Зургадугаар сарын 25-ны нар хур тэгширсэн сайхан өдөр Улаанбаатар зүтгүүрийн депогийн Залуучуудын зөвлөл, Ахмадын хорооноос ахмад инженер Ж.Дагвыг деподоо урьж, уулзалт зохион байгууллаа. Өдгөө 90 насны сүүдэр зооглож буй ахмад инженер тэртээ 1961 онд Харьковын Политехникийн дээд сургуулийг зүтгүүрийн зохион бүтээгч инженер мэргэжлээр төгсөж ирмэгцээ тус депод хуваарилагдаж, туслах машинчаар ажлын гараагаа эхэлж байжээ. Уулзалтаас өмнө Ж.Дагва инженер депогийн засварын цехүүдээр орж, үйл ажиллагаа өнөөгийн байдалтай нь танилцсан юм. Тэрбээр, УБТЗ-д металл эд ангийг сэргээн засварлах технологийг оруулж ирж, нутагшуулсан хүн билээ. Эл өдрийн урилга, уулзалтын зорилго ч түүний тэрхүү арга туршлагаас сурч мэдье гэсэн залуусын хүсэл, хойч үедээ өөрийн сурсан мэдсэнээ өвлүүлэн үлдээх ахмад буурлын харамгүй сэтгэлийн огтлолцол дээр тун халуун дотно болж өнгөрлөө.
Улаанбаатар зүтгүүрийн депогийн засварын цехүүдээр орсны дараа Ж.Дагва гуай өөрт төрсөн сэтгэгдлээ илэн далангүй ийн ярьсан юм. “Сэргээн засварлах технологийг энэ депод сэргээж, улам хөгжүүлэх сэн. Болдог бол тусгай цех байгуулаад энэ технологийг бүрэн дүүрэн ашиглаасай гэж хүсэж байна. Миний 64 жилийн өмнө ирж, ажлын гараагаа эхлүүлж байсан депо өргөжсөн байна. Гэхдээ байшин саваа л өргөтгөөд байж. Харин хийж байгаа ажил, технологид төдийлөн том дэвшил гарсангүй. УБТЗ маань жилдээ 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэж, түүхэндээ байгаагүй амжилт гаргалаа гээд байгаа нь надад хангалттай санагддаггүй. Технологийн хувьд хамгийн ойрын жишээ хоёр хөрштэйгөө харьцуулахад бид их хоцрогдсон. Баруун талаар Хятад 350-400 км/цагийн хурдтай галт тэрэг давхиж, Азиас Европ руу чиглэж байгаа нийт ачааны 50 хувийг, зүүн талаар 30 хувийг нь тээвэрлэж байна. Гэтэл Ази Европийг холбосон хамгийн дөт зам гээд байгаа манайхаар ердөө 20 орчим хувь нь явж байгаа юм байна. Одоохондоо шүү. Хэрэв бид хөгжихгүй, галт тэрэгний хурдаа нэмж чадахгүй бол энэ ачаагаа ч алдаж магадгүй. Тийм учраас манай төмөр зам энэ хоцрогдлыг арилгахын тулд машин үйлдвэрийн дэд салбартай болох хэрэгтэй гэж би боддог. Үүний тулд ямар ажил хийх ёстой вэ гэхээр жишээ нь Улаанбаатар зүтгүүрийн депогийн нэг хэсгийг Зүтгүүрийн ашиглалтын депо, нөгөө хэсгийг Зүтгүүр засварын завод болгон хөгжүүлэх хэрэгтэй санагддаг. Зорчигчийн вагон депог ч ялгаагүй. Зүүнхараагийн Ачааны вагон засварын депогоо Ачааны вагон засварын завод болгож, Төв засварын үйлдвэрийг Төмөр замын засвар мехникийн завод болгож хөгжүүлж, хэний ч гарыг харахгүй өөрсдөө сэлбэг эд ангиа сэргээн засварладаг, үйлдвэрлэдэг болох хэрэгтэй гэсэн санааг залууст хэллээ. Би зүтгүүрийн чиглэлийн сэргээн засах технологиудыг нэлээд боловсруулж бичсэн. Мөн хэд хэдэн төсөл бичсэн байдаг. Өнөөдөр тэдгээр өөрийн боловсруулсан технологи, заавар төслүүдээ авч ирлээ. Энэ залууст би тэднийг өгч байгаа юм” гэлээ. Ийнхүү тун ажил хэрэгч, даруухан уулзалт болж өнгөрлөө.
Уулзалтын үеэр залуус Ж.Дагва инженерийн намтар түүхийг ихэд сонирхон асууж байлай. Тэрбээр кино шиг, адал явдалт зохиол шиг баялаг намтартай хүн билээ. Уулзалтын цаг богино байсан тул намтар түүхээ төдийлөн дэлгэрэнгүй танилцуулж амжаагүй юм. Харин бид уншигчдадаа түүний бидэнд хуучилсан намтар түүхийн нэгэн хэсгийг толилуулъя. Түүний металл эд ангийг сэргээн засварлах технологийг УБТЗ-д хэрхэн оруулж ирсэн талаарх адал явдалт түүхийг бид сониныхоо 2017 оны ... дугаартаа нийтэлж байсныг манай уншигчид санаж байгаа байх. Одоо түүний төмөр замчин болсон хийгээд төмөр замаас явсан, бас эргэн ирэх хүртэлх хугацааны түүхийг товчлон хүргэе.
Төмөр замчин болсон минь
Би төмөр замд 1955 оноос бүртгэлтэй болсон хүн. Одоогоос 70 жилийн өмнө ЗХУ-д төмөр замын нэр дээр сургуульд явсан юм. Тэгэхэд төмөр замын нэр дээр 20 хүүхэд сургуульд явж байлаа.
Би Харьковын Политехникийн дээд сургуульд төмөр замын нэр дээр зургаан жил сураад 1961 онд төгсөж ирсэн. Ирээд Улаанбаатар зүтгүүрийн депод туслах машинчаар ажлын гараагаа эхлүүлсэн. Дараа нь засварын цехэд засварчин, бригадын дарга, мастер, сургалт хариуцсан инженер гэх ажлуудыг ердөө жил гаруй хугацаанд хийгээд Төмөр замын техникийн ордонд инженерээр томилогдлоо. Техникийн ордны дарга нь Мандах (УБТЗ-аас төрсөн анхны Хөдөлмөрийн баатар) баатар. Техникийн ордон Замын ерөнхий инженерийн шууд удирдлагад ажилладаг байв. Замын хэмжээнд шинэ техник технологи, Зөвлөлтийн төмөр замын туршилгаас төмөр замдаа нэвтрүүлэх үүрэгтэй байгууллага байлаа. Техникийн ордны байрыг манайхан одоо Төмөр замын архив болгочихсон. Техникийн ордон чинь дотроо 200-аад хүний суудалтай кино заалтай, хоёр гурван инженер, хоёр механикчтай, өөрийн мэдэлдээ техник ухуулгын вагонтой байсан. Вагонтойгоо шугам зам дагуу явж, өртөө, зөрлөг дээр салгуулчихаад төмөр замчдад лекц уншиж, кино үзүүлнэ. Техникийн ордныг хожим устгачихсанд би их харамсдаг. Оросын төмөр замын бүрэлдэхүүнд тийм байгууллага одоо ч бий байх.
Огт мартагддаггүй зургадугаар сарын 25
Тус ордонд гурав дөрвөн жил ажиллаад Төв засварын үйлдвэрийн Үйлдвэр техникийн хэлтсийн даргаар томилогдлоо. Тэгээд 1968 онд Төв засварын үйлдвэрийн даргаар томилогдлоо. Төв засварын үйлдвэр төмөр замын бусад бүх байгууллагын машин техникийг засдаг байсан юм. Үйлдвэрийн соёлжилт, хөдөлмөрийн нөхцөл хүндхэн байлаа. Үйлдвэрийн орчныг соёлжуулах ажлыг зохион байгуулж, 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор үйлдвэр маань Социалист хөдөлмөрийн цол мандат авав. Үйлдвэрийн соёлжилтоор улсын хэмжээнд зарласан уралдаанд тэргүүн байр эзлэв. Ингээд мандаж явлаа. 1971 оны зургадугаар сарын 25-ны өдрийг би огт мартдаггүй юм. Тэр өдөр Төмөр замын Намын хорооны дарга намайг намын үүрийн даргатайгаа хүрээд ир гэж дуудлаа. Яваад очлоо. Тухайн үед Солодкий нутаг буцах гээд Ю.Цэдэнбал даргаас одон хүлээж авч байсан юм. Тэгээд дуудсан юм болов уу гэж бодож байв. Улаанбаатар зүтгүүрийн депогийн дарга Д.Гэсэржав ч бас намын үүрийн дарга, ашиглалт, засвар эрхэлсэн орлогч дарга нараа дагуулаад хүрээд ирлээ. Дарга нар ч ирлээ. Намын хорооны товчоо цуглаад л урт ширээний хоёр талаар суугаад л хурал эхэллээ дээ. Намын хорооны дарга босоод л “Нөхөр Ж.Дагва Монгол-Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан ажил хийсэн байна. Бид шалгасан” гэнээ. Үнэндээ намайг хэн ч шалгаагүй. Гэтэл манай үйлдвэрт ерөнхий инженер гээд нэг орос байсан юм. Өрөөндөө нутгийн хэдэн оросуудыг цуглуулж, үүдээ түгжээд архиддаг, ажил хийдэггүй хэцүү нөхөр л дөө. Даргаар томилогдож очоод жил гаруй харзнаад нэг өдөр арга буюу жаахан шаардлага тавилаа. “Энэ байгууллагад ерөнхий инженерийн хийх ажил өдий төдий байна. Та энэ ажлаа хийвэл яасан юм” гэсэн юм. Гэтэл тэр нөхөр Удирдах газарт давхиж очоод Коммунист намын хорооны (оросуудаа хариуцдаг намын байгууллага) даргадаа “Ж.Дагва дарга намайг загнаад суулгахгүй байна. Чи бушуу яв. 24 цагийн дотор чамайг хөөж явуулна” гэж хэлсэн гэж гөрджээ. Орос намын хороон дарга нь Монгол намын хороон даргад “Танай нэг задарсан дарга манай мэргэжилтнийг тэгж хэлсэн байна” гэжээ. Монгол намын хороон дарга маань намайгаа номхруулах гэж тийнхүү яаран хурал зарласан нь тэр байж. Монгол Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан гэж намайг ажлаас халлаа. Гурван өрөө байранд амьдарч байсныг минь хурааж авлаа. Би Зөвлөлтийн буриад эхнэртэй, 10, 7 настай хоёр хүүтэй. Эхнэр маань “Би энд яаж амьдрах вэ дээ...” гээд нутаг буцчихлаа. Би ажилгүй, орох оронгүй, авгай хүүхэдгүй болсон хүн чинь архи уугаад айл айлд хоног төөрүүлж явдаг боллоо. Тэгтэл Төмөр замын техникумын захирал Самбуу гуай нэг өдөр намайг дуудуулаад “Ингэж явж болохгүй ээ, хүү минь. Чи энэ сургуульд ирээд мэргэжлээрээ багшил” гэхэд нь миний баярласан гэж.
Есдүгээр сарын 1-нд наймдугаар анги төгссөн хэдэн түнжийсэн банди нар, ганц охинтой анги хүлээж авлаа. Миний анхны шавь нар дотор Зүтгүүрийн албаны дарга асан Гавьяат тээвэрчин Х.Лхагвасүрэн, генерал Наваансүрэнгийн Ганболд нар байсан юм шүү дээ. Хэдэн хүүхэдтэйгээ ижил дасал боллоо. Сангийн аж ахуй руу авч явсан. Манай хүүхдүүд хичээл сурлага даа ч сүрхий. Хоёр жил хэртэй багшаар ажиллаж байтал ахин хэрэг мандлаа.
Техникумын багш болгоход Замын Намын хорооны зөвшөөрөл, Замын даргын тушаал гардаг байж. Гэтэл Самбуу захирал шууд өөрөө тушаал гаргаад намайг ажилд авчихаж. Гэтэл үзэл суртлаар хоцрогдсон, Монгол Зөвлөлтийн найрамдалд сэв суулгасан, хорон муу санаатай этгээд төмөр замын залуу боловсон хүчнийг хүмүүжүүлэх нь байж болохгүй гээд намайг ажлаас халаад төмөр замаас бүрмөсөн хөөж, нутаг заагаад Өмнөговь аймгийн Намын хорооны мэдэлд гээд явууллаа.
Хувь тавилангийн эргэлт
Өмнөговьд очлоо. Аймгийн дарга нар намайг сургуульд соёл төгссөн, мэдлэг боловсролтой хүн манайд ирлээ гээд дургүй биш байгаа бололтой.
Намын хорооны товчооны хурал дээр нь би “Надад хийсэн гэм байхгүй. Цэвэр улс төрийн хэлмэгдэлд ороод явж байгаа хүн. Би энэ нутгийн хүн. Гэхдээ хөдөөгийн амьдралаас сүрхий олон жил хөндийрсөн. Надад хамгийн хоцрогдсон ажилтай байгаа сум нэгдлийг хариуцуулаад өгчих. Би улсын тэргүүний сум болгоё” гэж хэллээ.
Тэгсэн чинь “Тийм сум байна. Гэхдээ чи инженер хүн юм. Манайд инженер хүн ажиллах ёстой нэг учраа мэдэхээ больсон газар байна” гээд тэнд томилов. Тэр нь дөнгөж сая байгуулагдсан Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар. Тэр газар оёдолчин, гуталчин, ахуйн үйлчилгээний чиглэлийн баахан ажилчидтай, аймгийн хэдэн орон сууцны үйлчилгээ, засвар хариуцах, дээр нь зочид буудал, аймгийн хог шороог цэвэрлэх, цэцэрлэг саад, бас нас барагсдын оршуулгын ажлыг хариуцаж, нүх ухах, хар улаан даавуу бэлтгэж өгөх зэрэг зүсэн зүйлийн ажил мундахгүй газар аж. Үүний зэрэгцээ олон жижиг уурын зуухтай. Уурын зуухнуудад ажиллах хүн олдохгүй. Олдсон нь энд тэндээс халагдсан, ажилд тогтдоггүй, архи уудаг асуудалтай.
Ингээд 1973 оны долдугаар сард инженерээр очиж, жил хэртэй ажиллаад өнөө байгууллагынхаа дарга боллоо. Дарга болоод овоо ажил цэгцрээд яамны хэмжээнд гуравт, аймгийн хэмжээнд дөрөвт ордог байгууллага болгоод байтал Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны н.Нямаа сайд нэг өдөр утасдаад “Чи наад ажлаа хүлээлгэж өгөөд яаманд ажилла. Чиний оронд эндээс Лувсаншарав гэдэг хүн томилоод явууллаа” гэдэг юм байна. Нийтийн аж ахуйн үйлчилгээний яам гэдэг одоогийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс байгаа саарал байшинд байсан юм шүү дээ.
Яам маань гадаад худалдааны “Хоршоолол импекс” гэдэг нэгдэлтэй. Социалист орнуудтай худалдаа хийдэг байгууллага. Гадаад худалдааны яаманд “Монгол экспорт” гэж байгууллага байсан. Тэр байгууллага хамгийн сайн чанарын ноос ноолуур, арьс ширийг гадаад улсуудад зарж борлуулдаг. Тэдний голоод орхисон стандарт бус гэж ангилагдсан арьс шир зэргийг цуглуулж аваад социалист орнуудын хоршооллын байгууллагуудад манайх худалддаг байв. Ингээд гадаад худалдаа ярьдаг хүн болоод байтал яаманд Материал техникийн хангамжийн хэлтэс байгуулагдаж, хэлтсийн дарга боллоо. Яамны хэлтсийн дарга Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж батлагддаг Төв хорооны мэдлийн боловсон хүчин. Намайг батлалгүй долоон жил үүрэг гүйцэтгэгчээр ажиллууллаа. н.Нямаа сайд “Тэгж байгаад болох байхаа. Чи ажлаа хийж бай” гэдэг. Тэгж байтал Нямаа сайд гадаад руу элчин сайдаар яваад өглөө. Дараагийн сайд “ Чамайг Төв хороо батлахгүй юм байна. Чи яамны автобаазын дарга хийнэ үү” гэлээ. Би ч “Тэгье ээ” гэв. Гэтэл сайд нэг өдөр дуудаад “Асуудал өөр болж байгаа. Төв хороогоор орно шүү. Бэлтгэлтэй байгаарай” гэлээ. Сайд миний оронд тавих хүний тодорхойлолтыг хийгээд Төв хорооны П.Дамдин дарга дээр орж. Дамдин дарга тэр хүний тодорхойлолтыг харчихаад “Өө энэ нөхрийг чинь би мэднэ. Энэ тийм ажил хийж чадахгүй. Чиний одоо байгаа хүн чинь яагаад байгаа юм?” гэжээ. “Долоон жил үүрэг гүйцэтгэгчээр явлаа. Намын хянан шалгахад нэг хавтаст хэрэгтэй хүн байгаа юм” гэхэд нь Дамдин дарга туслахдаа “Чи Намын хянан шалгахаас Ж.Дагвын хувийн хэргийг аваад ир” гэж. Туслах нь ч аваад ирж, Дамдин дарга миний хувийн хэргийг аваад хэд эргүүлж харчихаад “Ёстой юрандаа байнаа” гээд урт ширээн дээр шидчихээд “Манайхан хачин шүү. Хүнийг иймхэн юмаар ингэж олон жил хохироож байдаг. Чи дуугүй Ж.Дагвыгаа тодорхойлоод ир. Би батлаад өгье” гэжээ. Хэд хоногийн дараа намайг хурлаар нь оруулаад нэг ч хүн юм асуусангүй. Танилцуулга уншаад “За батлах уу?”, “Баталъя” гээд л хурал дууссан. Сарын дараа яамны коллегийн гишүүнээр батлагдав.
Шигшигдэж, шилэгдэж хилийн дээс алхав
Монгол Зөвлөлтийн Засгийн газрын хэлэлцээрээр таван жилийн хугацаанд Зөвлөлтийн зээл тусламжийн хөрөнгөөр Монголд ямар объект баригдах вэ гэдгийг тохирдог том хурал болдог байсан. 1981 оны хэлэлцээрээр баталсан төлөвлөгөөний дагуу хийх ажлыг нь хариуцах Элчин сайдын яамны эдийн засгийн зөвлөхийн товчооны төлөөлөгч томилох хэрэг гарч. Манай сайд хэдэн хүн тодорхойлоод Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хороо руу явуулж. Тэр хорооны дарга нь Салдан (УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн аав) гэж хүн байв. Манай яамнаас явуулсан тодорхойлолтуудыг үзээд тохирох хүн алга гэж дүгнээд боловсон хүчний нэг нөхөр яаман дээр ирж, хэлтсүүдээр яваад танай яамны чиглэлийн ийм асуудлыг хариуцан Москвад суух хүн хэрэгтэй байгаа юм. Техникийн боловсролтой, хэл устай, ажлын туршлагатай хүн хэрэгтэй. Тийм ямар хүн байна гээд ажилчдаас асуугаад явахад нь хүмүүс “Дагва л чадна” гээд байж. Нэг өдөр Гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооноос дуудаж байна. Яваад очтол нэг хүн танаас шалгалт авна гэв. Хоёр хүн надаас орос хэлний шалгалт авлаа. Цээж бичиг бичүүлж, өгүүлбэр зүйн задлан хийлгэн нэлээд шаггүй шалгалт авлаа. Тэгээд “Шалгалтын дүн гарнаа. Таныг бид нэг ажилд томилох санаатай байгаа юм” гэсэн мөртлөө ямар ажилд гэдгийг нь хэлсэнгүй.
Хэд хоногийн дараа “Та шалгалтад тэнцсэн. Таныг бид Элчин сайдын яамны эдийн засгийн аппаратад орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний хамтын ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнээр явуулахаар шийдэж байна” гэв. Тэд манай сайдад “Танайхаас Ж.Дагва гэдэг хүнийг бид сонголоо” гэхэд нь Сайд нэлээд бодож сууснаа “Ж.Дагва наад ажлыг чинь хийж чадна л даа. Би л харин Ж.Дагвыгаа явуулчихаад яадаг юм билээ дээ. Би яамны Намын хорооны даргатайгаа ярья” гэжээ. Тэгээд хэд хоногийн дараа сайд маань зөвшөөрч, би 1986 онд Москвад Элчин сайдын яамны эдийн засгийн товчоонд очиж, тэнд дөрвөн жил есөн сар ажилласан. Тэгээд би 1990 оны есдүгээр сард Монголд ирсэн. Би 1973 онд Өмнөговь руу хөөгдөж, 17, 18 жил төмөр замаас хөндийрсөн хүн. Төмөр зам гэдгийг бараг мартсан. Төмөр замын ном, сурах бичиг бүгдийг аймгийн номын санд бэлэглэчихсэн. Хэзээ ч төмөр замд эргэж очно гэж бодоогүй явсан. Тэгтэл Москвад нэг эрдэм шинжилгээний хүрээлэн дээр үзэсгэлэн үзэж явахдаа машин техникийн элэгдсэн эд ангийг сэргээж, шинэ юм шиг болгож ашигладаг технологи байдгийг үзээд гэнэтхэн төмөр зам маань санаанд орж билээ. Энэ технологи Төв засварын үйлдвэрт байдаг бол хичнээн сайхан юм хийх бол гэж бодогдсон доо” гэж буурал инженер хуучиллаа.
Б.Гүнжинлхам
