын гуравдугаар хавсралтаар батлагдсан “Засгийн газрын агентлагийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийн ерөнхий загвар”-ын дагуу шинэчлэн боловсруулж, Зам, тээврийн сайдын А/277 тоот тушаалаар дөрвөн газар, гурван хэлтэстэйгээр ажиллаж байна.

 

-Өнгөрсөн хугацаанд танай газар ямар ажлуудыг хийж амжуулав?

 

-Байгуулагдаад удаагүй ч бид чамлахааргүй ажлыг амжуулсан. Тухайлбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын болон Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын ажлыг амжилттай хэрэгжүүлж байна. Есдүгээр сарын 15-ны байдлаар төмөр замын тээвэрлэлтийн өссөн дүнгээр нийт 28.12 сая тонн ачаа, 1.2 сая зорчигч тээвэрлэлээ. Замын-Үүд-Эрээн боомтын өргөн царигаар хоногт дунджаар 16, нарийн царигаар 7.5, Сүхбаатар-Наушки боомтоор 7.9 галт тэрэг солилцож байгаа. Ингэснээр УБТЗ ХНН 22.8, “Монголын төмөр зам” ТӨХК 4.1,"Монголиантранс лайн" ХХК 1.22 сая тонн ачаа, УБТЗ ХНН олон улсын 32,2, орон нутгийн 1.183.19, "Монголын төмөр зам" ТӨХК 1.06, "Тавантолгой төмөр зам" ХХК 1.93 мянган хүн, нийт 1.2 сая зорчигч тээвэрлээд байна. 

Хөдлөх бүрэлдэхүүний хувьд суурь бүтцүүдийн техникийн хүчин чадал, багтаамжийг хөдлөх бүрэлдэхүүний хэмжээтэй уялдуулах, вагон эргэлтийн хугацааг багасгах, ачаа тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах үүднээс УБТЗ ХНН-ийн суурь бүтцээс бусад суурь бүтэц дээр тээвэрлэлт хийхээр хилээр орж ирсэн ачааны вагоныг суурь бүтцээс гаргах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын хүрээнд зохион байгуулан ажилладаг.

Монгол Улсын төмөр замын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь бидний бас нэг үүрэг. Тухайлбал, ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлаг (Росжелдор)-ын дарга Сахаров Александр Геннадьевичтэй өнгөрсөн сарын 12-нд цахимаар уулзсан. Талууд уулзалтаар байгууллагуудаа танилцуулж, ойрын хугацаанд биечлэн уулзаж, хоёр улсын төмөр замын зорчигч, ачаа тээврийн харилцааг бэхжүүлэх, төмөр замын үйлдвэрлэл, суурь бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх чиглэлээр дэлгэрэнгүй санал солилцохоор тохирсон. Мөн БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас зохион байгуулсан “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал”-д оролцсон. БНСУ-ын Дэжон хот дахь “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллага /KNR/-д зочлон, тус байгууллагын гүйцэтгэх захирал Ли Сон Хэтэй уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай санамж бичгийг байгууллаа. Ингэснээр төмөр замын мэргэжлийн боловсон хүчин, инженер техникийн ажилтнуудыг сургах, Солонгос улсын төмөр замын техник технологийг Монгол Улсад барих төмөр замын төслүүдэд ашиглах зэрэг нөхцөл боломжууд бүрэх юм.

Төмөр замын газрын урилгаар БНХАУ-ын Хятадын төмөр замын дохиолол холбооны корпораци ХХК-ийн ТУЗ-ийн дарга Лоу Чилян тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн сарын 09-12-ны өдрүүдэд манайд айлчилж, Монгол, Хятадын төмөр замын дохиолол холбооны салбарын мэргэжилтнүүдийн уулзалтыг хамтран зохион байгуулсан. Цаашид төмөр замын дохиолол холбооны салбарын норм стандартын чиглэлээр харилцан туршлага, мэдээлэл солилцох, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслийн хүрээнд байгуулагдах терминалд ухаалаг дохиолол холбоо, хяналт удирдлагын системийг нэвтрүүлэх, Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн төмөр зам дагуух эргүүлийн хяналтыг дроноор хийх туршилтыг хамтран гүйцэтгэхээр тохиролцсон. Эдгээрийн хэрэгжилтийг хариуцах ажлын хэсгийг Төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөллүүдийг хамруулан энэ сарын 13-ны өдрийн А/60 тушаалаар байгуулаад байна.

Төсөл, арга хэмжээний тухайд Замын-Үүд өртөөний нарийн царигийн паркийн өргөтгөл, дагалдан байгуулах терминалын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж, хамтран ажиллах асуудлаар БНХАУ-ын Хөх хотын төмөр замын гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны групп ХХК-тай уулзаж, ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Хятадын талд төслийн зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад шаардагдах мэдээлэл, материалыг ажлын даалгаврын хамт хүргүүлэхээр ажиллаж байна.

 

-Сүүлийн жилүүдэд Боомтын сэргэлтийн хүрээнд хил дамнасан шинэ төмөр замуудын ажил эрчимжиж байна. Их бүтээн байгуулалтууд өрнөж буй цаг үед та агентлагийн даргаар томилогдлоо. Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын ажил ямар шатандаа явж байна вэ?

 

-Энэ төмөр замын төслийн барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Бэлтгэл ажлын хүрээнд бетон зуурмагийн үйлдвэрийн угсралт 80 хувь, ажилчдын кемпийн барилга 95, дайрга хадгалах агуулах 60, арматур бэлтгэх талбайн ажил 80, оффисын барилга байгууламжийн ажил 60 хувийн тус тус гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Төслийн хүрээнд 19.5 км төмөр замын дээд, доод бүтэц, 9.5 км урт, 6-30 м өндөр эстакад гүүр, 28 хоолой, гурван жаазан гүүр, гурван /10/0,4кВ-ын/ дэд станц, шугам сүлжээ, гурван иж бүрдэл дохиолол төвлөрүүлэлт хориглолын систем, 19 барилга, долоон байгууламж, 8.7 км авто замын багц ажлууд хийнэ. Үүнээс төмөр замын доод бүтцийн ус зайлуулах хиймэл байгууламжийн ажил 20 орчим хувьтай байна. Гүүрийн ажлын хүрээнд Монголын талд 283 тулгуур шон босгох ажил эхэлсэн. Өрөмдлөгийн бэлтгэл, арматур, хэв хашмалын ажлыг хийж байна.

Ийнхүү төслийн барилга угсралтын ажлын нийт гүйцэтгэлийг авч үзвэл бэлтгэл ажил 85 орчим хувь, төмөр замын дээд, доод бүтцийн ажил 18, гүүрийн ажил таван хувийн гүйцэтгэлтэй явж байна.

 

-Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын төмөр замын мэргэжилтнүүд, мэргэжлийн компаниуд оролцож байгаа юу?

 

-Төмөр замын барилгын ажил гүйцэтгэх гэрээний 30 хувь хүртэлх үнийн дүнд туслан гүйцэтгэгчээр монгол компаниуд орж ажиллах боломжтой байгаа. Одоогоор тус төсөлд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 50 орчим инженер техникийн ажилтан ажиллаж байна.

 

-Энэ төмөр замаар хоёр улс харилцан ачаа тээвэр солилцохын тулд Хятадын тал ч бүтээн байгуулалтын ажил өрнүүлж буй байх. Хоёр талдаа өргөн, нарийн царигт шилжүүлэн ачих анги байгуулж таарна. Ер нь, энэ төмөр замын ажил хэзээ бүрэн дуусаж, анхны галт тэргээ явуулахаар байна вэ?

 

-Хятадын тал ч бүтээн байгуулалтаа хийж байна. БНХАУ-ын Ганцмод боомтод жилд 20 сая тонн шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал, 10 сая тонн задгай нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай вагон хөмрөх технологитой терминалууд барьж байна. 2024 онд байгуулагдсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, энэ оны хоёрдугаар сарын 14-ний өдөр байгуулсан “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т хоёр улс бүтээн байгуулалтыг зэрэг эхэлж, зэрэг дуусгахаар тусгасан. Уг хэлэлцээрийн дагуу “Тавантолгой төмөр зам” ХХК, БНХАУ-ын Төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп компаниуд бүтээн байгуулалтын барилгын ажил гүйцэтгэх гэрээг зургадугаар сарын 09-нд байгуулж, мөн сарын 15-нд Монгол, Хятадын хилийн бүсэд шон суурийн өрмийг тавьснаар ажил албан ёсоор эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлыг талуудын байгуулсан гэрээний дагуу 2027 оны хоёрдугаар улиралд багтаан дуусгаж, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

 

-Зардлаа хэр хугацаанд нөхөж, жилд хэдий хэмжээний ачаа солилцоно гэж тооцов?

 

-ТЭЗҮ-ийн тооцооллоор бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардлаа 5.6 жилийн хугацаанд нөхөхөөр байгаа. Тус төмөр замаар 2025-2027 онуудад жил бүр тав, 2028-2029 онд жил бүр зургаа, 2030 оноос хойш жил бүр 20 сая тонн буюу нийт 16 жилийн хугацаанд 247 сая тонн нүүрсийг экспортлохоор Чайна энержи групп компанитай тохиролцож, “Монголын төмөр зам” ТӨХК урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн гэрээг байгуулсан. Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн царигаар Хятадаас Монгол Улс руу 10 сая тонн ачаа импортлох хүчин чадалтай. Тэгэхээр тус хил дамнасан төмөр замаар жилд дундажаар 30 сая тонн ачаа солилцох тооцоолол гарч байгаа юм.

 

-Мөн Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна. Энэ төмөр замаар ямар ачаа тээвэрлэх болон цаашид манай улсад ямар үр ашиг авчрах вэ?

 

-Энэхүү зам нь УИХ-аар 2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, хөгжлийн дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зарим төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бий болгохоор Засгийн газрын 2025 оны 21, 86 дугаар тогтоолуудын хүрээнд хэрэгжиж байна. Энэ салбар төмөр зам УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран, “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын урдуур чиглэн, Хөшигийн хөндийд төлөвлөгдөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс”-д хүрнэ. Хөшигийн хөндий хүртэл 87.2 км, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6 км, нийт 102.8 км үргэлжлэх юм. Төмөр зам барих ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 25-нд эхэлж, одоогийн байдлаар газар шорооны ажил 95.9, гүүрийн барилгын ажил 90, замын дээд бүтцийн ажил 7.4 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Мөн Төмөр замын трассын дагуу таван байршилд нийт 2500 метр урт дам нуруун гүүрэн байгууламжийг төлөвлөсөн. Тэдгээр гүүрэн байгууламжийг дотоодын аж ахуй нэгжүүд хамтран амжилттай гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар гүүрийн барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй. Энэ төсөл нь Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, хотод аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр гадна бүсэд буулган, логистикийн төвөөр дамжуулан түгээх төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал бүхий тээврийн томоохон зангилаа логистик төвийг бий болгох, дамжин өнгөрүүлэх болон экспорт, импортын ачаа эргэлтийг хангах зорилготой.

 

-Манай улс хилийн төмөр замын олон гарцтай болж буй нь сайн хэрэг. Эдгээр бүтээн байгуулалттай уялдаад Ази-Европыг холбосон хамгийн дөт УБТЗ-ыг цаашид илүү хөгжүүлэх, хос замтай болгох зэрэг зайлшгүй шаардлагууд тулгарч байх шиг. Ачаа, зорчигчийн вагонууд, зүтгүүрүүд гээд хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэлээд шинэчлэхээр байна. Энэ талаар Төмөр замын газар ямар бодлого барин ажиллаж байна вэ?

 

-Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Монгол Улсад 11424 хөдлөх бүрэлдэхүүнийг төмөр замын ачаа болон зорчигч тээвэрт ашиглаж байна. ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан улсаас төмөр замын тээвэрт ашиглах зүтгүүр, ачааны вагон олноор импортолсон. Сүүлийн хоёр жилд 21 зүтгүүр, ачааны 1713 вагон  буюу нийт паркийн 15 хувь нь шинэчлэгдээд байна.

Түүнчлэн, Монгол Улсад ашиглаж буй зорчигчийн вагоны паркийн 85 хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Цаашид зорчигчийн вагоны парк шинэчлэлтийг үе шаттай хэрэгжүүлэхээр бодлого барин ажиллаж байна. Зам, тээврийн сайдын энэ оны А/271 тоот тушаалаар “Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам”-ыг шинэчлэн батлуулсан.

Манай агентлаг ачааны болон зорчигчийн вагоны дундаж хурдыг нэмэгдүүлэх, зорчигчийн вагоны паркийг шинэчилж, тав тухыг хангах зорилт тавин ажиллаж байна.

 

-Хувь нийлүүлсэн болон төр, хувийн хэвшлийн олон төмөр замын байгууллага бий болсон. Эдгээр компанийн галт тэрэгний хөдөлгөөн, ачаа тээвэр, хоорондын уялдаа холбоог зангидаж ажиллахад хөдөлгөөний аюулгүй байдал, дүрэм журмын мөрдөлт, шшинэ хуучин техник технологийн зөрүү гээд олон асудал тулгарч байна уу? 

 

-Төмөр замын тээврийн байгууллага хоорондын галт тэрэгний хөдөлгөөнийг нэгдсэн технологийн горимын дагуу зохион байгуулан ажиллаж байна. Энэ утгаараа жил бүр төмөр замын байгууллагууд суурь бүтэц хооронд дамжин өнгөрөх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн зохион байгуулж, өмнөх оны зөвлөгөөний биелэлт, дараа онд тээвэрлэх ачааны төрөл, хэмжээ, хүрэх өртөөг улирал бүрээр нарийн тооцон төлөвлөдөг. Мөн төмөр замын уулзварын өртөө хооронд төмөр замын суурь бүтцийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага хооронд ачаа солилцох гэрээг байгуулан хамтарч ажилладаг. “Монголын төмөр зам” ТӨХК, УБТЗ ХНН болон хувийн хэвшлийн төмөр замын байгууллагуудын хөдөлгөөний аюулгүй байдал, дүрэм, журмын мөрдөлт, суурь бүтэц хоорондын ачаа солилцох асуудлыг нэгдсэн журмаар зохион байгуулан ажиллаж байна. Төмөр замын байгууллагуудын хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлт, хөдөлгөөний аюулгүй байдлын хяналтын системийг туршилтаар нэвтрүүлж байгаа. Хөдлөх бүрэлдэхүүн /зүтгүүр, вагон/-ийг суурь бүтэц хооронд нэвтрүүлэх ажлыг журам, гэрээний дагуу зохион байгуулж буйн нэг жишээ нь “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн төслийн хүрээнд нийлүүлсэн CD70Ace/LW серийн Америк зүтгүүрийг УБТЗ ХНН-ийн Айраг-Замын-Үүд хэсэглэлд ашиглаж байна. 

 

-Ирэх онд төмөр замын салбарт хийхээр төлөвлөсөн томоохон ажлаасаа танилцуулна уу?

 

-Юуны түрүүнд одоо хэрэгжүүлж буй Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан, Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, байнгын ашиглалтад оруулах шаардлагатай байна. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг үргэлжлүүлэн УБТЗ ХНН-ийн Аршаант өртөөтэй холбох тухай ОХУ-ын талтай яриа хэлэлцээрийг эхлүүлэх, тохиролцохоор ажиллаж байна. Бас Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтын хил дамнасан төмөр замуудыг үе шаттайгаар холбох тухай БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо, Хилийн боомтын захиргаа зэрэг байгууллагатай эхлүүлсэн яриа хэлэлцээрийг эцэслэн барилга угсралтын ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөсөн.

Мөн “Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн боомтын төмөр замыг өргөтгөх, хөгжүүлэх” зорилтын хүрээнд Эрээн өртөөтэй нарийн царигийн хоёр дахь хил холболт, Замын-Үүдийн нарийн царигийн өртөөний зам, холбооны байгууламжийн шинэчлэлт, цахилгаан төвлөрүүлэлтэд холбож дохиолол холбооны системээр тоноглох бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, БНХАУ-тай тохиролцож, хамтран хэрэгжүүлнэ. Эдийн засгийн коридорын төслүүд болох Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн буюу баруун босоо чиглэлийн 1255 км төмөр зам барих төсөл, Чойбалсан-Бичигт буюу зүүн босоо чиглэлийн 415 км төмөр зам барих төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Дээрх хил дамнасан төмөр замын болон эдийн засгийн коридорын төслүүдийн талаар энэ онд хийсэн ажлуудыг эрчимжүүлэн 2026 онд тодорхой ахиц дэвшил гаргахаар шамдаж байна.

 

-Баярлалаа, танд болон танай хамт олонд ажлын өндөр амжилт хүсье!

 

 

М.Наранболд 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

2 сэтгэгдэл байна.

Зочин 6 сарын өмнө
Убтз-ыг оросууд монголд бүр өгөх сонирхолгүй. Ссср-ын орнууд шиг байлгах
Зочин 6 сарын өмнө
Анх төмөр зам барьж байхад трасааа 200 км алдчихсан