Нүүр Дугаарын зочин Баянтүмэнгийн гүжирмэг “Мааяа”
Дугаарын зочин

Баянтүмэнгийн гүжирмэг “Мааяа”

G.Press 2 сарын өмнө 811 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Замчин аавынх нь найз, тухайн үед бригадын дарга байсан ахмад төмөр замчин Пүрэвсүрэн гуай тэднийд хааяа зочлохоороо хичээлээ хийж суугаа хэрсүү нямбай Оюунчимэг охиныг татаж үнсээд “Гартаа шаблонтой, нүдэндээ уровеньтой мундаг төмөр замчин болоорой” гэж ерөөдөг байжээ. Гадаах ажлаа ч гэртээ ярьдаг замчдын халуун бүлд өсөж төрсөн тэрбээр ухаан орсон цагаасаа л ийнхүү төмөр замын хүн болсон түүхтэй. Албан ажлын хуудсан дээр дурайх Чулуунбаатарын Оюунчимэг хэмээх нэр ажил төрлийн талбарт нь сураггүй, том жижиггүй бүгд түүнийг Мааяа гэж авгайлна. “Хүмүүс таныг яагаад Мааяа гээд байгаа юм бэ, ямар учиртай нэр юм” гэж саваагүйтэн асуухад өөдөөс хээ баагүйхэн тас тас хөхрөөд “Мастер гэдгээ л товчилж байхгүй юу. Өөр учирсаад байх юмгүй” гэх нь тэр.

Оюунчимэг мастер маань өдгөөгөөс 53 жилийн тэртээ Баянтүмэнгийн замчин Чулуунбаатарынх гэх 15 хүүхэдтэй өнөр бүлийн дөрөв дэх охин болон мэндэлжээ. Аав ээж нь хоёулаа замчин, гэрийн бараа харахгүй шахуу явах тул томууд нь багуудаа өсгөж хүмүүжүүлж, ном эрдмээр орлуулшгүй амьдралын боргил ухаанд хар багаасаа л суралцсан гэх. Гарын бяр, сэтгэлийн хат сайтай эгэл гүжирмэг төрхний цаанаас зөөлөн торгомсог мэдрэмжтэй, нулимс сул бүсгүй хүний нандин чанар цухалзсаар, яриа хөөрөө минь ихээхэн ээнэг дотно үргэлжилж байлаа.

Хэдэн жилийн өмнө Замын даргын үзлэгийг сурвалжлан Баянтүмэнд очиход Оюунчимэг эгч авто засварын том нүхэн байгууламжийн хар модон банзаар хийсэн нүсэр тагийг сэвхийтэл өргөж онгойлгоод, доторхыг нь харуулахад тухайн үеийн Замын ерөнхий инженер А.Р.Мещеряков тэргүүт нөхөд дуу алдан уулгалж байсан нь нүдэнд дахинтаа харагдах шиг болов. Засварын нүхэн доторх нь сонин биш, харин Оюунчимэг мастер тэр том банзан хавхалгыг тогооны таг шиг хөнгөхнөөр нээчихсэн нь чухам л үзүүштэй харууштай юмны нэг болж билээ. Хожим нь ч бид “Баянтүмэнгийн бяртай эгч” гэж наадаж наргин дурсах явцдаа бас нэгэн гайхшрам түүх сонссон юм.

Уулзсан завшаанаа ашиглан “Та нээрээ 60 литрийн баллонтой бензин сэгсэрсэн гэдэг билүү” гэж өдөхөд Оюунчимэг эгч мөнөөх л хээгүй гүжирмэг төрхөөрөө инээж “Харин өөр хэсгийнхэн манайхаас 60 литр бензин зээлсэн байхгүй юу. Дараа нь өнөөхөө вагонд тавиад явуулчихсан байхаар нь би хүлээж аваад “Энэ одоо 60 литр хүрэх юмуу” гээд дээш нь өргөж байгаад сэгсэрсэн чинь хүний манайгүй тэр дор нь намайг онигоонд оруулаад “60 литрийг 6 литр шиг ингэж өргөхдөө яах вэ дээ” гэж хөхрөлдсөнөөр наадах чинь насны яриа хөөрөө болоод явчихсан юм аа” гэж ярив. Тэгснээ тун гэнэхнээр “Нээрээ л тэрийг нь аваачаад юүлсэн чинь яах аргагүй яг 60 литр байсан” гэснээ цайлганаар хөхөрч байх аж. Ерөөсөө л яг байгаагаараа, илүү дутуу хэв маяггүй цайлган цагаан хүн юмсанж.

 

 

Хамт ажилладаг хүүхэд залуустаа жигтэйхэн хайртай, өөрийн үр хүүхэд шиг л дотночлон ярих. “Манай залуучууд тав дахь өдрийн орой жигтэйхэн хөгсөнө шүү дээ. Вагоноор аймгийн төв явах гээд байж ядаж байгаа нь тэр. Нэг хүн өдөр бүр замын 200 метр талбайн өвс зулгаах ёстой байдаг юм. Залуу улс наадаж наргих сан гэлгүй яах вэ гээд би тэр өдөр нь 100 метрийн норм өгчихөнгүүт л өнөөдүүл маань ирж үнсэж үнгээд “Мааяа минь мянга түм наслаг” гээд хөөрцөглөчихнө. Тэр үед Тэ Жү Ён гээд  солонгос кино гарч байсан юм. Залуустайгаа ингэж жаргаж хөгжиж ажилласаар өнгөрсөн жил тэтгэвэртээ гарлаа. Тэгсэн чинь харин дарга нар маань дуудаад “Тан шиг чадварлаг мастер манайд одоохондоо алга, ажилдаа эргээд ор” гэлээ шүү дээ. Би ч бөөн хөөр болж, VI хэсгийнхээ мастераар эргээд орсон” гээд л дуржигнуулав.

Гавьяаныхаа амралтад гарсан ч буцаж дуудагддаг мастерууд ховор биз ээ. Үнэхээр ч Оюунчимэг эгч өөрөө Баянтүмэнгийн амьд домог нь шахуу болсон хүн. Дөнгөж наймдугаар ангиа төгссөн охин аймгийнхаа ТМС-ийг трактор комбайнчаар төгсөөд САА-д ажиллах гэж байтал замчин ээж нь тэр жил буюу 1990 онд тэтгэвэртээ гарснаар ээжийнхээ оронд хамт олон дээр нь шууд зөрөөд замчин болж очжээ. Харин аав нь арай тэтгэвэрт гараагүй байсан болохоор охиндоо зөвлөж, зааж дадлагажуулж ажил амьдралынх нь анхны багш болсон гэнэ. Ийнхүү хорин настай хонгор зүстэй жаал охин төмөр замтай амьдралаа холбосноос хойш хэдийнэ 33 жил “гэрлийн хурдаар” харван оджээ.

Ажил амьдралаа амь халуун дурсах тэрбээр “Би чинь төмөр замаас гурвантаа гарч, гурвантаа орсон марзан түүхтэй хүн. Нийгмийн шилжилтийн хэцүү жилүүдэд Удирдах газраас хязгаар нутгийн замчдаа цомхотгохоор болж, дөнгөж ажилд ороод удаагүй байсан над дээр орон тооны цомхотгол гэгч нь таарсан боловч тэр үед би азаар жирэмсэн байж таараад дахин тушаал гаргаж тэр дор нь буцааж авсан. Ингээд хэдэн жил болж байтал ахиад цомхотголын салхинд хийсчихлээ. Гэтэл бас хэвлийд бүрэлдээд удаагүй байсан охин минь аврал болж дахиад ажилдаа үлдэх нь тэр. Эгч нь ердөө хоёр л хүүхэдтэй хүн. Хүү охин хоёр минь ээжийгээ ажилгүй болох аюулаас аварч ирсэн баатарлаг хүүхдүүд байгаа юм. Харин сая яалт ч үгүй тэтгэврийн насанд ирээд гавьяандаа суух болтол үнэн сэтгэлээр төмөр замдаа зүтгэсэн 30 жилийн ажлын туршлага минь буцаагаад оруулчихлаа” гэж хөөр хөгжилтэйхөн ярьж сууна.

Замаасаа л салбал амьдралгүй болох юм шиг нэгэн насаараа байгууллагадаа, хамт олондоо сүсэлж ажилласан ийм үнэнч хүмүүстэй тааралдах болгондоо төмөр зам хэмээх их айлын яруу алдрыг бахадмаар болдог билээ. Өмсөх идэхээ хуваалцаж, өрхийн орлогоо арайхийн хүргэж явсан ч гэлээ аав ижий минь биднийг сайн хүмүүс болгож хүмүүжүүлсэн” гэж ярих тэрбээр “Өсөх насны жаргалыг зүйрлэх юм ховор доо” хэмээн хуучилсан юм. Оюунчимэгийг 15 настайд ээж нь гурван ихэр дүү төрүүлж өгчээ. Уулзсан бүхэн уулгалж хөгсөн баяр хүргэж байхад харин “том эгч” эсрэгээрээ уурлан “Гурвын гурав байхдаа яадаг юм” гээд үглэж суусан гэдэг. Гурван ихрийг нь улсын асрамж өсгөхөөр болж ээжтэй нь хамт онгоцоор Улаанбаатар руу авч яваад гурван жил болжээ. Энэ хооронд Оюунчимэг охин арай том болсон ах эгч нартайгаа хамжин бага дүү нараа өсгөж, аав нь тэднийхээ аманд хийх хоолыг залгуулахаар завгүй ажиллаж байсан гэх. Гурван жилийн дараа ээж нь хоёр дүүтэй нь буцаж ирэхэд нэгийг нь нэхээд уйлж суусан гэдэг юм. Ихрүүдийн нэг нь асрамжинд байхдаа өөд болж, ээж нь үлдсэн хоёр үрээ хүн болгох гэж их л ядарчээ. Тэгээд аав ээжийнхээ ачааг хөнгөлөхөөр амьдралын аянд эрт хөл тавьж, САА-н хадлангийн багт тогоочоор ажиллах, үе тэнгийнхэнтэйгээ төмөр замын гортигт зэрлэг зулгаах гэхчлэн ажил голохгүй хийж явсаар сүрхий гүжир комбайнчин болоод САА-д ажилд орох гэж байтал дээр дурдсанаар ээж нь тэтгэвэртээ гарч, хамт олон нь түүний охинд ажлын байрыг нь уламжлуулжээ. Тэр үед Баянтүмэнгийн төмөр замд эмэгтэйчүүд голдуухан ажилладаг, дэм түшиг болох гартаа бүлтэй эр хүн ховор болохоор ажлын хүнд хөнгөнийг ялгахгүй бүгдийг нь л өөрсдөө болгодог байж. Ингээд л манай “Бяртай эгч” амьдралын эрхээр эршүүд нэгэн болж, хөдөлмөрийн хамт олон дунд ажилч гавшгайгаараа алдаршсан байна. Зунжин хадланчдын тогоо барьж олсон 400 төгрөгийнхөө 200-гаар нь цагаан ор авч учиргүй хөөрч байснаа дурсахдаа “Манайх олон хүүхэдтэй айл болохоор юм юмны хүрэлцээ муу байсан. Өөрийн ортой болчихоод гэртэй болсны дайтай баярлаж байсан юм даг. Хожим нь нөхөрт гарахдаа 200-гийн цагаан ороо аваад ихээхэн сүрхий эд хогшилтой хүний дүртэй очиж байв шүү” гээд мөнөөх л цайлган цоглог инээдээ барьж ядан хөхөрнө.

            Баянтүмэнгийн Мааяа гэж ийм нэгэн гэрэл цацарсан гэгээн бүсгүйтэй хальтхан хөөрөлдөж суусан минь надад ч гэсэн эрхэм дурсамж болон үлдэж байна. Анри Матиссын нэгэнтээ хэлсэнчлэн “Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг” билээ л.

 

 

М.Наранболд 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.