УБТЗ-ын Замын IV ангийн замчин Амарсайханы Хонгорзулыг манай уншигчид “Анухай фитнес” шоуны гурав дахь цувралын ялагч гэдгээр нь таних болсон. Улхын-Овоо гэх төмөр замчдын жижигхэн суурингаас ирж, олны танил урлаг соёлынхонтой хамт телевизийн шоунд орж, 45 хоногт эрс өөрчлөлтийг хийж, ялагч болж чадсан замчин бүсгүйтэй хийсэн ярилцлагыг уншигчдадаа толилуулъя.
-Юун түрүүнд, уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Төмөр замчдадаа сонины дугаар хүрэх өдрийн мэндийг хүргэе.
-Телевизийн шоунд оролцох шийдвэрийг хэрхэн гаргав?
-Би буруу хооллолтоос болж нэлээд жин нэмсэн. Бэлэн хоол, хийжүүлсэн ундаанд их дуртай. 95 кг жинтэй бараг хоёр жил шахам болсон. Жин нэмээд ийш тийшээ ч явах дургүй, амьдралын идэвхгүй хүн болж хувирсан. Би эмээ өвөө дээрээ өссөн. Гэтэл өнгөрсөн нэгдүгээр сард эмээ минь бурхан болж, сэтгэлээр их унасан. Энэ үедээ сэтгэлээр унаад тураад 84 кг болсон байсан. Гэртээ орж ирээд юм ч ярихгүй буруу харж хэвтээд утсаа ухна. Амьдралын идэвхгүй, эрч хүчгүй хуучин Хонгороо биш болж эхэлсэн. Энэ байдлыг маань манай хүн ойлгоод өмнөөс минь “Анухай” шоу руу чат, коммент бичээд байсан юм билээ.
Гэтэл нэг өдөр ажил дээрээ байтал “Та “Анухай фитнес” шоунд оролцохоор сонгогдлоо. Орох боломжтой юу?” гээд залгасан. Тухайн үедээ сандрах, догдлох мэдрэмж зэрэгцээд шууд “Тэгье” гэж хариулсан. Энэ тухайгаа ангийн удирдлагадаа хэлэхэд таатайгаар хүлээж авч, надад боломж олгосон.
Гэхдээ УБТЗ дотроо дахин сонгон шалгаруулалтад орсон. Маркетингийн албан дээр ирэхэд шоунд оролцох хүсэлтэй нэлээд хэдэн хүн байсан. Эцэст нь, би төмөр замчин бүсгүйчүүдээсээ сонгогдоод шоунд оролцож чадсандаа баяртай байна. Замын удирдлагаас дэмжиж, шоунд оролцох бүх боломжийг хангаж өгсөн. Цалинг маань бүтэн олгож, хотод байрлах байрыг маань хүртэл шийдэж өгсөнд маш их талархсан. Энэ дэмжлэг надад маш давуу тал болж байсан.
-Шоунд оролцохдоо түрүүлнэ гэсэн итгэл байсан уу?
-Ёстой үгүй. Анх шоунд оролцохоор томилолтоо бичүүлж аваад, орой нь галт тэргэнд суухдаа “За, юу хийчих вэ” гэж бодсон шүү. Дотроо маш түгшүүртэй, галт тэргэнд цурам хийж чадалгүй явсаар хотод ирсэн. Ирээд шууд нээлтийн зураг авалтад орсон. Эхний бэлтгэл дээр үнэхээр шантарсан. Биеэ даахгүй, хөл гарын шөрмөс татаад хүнд байсан. Үнэхээр шантарсан. Нүдэндээ нулимстай л тэр өдрийн бэлтгэлийг дуусгасан. Сэтгэлээр их унасан. Хэнтэй ч яримааргүй байсан болохоор утсаа унтраагаад буудалдаа орж ирээд маш их уйлсан. Шоунд орохдоо бид гэрээ байгуулсан байсан. Гэтэл олон мянган төмөр замчин бүсгүйчүүдээ төлөөлөөд оролцох хүсэлтэй хүмүүс дундаас сонгогдож орж ирчихээд юу ч хийж чадахгүй байна гэдэг маш хэцүү санагдсан. Би вокзалын буудалд байрлаж байсан. Болдогсон бол гарч гүйгээд галт тэргэнд суугаад гэртээр харимаар л байсан. Ялангуяа, орой “Улаанбаатараас Сайншанд чиглэлд явах ... дугаар галт тэрэг хөдлөхөд таван минут дутуу байна” гээд зарлахад нүдэнд чемадон харагдаад л... Гэтэл би энэ шоунд Хонгорзул гэдэг хувь хүн биш УБТЗ гэдэг нэрээр ороод ирсэн.
Хэр баргийн хүнд олдохгүй боломжийг олж авчихаад шантраад гарна гэхээр хэцүү.
Ёстой зүүн мөрөн дээр суусан чөтгөр “Чи чемоданаа аваад гарахад галт тэргэнд суухад амжина шүү дээ” гэхэд баруун мөрөн дээр суусан бурхан “Тэвчээрэй, чи чадна аа” гэж байгаа юм шиг л сэтгэл хоёрдоод хэцүү байсан. Ёстой эхэн үедээ өөрөө өөртэйгөө нүүр тулсан даа.
-Чиний даруу төлөв, тууштай чанар үзэгчдэд их таалагдсан нь цахим санал хураалтад нөлөөлсөн болов уу гэж харсан?
-Камерийн өмнө огт гарч байгаагүй хүн шууд олны танил хүмүүстэй хамт шоунд оролцоход амар байгаагүй. Олны танил хүмүүс энгийнээр нээлттэй яриад явчихаж байсан. Миний хувьд эхэндээ биеэ барьж, болгоомжилдог байсан. Эхний хоёр дугаар цацагдсанаас хойш надад ирж байсан сэтгэгдлүүд ихэд нөлөөлсөн. Үгээр хүний алж ч болдог, амьдруулж ч болдог гэдэг шүү дээ. Би сэтгэлээр унахдаа ч амархан, сэргэхдээ ч хурдан хүн. Надад урмын үгтэй чат, комент их ирж байсан. Тэр бүгдээс урам аваад ийм олон хүн итгэл хүлээлгэж байхад надад ухрах зам байхгүй гэж бодоод л чадахгүй ч гэсэн нэг нэг шатаар дээшээ ахья гээд зориглосон. Ер нь, гурав дахь дугаараас өөртөө илүү итгэлтэйгээр бэлтгэлээ хийж эхэлсэн.
Огт танихгүй олон хүнээс сайхан урмын үгтэй чат, комент ирүүлснийг уншихад тэдний сэтгэл намайг тэврээд авч байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Анх шантраад уйлж байсан бол баярын нулимстай инээгээд зогсож байлаа. Хүмүүс урам өгөх тусам сэтгэл сэргэж, дотроос эрч хүч ундраад байдаг юм билээ. Урмын гоё үгсийг уншмаар санагдаад утаснаасаа холдож чадахгүй байсан шүү. Төмөр замчид маань ч, жирийн иргэд ч дэмжиж байгаа нь алхам тутам мэдрэгдэж байсан. Бүр буудал дээр гурван хөөрхөн охин дэмжиж байгаа шүү гээд цэцэг бариад ирсэн. Хэдий миний ард гэр бүлийнхэн минь дэмжиж байсан боловч танихгүй тэр олон хүний дэмжлэг илүү их итгэл, урам зориг өгдөг юм билээ. Өдөр ирэх тусам надад бууж өгөх шалтгаан байхгүй юм байна гэж бодогдох болсон. Шоунд оролцсон хүн бүр түрүүлэх зорилготой ирсэн байж таарна. Гэхдээ, хамгийн том өрсөлдөгч бол эцсийн эцэст өөрөө л байдаг юм билээ. Шоуны оролцогч нар хэдий өрсөлдөгч ч гэсэн бид сайхан найзалж нөхөрлөж, гоё хамт олон болсон. Сэтгэлээр унасан нэгэндээ урам зориг өгөөд сайхан байлаа. Харин өөрийнхөө дотор хүнтэй тэмцэлдэх нь илүү хэцүү даваа байсан.
-Эмэгтэйчүүд жингээ хасах маш олон аргыг хэрэглэдэг ч үр дүнд хүрсэн нь цөөн байдаг шүү дээ. Шоунд орохоос өмнө жингээ хасах оролдлого хэр хийж байв?
-Урд нь би жингээ хасах маш олон оролдлого хийгээд нэг ч удаа өөрийгөө ялан дийлж чадаагүй. Гэртээ дасгал хийж эхлээд 2-3 хоноод хаячихна. Хоолны дэглэм барьж эхлээд ганц хоёр хононо. Нэг мэдэхэд л чипс идээд, газтай ундаа уучихсан байсан. Гэтэл шоунд орж ирээд огцом дэглэм бариад өглөө 100 гр, өдөр 100 гр тахианы мах иднэ гэхээр төсөөлөгдөөгүй. Хоолны дэглэмдээ эхлээд дасахгүй сэтгэлээр их унасан.
Ядахад вокзалын буудал дороо Кейтэрингийн зоогийн газартай. Байнга хоол үнэртэнэ. Ёстой нөгөө зүүн мөрөн дээрх чөтгөр “Аяга хоол идчихэд хэн чамайг харахав дээ” гэж шивнэнэ шүү дээ /инээв/. Тэр болгонд олон мянган хүний итгэл хүлээчихээд “Ийм хайнга байж болохгүй шүү” гэдэг үгийг байнга л өөртөө хэлдэг байв. Өөрийгөө ялан дийлэх хүч бол олон мянган хүний урмын үг, итгэл л байсан даа.
-Ялагч болсноо хэзээ мэдсэн бэ?
-Бусад оролцогчид ч жин их хаясан. Тийм болохоор шоуны дүн гарах эцсийн мөч хүртэл өөрийгөө ялагч болно гэж бодоогүй. Ялагч болсноо мэдсэн тэр агшинд бөөн шок... Итгэж чадахгүй байсан. Зургийн багийнхан сэтгэл хөдлөлөө гаргаач ээ гээд байхад л би балмагдаад хэсэг яах учраа олохгүй байсан. Анухай багш маань баяр хүргээд тэврээд өмнөх хоёр шоун дээр 50 оноо авч ялагч болсон хүн байгаагүй. Чи рекорд тогтоолоо” гэхэд баярын нулимс цийлэгнээд ирсэн. Инээгээд байгаа хэрнээ дотроо өөртөө итгэхгүй, зүүд биш байгаа даа гэж их бодсон. Тухайн үеийн шокноос 2-3 хоног гарч чадаагүй. Машинаа авчихсан байхдаа хүртэл өөртөө итгэж өгөхгүй байсан шүү.
-Энэ шоуны үр өгөөжийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би ер нь зөв зохистой хооллолтын талаар мэдлэггүй явжээ. Өөрөө төдийгүй хоёр охиноо ч ямар буруу хооллож байснаа ойлгосон. Хүн дасгал хөдөлгөөн хийж, зөв хооллосноор эрүүл байх боломжтойг ухаарсан. Үүнийг маш сайн ойлгож авсан. Гэртээ хариад гэрийнхнээ эрүүл зөв хооллолтод дасгах гэж хичээж байна. Өмнө нь, цалингаа буухаар дэлгүүр ороод хүүхдүүддээ амттай болгоныг авч өгч, өөрсдөө ч бэлэн бүтээгдэхүүн авч идээд маш буруу дадал хэвшилтэй байжээ. Бид ер нь, хүүхдүүдээ хайрлаж байна гээд хорлодог байснаа мэдрээд байгаа.
Яагаад зөрлөг дээр ч зөв зохистой хооллож, дасгал хөдөлгөөн хийж болохгүй гэж. Намайг очсоноос хойш замчин бүсгүйчүүд, зөрлөгийн жижүүр хөөрхөн охид хамтдаа дасгал хийе гэж байгаа. Зөрлөгийн бүсгүйчүүд маань наадам хүртэл хамтдаа дасгал хийж, зөв хооллоод наадмаар хүссэн дээл, хувцсаа өмсөх зорилго тавьсан. Би тэдэндээ багшаасаа сурсан мэдсэн зүйлээрээ тусална. Бүсгүйчүүдээ идэвхжүүлэх зорилгоор багахан бооцоотой аяныг эхлүүлсэн. Бид хүнд ажил хийдэг учраас хоолны хэт хатуу дэглэм барихгүй. Анухай багш минь надад ажлын онцлогт маань тохирох хоолны дэглэмийг зөвлөсөн. Тэр дэглэмээр явъя гэж бодож байгаа. Улхын-Овоо зөрлөгт арав гаруй бүсгүй ажиллаж амьдардаг.
-Одоо амьдралын хэвшил тань хэрхэн өөрчлөгдөж байна вэ?
-Өмнө нь, унтаж байгаад л ажлын цагаа тулгаж босоод ихэнхдээ өглөөний цайгаа уухгүй гардаг байсан. Одоо бол 06.00 цагт босоод нөхөр, хүүхдүүдийнхээ хоолыг бэлтгээд, өөрийнхөө өдөр идэх хоолоо хийгээд савлаад гардаг болсон. Амьдралын хэвшил өөр болдог юм байна. Өглөөний цайгаа заавал ууна. Хоёр ширхэг өндөг чанаад цүнхлээд гарах гэх мэт мэдлэгтэй болчихсондоо баяртай байгаа.
Сэтгэл өөдрөг гоё байна. Дунд сургуульд байхдаа ч юбка өмсдөггүй охин байсан. Гэтэл жингээ хаяад галбиржаад ирэхээр цаанаасаа эмэгтэйлэг болж хувцас сонголтод хүртэл их өөрчлөлт гарсан. Өмнө нь навсгар зүйл хайгаад явдаг байсан бол одоо биеийн галбир тодотгох хувцсыг сонгож өмсдөг болсон.
-Ингэхэд Хонгорзул маань удам дамжсан төмөр замчин гэж сонссон?
-Миний аав Замын III ангид замчин, ээж минь бас Чойр зангилааны “Хараацай” цэцэрлэгт багш байсан. Ээж маань эмээг асрахаар Сайншанд руу шилжиж очоод тэндээ 12 дугаар цэцэрлэгт багшаар орсон. Эмээ минь нэгдүгээр сард өөд болсон. Ээж минь намраас ажилдаа орох байх. Манай хамаатан садангуудаас төмөр замд ажилладаг хүн олон бий. Би эцэг эхээс дөрвүүлээ. Дүү Сайншанд Татах хэсэгт туслах машинчаар ажилладаг. Хоёр бага дүү маань дунд сургуулийн сурагчид.
Би дунд сургуулиа төгсөөд дээд сургуульд орох уу, нэг жил сураад ажиллаж байгаад цааш нь сурах уу гэсэн сонголт хийх шаардлага гарсан. Тэгээд МСҮТ-д пүүлэгчээр сурч төгсөөд Чойр өртөөнд дагалдан хийж байсан. Тэр үед ээлжийн ажил хийхэд үнэхээр шантарсан. Би нойрондоо их харам хүн л дээ. Тухайн үед Чойр өртөөнийхөн сайн ажиллаж байна. Ажилд авна гэж байсан ч ээлжийн ажил надад тохирохгүй юм шиг санагдаад больсон. Тэгэхэд өөртөө тохирохгүй мэргэжил сонгоод нэг жилээ алдчихав уу даа гэж бодож байсан. 4-5 сар гэртээ ажилгүй байсан. Тэгтэл нагац эгч маань “Чи замчин хийж чадах уу?” гэхэд нь өмнөөс нь “Ээлжээр ажиллах уу?” гэж асуусан. Ээлжээр ажиллахгүй ажлын таван өдөртэй гэхэд нь шууд “Тэгвэл ажиллая” гэсэн. Анх тэгж Замын IV ангид хөл тавьсан. Эхлээд амрах байранд ажиллаж байгаад замчин болсон. Амрах байранд ганцаараа ажилладаг байсан. Гэтэл замчид бөөнөөрөө шуугилдаад баяр хөөртэй ажилдаа гарцгаах нь сонирхолтой сайхан санагдсан. Замчнаар ажиллах хүсэлтэй байгаагаа даргадаа хэлэхэд, сайхан хүлээж авсан. Би ажиллангаа Сайншандын МСҮТ-д сураад замчны үнэмлэх авсан.
Хоёр гурван жилийн өмнө техникчээр суръя гэж бодож байсан ч бага охиноо төрүүлээд сурч амжаагүй байсан юм.
Өнгөрсөн намраас техникчээр суралцаж эхэлсэн. Замын захиргаа “Говийн төмөр замчин” хөтөлбөрөөр бидэнд том боломж олгож байгаад баяртай байгаа. Говийн бүсэд ажилладаг залуус сургалтын төлбөрөө буцаагаад авч байгаа нь том дэмжлэг болдог. Энэ боломжоо ашиглаад цаашид үргэлжлүүлэн сурна гэж бодож байна. Боломж олдвол ОХУ-д ч мэргэжлээрээ сурмаар байна. Нөхөр маань ч надтай адил сурах хүсэлтэй байгаа. Охид маань одоо гараас гарч байгаа болохоор бидэнд сурах боломж гарч байна.
-Замчны ажил ер нь хүнд шүү дээ. Шантармаар үе тохиолдож байсан уу?
-Би 2017 оноос хойш ажиллаж байна. Миний хувьд нэг их шантармаар зүйл тохиолдож байгаагүй. Манай Замын IV ангийн хамт олон даргаасаа авхуулаад бүгд найрсаг дотно хүмүүс. Залуу хүнд ийш тийшээ явчих боломж их байсан. Гэхдээ замчид маань ажлаа бүгдээрээ баяртайгаар хийдэг. Бидний ажлын нэг өдөр инээд наргиан дүүрэн өнгөрдөг. Ямар ч стрессгүй, бие биенээ дэмждэг маш гоё уур амьсгалтай учраас би одоо болтол замчнаар ажиллаж байгаа гэж боддог. Хамт олон маань нэг гэр бүл шиг болчихсон учраас ажилдаа дуртай.
Ажлаасаа гарч энэ хамт олон дундаас явна гэхээр төсөөлөгддөггүй.
Цаашдаа энэ байгууллагадаа хөгжиж дэвшээд тууштай ажиллая гэсэн бодолтой байдаг. Нөхөр маань Замын 15 дугаар хэсэгтээ мастераар ажилладаг. Би Замын IV ангид ажилд ороод ханьтайгаа танилцаж байсан. Бид хоёр охинтой. Том охин маань найм, бага охин маань хоёр настай.
-Анх шоунд оролцохоор боллоо гэхэд аав, ээж нь юу гэж захьсан бэ?
-Ер нь, аав,ээж хоёр минь “Олны дунд үг, үйлдэл хоёроо цэгнэж яваарай” гэж захьдаг. Шоунд орохоор явахад энэ үгээ л хэлсэн. Эмээ, өвөө минь ч гэсэн “Хүн шиг хүн байгаарай. Үүнээс илүү сайхан юм байхгүй шүү”, “Хэний хүчинд хэн болсон. Хэний мориор газар дөхснөө битгий март” гэж сургадаг байсан. Аав, ээж, өвөө, эмээгийнхээ захиж сургаж байсныг ямагт бодож, хичээж явдаг. Ер нь, аав, ээж минь намайг айлын ганц охин гэж буруу эрхлүүлж өсгөөгүй. Шоунд ороход намайг аав, ээж хоёр минь дэмжиж байгаа хэдий ч телевизээр шинэ дугаар цацагдсаны дараа утсаар ярихдаа “Хөмсөгөө ямар их зангидаж байнаа”. Тэр чинь болохгүй байна шүү, энийгээ ингээрэй гэх мэт миний өө сэвийг олж харж хэлдэг байсан. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг дээ. Ээж маань бидний урдуур орж юм хийж өгөх биш, өөрсдөө бүгдийг бие дааж хийж сур гэдэг зарчмыг барьдаг. Ер нь, эргээд бодоход аав ,ээж хоёр минь биднийг их зөв өсгөж дээ гэж боддог. Шоуны үеэр хүмүүсээс ямар төлөв даруухан юм бэ. Наад хэддээ яагаад дээрэлхүүлээд байгаа юм бэ гэдэг мессэж их ирсэн. Хүнд дээрэлхүүлээд байгаа юм биш. Ер нь, би юмны түрүүнд хүнтэй муудалцаад, юм болгонд тайлбар тавиад байдаггүй зантай. Аливаад авах гээхийн ухаанаар хандахыг хичээдэг. Эцэг эх, эмээ өвөөгийн маань надад олгосон хүмүүжил төлөвшил энэ шоунд түрүүлэхэд нөлөөлсөн болов уу гэж боддог.
-Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Б.Гүнжинлхам
