МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны дарга Б.Алтанхуягтай шинээр батлагдсан Хамтын гэрээний талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-Танд шинэ оны мэнд хүргэе. УБТЗ ХНН, МТЗ-чдын ҮЭ-ний эвлэлийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээний хугацаа дуусжээ. Гэрээг хоёр тал хэрхэн дүгнэв?
-“Ган зам” сонины эрхэм уншигч та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе ээ. УБТЗ ХНН, МТЗ-чдын ҮЭв-ийн холбооны 2024-2025 оны Хамтын гэрээ 99.8 хувьтай хэрэгжиж, дараагийн Хамтын гэрээндээ халаагаа өглөө. Энэ Хамтын гэрээг хэрэгжүүлэх хүрээнд ажилтанд олгогдож байгаа нэмэгдэл, нэмэгдэл хөлс, цалин хөлс, шагнал, урамшуулал, нийгэм ахуйн хөнгөлөлт гэх мэтэд Замын захиргаанаас 364.7 тэрбум төгрөг захиран зарцуулсан.
-Шинэ Хамтын гэрээг оноос өмнө баталсны ач холбогдол юу бэ?
-2026-2027 онд хэрэгжүүлэх шинэ Хамтын гэрээг хоёр оны зааг дээр гарын үсэг зурж баталгаажууллаа. Энэ удаагийн Хамтын гэрээг боловсруулахдаа анхан шатын хороодоос эхлэн гишүүдийнхээ саналыг авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Манай гишүүдээс давхардсан тоогоор 485 санал ирсэн. Үүнээс хамтын гэрээнд 37 заалтад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр 24 заалт нэмж оруулахаар санал боловсруулж, 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ажил олгогч талд саналаа хүргүүлсэнээр хэлэлцээ эхэлсэн.
Хэлэлцээний үр дүнд 2026-2027 оны Хамтын гэрээнд 25 заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, гурван заалтыг шинээр нэмсэн. Дээр нь шинээр оруулахаар өгсөн 12 саналыг Хамтын гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд оруулж, баталсан. Энэ төлөвлөгөө Хамтын гэрээний салшгүй нэг хэсэг болно гэж баталгаажуулснаар энэ 12 шинэ заалтыг 2026 онд холбогдох тооцоо судалгаа хийсний дараа хэрэгжүүлж эхлэх юм. Энэ нь Хамтын гэрээний хамгийн чухал онцлог байлаа. Түүнчлэн хамтын гэрээ процессын хувьд он гарахаас өмнө батлагдсан нь сайшаалтай. Урьд нь ихэнх тохиолдолд он гаргаж, нэгдүгээр сард юм уу, хоёрдугаар сард батлагддаг байсан.
Хамтын гэрээг ингэж он дотор нь баталж байгаа нь дараачийн хамтын гэрээний хэлэлцээ дуусах жилийнхээ хагас жилээс өмнө эхэлнэ гэсэн үг. Энэ нь дараа жилийн үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөг УБТЗ-ын Ерөнхий хороо хэлэлцэж батлахаас өмнө Хамтын гэрээний гол нөхцөлүүдээ тохирч авах ач холбогдолтой юм.
-Жил бүр цалин хөлс тогтмол нэмэгдэж байгаа. Энэ удаагийн Хамтын гэрээнд цалин хөлсийг нэмэгдүүлэхийн тулд юунд анхаарсан бэ?
-Манай төмөр замчид ирэх жилүүдэд үндсэн цалинг хэрхэн нэмэгдэх вэ гэж их асууж байна. Энэ оныг УБТЗ ХНН “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Бид хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж байж цаашдаа цалин хөлсийг бодлогоор, үе шаттайгаар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх учиртай. Өнөөдөр УБТЗ-ын нийт зардлын ойролцоогоор 42 хувийг цалин хөлсний зардал эзэлдэг. Гэсэн ч үндсэн цалинг жил болгон нэмэгдүүлж ирсэн.
Хувь хүн талаас харвал цалингийн нэмэгдэл бага юм шиг боловч үндсэн цалинг дагаад сарын үр дүн, жилийн үр дүн, удаан жилийн нэмэгдэл гэх бусад нэмэгдэл дагаад өсөхөөр нийт дүнгээрээ багагүй хэмжээгээр өсдөг сайн талтай.
2026 онд бид үндсэн цалинг нэмэгдүүлэхэд дөрвөн нөхцөл тавьж байгаа юм. Нэгдүгээрт, үндсэн цалинг 10 доошгүй хувиар нэмэгдүүлэхийг сануулж байгаа. Хоёрдугаарт, өнгөрсөн хамтын гэрээгээр сарын ажлын үр дүнгийн шагналын тодорхой хувийг үндсэн цалин руу шилжүүлэх асуудлыг үргэлжлүүлэхийг хүсэж байгаа. Сарын ажлын үр дүнгийн шагнал баталгаат цалин хөлс биш, тухайн ажилтны сарын ажлын үр дүн, үндсэн болон харгалзах үзүүлэлтэд заасан хийж гүйцэтгэх үүргүүдээ 100 хувь биелүүлснээр авдаг урамшуулал юм. Үүнийг байгууллагын цех, тасгийн төлөвлөгөөний биелэлт, сахилга, зохион байгуулалтын асуудал, удирдлагын үнэлэмж, комиссын шийдвэрээс хамаарч олгодог учраас баталгаат хөлс биш. Үр дүнгийн шагналын тодорхой хувийг үндсэн цалин руу шилжүүлэх нь баталгаат хөлс болж эхэлдэг. Үндсэн цалин руу шилжүүлснээрээ бид сарын ажлын үр дүн болон жилийн ажлын үр дүнд шаардагдах мөнгөн дүн жилийн дунджаар ажилтанд очих нэмэгдэл нь тооцоолол ногдол нь нэмэгддэг ач холбогдолтой.
Гуравдугаарт, цалин хөлсний бүтцийг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Үндсэн цалинг хувиар нэмэгдүүлэхээр бага цалинтай нь бага нэмэгдээд, их цалинтай нь их нэмэгдээд байна гэж яригддаг. Тэгвэл тэгэж нэмэгдүүлэхээ болиод тогтмол дүнгээр нэмэгдүүлье гэхээр нөгөө бага цалинтай ажилтнууд нь дээд шатныхаа албан тушаалтны цалингаас даваад ирдэг ч юмуу, эсвэл бүүр ойртчихдог. Ингэснээр мэргэжил хоорондын цалингийн ялгаа байхгүй болж ирдэг. Үүний улмаас ажил, албан тушаалд тавигдах шаардлага, ур чадвар, албан тушаал хоорондын зэрэглэлийн байдалд давхар асуудал гарч эхэлдэг. Иймд бид цаашдаа Хамтын гэрээний хүрээнд цалингийн бүтцээ авч үзье, цалингийн сүлжээгээ сайжруулъя гэж тохиролцсон. Энэ оны хагас жилийн баланс гарсны дараа буюу хагас жилээр дээрх гурван нөхцөл дээр нэмэгдээд дахиад нэмэгдэл хэлэлцээр хийхээр Хамтын гэрээний төлөвлөгөөнд оруулж чадсан.
Ингэснээр “Байгууллагын хөгжил, бүтээмжийг нэмэгдүүлэх жил”-ийн хүрээнд хэрхэн үр ашигтай ажиллах вэ? Үр ашиггүй зардлуудаа хэрхэн бууруулах, бүтэц орон тоог хэрхэн оновчтой зөв зохион байгуулах, технологийн ямар өөрчлөлт гаргах, инновацийг хэрхэн нэвтрүүлэх, бүтээмжийг яаж өсгөх, эдийн засгийн үр ашиг ямар байхаас хамаарч дээр дурдсан гурван нөхцөл дээр нэмэлт хэлэлцээр хийхээр тохиролцсон.
-Энэ удаагийн хамтын гэрээний онцлог юу вэ?
- Энэ удаагийн хамтын гэрээний онцлог нь инфляцийн түвшинтэй нь уялдуулаад бүх нэмэгдлийг 9-21 хувиар өсгөхөөр тохиролцсон. Үүн дээр зөвлөх инженер, доктор, профессор, мастер тогооч, мэргэшсэн нягтлан, СӨБ-ын багш нарын, эмч, эмнэлгийн ажилтнуудын нэмэгдлүүдийг цаг үеийн шаардлагаар 2-3 дахин нэмэгдүүлсэн. Зөвхөн цалин хөлс, нийгмийн асуудал гэхээс илүүтэйгээр энэ ажилтнуудын тогтвор суурьшилтай ажиллах, гэр бүлийн тэнцвэрт байдлыг хангахад чиглэсэн бодлогын өөрчлөлтүүдийг хийе гэж зорьсон. Энэ нь цаг хугацааны хувьд ч, нийгмийн хөгжлийн хувьд ч биднээс шаардаж байгаа чухал хүчин зүйл. Иймд эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцуулж, дэмжлэг үзүүлэхийг харилцан тохиролцож чадсан нь энэ Хамтын гэрээний бас нэг чухал онцлог.
-Хамтын гэрээнд цалин хөлстэй холбоотой ямар нэмэлт, өөрчлөлт орсон бэ?
-Цалин хөлстэй холбоотой хэд хэдэн гол зохицуулалтыг тусгасан. Замын хэмжээнд хортой, халуун нөхцөлд ажилладаг 1075 ажилтан байна. Тэдэнд ажилласан хугацаанд нь тооцож 90 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Хүнд нөхцөлд 7394 хүн ажилладаг. Тэдэнд 76 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор шийдвэрлэсэн. Зөвхөн энэ хоёр нэмэгдэлд одоо өгч байгаа санхүүжилт дээр нэмэгдээд жилдээ нэг тэрбум 440 сая төгрөгийн зардал шаардагдана.
Албан томилолтын зардлыг 20 мянган төгрөгөөр тооцож олгоно. Албан томилолтыг нэгдүгээрт, зам хоног тооцож байгаа буюу шилжилт хийж байнга ажилладаг зүтгүүрийн бригадынхан, вагоны үйлчлэгч нар, тээш түгээгч нарынх, хоёрдугаарт, улирлын чанартай ажилладаг их барилга, их засварын ажилтнууд, замын ангийн засварчид, удаан хугацаагаар оршин суугаа газраасаа тодорхой цэгт шилжиж их ажилладаг ажилтнуудынх, гуравдугаарт, өдрийн найман цагаар ажилладаг ажилтнуудынх гэж ерөнхийдөө гурван төрөлд хуваадаг.
Хамтын гэрээнд шугам замаас Улаанбаатар хотод ирж ажиллах, Улаанбаатараас шугам замд ажиллах ажилтнуудын өдрийн томилолтыг 20 мянгаар тооцож олгохоор болсон. Энэ 20 мянган төгрөгийн нэмэгдлийг энэ оны гуравдугаар сараас олгож эхэлнэ.
Хоолны хөнгөлөлтийг өдрийн найман цагаар болон ээлжийн графикаар ажилладаг ажилтнуудынх гэж хоёр ангилдаг. Хоолны хөнгөлөлтийг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцож байгаа хөдөлмөрийн гэрээ болон бусад төрлийн бүх гэрээгээр ажилладаг ажилтнуудад ердийн ажлын цагаар буюу өдрийн найман цагаар ажилладаг ажилтнуудад нэг өдөрт 5500 төгрөгөөр, ээлжийн графикаар ажилладаг ажилтнуудын хувьд найман цаг тутамд нь 6000 төгрөгөөр, 12 цагаар ажилладаг ажилтнуудын хувьд 8+4 цагаар тооцож 6000 төгрөг дээр 3000 төгрөг нэмж, нэг ээлжинд 9000 төгрөгөөр тооцож хоолны хөнгөлөлт олгоно. Энэ бол хөнгөлөлт. Та УБТЗ-д ажиллаад МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны гишүүн байгаад Хамтын гэрээний үр өгөөжийг эдэлж, одоо магадгүй 15 мянган төгрөгөөр хоол идэх гэж байсан бол түүний 5500 болон 6000 төгрөгийг нь хөнгөлж байгаа шүү гэж ойлгох хэрэгтэй. 500 төгрөгийн нэмэгдэл нэг ажилтанд бага юм шиг санагдаж байгаа боловч, ажлын 21 хоногоор үржүүлээд, түүнийг нь 12 сараар үржүүлээд 16 мянган төмөр замчнаараа үржүүлэхээр одоо зарцуулж байгаа хоолны хөгшөлөлтийн нийт мөнгөн дүн дээр жилдээ нэг тэрбум 620 сая төгрөгийн нэмэлт зардал шаардагдаж байгаа юм. Энэ нь манайх шиг олон ажилтантай, том байгууллагын хувьд эдийн засгийн хүндрэл үүсгэдэг нэг шалтгаан юм.
Хоолны хөнгөлөлтийн нэмэгдсэн дүнг хоёрдугаар сараас олгож эхэлнэ. Бусад тогтмол нэмэгдлүүдийг нэгдүгээр сараас олгохоор Замын даргын тушаал гарсан. Ер нь Хамтын гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор зүйл заалт бүрээр нь Замын даргын тушаалууд гардаг учиртай.
-Хамтын гэрээнд шинэ заалт нэмэгдэх болгонд зардал гарч, нийгэмлэгийн санхүүд ачаалал нэмэгддэг. Тухайлбал, шугам замын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгт орох үеийн унааны зардалд хэдий хэрийн хөрөнгө яаж гаргахаар байна?
-Эрүүл мэндийн үзлэгт ороход ажилтнууд хатуу вагоноор ирж очиж байгаа. Энэ нь ээлжийн графикаар ажилладаг ажилтнуудад маш их хүндрэл үүсгэж байна. Ор олдохгүй унтаж чадахгүй, зарим тохиолдолд шугам замаас нойргүй явж ирээд шууд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд ороход хариу буруу гарах, даралт ихэсдэг гэсэн гомдол гарч байсан. Үзлэг, шинжилгээнд ороод буцахдаа галт тэргэнд шөнөжингөө тухтай амарч чадахгүй явсаар өглөө нь буугаад шууд ажилдаа гарч байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдалд нөлөөлдөг. Иймд унтлагын вагон буюу пласкарт вагонд унтуулаад явуулах, шугам замд байгаа ажилтнууд хол ойроос шалтгаалаад пласкарт вагоны үнийн зөрүүг тооцож байхаар шийдвэрлэсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд багагүй мөнгө шаардагдаж байгаа. Дээр нь Баянтүмэн тасгийнхныг Улаанбаатар Дорнод чиглэлд явж байгаа автобусны жишиг үнээр нь тооцож хөнгөлөлт олгохоор болсон. Энэ заалт Хамтын гэрээнд “Эрүүл мэндийн үзлэгт орохоор явж байгаа ажилтнуудад унтлагын вагоны тасалбарын хөнгөлөлт олгоно” гэж бичигдсэн болохоос яг мөнгөн дүнг нь тусгадаггүй. Ийм өгүүлбэрийн цаана маш их хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байдаг.
Яг үүнтэй адил гачигдал гарсан ажилтнууддаа хамтын гэрээний дагуу хуанлийн долоон өдөр хүртэл дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговортой чөлөө олгож байгаа. Зөвхөн энэ заалт жишээлбэл өмнөх хамтын гэрээнүүдэд үндсэн цалинтай гэж байсан. Үндсэн цалинтай гачигдлын гурван хоногийн чөлөө авлаа гэхэд зөвхөн үндсэн цалинг нь өгөөд дараа сард нь сарын ажлын үр дүнгийн цалин, удаан жилийн нэмэгдэл, бүсийн нэмэгдэл нь хасагддаг байсан. Дараа нь бид үүнийг цалин хөлстэй болгосон. Цалин хөлстэй болгосон чинь үндсэн цалин, шагналт цалин нь ороод нэмэгдэл хөлс нь ороогүй. Учир нь, шөнийн цагийн нэмэгдэл, илүү цагаар хэрхэн ажиллах нь тодорхойгүй байсантай холбоотой. Гэтэл Хамтын гэрээнд дундаж гэдэг ганцхан үгээр солиход чөлөө авч байгаа ажилтнууд тэр гурван хоногтоо нэмэлт тушаал гаргаад олговор аваад олговор дотроо сүүлийн гурван сард ажилласан үндсэн цалин, шөнийн цаг, илүү цаг, баяр ёслол удаан жил гэх мэт бүх нэмэгдэл орсон дүнгээс нь нэг өдрийнх нь дундаж цалинг гаргаж, чөлөөтэй байсан хугацаанд нь цалин дээр нь олговор хэлбэрээр олгочихож байгаа юм. Хэдийгээр дараа сард нь шагналт цалин нь хасагдаж байгаа ч өмнөх сардаа олговор хэлбэрээр дахиад нэмэлтээр дараа сард хэлэлцэгдэх шагналт цалингаа аваад явчихаж байгаа юм. Гэтэл энэ заалт ажилтанд эдийн засгийн хувьд үүсдэг хүндрэлийг бага ч гэсэн шийдэж өгч байгаа маш чухал гарц болж байгаа юм.
-Манай төмөр замчдаас өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн тэтгэмжийг цуцлах гээд байгаа юм уу гээд жил л бүр асуух юм. Уг нь тогтсон тодорхой асуудал баймаар юм. Яагаад ингэдэг юм бол?
-Хамтын гэрээний 6.4-д ажилласан жилээс хамааруулан өндөр насны тэтгэвэр тогтоолгоход олгодог нэг удаагийн 18 хүртэлх сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж тусгасан байдаг. “Он гараад хамтын гэрээгээр энэ заалт байхгүй болох юм гэнэ ээ. Би он дотроо тэтгэвэрт суух уу, он гараад суух уу? Уг нь би нэг төгсөх ангийн оюутан хүүхэдтэй юм аа. Энэ заалт хэвээр байна гэвэл би дараа оны зургадугаар сар хүртэл ажиллаад тэтгэвэртээ гармаар байна” гэх мэтээр төмөр замчид жил бүрийн 11, 12 саруудад их асуудаг. Ийм дэл сул яриа хаанаас гардаг юм. Төмөр замчдадаа хариуцлагатайгаар хэлэхэд энэ заалт ҮЭ-ийн байгууллагын Хамтын гэрээгээр төмөр замчдынхаа эрх ашгийг хамгаалдаг хамгийн чухал том заалтуудын нэг. Энэ заалт хамтын гэрээ болгоноор сайжраад явдаг. Өмнөх хамтын гэрээнд 18 сарын тэтгэмжийг авахын тулд тасралтгүй ажилласан байхыг шаардаж байсныг 2024-2025 оны Хамтын гэрээгээр болиулж, цуцалсан. Дээр нь эмэгтэй болон эрэгтэй ажилтнууддаа дөрвөн интервал дээр нь өөрчлөлт хийж чадсан.
Шинэ Хамтын гэрээний төлөвлөгөөнд нэг чухал ажил туссан нь хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа ажилтнууд 18 сарын тэтгэмжээ авах гэхээр УБТЗ-д 33-35 жил ажиллах ёстой гэсэн заалтад хүрдэггүй. Иймд энэ асуудлыг Хамтын гэрээний төлөвлөгөөнд оруулж, нарийвчилж судлахаар болсон. Мөн өмнө нь хэвийн бус хүнд, хортой нөхцөлд ажиллаж байсан боловч одоо хэвийн нөхцөлд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч байгаа хүний 18 сарын тэтгэмжийг яаж тооцох вэ гэдэг асуудлыг нарийвчлан судалж, 2027 онд шийдвэрлэхээр Хамтын гэрээний төлөвлөгөөнд оруулсан.
-Цаашид Хамтын гэрээнд оруулах шаардлагатай ямар асуудал байна вэ?
- Нийтээр амрах баярын өдрүүдийг тухайн сард фонд цагаас илүү гарсан эсэхээс үл хамааруулаад Улсын баяр наадам, Цагаан сараар ажилласан хугацааг хэрхэн тооцох тухай судалгаахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр манай ажилтнууд наанаа хэлдэггүй ч гэсэн ар гэрт нь хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаа шаардлагатай хүмүүс байна. Ийм ажилтнуудад цайны цаг дээр нь нэмэгдэл нэг цагийн чөлөө олгох уу, эсвэл тодорхой хугацаагаар чөлөө олгох уу гэдэг асуудлыг гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогодоо тусгая гэж Хамтын гэрээний төлөвлөгөөнд оруулсан.
Вагоны үйлчлэгч нарт нэмэгдэл олгох асуудлыг бас энэ Хамтын гэрээний төлөвлөгөөнд оруулж чадсан.
Ер нь Хамтын гэрээнд оруулах асуудлаа Хамтын гэрээг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгаж байгаа. Тухайлбал, хүйтний нэмэгдлийн хэмжээг хэмжээг өсгөх зайлшгүй шаардлага бий. Хүйтний нэмэгдлийг гадаа ажилладаг бүх хүн жигд авахаар тусгасан. Тэгвэл дотор нь ялгах шаардлагатай байна. Голын жавар хургадаг хойд хэсгүүдэд идэр есийн хүйтнээр үүрээр галт тэрэгнээс зүүгдээд сэлгээ хийдэг найруулагчийн бригад, хүйтэн төмөртэй ноцолдож байгаа замчдад олгох нэмэгдэл өөр байх ёстой. Иймд хүйтний нэмэгдлийг албан тушаалын байдал, хүйтний хугацаатай уялдуулж ялгаатай олгох ёстой. Энэ өөрчлөлтийг хийх талаар ярьж байгаа.
Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүд, дээр нь ээлжийн хуваариар болон хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтнуудад хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцоход нь анхаарах танилцуулах хуудас буюу Гайд лайн гэдгийг боловсруулъя гэж тохирсон.
Төмөр замд ажилд орж байгаа шинэ ажилтан нь дагалдангаар ажиллах хугацаандаа албан тушаалынхаа хамгийн бага цалингийн 70 хувиар цалинждаг. Харин говийн бүсэд 90 хувийн цалингаар дагалдан ажиллаж байгаа. Гайд лайныг хэрэгжүүлснээр шинэ ажилтан дагалдаж ажиллах хугацаандаа ямар цалин, урамшуулал авах вэ? Жинхэлбэл хэдэн төгрөгийн цалин хөлс авах вэ? Хамтын гэрээгээр ямар нэмэлт боломжууд эдлэх вэ? Хэвийн бус нөхцөлд ажиллавал би ямар нэмэгдэл авах вэ? Ээлжийн амралтын хоног хэд байх вэ? Түлээ түлшний хөнгөлөлтөд жилдээ хэдэн төгрөг авах вэ? Шинээр байр худалдаж авбал ямар хөнгөлөлт эдлэх вэ? гэх мэт мэдээллийг ажилд орсон анхны өдрөөс мэдэж авдаг тогтолцоог бий болгож, холбогдох тушаал шийдвэр, Хамтын гэрээтэй холбоотой Замын даргын дотоод шийдвэрүүдтэй танилцуулдаг болгоно. Энэ нь тодорхойгүй болохоор залуучууд ганц хоёр сар ажиллаад л явчихаж байна. Залуучууд тодорхойгүй зүйлд маш дургүй. Тэд хэр хугацаанд яаж өсөн дээшлэх талаар тодорхой төсөөлөлтэй, мэдээлэлтэй байхыг хүсэж байна. Иймд тодорхой гайд лайныг боловсруулж ажилтнууддаа гаргаж өгөх нь зүйтэй.
-Хамтын гэрээний агуулга ач холбогдлыг товч дүгнэж хэлбэл хэлэх вэ?
- Хамтын гэрээ хөдөлмөрийн бага хууль бөгөөд Замын даргаас эхлээд алба, хэлтэс, төв, тасаг нэгжийн бүх шатны удирдлага, ажилтнууд хэлбэрэлтгүй ижил түвшинд мөрдөж хэрэгжүүлэх ёстой эрх зүйн баримт бичиг юм. Хамтын гэрээ 16 мянган төмөр замчдад, ҮЭ-ийн гишүүдэд гарааны тэгш байдлыг олгож байгаа маш том боломж юм. Үүнийг уншиж судлаагүй бол энэ боломжийг бүрэн ашиглаж чадахгүй.
Хамтын гэрээгээр бид өмнөхөөс илүү хэмжээний хөрөнгө зарцуулахаар тохиролцож чадсан нь томоохон амжилт юм. Хамтын гэрээний хэрэгжилтийг хангуулахад захиран зарцуулж байгаа хэдэн зуун тэрбум төгрөг зөвхөн ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын бодлого, хөнгөлөлт урамшуулалд зарцуулах ёстой ажилтан бүрийн хувийн дансанд буюу картанд нь очдог хөрөнгө юм.
Би гишүүддээ хамтын гэрээг хичээнгүйлэн сайн уншаарай гэж захьдаг. Манайхан уншихаараа зөвхөн II бүлэг, VI бүлгийг л уншдаг. Хоолны хөнгөлөлт яаж нэмэгдэнэ гэсэн байна, цалин хөлс, томилолт хэр нэмэгдэхээр байна вэ гэх зэрэг мөнгөн дүнтэй заалтуудаа л хардаг. Жишээлбэл, байрны хөнгөлөлт энэ жил хэдэн хүнээр яаж нэмэгдэх нь вэ гэдгийг л хардаг.
УБТЗ-ын зүгээс улсаас болон төмөр замаас байр хувьчилж аваагүй ажилтнууддаа байрны хөнгөлөлт олгодог. Өнгөрсөн 12 дугаар сард бид нийтдээ зургаан сая төгрөгийн хөнгөлөлтийг 70 ажилтанд олгосон. Энэ заалтыг төмөр замчид маш их асуудаг. Жил ирэх тусам манай Орон сууцын комисст ирдэг өргөдлийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ хөнгөлөлт олгох тоо, хэмжээ хязгаартай. Анх 20 хүнд хоёр сая төгрөгийн хөнгөлөлт олгож эхэлсэн. Жилээс жилд нэмэгдүүлж явсаар хөнгөлөлтийн хэмжээг нэг хүнд зургаан сая төгрөг, хамрагдах хүний тоог 70 болгосон. 2026 онд 80, 2027 онд 90 ажилтанд энэ хөнгөлөлтийг олгоно. Бид нэг хүнд ногдох мөнгөн дүнг нэмэгдүүлэхээсээ илүү хамрагдах хүнийхээ тоог нэмэхийг чухалчилсан.
Ийнхүү Хамтын гэрээ нь жилээс жилд сайжирч хүртээмж, хэмжээ нь нэмэгдэж байна. Хамтын гэрээний зүйл заалт болгон хэрэгжиж байгаа учраас түүний цаана шаардагдах мөнгөн хөрөнгө жил болгон нэмэгддэг. Энэ нь манай ажилтнуудын амьдралын баталгаа, амьдралын түвшин, цалин хөлс, нийгмийн асуудалд шийдвэрлэх нөлөө үзүүлж байна.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
Г.Энхбаатар
