Нүүр Ярилцлага А.Ундрахбаяр: Төмөр замчдынхаа тухай сайхан бүтээл хийнэ
Ярилцлага

А.Ундрахбаяр: Төмөр замчдынхаа тухай сайхан бүтээл хийнэ

G.Press 1 жилийн өмнө 490 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

“Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжиг ”Ган зам палас”-ын тайзнаа гуравдугаар сарын 18-нд нээлтээ хийж, өдөр бүр тоглогдож байна. Тус жүжигт Есөн татарын Жалибуха ноёны дүрийг бүтээсэн жүжигчин бусдаасаа гойд ялгарч, жүжиглэх ур чадвар, дуу хоолойн цар хүрээ онцгой санагдсаныг нуух юун. Ингээд Төмөр замын дуу бүжгийн чуулгын Аж ахуйн эрхлэгч,  СТА, жүжигчин А.Ундрахбаяртай уулзаж ярилцлаа.

 

-Жалибухад чуулгын аж ахуйн эрхлэгч А.Ундрахбаяр тоглосон гэдэг нь содон сонсогдож байлаа. Та өөрийгөө танилцуулна уу?

 

-Сайн байцгаана уу. “Ган зам” сониныг уншиж байгаа эрхэм төмөр замчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Алтантүлхүүрийн Ундрахбаяр гэдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сумынх. Хоёр хүүтэй айлын бага нь. 2003 онд Мандал сумын II арван жилийг төгсөж, СУИС-ийг кино драмын ангийг жүжигчний мэргэжлээр Ардын жүжигчин Ж.Лхамхүү багшийнхаа удирдлагад 2007 онд төгссөн. МҮОНРТ-д гэрээт хөтлөгчөөр ажиллаж байгаад найз нөхөдтэйгөө нийлж хүүхэд, залуучуудын “Улаан театр”-ыг үүсгэн байгуулж, найруулагч, жүжигчнээр ажиллаж байгаад хувь хувийнхаа уран бүтээлийг хөөцгөөсөн. “Улаан театр”-т “Парисийн Дарь-Эхийн сүм” жүжгийг тавьж,  Квазимодагийн дүрд тоглосон. Гэхдээ ”Улаан театр” маань одоо ч байгаа. Миний хувьд нэг хэсэг уран бүтээл завсардаж, тэгээд кино урлагт хөл тавьсан. “Улаанбаатарт нэг удаа” бүрэн хэмжээний уран сайхны кино хийсэн ч коронагийн нөхцөл байдлаас бүтэлгүйтсэн. УБТЗ гэдэг их айлд 2022 оноос эхлэн ажиллаж байна.

 

-ТЗДБЧ-д ажиллах саналыг анх хэн тавьсан бэ. Та энэ чуулгад ажиллах хүсэл эрмэлзэл байсан уу?  

 

-Энэ надад тохиосон хувь тавилан гэж би боддог. Төмөр замын дуу бүжгийн чуулгын Ерөнхий найруулагч Д.Ганболд ах маань надад анх санал тавьсан.” Чуулгад ажилд орооч ээ, би жүжиг тавих гэж байгаа. Чуулга цаашид олон уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байна” гэхэд “Чуулга жүжигчний мэргэжилтэй хүн авахгүй биз дээ” гэж асуухад “Аж ахуйн эрхлэгчээр ажилд орчих” гэж хэлж байсан.  Би өмнө нь маркетинг, сурталчилгааны чиглэлээр ажиллаж байсан ч мэргэжлийн жүжигчин хүн аж ахуйн ажил хийнэ гэхээр санаанд бууж өгдөггүй. Гэсэн ч “Түүхэн жүжиг хийх хүсэлтэй байгаа” гэж хэлсэн нь надад таалагдаж, би чуулгын дарга Л.Биндэръяатай ирж уулзсан. Чуулгын дарга маань ч сайхан хүлээж авч, "Чи суралц, суралцах нөхцөлийг нь бид хангаж өгье" гэсэн. Тэгээд л онлайнаар суралцаж, аж ахуйн эрхлэгчээ хийж эхэллээ, жүжгийн сураг ч байдаггүй ээ.

Би найруулагчдаа "За би жүжигчин байхаа больсон шүү. Ердөөсөө л аж ахуйн эрхлэгч болчихлоо. Хоёр жил эрхлэгчийн ажлаа ч хийлээ, одоо надтай жүжгийн тухай битгий яриарай. Жүжгийн ажилд оролцох юм бол эрхэлж буй ажил маань ч  самгардана. Энэ ажилдаа ч би дуртай болсон" гэж хэлж байлаа..  Гэтэл найруулагч "Хамаагүй ээ, аж ахуйн ажлаа ч хий, жүжигтээ ч тоглоно" гэж хариулж байсан. Тэгээд л надад “Тэнгэрийн сум” жүжгийн Жалибуха гэдэг дүрийг өгсөн. Анх уншиж үзээд их айсан. "Яагаад энэ дүрийг надад өгч байна вэ, олон уран бүтээлчид байна шүү дээ" гэж асуусан. Найруулагч "Чи бол мэргэжлийн жүжигчин хүн. Чи л энэ дүрийг бүтээх ёстой" гээд л. Тэгээд энэ дүрийг бүтээлээ.

 

-Дүр дээрээ маш сайн ажилласан санагдсан шүү. Өмнө нь ямар жүжигт дүр бүтээж байсан бэ?

 

-Маш их баярлалаа. Би драмын жүжигчин мэргэжлийг эзэмшсэн. Оюутан байхдаа жүжгүүдийнхээ гол дүрд тоглодог байсан. Би үеийнхнээсээ оворгүй харагддаг юм шиг байгаа юм. Ер нь ихэвчлэн хүүхдийн дүрд тоглоно. Драмын театрт хүүхдийн дүр бүтээх жүжигчингүй боллоо гээд жүжигчнээр урьж байсан. Тэр үед омголон, залуу ч байж, бие дааж уран бүтээл хийнэ ээ гээд очоогүй. Үнэндээ би арваад жил тайзан дээр гарсангүй, кино дэлгэцийн уран бүтээл хийж байгаад Улаанбаатар төмөр замын чуулгын уран бүтээлчидтэй хамтран “Тэнгэрийн сум” дуулалт жүжигт сая дүр бүтээлээ. Дуучин, бүжигчин, хөгжимчин хүмүүс өдий зэрэгтэй жүжиглэж байгаад нь маш их баярлаж байгаа. Жүжигт Тэмүүжиний бага нас, Тэмүүжин, Бэгтэр хоёр хоорондын зөрчил өрнөнө. Би жүжигтээ туслах найруулагчаар ажилласан. Би бүх уран бүтээлчдээ хараад маш их бахархдаг. Энэ жүжгийн гол дүр бол яах аргагүй Бэгтэр.  Бэгтэрт тоглосон Л.Шихихутаг дуучнаар ч бахархаж байна. Миний тайзан дээр дүрээ гоё гаргаж, сэтгэлээ зориулаад байгаа нь нийт уран бүтээлчдийн маань урам, хувь нэмэр, тэд миний дүрийг тодотгож өгч байгаад гол утга учир оршино. Тиймээс би энэ дүрийг зайлшгүй чанартай, чансаатай гаргахгүй бол болохгүй ээ гэж бодож хичээсэн.

 

-Хэсэг хугацаанд драмын уран бүтээлээс  завсарлаж, арван жилийн дараа тайзан дээр гарах, ялангуяа түүхэн дуулалт жүжигт тоглоход ямар мэдрэмж төрсөн бэ?

 

-Би уйлсаан. Нээлтийн тоглолтын дараа хөтлөгч уран бүтээлчдээ танилцуулж, "Жүжгийн туслах найруулагч, Жалибухагийн дүрд тоглосон Улаанбаатар төмөр замын чуулгын аж ахуйн эрхлэгч, СТА,  жүжигчин Алтантүлхүүрийн Ундрахбаяр" гээд л  зарлахад үнэхээр бахархах сэтгэгдэл төрж байсан. Жүжгийн төгсгөл Тэмүүжин Бэгтэрийг харвадаг хэсгээс  нойтон сормуустай, эцэст нь бүх жүжигчдийг зарлаж, миний овог нэрээр зарлахад омогшоод нулимс асгарч, жүжигчидтэйгээ тайзан дээр зогсож чадалгүй хөшигний араар орж мэлмэртэл уйлсан шүү. Үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж байсан. /Энэ үед ч нулимсаа барьж дийлсэнгүй, нулимсаа арчлаа.сурв/

 

-Өнөөдрийн ажил, амжилтын тань замнал хаанаас эхлэлтэй вэ?

 

-Ээж аав маань урлагийн хүмүүс. Миний ээж Б.Дэнсмаа Сэлэнгийн Зүүнхараагийн төмөр замын нэгдсэн эмнэлэгт сувилагч, боловсон хүчин байсан. Тэнд ажиллаж байхдаа “Мөнгөн хараа” хамтлагт дуулдаг байв. Их ч  сайхан дуулна, шүлэг зохиол бичнэ, гоё ч ярьдаг,  урлаг уран сайхны хажуугаар үндсэн ажлаа ч сайн хийнэ. Зүүнхараагийн  “Мөнгөн хараа” дуу бүжгийн чуулгын захирлаар томилогдоод, би ээжийгээ их дагадаг хүү байлаа. Ээжийнхээ дуулж бүжиглэхийг нь хараад ихэд бахархдаг байлаа. Аав маань ч чуулгын их хуурч байсан. Одоо тэд маань хоёулаа тэтгэвэртээ суусан. Урлагийн гэр бүл гэж хэлж болно оо.  Анх жүжигчин болохдоо би аавтайгаа хуйвалдаж билээ. Ээж маань намайг урлагаар явуулахгүй, эмч л болгоно гэдэг байлаа. Тэр тусмаа мэс заслын эмч болгоод УБТЗ-ынхаа эмнэлэгт ажилуулна гэдэг байсан юм. Би тэгэхэд нь “Хичээлдээ тааруухан намайг яаж эмч болгох гээ вэ, мэс заслын эмч бус алуурчин бэлтгэх гээд байгаа юм уу” гээд л хөөрхөн эсэргүүцдэг байв. Тэгээд л ээжийгээ унтаж байх хойгуур аавтайгаа хуйвалдаж хот руу вагонд сууж, СУИС-д шалгалт өгч тэнцэж байснаар миний ажил, мэргэжлийн замнал эхэлсэн дээ.

 

-Амьдралдаа ач холбогдол өгдөг зүйл чинь юу вэ?

 

-Эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэж, ямар ч саад тотгор, даваа бэрхшээл гарсан ч тэр л ажлынхаа ард гарахыг хүсдэг. Мөн миний ганц  хүсдэг зүйл бол олны хүндлэл хүлээсэн ажлыг мартаж самгардуулж болохгүй.

 

-“Тэнгэрийн сум” жүжгийн туслах найруулагчаар ажиллажээ. Голлож анхаарч ажилласан зүйл тань юу байсан бэ?

 

-“Тэнгэрийн сум” түүхэн дуулалт жүжиг маань өдөр бүр тоглогдож байна. Ерөнхий найруулагч бүх найруулга, тавилтыг хийсэн. Хааны сэнтий, хар, цагаан тугийг байрлуулах нь хүртэл цаанаасаа утга учиртай, судалгааг үндэслэж найруулж дэглэдэг. Миний хувьд дүр дээрээ илүү ажилласан. Зарим дүрийн санааг өөрчлөх, ерөнхий найруулагчийн тавилтаас арай өөрөөр явахад найруулагчид таалагдсан тохиолдолд чимээгүй өнгөрдөг нь зөвшөөрсний шинж тэмдэг. Би дүрээ олохын тулд бэлтгэл бүр дээр өөр өөр Жалибухад хувирдаг. Бусад жүжигчдэдээ ч өдөр бүрийн бэлтгэл дээр өөрийгөө сорихыг зөвлөдөг. Манай хэд ч янз янзын туршилтаар явсаар өнөөдөр өөрийн дүрээ олчихсон, зарим нь үргэлжлүүлэн дүрээ суулгахаар ажилласаар л байна.

 

 

-Хөдөө орон нутагт явж жүжгээ тоглохоор төлөвлөж байгаа юу?

 

-Хөдөө орон нутгаас захиалгууд ирээд байгаа. Эхний ээлжид хөдөө орон нутагт бригад явах байх. Энэ түүхэн дуулалт жүжгийг Монголын бүх хүмүүст хүргэмээр байна. Монголын ургийн бичиг болох “Монголын нууц товчоо”-г уншаагүй ч гэсэн манай жүжгийг үзэж, “Монгол хүн гэдгээрээ омогшиж, бахархаж зорьж ирж үзээсэй” гэж хүсэж байна. Ирэх намраас энэ жүжгийн хоёрдугаар анги гарах юм. Гурван бүлэгтэй. Үйл явдал нь хоёрдугаар бүлэгтээ үргэлжилнэ. Зохиолыг нь СГЗ Л.Сэнгээ гуай үргэлжлүүлэн бичиж байгаа.

УБТЗ-ын нийт ажилчдад уран бүтээлээ хүргэмээр байна. Чуулгын уран бүтээлчид зүгээр л цалин аваад  байдаг хүмүүс биш. Төмөр замчид чуулгынхан юу хийдэг юм бол, төмөр замын арга хэмжээн дээр хөтлөгч л хийдэг гэсэн ойлголттой байх шиг байдаг. Бид завгүй хөдөлмөрлөж байдаг хүмүүс. Өнөөдөр гэхэд жүжгээ хоёр удаа тоглоно. Өдөрт нэг удаа тайзан гарахад асар их хөлс, хүч гардаг. Тоглолтоо сайжруулахын тулд тогтмол бэлтгэл хийнэ. Тоглолт бүрт алдаа, оноогоо засаж явсаар эцэст нь төгс бүтээл болно доо. Аймгуудын театр, өртөөдөд очиж тоглоход бэлэн. Нүсэр тайзаа авч явахад хэцүү ч зохицуулаад л явна даа.

 

-Эргээд 20 насандаа байсан бол та өөртөө ямар зөвлөгөөг өгөх байсан бэ?

 

-20 насандаа эргэж очих боломжтой байсан бол би энэ хамт олон дээрээ эртхэн шиг л ирэх байсан. Улаанбаатар төмөр замын чуулгын нэр дор их зүйл бүтээх байсан байх аа. Анх энд ажилд орохдоо би өөртөө нэг их итгэлгүй байсан. "Би яаж төмөр замчин болох вэ. Юун аж ахуйн эрхлэгч вэ" гээд. “Жүжигчнээр ажиллана гэдэг санал л надад таалагдаж байна” гэж найруулагчдаа ч хэлж байсан. Дахин дурдахад Л.Биндэръяа дарга намайг хүндэтгэлтэй хүлээж авсанд баярладаг. Тэрээр “Манайх орон тоо цөөхөн ч хувирах чадвартай ажилтантай болсондоо баяртай байна. Бүх талаар нь дэмжинэ” гэж хэлж байсан. Аж ахуйн албыг хариуцаж ажиллахад суралцах нөхцөлөөр хангаж өгсөн. Намайг жүжигтэй үед  аж ахуйн албыг нарийн бичиг орлоод хийдэг. Дуучид маань төмөр замын аливаа арга хэмжээг очиж хөтөлдөг гэж танилцуулж байсан. Ер нь дуучид хөтлөгч хийх ёсгүй юм. Учир нь хоолой нь эвдэрчихнэ гээд хориглодог. Бага ярих хуультай байдаг. Тиймээс ч би зургадугаар сарын 1-нд хүүхдийн баярын арга хэмжээг хүүхэд болж хөтөлдөг.  

 

-Таны ажил, карьерын хамгийн үнэтэй зүйл юу вэ?

 

-Харилцаа. Би харилцаан дээрээ их анхаардаг. Карьер гэхээсээ илүүтэй хаана ч явсан хүмүүстэй мэндтэй устай явах сайхан шүү дээ. Манай үйлчлэгч эгч нар намайг “Миний хүү ээ” гэж дууддаг. Дарга “Хэзээ чиний хүүхэд чинь болчихов.  Аж ахуй эрхэлсэн даргаа миний хүү гэж дуудаад. Жаахан эрэмбэ дараалалтай бай” гээд загнана аа. /инээв/ Цайны цагаар жижүүр, үйлчлэгч нартайгаа цайлж, ажлаа ярьцгаана. Хүнтэй харилцах харилцаанаас бүх зүйл эхэлдэг, бас төгсдөг. Тиймээс би харилцааг нэгдүгээрт тавьдаг.

 

-СУИС-ийн оюутнууд дипломоо хамгаалах нь нэр хүндтэй, хариуцлагатай ажил байдаг. Та ямар дүр бүтээж байсан бэ?

 

-Манай 2007 оны төгсөгчид бүгдээрээ  л од болчихлоо доо.  Ангийнхан маань сайн явна аа. Хошин шогийн “Эмоци” хамтлагийн  жүжигчин Х.Тэмүүжин, Г.Эзэнмөнх,  “Х Түц” продакшны жүжигчин А.Туяа, Ц.Алдармаа, УДЭТ-ын жүжигчин Б.Одончимэг, “Маск” продакшны жүжигчин Г.Чулуунцэцэг, “Фантастик” продакшны Э.Алдар, хөтлөгч Г.Анхбаяр нар гээд манай ангийнхан олон байна. Анх СУИС-д 32-уулаа элсэж,  шигшигдсээр 15 -уул төгсөж байсан юм. Дипломоо хоёр жүжгээр хамгаалж байсан. Хятадын Цо Юугийн зохиол “Аянгын бороо”, нөгөө нь Уильяам Шекспирийн “Зөрүүд эмийг номхотгосон нь” жүжгийг  тоглож дипломаа хамгаалсан.

 

-Хошин урлагийн нэгэн жүжигчинтэй төстэй харагдаад байна. Та өөрөө үүнийгээ анзаарч байсан уу?

 

-Нүүр хувиргагч нар  намайг жижиг Аглуу гэж хэлдэг. Зарим нь “Эмоци” продакшны Төтө буюу Д.Түвшинтөртэй адилхан гэдэг. Хүмүүс л төстэй гэж хэлдэг болохоос надад тэгэж санагддаггүй. Арван жилдээ би Аглуу  буюу МУГЖ Л.Баттулга ахыг шүтдэг байсан. Тэр үед “Х Түц”-ийн “Сэргээш” ид тоглогдож байсан. Зурагтаар хошин шогийн тоглолтыг нь их үзнэ ээ. Манай багш нар уг нь намайг сургуулиа төгсөөд хошин урлагийн жүжигчин болно гэдэгт итгэлтэй байсан. Ундрахбаяр драмд ч , хошин урлагт  ч тоглож чадна хэмээн үнэлдэг байлаа. Ардын багш ,СГЗ найруулагч Н.Ганхуяг багш маань ч надтай их хөөцөлдсөн дөө. Зүгээр байлгахгүй, мессэж бичнэ. Утсаар залгаж, “Чи хэзээ Бооёо дээр очиж уулзах гэж байна. Чамайг “Шинэ үе”-д оруулмаар байна, чи л хошин урлагаар явмаар байна" гэж их хэлсэн. Сая жүжгийн нээлт үзэхээр ирэхэд  нь ямар их сандрав аа. Яг л шалгалт өгөх гэж байгаа юм шиг  мэдрэмж төрж, хамаг бие салгалаад л байлаа.  Жүжгээ тоглосны дараа багштайгаа уулзахад намайг үнсээд, “Аргагүй дээ, миний хүү чинь мэргэжлийн жүжигчин юм чинь дуучид, бүжигчдээс ялгаралгүй яахав. Бүгдээр сайн байна. Чи мэргэжлийн жүжигчин хүн ажлаа сайн хийлээ. СУИС-ийн нэр хүндээ сайн хамгааллаа” гэсэн. Ер нь багш маань хүнийг магтдаггүй. Багшийгаа доош нь хийхийг магтаал гэж ойлгодог. Ийм л сайхан багш нараар хичээл заалгаж эрдмээс нь суралцсандаа бахархдаг.

 

-Гэр бүлээ танилцуулна уу?

 

- Эхнэр маань С.Цацрал гээд сайхан бүсгүй бий. Олон улсын харилцааны мэргэжилтэй. Бид хоёр охинтой. Том охин У.Энэрэл маань жүжигчин болохын хүслэн болсон охин бий. Аавынх нь гени байдаг юм шиг байна. Хоёрдугаар ангид байхдаа “Дэггүй хөрш”, дөрөвдүгээр ангидаа “Гэрлэн дохио” кинонд тоглож байсан. Энэ жил  12 дугаар ангиа төгсөнө, ЭЕШ-нд бэлтгэхээр бүтээлээсээ завсарласан ч ээжтэйгээ хуйвалдаж шинэ кинонд оролцсон сураг байсан. Би охиндоо, ”Урьсан бүх уран бүтээлд орох гээд хэрэггүй ээ. Уран бүтээлээ эхлээд сайн л судал" гэж захидаг. Бага охин  минь тавдугаар ангид сурдаг, бас их авьяастай. Багыгаа урлагаар явуулахгүй, өөр мэргэжил эзэмшүүлнэ гэж боддог.

 

-Та яагаад хошин урлагт хүч сориогүй юм бэ?

 

- Мэдэхгүй юм даа. Би бодоод бодоод олдоггүй шүү дээ. Хүүхэд байхдаа хошин урлаг үзэж, Аглуу ахаас үлгэр жишээ авч, шүтэж жүжигчний мэргэжлийг сонгосон. Багш нар минь ч надаас их хүлээлттэй байсан сан. Би багадаа овоо зурдаг, СУИС-ийн дүрслэх урлагийн ангид орно доо гэж боддог байсан. Жүжигчний мэргэжлээр төгсөхөөр хүн өөрийн гэсэн бодолтой болдог. Би драм талдаа илүү дуртай. Гэхдээ АЖ Н.Сувд багш маань Драмын театрт хүүхдийн дүр бүтээх уран бүтээлчээр ор гэхэд нь бас л ороогүй. Кино урлаг  руу орж  “Эрхэм элч”-ийн бүтээсэн “Халуун салхи” кинонд  16 настай Доржбал хүүгийн дүрийг анх бүтээж байсан. “Эрхэм элч”-ийн “Хилэн”,  найзынхаа бүтээсэн  кинонд Мөөгөнцөр гэдэг залуугийн дүрд тоглосон. Одоо дэлгэцийн уран бүтээлд оролцох завгүй ч боллоо. Шинэ хамт олонтойгоо ажиллаад гурван жил болж байна. Зорилго маань ч бүтээд эхэллээ. Өмнө нь тодорхой зорилгогүй яваад байсан байж магад. “Тэнгэрийн сум” жүжгийн хоёр, гуравдугаар бүлэгт нь дүр бүтээнэ. Жалибухагийн дүр маань жүжгийн хоёрдугаар хэсэгт үхдэг. Гуравдугаар хэсэгт эсрэг дүр бүтээх санал ирсэн. Энэ миний анхны эсрэг дүр. Би өөрөө их нүдэнд дулаахан хүн шүү дээ./инээв/

 

-Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

 

-Миний ширээний ном “Монголын нууц товчоо” болсон. Нэг уншаад ойлгохгүй. Хоёр уншаад тогтоох төдий. Гурав уншаад зүрхэнд  орох төдий. Нууц товчоон дээр яг Жалибуха гэдэг хүний тухай дэлгэрэнгүй байхгүй. Тэгэхээр надад ч амар, би энэ дүрийг сэтгэж гаргаж болно. Хүмүүс Жалибухаг миний бүтээсэн дүрээр л хараг. Хэрвээ Жалибуха яг ийм хүн гээд зураад өгчихсөн бол би түүнийг л гаргах гэж тоглоно.

 

-Жүжигчин хүний мөрөөдлийн дүр гэж байдаг. Та ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

 

-Би нэг сайхан аавын дүрийг л бүтээмээр байна. Өөрийнхөө аавыг нүдэндээ харж байгаад л тэр дүрийг бүтээнэ. Миний аав ийм хүн байсан даа гээд л. Миний аав амьд сэрүүн байгаа. Би тайзан дээр Ундрахбаяр биш Алтантүлхүүрийг бүтээнэ. Аав маань хааяа архи ууна. Архи уухаараа хүн их гоё өөрчлөгддөгийг хүртэл гаргана гэж боддог. Энэ чинь л дүрийн судалгаа юм. Жишээ нь би 80 настай хүний дүрд тоглолоо гэхэд миний өвөө тийм зан чанартай хүн байсан гэхчлэн хүнээр жишээ авчихад их дөхөм байдаг. Энэ гүндүүгүй хүндээ гээд л судлахаар дагаж яваад үйл хөдлөл бүгдийг нь анзаарна. Би арван жилд байхдаа урлагийн үзлэгээр бүх багш нарынхаа онцлогийг шоглон дуурайж балрах шахсан хүн. Багш нар намайг жүжигчин болно гэж ээж аавд хүртэл хэлдэг байсан. Харин ээжийн минь хүсэж байсан, хүүхдийнхээ ирээдүйг УБТЗ-тай холбоно гэж ярьдаг байсан нь одоо биелсэн. Би өөрийгөө төмөр замд ажиллана гэж огт төсөөлөөгүй.  Та надаас асуусан. Би 20 насандаа эргэж очвол ээжийнхээ үгэнд орж Төмөр замын чуулгад ажилд орсон бол өдийд нэлээд хэдэн жүжиг тавьчихсан, олон уран бүтээл хийчихсэн байх гэж бодогдож байна. Яагаад ч юм жүжигчин хүн учраас уран бүтээл цаанаасаа нэхэгдээд байдаг. Гэртээ хийцгүйрч байхаар нэг жүжигт, гоё дүрд тоглочих юм сан гэж горьддог. Уран бүтээлийн “гуйлгачин” зан надад байдаг. Энэ сайхан дуулалт жүжигт УБТЗ-ын чуулгад ажиллаж байгаагийн буянаар дүр бүтээж, тоглож байгаадаа, эргэж тайзан дээр гарсандаа их баяртай байгаа. Тусалж дэмжсэн удирдлага, хамт олондоо бүгдэд нь дахин баярлалаа.

 

-Таны өнгөрсөн амьдралд тохиолдсон үнэтэй сургамж юу байсан бэ?

 

-Байлгүй яахав. Мэдээж алдаа, оноогоо дэнсэлнэ. Алдахгүйн төлөө л амьдарна гэж хүн бүр хичээдэг ч алддаг. Алдаанаасаа сургамж авч хүмүүс амьдарсаар ирсэн. Хүн ер нь сэтгэл хөдлөлөөр юманд хандаж болохгүй. Сэтгэл хөдлөлөөр л аливаа зүйлийг хийвэл алдаа нь том тусдаг. Юмыг нухацтай бодож, төлөвлөж хийх хэрэгтэй. Би 2019 онд хоёр найзтайгаа хамтарч кино хийсэн. Төсөв ч их гарсан. Монголын нэртэй жүжигчдийг ч  тоглуулсан. Залуу насны аагаар кино хийе гэж ухасийгээд л ард нь гарч чадсан. Кино театрт 14 хоног орчим гаргаад л татан буугдсан. Өр төлбөр нэхэгдээд байдаг. Гэтэл корона өвчин гарч, киногоо хөдөө орон нутгаар ч  гаргаж чадаагүй. Кино хийсэндээ биш  кино маань явсангүйд л их харамссан.  Гэхдээ одоо кино хийнэ ээ. Сайхан уран бүтээл хийнэ гэсэн зорилго надад бий. Надад сайхан хамт олон байна. Мундаг найруулагч байна. Төмөр замчдын тухай, төмөр замын олон мэргэжлийн сайхныг түмэн олонд бишрүүлсэн кино хийнэ. Зохиол дээр сууна. Судалгаа хийнэ. Сайхан бүтээл болно гэдэгт итгэлтэй байна.

 

-Ярилцлага өгсөн Таньд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

 

 

П.Түмэндэмбэрэл

 

 

  

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.