Төмөр зам босоо удирдлагатай, хагас цэрэгжсэн байгууллага. Хатуу дүрэм журамтай, түүнийгээ ягштал мөрдөхгүй л бол гарах эрсдэл нь үнэлж баршгүй өндөр байж мэдэх тул хатуу байхаас ч аргагүй. Гэхдээ босоо удирдлага, хатуу дэг журам гэдэг нь ажилтандаа дээрэнгүй хандаж, үг хэлээр доромжилж, ажлаас хална гэх мэтээр айлган сүрдүүлж, сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодийн дарамт учруулахын нэр биш юм. Хуулийн хүрээнд зарчимч шаардлага тавьж, хатуу дүрэм журмыг сануулан мөрдүүлж, зөв удирдлагаар хангаж ажиллах нь зүйтэй. Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш “Төмөр замын дүрэм бол цусаар бичигдсэн” гэж их хэлдэг дээ. Энэ нь төмөр замын ажил аюул эрсдэл өндөртэй учраас хаана хаанаа сэрэмж өндөртэй, сахилга баттай, хариуцлагатай байхыг л сануулж буй хэрэг. Гэвч “Босоо удирдлага”, “Хатуу дүрэм, журам” гэдгийг зарим дарга нар буруу ойлгоод байх шиг. Энд бүгд биш, зарим нь гэдгийг тодотгох нь зөв байх. Энэ талаар сүүлийн үед цахим сүлжээнд төмөр замчид маань ч нэрээ нууцлан бичицгээх боллоо. Бичиж буй хүний буруу ч байж болно. Гэхдээ түүнд сэтгэгдэл үлдээсэн хүмүүсийн олонх нь үүнтэй санал нэгдэж буйд л учир байгаа юм. Замын даргын дэмжлэгээр Залуучуудын төв байгууллага, Ахмадын холбооноос хамтран зохион байгуулдаг гурван үеийн уулзалтууд дээр ч залуучууд энэ талаар нэлээд хөндөж байна билээ. Ер нь, зарим дарга ажилтнаа элдвээр дарамталдгийг дээр дооргүй л мэддэг болсон. Нэг удаа Замын даргын үзлэгээр явж байтал өмнөх жилд нь жирийн ажилтан байсан залуу дэвшиж дарга нь болсон байв. Тэгтэл өвлийн бэлтгэлээ муу хангаж, комиссоос багахан зэм хүртсэнийхээ дараа өрөөндөө ороод аав, ээж шигээ ахмад ажилтнуудыг үгийн муухайгаар загнаж, “амбаардах” нь холгүй байж билээ. Дээд сургуулийн инженерийн анги төгссөн гэх тэр залуу анх очсон даруйдаа “Ах, эгч нараасаа л суралцаж байна даа” гэж ярьж байсан нь саяхан мэт санагдана. Гэтэл албан тушаал өгсөнгүүтээ тэгж их хувирсныг хараад гайхаж, төмөр замчдын цахим хуудаст “...Зарим залуу дарга нарт албан тушаал дээр нь нас нэмж өгдөг юм уу...” гэж бичсэн удаа бий. Албан тушаалтан аав, ээж шигээ хүнийг ахаа, эгчээ гэдэггүй юм гэхэд “Та” гэж харьцаж яагаад болдоггүй юм бол гэж гайхаж байлаа. Тухайн үед залуу дарга нарын зарим нь “Чи гэхгүй бол болдоггүй юм. Төмөр зам эртнээс тэгж тогтсон уламжлалтай, босоо удирдлагатай байгууллага...” гэж билээ. Босоо удирдлага гэдгийг дарга хүн ажилтнуудтайгаа дорд үзсэн өнгө аясаар харьцах ёстой гэж тэд ойлгодог бололтой. Уг нь, хүндлэлээс хүндлэл төрдөг. Миний мэдэх гавьяандаа гарсан болон одоо ажиллаж буй замын удирдлагууд эгэл жирийн төмөр замчидтай “Чи муу...” гэж харьцаж байхыг ер хараагүй. Тухайлбал, Ч.Цогтбаяр, Л.Халтар, Г.Ганболд, Ц.Хүрэлбаатар... гэхчлэн бүгд л хүнийг зэмлэсэн ч “Та яагаад...” гэдэг байсан. Замын дарга Д.Жигжиднямаа агсан ч хүмүүстэй эелдэг харилцдаг байсныг бүгд мэднэ. Өнөөгийн дарга нар ч ялгаагүй. Бүгд “Та...” гэж хэлдэг. Ингэснээр тухайн хүнд итгэл, хүндлэл төрнө. Алдаа дутагдлаа засахыг хичээнэ. Харин өөрөөс нь суралцсан залуу хүн дарга нь болонгуутаа л “Чи...” гээд хараавал гомдоно. Тэр хэрээр итгэлцэл буурч, ажлын бүтээмж багасаж, алдаа дутагдал гарах үндэс ч болж мэднэ. Ажлын байрны дарамт тодорхой хугацаанд, эсвэл урт хугацаанд үргэлжилбэл ажилтны эрүүл мэнд, ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Тэгэхээр зарим дарга бусдаасаа болон Замын удирдлагуудаасаа суралцах хэрэгтэй санагддаг.
Ажлын байрны дарамтын талаар жишээ дурдвал олон бий. Нэг удаагийн үзлэгээр өртөөний жижүүр удирдлага нь их дарамталдаг тухай хэлтэл дарга нь “Одоогийн муу бацаанууд шаардлага тавихаар дарамталлаа гэнэ. Хэн чамайг дарамталсан юм бэ, гөлөг өө...” гээд орилсон удаатай. Энэ нь өөрийгөө дарамтлагч гэдгээ илтгэж буй хэрэг. Бас нэг хурал дээр төмөр замчид асуулт асуун саналаа хэлж, зарим нь бичгээр индэр дэх дарга нарт хүргүүлсний дунд хэн нэг нь ажлын байрны дарамт их байгаа тухай дурджээ. Тэгтэл индэр дээрээс нэг дарга огло үсрэн босож ирээд л “Дарамт их гэж нэг хүн бичсэн байна. Хэн энийг бичив, тэр хүн гараад ир. Хаана ямар дарамт байгааг одоо надад хэлээд аль” гээд өндөр дуугаар асууж билээ. Энэ нь ч бас тухайн хүнд дарамт үүсгэж буйгаа дарга өөрөө ойлгоогүй. Түүнчлэн, бас нэгэн дарга залуухан эмэгтэй ажилтнаа “Чи нүүрээ будлаа ч яалаа, байлаа ч яалаа. Чиний нүүрийг хэн тоож хардаг юм” гэж загнасныг манай сэтгүүлч сонссоноо ярин халаглаж байв. Энэ мэт загнаж, хэл амаар доромжилж буйгаа удирдах арга барил гэж ойлгох нь том эндүүрэл юм.
Ажлын байрны дарамт гэдэг нь зөвхөн харааж зүхэх ч биш. Дааж давшгүй их ажлаар дарах, биелэх боломжгүй шахуу үүрэг өгч, тулгамдуу хугацаагаар шахах, үл хүндэтгэх, ялгаварлан гадуурхах, доог тохуу хийх, үүрэгт бус их ажилд томилоод үндсэн ажлаа хийсэнгүй гэж буруутгах гэх мэт олон хэлбэрээр илэрдэг. Мөн шинийг санаачлагч зарим залуусын ирийг нь мохоох үзэгдэл ч байдаг. Өөрөөр хэлбэл, санаачилга гаргасан ажилтнаа “Маш зөв санал байна. Чи санаачилснаараа өөрөө хийчих. Тодорхой хугацаанд бэлэн болгоод ороод ир” гэдэг. Санаачилга гаргасан өнөө хүн юм сэдсэнээсээ болж бөөн ажилд тохогдон сэтгэл санааны дарамтад орно. Тиймээс “Шинэ санаа байсан ч чимээгүй бай” гэх залуус олширдог. Сүүлийн үед байгууллагууд удирдлагын арга барил, алдаа дутагдлаа олж харах, үл тохирлоо арилгах үүднээс санал гомдлын хайрцаг байршуулдаг болсон нь сайшаалтай. Гэвч тэр хайрцгаа камерын доор, эсвэл олон нийтийн хөлийн газар тавьдаг нь дарамт хүчирхийлэл, үл тохирлыг арилгах бус, харин санал бичигч нөхдийг барьж авах гэсэн бас нэгэн дарамт мэт байна. Тиймээс санал гомдлын хайрцгаа хүний нүднээс далд газарт байршуулах нь зүйтэй болов уу. Уг нь, ажилтнаа аав, ээж, ах, эгч, дүү, найз нөхөд шигээ л санаж, эелдэг харилцаж, зөв шаардлага тавьдаг бол санал гомдлын хайрцаг ч хэрэггүй л дээ. Эерэг харилцаатай эрхэм дарга таныг ажилтнууд чинь хүндэтгэхийн хэрээр ажлын бүтээмж нь өсөж, аюулгүй байдал бүрэн хангагдаж, ашиг орлого нэмэгдэх нь дамжиггүй. Ийм сайны жишээ болох дарга нар ч УБТЗ-д маш олон бий дээ.
М.Наранболд

Сэтгэгдлүүд
1 сэтгэгдэл байна.