Нүүр Дугаарын сурвалжилга Ажлын талбараас алдрын тавцанд
Дугаарын сурвалжилга

Ажлын талбараас алдрын тавцанд

G.Press 2 жилийн өмнө 54 үзэлт 0 сэтгэгдэл

 

                       

УБТЗ хэмээх их айлд ногдсон ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэхийн сацуу өөрийн сонирхлын дагуу хоббигоо хөгжүүлэн элдэв цуглуулгатай болсон, эсвэл урлаг, спортоор хичээллэн орон нутаг төдийгүй улсын хэмжээнд үнэлэгдэж, цаашлаад тив, дэлхийн дэвжээнд ч эх орныхоо нэрийг дуурсгасан эгэл алдартан олон бий. Тэд өглөө нь алдрын тавцанд зогссон ч өдөр нь ажлынхаа талбарт төмөр замчны эгэл амьдралд орчихсон зам, илчит тэрэг, вагон, эрчим хүч, дохиолол холбоогоо засаад явж байдаг билээ. Ийм л эгэл “аварга”-уудын нэг нь Хөтөлийн Төмөр бетон дэрний үйлдвэрийн анкер тослогч, байрлуулагч С.Ариунгэрэл юм. Тэрбээр, Архангай аймгийн Цэцэрлэг хотод 1971 онд аав жолооч Л.Самбуу, ээж С.Норжмаа нарынхаа долоон хүүхдийн зургаа дахь нь болон мэндэлжээ. Нутагтаа дунд сургууль дүүргэн Барилга угсралтын конторт засал чимэглэлчнээр дөрвөн жил ажиллаад 1994 онд Хөтөлд шилжиж ирсэн байна. Ингээд Барилгын цэргийн 23 дугаар ангид орж мөн засал чимэглэлийн ажил эрхэлж байтал анги нь татан буугджээ. Яг тэр үед УБТЗ-д Төмөр бетон дэрний үйлдвэр байгуулагдаж, уг үйлдвэрийн ууган ажилчдын нэг болжээ. Энэ талаараа, “Би энэ үйлдвэртэй суурь нь тавигдахаас эхэлж холбогдсон гэхэд болно. 26 дахь жилдээ ажиллаж байна. Анх бид үйлдвэрээ барьж, засал чимэглэлээ хийж дуусган хүлээлгэж өгсний дараа хятад багш нар биднийг дадлагажуулж байлаа. Миний багш Ли овогт гэж хүн байсан юм. Ли багш надад үйлдвэрийн технологи, ажиллах арга барилыг заасан. Эхлээд би хэв бэлтгэгч болж билээ. Дараа нь, манай тоног төхөөрөмж солигдоод анкер тослогч, байрлуулагч болсноор өнөөг хүртэл энэ ажлаа эрхэлж байна. Анх дээд тал нь л 23-24, бага нь 18 насны залуус ирж байлаа. Орон тоо өнөөгийнх шигээ хоёр зуу шахам ажилтантай, даргаар нь Ү.Чинсүх гуай ажиллаж байсан. Бидний дээд үеийнхэн тэтгэвэртээ суугаад тэр үед залуухан орж ирцгээсэн бид нэг л мэдэхэд байгууллагынхаа ахмад ажилчид болжээ. Одоо манай үйлдвэр залуус олонтой. Залуус маань биднийг хүндэлдэг, хэлсэн үг хүлээж авдаг, суръя гэсэн эрмэлзэлтэй, зөв хандлагатай. Цаашид үйлдвэрээ илүү сайхан аваад явчихна гэж итгэдэг дээ” гэв.

Тэрбээр, залуудаа явган аяллын спортоор хичээллэж, үйлдвэрийнхээ анхны спортын мастер болж, каное буюу сэлүүрт завины улсын дөрвөн удаагийн аваргаар шалгарч, эмэгтэйчүүдийн рекордыг дөрвөн жил эзэмшиж, Азийн наадамд улсаа төлөөлөн хоёр удаа оролцсон Монгол Улсын шилдэг тамирчдын нэг юм. Тодруулбал, 2000 онд сэлүүрт завийн Азийн аваргад анх оролцож, дараа нь 2002 онд БНСУ-ын Пусан хотод болсон Азийн XIV наадамд улсаа төлөөлөн оролцжээ. “Залуудаа чөлөөт цагаараа спортоор их хичээллэдэг байлаа. 200, 500, 1000 метрт улсын аварга болсон. Завь маань олон жил болж хадгалалтын горим нь алдагдаад дурсгалын л зүйл болж байна даа. Одоо явган алхалтаар л хааяа хичээллэх юм. Манай үйлдвэр явган алхалтын “Зэрэглээ” гэж багтай. Бидний дасгалжуулагчаар ҮЭ-ийн хорооны дарга Ж.Цэрэнчимэд ажиллаж байлаа. Би анхных нь гишүүдийн нэг. Одоо энэ багт гурав дахь үеийн залуус хичээллэж байгаа. Манай багаас олон мастер төрсөн. “Зэрэглээ” баг Замын хэмжээний хэд хэдэн удаагийн аварга болж, шагналт байрт цөөнгүй шалгарсан” хэмээн хуучлав. Түүнтэй спортын талаар ярилцахад ихэд сэтгэл нь хөдөлж, залуу насныхаа эрч хүч, авхаалж самбаа, амжилт бүтээлээрээ бахархаж, дуусашгүй яриа өрнөх ажээ. Улсын дөрвөн удаагийн аварга төдийгүй Азийн наадамд улс орныхоо нэрийг дуудуулж явсныг нь сонсоод сэтгүүлч миний бие ч үнэхээр их бахархав. С.Ариунгэрэл сэлүүрт завийн спортоо орхих болсон шалтгаан нь бэртэл гэмтлээс болсон гэнэ. Түүнчлэн, энэ спорт нь сүүлийн жилүүдэд зогсонги байдалд орсонд сэтгэл дундуур явдгаа хэлж байлаа.

Төмөр бетон дэрний үйлдвэр анх зөвхөн төмөр бетон дэр үйлдвэрлэдэг байсан бол чадварлаг ажилчид, мэргэжилтнүүдийнхээ санал санаачилгаар шинэ тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлснээр зам, гүүрийн барилгын бетонон хийцүүдийг үйлдвэрлэдэг болсон гэнэ. С.Ариунгэрэлийн хувьд олон шавь сургаж, ажил амьдралын дөртэй болгосон нэгэн. Тухайлбал, шавь нараас нь хамт олноо манлайлж яваа мастер Д.Эрдэнэжаргал, анкер тослогч, байрлуулагч Б.Ариунцэцэг... гээд тоолбол олон бий. Түүнийг байгууллагынх нь удирдлагууд “Манай хамгийн чадварлаг ажилчдын нэг” хэмээн онцолж, сонинд ярилцлага авахыг санал болгосон юм. Тэрбээр, “Манайхны ажлын аль ч дамжлага маш өндөр хариуцлага, ур чадвар шаарддаг. Төмөр бетон дэр бөх бат, чанартай байх ёстой. Энэ дэрэн дээгүүр татсан төмөр замаар олон зуун зорчигч, олон сая тонн ачаатай галт тэрэг явна. Тиймээс эрсдэл гаргахгүй, аюулгүй байдлыг бүрэн хангасан бүтээгдэхүүнийг бид үйлдвэрлэн нийлүүлэх ёстой. Мөн бид модон дэрний хэрэглээг бууруулж, байгаль орчин, уур амьсгалдаа сайнаар нөлөөлөх бодлогын дор ажилладгаараа бахархдаг. Тоолж баршгүй олон модыг байгальд нь хэвээр үлдээсэн эко үйлдвэр юм шүү дээ. Сүүлийн жилүүдэд манайх шиг хоёр, гурван үйлдвэр байгуулагдсан юм билээ. Гэхдээ бид Монгол Улсдаа анхдагчид” гэв. Харин түүний жаахан сэтгэл дундуур байгаа нь техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлт удаан байгаа явдал аж. Өндөр хөгжилтэй улс орнуудын төмөр бетон дэрний үйлдвэрийнх шиг дэвшилтэт тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ бүрэн хангаж, шинэ технологи нэвтрүүлээсэй гэж хүсдгээ тэр үе үехэн ярьж, “Гэхдээ шинэчлэх талд манай удирдлагууд хичээн ажиллаж байгаа. Сүүлд байгуулагдсан үйлдвэрүүдээс дутчихгүй юмсан гэж боддог доо” гэсэн юм. С.Ариунгэрэл гэр бүл, аав ээжийнхээ тухай “Аав маань 1916 оных 70 гарч, ээж 1926 оных 80 нэлээд гарч насалсан. Дөрвөн охин, гурван хүү төрүүлж өсгөсөн буянтай буурлууд байлаа. Манайхан ер нь л их өндөр насалдаг юм. Ах эгч нар маань бүгд тэтгэвэртээ гарсан. Миний ханийг П.Баясгалан гэдэг. Хөтөлийн Цемент шохойн үйлдвэрт авто грейдер барьдаг. Бид 2003 онд гэр бүл болсон. Хоёр охинтой, тэд маань оюутан. Том нь урлагийн сонирхолтой бүжиглэдэг, бага нь волейболоор хичээллэдэг. Багаасаа л хоёулаа медаль зүүгээд ирдэг байсан” хэмээн ярив. Тэрбээр, жимс жимсгэний мод, бут тарихыг сүүлийн үед хоббигоо болгоод буй аж. Ховдын Булганаас алимны мод авчирч суулгасан нь энэ жилээс алим ургаж эхэлсэн гэнэ. “Хоёр жилийн дараа гэхэд өөрсдийгөө алимаар бүрэн хангачихна даа” хэмээн ярингаа сэтгэл хангалуун инээмсэглэж байлаа. Ийнхүү ажлын талбараас алдрын тавцанд мандаж явсан ч хамт олон дундаа эгэл даруухнаараа үлдсэн С.Ариунгэрэлтэй цөөн хором хөөрөлдлөө.

Түүний үйлдвэрийн цехүүд, бүтээгдэхүүн, ажил мэргэжлийнхээ талаар тэртээх 2002 онд бичсэн нэгэн шүлгийг уншигч та бүхэндээ толилуулъя.

 

Гантай дэр

 

Ган утас хөвөрч оч гялалзсан

Урт хэв тосон ирлээ

Долгионтсон утсыг хэвэнд байрлуулж

Дор нь тэднийг хүчитгэн сунгаад

Тал бүрээс нь хашиж

Дагалдах хэрэгслийг угсрахад

Урт хэв тэмүүлэн яарлаа

Урдаас нь бид тосон авлаа

Утас бүгдийг нь багцлан бөгжлөөд

Дараагийн шат руу дамжуулан өглөө

Орц хэмжээг нь нарийн тааруулсан

Онцгой сайн зуурмагийг юүлэн цутгаад

Дэлгэж тараан хэвэнд дүүргээд

Тэгшлэн доргиулж нягтруулан байхуй

Гантай дэр биеэ олов

Ган хайлах мэт шарагдан жигнэгдэв

Гантай дэр ингэж бүтдэг юм

Гавшгай залуус түүнийг хийдэг юм

Аварга хүчит кранаар

Агаар тэнгэрт дүүлэх мэт

Асар том хэвнүүдийг

Арын дамжлагад түгээхэд

Наран гэрэлтэх мэт оч гялалзтал

Нямбай гэгч нь хавчаараа таслаад

Нарийхан замаар татан хөмрөхүй

Гар гараасаа барьсан мэт

Гантай дэр урсан гарав

Урт, өндөр, даац гээд

Бүхий л биеэ тэд шалгуулав

Хамгаас илүүгээ нийтэд тунхаглаад

Эгнэн жагсах цэрэг мэт харагдав

Гантай дэр ингэж бүтдэг юм

Гавшгай залуус түүнийг хийдэг юм

 

                        2002 он

 

М.Наранболд

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.