Цас ханзлан ургадаг яргуйг Европчууд итгэл найдварын бэлгэдэл гэж эрхэмлэдэг аж. Урин цагийн илэрхийлэл энэ цэцэгт Монголчууд бид ч дуртай. Гэхдээ энэ удаад яргуй цэцгийн тухай бичих гэсэнгүй. Харин Аршаант өртөөнд улирал үгүй дэлбээлсэн “Яргуй”-н тухай бяцхан сурвалжилгаа хүргэе.
“Яргуй” цэцэрлэг өнгөрсөн сарын 15-нд “Дэгдээхэй нас” өдөрлөг зохион байгууллаа. Энэ өдөрлөгт очихоор хотоос уг цэцэрлэгийн ууган хүүхдүүдийн нэг төмөр замчин Н.Батхүрэл, түүний гэргий Алтаннавч, сурвалжлагч миний бие аяны дөрөө нийлүүлэв.
Н.Батхүрэл гуай жолоо барингаа Аршаантад өнгөрсөн хүүхэд насны гэгээн дурсамжаа хүүрнэн явсаар зорьсон газраа ирлээ.
Цэцэрлэгийн үүдэнд очиход онгорхой салхивчаар
...Хөх яргуй хаврын цэцэг
Хүүхэд биднийг баясаанаа, хөгжөөнөө
Хөх яргуй, хөх яргуй... гэж хүүхдүүдийн цолгиун дуу хадна. Бидний ороход Хүүхдийн секторын дарга Л.Янжмаа, секторын ҮЭ-ийн хорооны дарга Л.Бадамсүрэн, “Ган зам” цэцэрлэгийн эрхлэгч Д.Наран, “Ирээдүй” цэцэрлэгийн эрхлэгч С.Нарантуяа нар ирсэн байв.
УБТЗ-ын Хүүхдийн секторын харьяа 27 цэцэрлэгээс “Яргуй” цэцэрлэг А.И.Цэдэнбал-Филатовагийн ивээл дор буюу Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр баригдсанаараа ихээхэн онцлог юм.
“Яргуй” цэцэрлэгийн багачууд холын зочдод сурсан дуугаа дуулж, цээжилсэн шүлгээ уншиж, бүжгээ бүжиж үзүүллээ. Энэ цэцэрлэгт 2-5 насны 20 хүүхэд сурч хүмүүждэг аж. Томчууд нь багачууддаа үлгэрлэж, бас халамжилж, эгээ л нэг айлын хүүхдүүд шиг дотно гэж жигтэйхэн.
Шигтгээ:
МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1972 оны 30 дугаар тогтоолоор байгуулагдсан “Хүүхдийн төлөө фонд”-ын санхүүжилтээр нийт 68 цэцэрлэг, 10 гаруй эмнэлэг, пионерийн 70 гаруй зуслан, Хуримын ордон, Хүүхдийн ордон зэрэг 200 гаруй бүтээн байгуулалт хийжээ. Энэ нь хүүхдийн эрх, хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болсон юм.
Ховор зочин
Н.Батхүрэл “Би 1969 онд Аршаантын замын хэсгийн гэр цэцэрлэгт явдаг байв. Гэр цэцэрлэгийн 6-7 хүүхдийг Замын хэсгийн жолоочийн эхнэр Цэвэлсодном эгч хардаг байв. Бидний эцэг эх өглөө ажилдаа гарахдаа хоол хүнстэй минь хүлээлгэж өгөөд явдагсан. Тэгтэл 1972 онд А.И.Цэдэнбал-Филатовагийн удирдаж байсан “Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгөөр энэ цэцэрлэг баригдаж, үүдээ нээхэд нь орсон анхны хүүхдүүдийн нэг нь би. Энэ цэцэрлэг УБТЗ-д “Хүүхдийн төлөө фонд”-ын хөрөнгөөр байгуулагдсан ганц цэцэрлэг гэдгээрээ их онцлогтой. Шугам замын жижиг өртөө, зөрлөгийн төмөр замчдын хүүхдүүд аав ээжийгээ ажилдаа явсан хойгуур зөнгөөрөө л өсдөг шүү дээ. Жижиг зөрлөг, замын хэсгүүдэд ихэнхдээ тийм л байдаг. Харин Аршаантад цэцэрлэг байгуулагдсан нь маш сайхан хэрэг.
Цэцэрлэгээрээ энэ олон жилийн дараа орж ирэхэд ийм өнгөлөг, хүүхдүүд нь инээд хөөртэй, дуу хуур эгшиглэж баяр баясгалангаар дүүрэн угтаж байгаад сэтгэл их хөдөлж байна.
Би төмөр замд 34 жил тасралтгүй ажиллаад саяхнаас группт гарсан. Хүүхэд насны дурсамж хадгалсан Аршаантын цэцэрлэгтээ ирмээр санагдаад 20-оод хоногийн өмнө ирсэн. Цэцэрлэгийнхэн маань маш сайхан хүлээж авсан. Дахин уулзахаар болзож, өнөөдөр зорьж ирлээ” хэмээгээд цэцэрлэгийн багачуудад тоглоом, багш ажилчдад нь дурсгалын зүйлс гардууллаа.
Гэнэтийн бэлэг
Эл өдөр “Дэгдээхэй нас” өдөрлөгт ирсэн Хүүхдийн секторын Л.Янжмаа дарга “Яргуй” цэцэрлэгтээ бэлэгтэй иржээ. Л.Янжмаа дарга төмөр замчдын цуглуулсан Хүүхдийн төлөө фондын 43.4 сая төгрөгийг Төмөр замчин эмэгтэйчүүдийн зөвлөлийнхөн Хүүхдийн секторт өгсөн. Тэр фондын мөнгөөс “Яргуй” цэцэрлэгтээ хоёр хивс, шинэ сандал ширээ авч өгөхөө амлалаа.
Л.Янжмаа: “Яргуй” цэцэрлэгийг А.И.Цэдэнбал-Филатова анх санаачлаад Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр байгуулж байсан ийм сайхан түүхтэй цэцэрлэг. Өнөөдөр энэ цэцэрлэгийн анхны хүүхдүүдийн нэг төмөр замчин Н.Батхүрэл, гэр бүлийн хамт ирээд хүүхдүүдэд бэлэг өгч, ажилчдад урам өгч, хүүхдэд ээлтэй ажил хийж байгаад баяртай байна. Энэ жил Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа.
Үүрийн 04.00 цагт үүдээ нээдэг цэцэрлэг
Эрхлэгч Т.Мөнхтуяа: Манайх Аршаант тосгонд байгаа ганц цэцэрлэг. Манайх 2-5 насны 20 хүүхэд, цэцэрлэгийн эрхлэгч, багш, туслах багш, тогооч, сахиул гээд таван ажилтантай. Төмөр замчдын 10, мөн харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 10 хүүхдэд СӨБ олгож байна аж.
Манай цэцэрлэг ихээхэн онцлогтой. Тухайлбал, төмөр замчдынхаа ажлын онцлогоос шалтгаалан хүүхдүүдийг нь хүлээж авах цагийг хүртэл зохицуулдаг. Жишээ нь, замчид маань зуны улиралд цонхонд үүрийн 04.00 цагт ажилдаа гардаг. Тийм үед нь манай сахиул хүүхдүүдийг унтаагаар нь хүлээж авна. Орой ажил сунаад 17.00 цагт хүүхдээ авах боломжгүй үед нь бас иртэл нь хүүхдийг нь харна.
Харин Аршаантын фермерийн аж ахуй эрхэлдэг иргэд маань хүүхдүүдээ 09.00 цагийн үед авчирч өгдөг онцлогтой. Төвөөс алслагдсан жижиг цэцэрлэгт онцлог зүйл их. Дээр нь таван ажилтан маань ёстой гарын таван хуруу шиг нэгдэж байж бүх ажлаа амжуулдаг. Хүүхдийн секторээс манай цэцэрлэгийг их дэмждэг. Тухайлбал, өнгөрсөн хичээлийн жилд олон жил ашигласан халаалтын тенийг шинээр сольж өгсөн. Зөөлөн эдлэлүүдийг сольсон, тоглоомын шинэчлэлийг хийсэн. Гал тогоонд эрүүл ахуйн стандартад нийцсэн сав суулга тоног төхөөрөмжийг авч өгсөн.
Ер нь, цэцэрлэгт хүүхдийн сургалт хөгжил, хүүхэд хамгаалал, аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь авч үздэг. Энэ бүгдийг бүрэн дүүрэн хангахад Хүүхдийн сектороос байнга санаа тавьж ажиллаж байгаад бид баяртай байдаг.
Төрөлх цэцэрлэгтээ ирсэн багш
Цэцэрлэгийн залуу багш Л.Отгонбаяр сонины хайчилбар үзүүлж “Манай цэцэрлэгийн тухай танай сонинд гарч байсан юм. Би энэ байна” хэмээн зураг дээр бяцхан охины зургийг заагаад инээв. Тэрбээр, “Манайх 2002 онд нүүж ирсэн. Аав ээж минь малчин хүмүүс. Би энэ цэцэрлэгт 2003-2007 онд сурч, хүмүүжиж байлаа. Дунд сургуулиа төгсөөд МУБИС-ийн СӨБ-ын сургуулийг төгсөөд өөрийн цэцэрлэгтээ хоёр дахь жилдээ багшилж байна” гэж баяртайгаар өгүүллээ
Нэг бүлэгт 2-5 насны 20 хүүхэд суралцана гэдэг багшаас багагүй ур чадвар шаардана. Залуу багш хүүхдүүддээ хичээл захын хажуугаар туршлагатай эрхлэгч Т.Мөнхтуяагаас ямагт суралцаж байгаагаа ярилаа. Эл өдөр Л.Отгонбаяр багш гарын доорх материал ашиглан хийсэн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглан хүүхдүүддээ “Гэдэс нь өлссөн авгалдай” зохиолоор тун сонирхолтой хичээл заав.. Энэ нь зохиолд суурилсан сургалтын арга зүй аж. Нэг л зохиолоор хүүхдэд хөдөлгөөн, эрүүл мэнд, зохистой хооллолт, тоо тоолол, хэл ярианы хөгжил, өнгө будаг ялгах гэх мэт суралцахуйн зургаан чиглэлээр сургалтыг явуулахыг зорьжээ. Эцэст нь, залуу багш “УБТЗ” гэх том байгууллагын нэгээхэн хэсэг болоод явж байгаадаа би маш баяртай байна гэж баяр хөөр дүүрэн өгүүлэв.
Манаач багш
Цэцэрлэгийн багачууд сахиул Н.Ганбатыг ийнхүү дууддаг гэнэ. Тэрбээр, УБТЗ-ын Хүүхдийн секторт нийтдээ 36 жил ажиллаж байна. Анх Үнэгт зөрлөгийн 19-дүгээр цэцэрлэгээс хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Мандалын “Тагтаа”, Аршаантын “Яргуй” цэцэрлэгт ажиллажээ: Яргуй цэцэрлэгт ирээд долоо дахь хавраа угтаж буй нь энэ гэлээ. Цэцэрлэгийн сахиул гэдэг нэр дээрээ олон ажил гүйцэтгэдэг аж. Мужаан, сантехник, засвар үйлчилгээ, орчны цэвэрлэгээ, халаалт дулаан, галч, будагчин, усчин, зарим үед багшийн үүрэг ч хүлээнэ. Тиймээс хүүхдүүд өглөөд “Сайн байна уу? Сахиул багшаа”, эсвэл “Ганбаа өвөө, баяртай” гэцгээх нь хамгийн сайхан гэв.
Сахиулын ажил ихэвчлэн 06.00 цагт эхэлнэ. Цонх онгойлгож агаар сэлгэхээс эхлээд мод бутаа услах, худгаас ус татаж усны нөөцийн саваа дүүргэх, орчноо цэвэрлэнэ. Замчид цонхтой үед үүрээр түүнд багачуудаа хүлээлгэж өгдөг аж. Багш ажилчдын хамгийн найдвартай ар тал болдог түүнд хүн бүхэн хүндэтгэлтэй ханддаг нь илт. Түүнээс таны ажил амаргүй бас дуусдаггүй бололтой гэхэд “Анх 40 литрийн бетоноор усаа зөөж, пийшин галлаж цэцэрлэгээ халаадаг байлаа. Вагоноос нүүрсээ буулгаж, цэцэрлэг рүүгээ зөөж авчрахтай одоог харьцуулбал ахынх нь ажил хамаагүй хөнгөрсөн” гээд инээв.
Тэрбээр, өөрөө гурав дахь үеийн төмөр замчин аж. Түүний өвөө, аав нь төмөр замчин. “Аав минь Зүүнхараагийн Ачааны вагон засварын депод насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан. Миний хүү Г.Ганзам Москвагийн Зам харилцааны их сургуулийн магистрийн ангийг энэ хавар төгсөөд ирнэ. Хүү минь дөрөв дэх үеийн төмөр замчин болж байна. Миний хүү 2001 оны зудтай жил 271 дүгээр галт тэргэнд төрж, галт тэрэгний дарга Эрдэнэбилэг гуай хүүд минь Ганзам нэр өгсөн юм шүү дээ” гэж ихэд жаргалтай өгүүллээ.
Мөн энэ цэцэрлэгийн туслах багш П.Мөнхцэцэг, тогооч Б.Гандолгор нар хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс юм.
Төмөр замчдын итгэл найдварын “Яргуй”
Сонины сурвалжлагч ирсэн сургаар эцэг эхчүүдийн төлөөлөл цэцэрлэгийнхээ тухай сонинд сэтгэгдлээ хэлье гээд хүрээд ирцгээсэн нь тэд “Яргуй”-даа ямар их хайртайг нь илтгэнэ.
Замчин Э.Жавзандулам: Би энэ цэцэрлэгт хүмүүжсэн. Миний ээж энэ цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг байлаа. Манай дөрвөн хүүхэд бүгд л энэ цэцэрлэгээр дамжсан. Одоо бага охин маань явж байгаа. Замчид бид зам засварын “цонх”-той үедээ сахиул Ганбаа ахад өглөө эрт хүүхдээ үлдээгээд явдаг. Орой ажил тараагүй, хүүхэд харах хүнгүй үед илүү цагаар харуулдаг. Бидний амьдралд маш их тус дэмтэй “Яргуй” цэцэрлэгийнхэндээ баярлалаа. Дөрвөн хүүхдийг минь эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлж өгсөнд талархаад баршгүй.
Ахмад төмөр замчин Ө.Энхбаатар: Ах нь тэтгэвэрт гараад Аршаантад ирээд 6-7 жил боллоо. Зээ хүүгээ энэ цэцэрлэгт өгдөг юм. “Яргуй” цэцэрлэг цэвэр цэмцгэр, хоол унд сайтай, хүүхэд цөөнтэй болохоор багш нар хүүхдүүдтэйгээ тулж ажилладаг. Сургалт сайтай. Хотын цэцэрлэгийн нэг бүлэг 50-60 хүүхэдтэй байдаг шүү дээ. Өнгөрсөн жилээс энэ цэцэрлэг маань улам тохижиж, бэхжээд тоглоом наадам, сургалтын бааз суурь нь ч бэхжсэн. Эцэг эхчүүд бид ч цэцэрлэгтээ дэм тус болохыг хичээдэг гэв.
Ахмад төмөр замчин Х.Гандолгор: Энэ цэцэрлэгт миний дүү нар, хүүхдүүд, ач зээ нар минь сурч хүмүүжиж, өсөж торнисон.
Миний аав 1984 онд Замын мастераар энд томилогдон ирж ажилласнаас хойш энэ цэцэрлэгтэй хүйн холбоотой болсон доо. Би хоёр ихэр охины эмээ.
Би Замын II ангид замчинаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Замчны хөдөлмөр маш хүнд. Өглөө гараад орой л орж ирнэ. Үр хүүхдээ цэцэрлэгийн багш нарт даатгачихаад сэтгэл тайван ажлаа хийдэг байлаа. “Яргуй” цэцэрлэгийн хамт олондоо ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе гэлээ.
Б.Гүнжээ
