Төмөр замын тосгоны амьдрал нам гүмхэн. Хааяа галт тэрэгний дуут дохио хангинан цуурайтахад цээж нүцгэн жаалууд төмөр замын зүг хөлийн хурд мэдэн гүйлдэнэ. Зам төмөр дээр тавьсан ундааны төмөр бөглөөнүүд галт тэргэний дугуйнд хэрхэн дайрагдсаныг сонирхохоор яарч буй нь тэр. Бусад үед тэд Туул голын усанд жараахай лугаа шумбацгаана. Аав, ээж нь бүгд албатай. Ерээд оны хүүхэд багачууд зуны улиралд Туул гол, төмөр зам хоёртой, өвөл нь Богд ууланд цана, чаргатай л нөхөрлөж өнждөг байв. Тэдэнд гар утас, интернэт, элбэг дэлбэг тоглоом, тэр ч бүү хэл зурагтын олон суваг байсангүй. Тосгоны хүүхдүүд бүгд бие биеэ танина. Томчууд ч хэн нь хэний хүүхэд, хаана юу хийж явааг нь алган дээр тавьсан мэт мэднэ. Сахилгагүй, дэггүй үйлдэлтэй таарсан хэн ч өөрийн хүүхэд шиг хандана. Хүүхдүүд ч томчуудаас эмээнэ.
Эл хульхан Амгалан тосгоны хүүхдүүд дундаас зуны наранд царай нь борлож, хацар нь сайртсан дөрвөн жаал илүү дотно нөхөрлөнө. Хаана ч явсан салахгүй. Магтуулбал хамт магтуулж, зэмлүүлбэл хамт зэмлүүлдэг тэр дөрвийг тосгоныхон андахгүй. Ялангуяа, Б.Мягмар нөгөө гурвыгаа толгойлох маягтай, санаачилгыг түрүүлж гаргадаг. Энэ жижигхэн бор хүү бүр ч олны танил. Эцэг, эхийн хурал Б.Мягмарын дүрсгүйтлийн тухай асуудлаар эхэлж, мөн л түүний сэдвээр өндөрлөнө. Дээрээ ганцхан эгчтэй, ээж нь оёдлын үйлдвэрт чанар шалгагчаар ажилладаг болохоор гэртээ байх нь ховор. Сэргэлэн цовоо энэ хүү гэртээ ганцаар нам суугаад байхгүй нь ч ойлгомжтой. Б.Мягмарын өдөөдөг хамгийн “ноцтой” хэргүүд нь хичээл тасалсан, хүүхэд шоглосон гэнэн томоогүй үйлдэл байх. Гагцхүү тэр цагийн нийгмийнх нь шаардлага өндөр, асуудалд хандах өнцөг тэс өөр байсан учраас Б.Мягмарын гаргасан үйлдлүүд өндөрт гарч, багшийнхаа чихийг үргэлж халууцуулж байсан аж. Түүний анги даасан багш нь Ч.Дашзэвэг хэмээх сургуулийнхаа өмнөө барьдаг хашир туршлагатай нэгэн байж. Олон жил түмний хүүхдүүдийг сурган хүмүүжүүлснийх удалгүй сахилгагүйгээрээ алдартай Б.Мягмарыг ч аргандаа оруулаад авах нь тэр. Б.Мягмар хэдийгээр хөдөлгөөнтэй, аливаа болохгүй, бүтэхгүйг сэдэж явдаг ч нэрэлхүү, ичимхий зантайг анзаарсан тул ганцхан удаа охидын хурлаар оруулаад л “Дахиж хичээл таслахгүй. Хүүхэд шоглохгүй” гэх ам өчгийг нь авав. Ч.Дашзэвэг багшийн отгон шавь Б.Мягмар түүнээс хойш ангийн багшдаа өгсөн амлалтдаа хүрч дунд, ахлах ангиа төгстлөө нэг ч удаа хичээл таслалгүй “онц” сурсан гэдэг. Б.Мягмар дунд ангиасаа эхлээд нөгөө нийлдэг гуравтайгаа Цагдаагийн академийн орчмоор эргэлдэх болж. Сонсогч ах нарын жавхаатай алхааг дэргэдээс нь харж, сав л хийвэл тэд нартай спорт танхимд нь бэлтгэл хийцгээнэ. Ингээд мэргэжил сонгох чухал мөч ирэхэд Б.Мягмарын найзууд бүгд хэлэлцсэн ёсоороо Цагдаагийн академид шалгалт өгч тэнцэцгээв. Б.Мягмар харин тухайн үед шар хэмээх айхтар өвчин тусаж, цагдаа болж чадсангүй. Гэсэн ч түүний дүрэмт хувцас өмсөөд сүр жавхаатай алхаж явах мөрөөдөл өөрчлөгдсөнгүй. Эгч нь вагон депод ажиллаж байсан тул “Ерөөсөө л төмөр замчин болъё” гэж шийджээ. Ингэж л Амгалан тосгоны жижигхэн бор хүү төмөр замтай хувь тавилан холбогдсон түүхтэй. Тэр өөрийгөө Говь-Алтай аймгийн Халиун сумынх гэж ярих. Учир нь түүний аав, ээж хоёул энэ нутгийнх.
Сэтгэлгээний хурд сайтай, нэг зорьсон бол түүртэх зүйлгүй ард нь гарчихдаг төрмөл чадвар нь Б.Мягмарыг төмөр замын салбарт ч амжилттай явахад нөлөөлсөн байна. Тэрбээр, тухайн үеийн Төмөр замын коллежийг 2002 онд техникчээр төгсөхдөө сурлагаараа эхний тавд жагссан тул үргэлжлүүлээд зүтгүүрийн инженерээр сурав. Тэр таван жилийн турш ангийн дарга хийсэн тэргүүний оюутан юм. Ингээд Улаанбаатар татах хэсэгт туслах машинчаар ажлын гараагаа эхэлж гурван сар, засварчнаар дөнгөж хоёр сар ажиллаад байтал татах хэсгийн дарга нь шууд тушаал гаргаж Түлш, шүүрийн цехийн мастераар томилжээ. Мастерын ажлаа ч гурван жилийн турш шаггүй сайн хийв. Нэг өдөр түүнд удирдлагын зүгээс “Рестатын инженерээр ажиллах уу?” гэдэг санал тавьж. Үүнтэй зэрэгцээд ТЗДС-аас “инженер-багшаар ажиллах уу?” гэсэн санал бас ирэв. Энэ тухайд Б.Мягмар “Би оновчтой шийдвэр гаргахын тулд ангийнхаа багшаас л асуулаа. “Надад ийм хоёр санал зэрэг ирлээ. Алийг нь сонгох нь зөв бэ?” гэвэл ....Тоодой багш маань намайг анхааралтай сонсож байснаа “Би олон жил багшиллаа. Хүний хүүхдүүдэд юм сургана гэдэг их буянтай, сайхан ажил шүү. Миний хүү, багшаар ирвэл яасан юм бэ” гэв. Д.Сүрэнцоо багш маань ч түүнтэй санал нэг байна. Ингэж л би 2005 онд багш болсон доо. ТЗДС-даа нэг жил ажиллаад гадаад руу жил орчим явсныг эс тооцвол бараг 20 шахам жил багшилж байна. Би өөрийгөө их хувьтай хүн гэж боддог. Бага ангийн багш маань намайг дөрөвдүгээр анги төгсгөөд тэтгэвэртээ гарсан. Дөрөвдүгээр ангиас дааж авсан багш маань биднийг мөн л аравдугаар анги төгсгөөд гавьяаны амралтаа авсан. Төмөр замын коллежийн Д.Тоодоо багш маань намайг гуравдугаар курсээ төгсдөг жил тэтгэвэртээ суусан. Дараа нь 2010 онд ШУТИС-д магистр хамгаалах үед н.Батмөнх багш маань тэтгэвэртээ суучихсан хэрнээ миний эрдмийн ажлыг бүрэн хамгаалтал удирдаж өгөөд, ажлаа албан ёсоор хүлээлгэж өгсөн. Ийм л туршлагатай, ахмад багш нарынхаа “отгон” шавь нь байсан болохоор ч тэр үү багшийн ажилдаа би их хайртай. Багшийн сэтгэлд сурлагаараа гойд сайн оюутан, эсвэл хамгийн сахилгагүй оюутан нь хоногшиж үлддэг юм билээ. Ер нь, багш хүн зөвхөн хичээл заахаас илүүтэйгээр хүүхэд залуусыг амьдралын замд нь чиглүүлэгч гэдгээ ухамсарлаж аливаад өөрөө үлгэрлэгч нь байх ёстой гэж би боддог. Тийм ч учраас би самбарын өмнө гарахдаа заавал костюм өмсдөг. Архи, тамхи огт хэрэглэдэггүй. Намайг хэрхэн биеэ авч явж байгаагаас хүүхдүүд үлгэрлэнэ шүү дээ. Багш хүн шаардлагаа зөв тавьдаг. Хэн нэгний үгээр асуудалд ханддаггүй. Өөрөө шийдсэн бол эргэж буцдаггүй. Товчхондоо түлхүүр таардаггүй цоож шиг л байх ёстой юм болов уу гэж боддог.” хэмээн хуучилсан юм.
Б.Мягмар сургуулийнхаа “Шилдэг багш”-аар таван удаа шалгарч, 2022 оны УБТЗ-ын “Мэргэжлийн аварга багш”-аар тодорчээ. Зөвхөн багшийн ажлын үзүүлэлтээр ч бус ТЗДС-ийн хэмжээнд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн оюуны өмчийн дөрвөн патентад түүний оруулсан хувь нэмэр их. Төгсгөсөн шавь нар нь УБТЗ-ын гурван депогийн хэмжээнд бүх шатны инженерээр ажиллаж зарим нь депогийн даргаар ч томилогдон ажиллаж байна. 2023 онд төгсгөсөн отгон шавь нараас нь л гэхэд Солонгост нэг, Ленинградад хоёр, Москвад хоёр оюутан улсын зардлаар сурч, гадаадын хэл соёл, мэдлэгийг эх орондоо өвөртлөн ирэх их үйлсэд шамдаж явна гээд яривал баялаг түүх хөврөх аж.
ТЗДС нь байгууллагын дэргэдэх сургууль гэдэг утгаараа ЗТХЯ, БШУЯ, УБТЗ-ын Удирдах газар гээд удирдлагын статус ихтэй. Дээр нь багш, оюутан аль алиных нь тоо цөөн. Гэхдээ улсын хэмжээний аливаа уралдаан тэмцээнд МУИС, ШУТИС-ийн оюутнуудыг ур чадвараараа ардаа орхисон амжилт гаргасаар явааг манай уншигчид андахгүй мэдэх болов уу. Энэ бүхний ард мэдээж сайн багш нарын хичээл зүтгэл жин дарна. Б.Мягмар багш “Миний хүрээгүй оргилд шавь нар минь хүрч байвал тэр нь багш хүний хувьд жаргал юм даа. Цаг хугацааг хүмүүс минутаар хэмждэг бол зүтгүүрийн мэргэжил секунд, доллиор дэнслэгддэг. Тиймээс тухайн хүн нэн тэргүүнд сэтгэл зүйгээ удирдах, сахилга батаа чандлах арга барилыг эзэмшсэн байх шаардлагатай. Хувийн сахилга батгүй хүн сургуулиа төгссөн ч зүтгүүрийн депод ажиллаж чадахгүй. Тиймээс оюутны дөрвөн жилийн хугацаанд бид хүүхдүүдээ төлөвшүүлэх ажлыг маш сайн зохион байгуулдаг. Манай бүх багш энэ зарчмыг баримталдаг. Техникийн хүмүүс ярихаасаа илүү бодох, тунгаах, хийж бүтээхийг чухалчилдаг юм. Гэхдээ тухайн хүнээсээ их зүйл шалтгаална. Сэтгэлийн хат муутай, хурдан шантрамтгай хүүхдүүд мэргэжлээрээ тогтвортой ажиллахгүй гарч байна. Товчхондоо боловсролын систем нь өөрөө алдаатай байгаа нь үнэн. Гэхдээ дан ганц манай сургууль биш улсын хэмжээнд л нийтлэг дүр зурагтай байна. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд ЭЕШ-ийн босго оноог бууруулсантай холбоотойгоор дунд сургуулиа төгссөн хүүхдүүдийн суурь мэдлэг нь чамлалтай байна. Гэхдээ олны дунд сайн нь ч бий саар нь бий. Тухайн хүүхэд ямар мэдлэгтэй байхаас үл хамаараад багш хүн өөрийн ёс зүй болон сургуулийн дотоод дүрмийн дагуу бүгдтэй нь тэгш хэмээр харьцаж, тавих ёстой шаардлагаа тавиад л явна. Зүтгүүрийн мэргэжлээр дөрвөн эрэгтэй багш байдгийн гурав нэг ангид хамт төгссөн хүмүүс. Бид дөрвийн хувьд оюутнууддаа төмөр замын амьдрал ийм шүү гэдгийг нэгдүгээр курсээс нь ойлгуулж ажиллахыг хичээдэг. Ажлын талбарт 20 хүүхэд гаргалаа гэхэд тав нь маш сайн, 10 нь дундаж болон дунджаас дээш, үлдсэн тав нь тааруухан сурлагатай хүүхдүүд байдаг. Харамсалтай нь, бид маш сайн хүүхдүүдээ өөр байгууллагад болон гадны орон руу алдчихаад байна” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
Б.Мягмарын насан багийн найзууд эдүгээ Мобикомын ерөнхий инженерээс эхлээд бүгд өөр өөрийн салбартаа амжилт ололтоор дүүрэн явна. Мягмар харин өөрийнхөө тухайд “Хүнд хувь тавилангийн шанага гээч зүйл байдаг юм шиг ээ. Миний хувьд сахилгагүйтэх, хөдөлгөөнтэй байх шанагаа дүүргэчихсэн юм болов уу даа гэж заримдаа боддог. Одоо бол ер нь л зөв, төлөв даруу амьдрахыг чухалчилдаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо ч үлгэр жишээ байхыг эрмэлзэнэ” хэмээсэн билээ. УБТЗ-ын зүтгүүрийн аж ахуйн албаны хэмжээнд ажиллаж байгаа хүмүүсийн 80 хувь нь түүний шавь нар. Үлдсэн нь гадаад дотоодын их дээд сургууль төгссөн болон Улаанбаатар татах хэсэгт түүнтэй хамт мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс гээд бодохоор Б.Мягмар багш нэгэн үеийн зүтгүүрчдийн эрдэм мэдлэг, түүхэн хэлхээг өөрийн гараар бичилцжээ.
Б.Дэлгэрхишиг
