УБТЗ-ын 16 мянган төмөр замчин дотор ердөө 14-хөн байдаг ивүүрчний нэгтэй уулзаж, ажил мэргэжлийнх нь онцлогийг сонирхсон юм. Улаанбаатар өртөөнд сурвалжилга хийх үеэр ивүүрчдийн байранд очвол тухайн өдөр ахлах ивүүрчин Г.Ганхолбоо, ивүүрчин Э.Доржпүрэв нар ээлжинд гарч байсан юм.
Ахлах ивүүрчин Г.Ганхолбоо Улаанбаатар өртөөнд нийтдээ 19 жил ажиллаж байна. Тэрбээр, хүлээн авах пүүлэгчээр долоон жил ажиллаж, ивүүрчнээр 12 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
-Ивүүрчний ажлын онцлогийг тайлбарлаж өгөөч?
-Довоос ялгаж тарааж байгаа ачаатай вагонуудын хурдыг тааруулж, чөлөөтэй болон вагонтой зам руу 5 км/цагаас дотогш хурдтай нийлүүлдэг. Нэг зам дээр зургаан ивүүртэй. Дээрээс ирж байгаа вагоны хурдыг сааруулж нийлүүлэх үүрэгтэй. Жишээ нь, довоос зургаан вагон шидлээ гэхэд бид ирж байгаа хурд, жинд нь тааруулаад хэдэн ивүүрээр хурдыг нь сааруулахаа шийдэж ивүүр тавина. Тэгж хурдыг сааруулснаар зөөлөн явсаар вагонуудтай нийлдэг. Хэрэв хурдыг зөөллөхгүй бол хүчтэй очиж мөргөснөөс болоод ачаа болон вагон гэмтэх эрсдэлтэй.
-Та ивүүрчин болохдоо ямар хүнийг дагалдаж байв?
-Ч.Энхбаяр гэдэг хүнийг дагалдаж ивүүрчин болж байсан. Багш маань саяхан тэтгэвэрт гарсан.
-Өдөрт Дов дээр хэчнээн галт тэрэг ирж задардаг вэ?
-Янз бүр дээ. Өнөөдрийн (хоёрдугаар сарын 16-нд) хувьд урдаас найм, хойноос хоёр галт тэрэг ирж энд задрах төлөвлөгөө өгсөн. Арван галт тэргээс 1-2 нь нүүрс орж ирвэл нүүрстэй галт тэрэг нэг их задраад байдаггүй. Өдөрт дунджаар Довоос 200 гаруй вагон шиднэ шүү. Ачаалал ихсээд ирвэл түүнээс олон вагон шиднэ. Ирсэн ачааг дарааллын дагуу хүлээн авагч нарт түргэн шуурхай хүлээлгэн өгөхийн тулд түрүүлж ирсэн ачааг задлан тараана. Түүнээс шалтгаалж дотроо сэлгээ их хийгдэнэ.
-Нэг ээлжинд хэдүүлээ, хэдэн цагаар ажилладаг вэ?
-Гурван ивүүрчин, 12 цагаар ээлжинд гардаг. Зүүн талдаа хоёр, баруун талдаа нэг ивүүрчин ажиллана. Зүүн талын хоёр ивүүрчин довоос шидсэн вагонуудын хурдыг зөөллөөд явдаг. Баруун талын ивүүрчин маань ивүүрээ ахиулаад, баруун талаас сэлгээ хийвэл ивүүрээ тавиад, нэмэгдүүлээд явдаг. Ер нь, холбогч найруулагчаар олон жил ажилласан хүмүүс ивүүрчин болдог.
-Ивүүрчний ажил хувь хүнээс маш нарийн мэдрэмж, туршлага шаарддаг гэх юм?
-Ивүүрчний ажлыг хүнд заахад хүртэл хэцүү. Вагон болгоны жин, тоо өөр. Довоос шидэгдэж байгаа хурд янз бүр. Жишээ нь, тус бүр нь 30 тоннтой хоёр вагоныг аятайхан зөөллөөд гаргачихлаа гэхэд дараагийн вагон 40 тоннын жинтэй ирвэл ивүүрээ зөв тооцохгүй бол зогсоочих эрсдэлтэй. Галт тэрэг задрахад хэдэн тоннтой ямар ачаа ирж байгаа мэдээллийг бид урьдчилж авдаг ч тухайн үеийн нөхцөл байдалд тохируулж ажиллах шаардлага гардаг. Туршлага, мэдрэмж хоёр л чухал. Довоос ирэх хурд өөр байх үед тэр бүгдэд тааруулж тооцоолж ивүүр тавина.
Дээр нь бид хаягч замаа тосолж бэлтгэнэ. Зам тослоход хүртэл тохируулахгүй бол тосолгоог ихдүүлбэл гүйгээд вагон тогтохгүй. Тосолгоог багадуулбал зуурна. Шинээр сурч байгаа ивүүрчдэдээ ерөнхий арга барилыг дагуулаад зааж сургана уу гэхээс 30 тоннын ачаатай вагоныг тэдэн ивүүр, 40 тоннтойг тэдэн ивүүрээр зөөллөнө гэх мэт нарийн технологи байхгүй гэхэд болно.
Түүнтэй нэг ээлжинд гарч байгаа ивүүрчин Э.Доржпүрэв зургадугаар зэрэгтэй найруулагчаар ажиллаж байгаад нарийн ур чадвар, мэдрэмж шаардсан ивүүрчний эрдэмд суралцан бие дааж буй ажээ.
Улаанбаатар өртөөний шуурхай ажил хариуцсан орлогч дарга О.Банзрагч ярихдаа “Ивүүрчдийн хувьд байгаль цаг уур, салхины чиглэл, цас бороо, агаарын температурын өөрчлөлтийг хүртэл мэдэрч ажиллах шаардлага гардаг. Өвөл бол зам төмрийн толгой цантах, цас орж, хальтиргаа гулгаа үүсэх зэрэг тухайн үеийнхээ нөхцөл байдалд тохируулж ажиллана гэдэг маш их туршлага, мэдрэмж шаарддаг нь тодорхой” хэмээж билээ. Ховор хийгээд өндөр хариуцлагатай нарийн мэргэжлийн талаар товчхон танилцуулахад ийм байна.
Б.Гүнжинлхам
