УБТЗ ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан орлогч дарга А.С.Бутовтой ярилцлаа.
-Сайн байна уу, Александр Сергеевич! Таны ярилцлагыг бид сониндоо анх удаа нийтэлж байгаа тул юун түрүүнд уншигчидтайгаа танилцуулъя гэж бодлоо. Та өөрийн ажил хөдөлмөрийн замнал, туршлагаасаа хуваалцана уу?
-Сайн байцгаана уу? Би төмөр замын салбарт 2004 оноос ажиллаж эхэлсэн. Тухайн үед Зүүн-Өмнөд төмөр замын Воронеж дахь эрчим хүчний хэсэгт эрчим хүчний инженерээр орж байлаа. Дараа нь тус замын Мэдээлэл тооцооллын төвд шилжин долоо орчим жил ажилласан. Үүний дараа урилгаар Москва хот руу “Оросын төмөр замууд” (РЖД) нийгэмлэгийн Ерөнхий тооцооллын төвд Ерөнхий инженерийн орлогч бөгөөд Техникийн хэлтсийн даргаар томилогдсон. Түүний дараа Ерөнхий тооцооллын төв нь дэд бүтцийнхээ зарим хэсгийг охин компани руу шилжүүлэхэд би тэнд нэг салбарыг нь удирдсан. Тэндээсээ УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн болон нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков нараас УБТЗ-д ажиллах саналыг хүлээн авч ирсэн дээ.
-Мэдээллийн технологийн салбарт ажилласан арвин туршлагыг тань үндэслэн асуухад, өнөөдөр УБТЗ-ын цахим шилжилтийн түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?
-Монгол Улс бүхэлдээ цахим хөгжлийн эрчимтэй шатандаа явна. Төмөр зам бол цахим хөгжлийн гол салбаруудын нэг юм. Бид зөвхөн тавигдаж буй шаардлагад нийцээд зогсохгүй, зарим тал дээр технологийн түүчээ байхыг эрмэлзэж байна. Компанийн цахим бэлэн байдлыг бодитоор үнэлбэл ганцхан үгээр “ирээдүйтэй” гэж хэлнэ. Өнөөдөр УБТЗ-д бидний ажиллаж байгаа, стратегийн хөгжилд зориулж нөөц бололцоогоо бэлтгэж буй олон ирээдүйтэй чиглэл бий.
-Цахим шийдлийн ачаар зарчмын хувьд өөрчлөгдсөн тодорхой жишээ дурдаж болох уу? Өмнө нь ямар байсан, юу хийсэн болон ямар бодит үр дүнд хүрэв гээд. Магадгүй санхүүгийн үр ашгийн талаар?
-Тэгэлгүй яах вэ. Нэг жишээ дурдахад, бид УБТЗ-ын дотоод зайн сургалтын системийг боловсруулсан нь аль хэдийнээ санхүүгийн бодит үр ашгаа өгч эхлээд байна. Өнгөрсөн жил ERP CoSS болон HRS системд сургахын тулд замын бүх хэсгээс 400 орчим хүнийг төвлөрсөн өртөөдөд цуглуулдаг байлаа. Үүний тулд томилолт, сургалтыг зохион байгуулахад төсөв шаардагддаг байсан. Харин энэ жил өөрсдийн программаа ашиглан зайн сургалт явуулснаар компанийн зардал “тэг” төгрөг болсон. Энэ нь бусад салбар, чиглэлд хөрөнгө оруулалт хийх боломжтой томоохон хэмнэлт юм. Мөн зорчигчийн тасалбар бичих УБТЗ-ын шинэ аппликейшнийг дурдаж болно. Одоогоор туршилтын горимоор ажиллуулж байгаа. Сайжруулахын тулд зорчигчдоос санал хүсэлт авч байна. Учир нь зорчигчоос илүү манай программыг сайн мэдэх хүн үгүй. Хуучин аппликейшн нь орчин үеийн шаардлага хангахгүй, зорчигчдоос ихээхэн гомдол ирдэг байсан тул үүнийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан юм.
-Харин өнөөдөр цахимжуулах чиглэлээр таны бодлоор хамгийн ирээдүйтэй ямар төслүүд байна вэ?
-Статистик бүртгэлийн төв (ЦСУ)-ийг хөгжүүлэх хүрээнд боловсруулж буй стратегийн төслийг онцлон хэлмээр байна. Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаковын үүрэг болгосноор бид УБТЗ-ын удирдлагын үр ашгийг дээшлүүлэх зорилгоор таамаглал, шинжилгээний системийг хөгжүүлж байна. Компани 20 жилийн турш асар их хэмжээний статистик мэдээлэл цуглуулсан. Бид хиймэл оюун ухаан болон бизнес аналитикийн (Business Intelligence) хэрэгслүүдийг ашиглан УБТЗ-ын үндсэн үзүүлэлтүүдийг ирээдүйд хэдэн арван жилийн цаадахыг ч хамгийн нарийвчлалтайгаар таамаглахаар ажиллаж байна. Энэхүү хэрэгсэл нь УБТЗ-ын удирдлагууд болох Замын дарга болон түүний нэгдүгээр орлогчийн гол туслах болох юм. Одоогоор энэ программ нь Монголд ижил төрлийн аналоггүй байна. Мөн галт тэрэгний хөдөлгөөний салбарт IT технологийг хөгжүүлэхэд анхаарч байгааг хэлэх хэрэгтэй. Өртөөний ажиллагаа, тасалбар бичигчдийн ажил зэргийг автоматжуулж байна. Ерөнхийдөө бид УБТЗ ын мэдээллийн платформуудыг Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХБ) ын шаардлагад нийцүүлэхийн тулд мэдээллийн нэгдсэн орон зай бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм. Бид галт тэрэгний хөдөлгөөнөөс эхэлсэн. Учир нь энэ бол манай үндсэн үйл ажиллагаа шүү дээ. Өөр нэг чухал чиглэл бол аюулгүй байдал. Энэ нь хөдөлгөөний аюулгүй байдлын байцаагч нарын ашигладаг, шаардлагатай бүх үзүүлэлт, өгөгдлийг тусгасан E-nor mative нэртэй багц программ юм.
-Орчин үед хамгийн чухал асуудлын нэг бол кибер аюулгүй байдал шүү дээ. Ялангуяа, УБТЗ шиг улс орны стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хувьд, энэ чиглэлд гарсан ахиц дэвшил бий юу?
-Тийм шүү, кибер аюулгүй байдал бол Монголд ирээд миний хамгийн түрүүнд анхаарал хандуулсан салбарын нэг байсан. Хийх ажил нэлээд байна. Системүүдийнхээ хамгаалалтын түвшинг мэргэжлийн түвшинд үнэлүүлэхийн тулд бид хөндлөнгийн байгууллагад хандсан. Тендер зарлаж, аудит хийх гүйцэтгэгчийг сонгосон. Одоо шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд эхний үр дүн гарсан. Бид УБТЗ-ын захиргаа болон үндсэн серверүүд байрладаг, хувь хүний мэдээлэлтэй ажилладаг Улаанбаатар зангилааг шалгаж дууслаа. Одоо хэд хэдэн өртөө болон Баянтүмэн тасгийг шалгах үлдсэн. Үүний дараа УБТЗ-ын хэмжээнд энэ чиглэлээр ажиллаж эхлэх боломжтой болно.
-УБТЗ программ хангамжаа өөрсдөө боловсруулдаг гэж та хэлсэн. Тэгэхээр бид өөрсдийн бүтээн байгуулалтыг илүүд үздэг үү, эсвэл олон улсын бүтээгдэхүүнийг бас ашигладаг уу?
-УБТЗ-д бусад төмөр замын компаниудын туршлагаас ялгаатай өвөрмөц нөхцөл байдал бий. Бүх программ хангамжийн боловсруулалт компанийн дотор явагддаг. Өөрөөр хэлбэл, бид гаднаас программ хангамж захиалдаггүй, зөвхөн маш онцгой тохиолдолд л авдаг. Бүх үндсэн суурь программыг манай ажилтнууд боловсруулсан. Энэ зам нь давуу болон сул талтай. Технологийн хувьд бие даасан байх нь давуу тал боловч үүнээс болоод бид шинэ хандлага, шийдлүүдийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй сул тал бий. Учир нь гадны хөгжүүлэгчээс программ захиалахад тэнд асар их өрсөлдөөн байдаг тул хамгийн шилдэг шийдлийг сонгох боломжтой байдаг бол компанийн дотор бид өөрсдийн нөөц бололцоонд тулгуурладаг. Гэвч үүний ачаар бид асар их хөрөнгө мөнгө хэмнэж чаддаг.-Үүнтэй холбогдуулан нэг зүйлийг тодруулмаар байна. Энэ нь нэлээд нарийн мэргэжил, их хөдөлмөр шаардсан чиглэл шүү дээ. Тэгэхээр манай ажилтнуудын ур чадвар хангалттай юу, УБТЗ-д ийм мэргэжилтнүүд хүрэлцээтэй байна уу? -Дэлхий дахинд мэдээлэл жүүлэлтийн салбарын программ хангамж, технологийн шинэчлэл улирал бүр шинэчлэгдэж байна. УБТЗ-ын хувьд Мэдээллийн технологийн алба болон Эдийн засаг, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтэс дээр ирж буй ачаалал өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 1.5 дахин өссөн. Энэ нь программистуудад асар их хариуцлага хүлээлгэж байгааг харуулж байна. Мэдээж технологийн хөгжлийг дагаад боловсон хүчний орон тоо нэмэгдэж байвал сайн. Энэ нөхцөл байдлыг Замын дарга болон нэгдүгээр орлогч даргатай удаа дараа хэлэлцсэн. Тэд орчин үеийн удирдагчдын хувьд үүнийг ойлгож байгаа. Одоо бид нөхцөл байдлыг ажиглаж байна. Мэдээлэлжүүлэлт мэдэгдэхүйц өссөн тохиолдолд сэлгэн ажиллуулах, эсвэл орон тоог нэмэх, ачааллыг хуваарилах асуудлыг авч үзэх болно.
-Ойрын 2-3 жилийн хугацаанд цахим шилжилтийн аль чиглэлүүд нэн тэргүүний зорилт байх вэ?
-Юуны түрүүнд УБТЗ-ын өгөгдлийн төв (Data center)-д суурилсан мэдээлэл болон сүлжээний дэд бүтцийг хөгжүүлнэ. Олон компани энэ үе шатыг туулсан. Миний мэдэж байгаагаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон өөрсдийн өгөгдлийн төв барих газар сонгох, зураг төслийн ажлаа хийж байгаа. Бид ч мөн зураг төслөө гаргаж, барих газраа сонгоод байна. Энэ бол ойрын нэг, хоёр жилдээ шийдвэрлэх ёстой асуудал. Учир нь мэдээллийн технологийн тэсрэлттэй өсөлт нь УБТЗ-ын одоо байгаа технологийн дэд бүтцэд асар их ачаалал өгч байна. Шаардлага өсөж байгаа бөгөөд тэдгээрт нийцүүлэхийн тулд бидэнд орчин үеийн хандлага, шийдэл хэрэгтэй. Өгөгдлийн төв барих нь энэ асуудлын шийдэл юм. Хоёрдугаарт, хиймэл оюун ухаан болон бизнес аналитикийн хэрэгслүүдийг нэвтрүүлж ашиглах явдал. Таамаглал дэвшүүлэх, зорилт тавих салбарт орчин үеийн шийдэлгүйгээр манайх шиг томоохон компаниуд өнөөгийн сорилт, зорилтуудыг хуучин арга барилаар даван туулж чадахгүй.
-Александр Сергеевич, сонирхолтой ярилцлага өгсөн танд баярлалаа!
-Танд баярлалаа, нийт төмөр замчдадаа ажлын өндөр амжилт хүсье.
АЛЕКСЕЙ ПЯТКОВ
