А.Оргодол: Энэ жил урсгал засварын ажлын хүрээнд төмөр бетон дэрээр замын техникийн байдлыг сайжруулахад анхаарч ажиллаж байна
УБТЗ-ын Замын IV ангийн дарга А.Оргодолтой уулзаж ярилцлаа.
-2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүний нөөцийн бүрдүүлэлт, төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ямар ахиц, дэвшил гаргахаар ажиллаж байна вэ?
-Хөдөлмөрийн зах зээл дээр УБТЗ-тай өрсөлдөгч байгууллагууд бий болсон. Манай төмөр замчдын нийгмийн баталгаа, цалин хөлс талаасаа энэ өрсөлдөөнд бид хаана яваагаа, ахиц дэвшил гарч байгаа эсэхээ харж, үүн дээр тулгуурлан цаашдын бодлогоо боловсруулах хэрэгтэй. УБТЗ нь Монгол улсын хойд хилээс урд хил хүртэл хангай, тал хээр, говийн бүсэд байрлаж ажиллаж нийт төмөр замчдын хөдөлмөрийн үр дүнгээр тээврийн ажил хийдэг. Говийн бүсэд хүний нөөцийн тогтвортой байдлыг хангаж ажиллана гэдэг нэлээд хүчин зүйл шаардсан үйл ажиллагаа өрнөдөг. Тогтвортой байдал гэдгийг тэсч үлдэх гэж бас ойлгож болно. Тэгэхээр аливаа өөрчлөлт хөгжил дэвшил хүлээлт гээд олон нөлөөлөх хүчин зүйлүүдийг хүлээн зөвшөөрч ажиллаж байгаа нь тогтвортой байдлыг илэрхийлж байгаа. Мөн нөгөө талаас байгууллагын соёл, ажлын байрны нөхцөл, хувь хүний соёл гэсэн гурван зүйлийн бүрдлээс авч үзэх ёстой болов уу. Эхний ээлжинд шугам замын ажилчдын амьдрах орчныг сайжруулах, суралцах нөхцөлийг бүрдүүлэх, интернэт болон бусад хэрэгцээг нь хангах, төрийн үйлчилгээг ойртуулах зэрэг том зургаар нь харах хэрэгтэй. Өрсөлдөөнд тэсэж үлдэнэ гэдэг нь ажил олгогч, байгууллага хамт олон, тухайн байгууллагын ажилчдадаа нийгмийн хамгааллын талаас нь тавьж буйг бодлого, зохион байгуулж байгаа ажил голлох байр суурийг эзэлнэ. Тэгж байж байгууллагын хүний нөөцийн бүрдэл, тогтвортой байдал, тухайн байгууллагын ажилтны сэтгэл ханамж дээшилнэ. Ганц ажилтнаар зогсохгүй түүний гэр бүлийг хамааруулахад УБТЗ нь олон мянган гэр бүлийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оролцдог. Нэг төмөр замчны ард дундажаар 3-4 хүний тогтвортой байдал, өрхийн орлогод нөлөөлнө. Мөн шинэ технологи, ноу-хау нэвтрүүлэх, ажлын байрыг автоматжуулах, механикжуулах нь хүний нөөцийн байдалд нөлөөлж байгаа. Бид цаашдаа хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглах, замчдын ажлыг хэрхэн механикжуулах, автоматжуулах, үүнд чиглэгдсэн хөрөнгө, мөнгө үр өгөөжийг хэрхэн яаж тооцох юм. Эхний ээлжинд ямар хөрөнгө төлөвлөж зарцуулах юм. Үр дүнг нь хэзээ хүртэж эхлэх юм гээд өргөн хүрээнд асуудал яригдана. Гэхдээ дэвшил гарч байна аа.
-“Говийн төмөр замчин” хөтөлбөр хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хөтөлбөр хэрэгжилтийн явцыг дүгнэхэд хэр үр дүнтэй, өгөөжтэй байна вэ. Хүний нөөцийн бүрдүүлэлт, төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэ хөтөлбөр нөлөөлж байгаа болов уу?
-Энэ хөтөлбөрийн үр дүн, сайн тал нь харагдаж байна аа. Хүний нөөц бүрдүүлэлтийн чиглэлээр сонгон шалгаруулалтад орсон ажил горилогчийн оноо тэнцсэн тохиолдолд гэр бүл, төрсөн эцэг эх, ах, эгч, дүү нь УБТЗ-д ажилладаг бол давуу тал болгон дэмжиж таван оноо нэмж үнэлснээр өнгөрсөн онд нийт 29 ажилтан, өндөр настан гэр бүлийн хүнийг ажлын байраар хангасан. ЕБС-ийн хүүхдүүдийн судалгааг авч, төмөр замын мэргэжлээр суралцах хүсэлтэй дөрвөн ажилтны хүүхдүүдийг ОХУ, БНХАУ-ын Төмөр замын зам харилцааны сургуульд сурах эрхийн бичиг олгох ажлыг Хүний нөөцийн албатай хамтарч зохион байгуулсан. Ингэснээр эрхийн бичиг авсан гурван хүүхэд ТЗДС-д, нэг нь БНХАУ-д мэргэжлээр суралцаж байна. Мөн говийн төмөр замчдад бүсийн нэмэгдэл олгодог болсон. Энэ бол өмнө нь байсан нэмэгдлийг дахин олгож эхлэсэн цаашдаа бас үе шаттайгаар нэмэгдэх ёстой. Замчдын зам засврын ажил гүйцэтгэсэн ачаа нягтралаас хамаараад сард 350 мянган төгрөг хүртэл нэмэгдэл олгодог болсон. Гэр бүлээрээ ажиллахаар сарын нэмэгдлүүд нь боломжийн гэдэг утгаар гэр бүлийн хүмүүс ажилд орох хандлага нэмэгдэж байна. Энэ бол сайн үр дүн гэж харж байгаа. Говийн бүсэд ажиллаж байгаа төмөр замчид маань ахисан шатны сургалтанд хамрагдах нь нэмэгдэж байна. Энэ оны нэгдүгээр сард бакалавраар анги төгсөгчдийн 70 хувь нь Замын III, IV ангийн замчид байлаа. Сургалтын төлбөрийн хөнгөлөлтийг 100, 75, 50 хувиар эдэлснээр цаашид мэргэжлээрээ суралцах сонирхлыг төрүүлж байгаа нь сайшаалтай. Говийн бүсэд ажиллаад төмөр замын мэргэжлээ дээшлүүлэх, тогтвортой ажиллаж үндэс бүрдэж байна.
-Замын инженер, техникч мэргэжлээр төгсөгч нар говийн бүсэд ирж ажиллах сонирхол бага байдаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд замын инженер, техникч мэргэжлээр төгсөгчид говийн бүсэд ажиллах сонирхолгүй байна. Харин орон нутгийн харьяалалтай ажилтнууд харьцангуй тогтвор суурьшилтай байна. ТЗДС, Политехникийн коллежийн төгсөгчдийг ажлын байраар хангах, ажлын байраа танилцуулах, урилга өгөх зэргээр ажиллаж байна. Хамгийн гол нь ирж байгаа хүмүүст цалингаас гадна байрны асуудал хүндрэлтэй байдаг. Төв суурин газар ажиллуулах гэхээр байр орон сууц байхгүй. Түрээсийн байр өндөр төлбөртэй. Сайншанд, Замын-Үүдийн хэсэглэлийн шугам замын технологийн байр шинэ үеийн залуучуудад гологддог. Тиймээс байрны асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай байна. Шугам замд дулааны хэмнэлттэй хабрид хаус гэх мэтийн байранд амьдрахыг залуу ажилчид илүү сонирхож байна. Уулзаж саналыг нь сонсоход төгсөгчид хүлээлт өндөртэй байна. Тэдний хүлээлтийн хэмжээнд ажлыг нь зохион байгуулах, нийгмийн асуудлыг шийдэх боломжгүй гэхэд яваад л өгдөг. Үүнээс болж бид шинэ төгсөгчдийг төмөр замын эгнээнээс алдаж буй нь харамсалтай юм. Энэ асуудлыг анхааралтай авч үзэж, шийдэл гарц олох ёстой. Дээр нь нэг ажиглагдаж байгаа зүйл нь танай тэр хэсэгт / Номт, Нартын хошуу/ очиж ажилъя гэж санал хэлдэг. Иймэрхүү байдлаар хүмүүс амьдрах, ажиллах орчноо сонгоход асуудал байгаа. Орчин ч нөлөөлж байна. Ер нь говийн хатуу ширүүн уур амьсгалд дасан зохицоод ажиллахад хүндрэлтэй зүйл байхгүй. “Чиглүүлж, дасан зохицох хөтөлбөрийн гэрээ” байгуулан, богино хугацаанд сургаж дадлагажуулахад анхаарч байна. Гэвч өөрийн хүсэлтээр ажлаас гарсаар л байна. 2022 онд говийн нөхцөлд гурваас дээш жил ажилласан, хичээл зүтгэлтэй, цаашид тогтвор суурьшилтай ажиллах ажилтны гэр бүлийн найман хүнийг чадамжийн сургалтад суралцуулж 100 хувь төлбөрийн хөнгөлөлт эдлүүлсэн. 2023 онд гурван ажилтны гэр бүлийг чадамжийн сургалтад хамруулж мэргэжлийн баримжаа олгож, ажлын байраар хангасан. Мөн 2024 онд замчны мэргэжил олгох чадамжийн сургалтад орон нутгийн дөрвөн иргэнийг хамруулан ажлын байраар хангасан. Одоо мэргэжилгүй 24 замчныг чадамжийн сургалтад хамруулахаад сургаад явж байгаа.
-Төмөр замчдын гэр бүл, үр хүүхдийг сургаж ажилд авахаас гадна нийгмийн асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Улхын-Овоо зөрлөгт өнгөрсөн онд нийт 450 кг нарийн ногоо хураан авч хэсгийн ажилчдын хүнсний ногооны хэрэгцээг хангасан. Мөн Цагаан хад зөрлөгт шинээр гүний худаг гарган ашиглаж байна. Эцэг эхийн зөвлөлийг есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Зөрлөгийн төмөр замчдын хүсэлтээр хүүхдүүдэд усан бассейн хийж өгсөн. Замын 15 дугаар хэсэг орон нутгийн төсөл хөтөлбөрт хамрагдаж, үнэ төлбөргүй 6х20 харьцаатай хүлэмж авсан. Улхын-Овоо, Номт, Нартын хошуу зөрлөгийн ажилтан, тэдний гэр бүлийн гишүүд, хамт олны амарч, сурах, өөрийгөө хөгжүүлэх орчинг бүрдүүлж “Zamchin Hub” интернет, тоглоомын өрөөг тохижуулсан. Шугам замын хэсгийн нэг ажилтан сард 50-60 мянган төгрөгийг интернетийн төлбөрт зарцуулдаг байсан бол алслагдмал зөрлөгт ажиллаж байгаа Замын 7,10,15 дугаар хэсгийн ажилтнуудад 10 mbps хурдтай интернэтийг үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг бүрдүүлж өгсөн. Замчид болон тэдний гэр бүл гээд нийт 80 гаруй хүн ашиглаж байна. Бид сая Нартын хошуу зөрлөгийн төмөр замчдад зориулж бие засах, усанд орох газар шинээр ашиглалтанд оруулсан. Энэ юу гэхээр халуун усанд орох 4 душтэй, эрэгтэй эмэгтэй бие засах 2 өрөөтэй бохир усаа цэвэршүүлээд модоо услах боломжтой байдлаар шийдэж байгаа цаашдаа хэрэглээд сайжруулаад явна.
-“Говийн төмөр замчин хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд анхаарах ямар асуудлууд байна вэ?
-Олон асуудлуудыг шийдвэрлэхээр хөтөлбөрт тусгасан. Төмөр замчин гэр бүл хувийн орон сууц барихад нь барилгын материал татан авах тээврийн зардлын дэмжлэг үзүүлэхтэй холбоотой журам гаргах хэрэгтэй байна. Шугам замын замчдын байрыг дулааны алдагдалгүй, зөөврийн, шинэ орон сууцаар солих шаардлагатай. “Ган зам” сүлжээ дэлгүүрээр ажилчдад хөнгөлөлтийн картаар үйлчлүүлэх зэрэг олон асуудал энэ хөтөлбөрт тусгагдсан байгаа. Тэгэхээр хүлээлт байгаа учраас одоо хэрэгжилт үр дүнг нэг авч үзэх хугацаа болсон байх гэж бодож байна.
-Танай анги “Аюулыг мэдээлэх хуудас”-аар илэрсэн үл тохирлыг бүрэн арилгах, ажлын байрны соёл 5S хөтөлбөрийн хэрэгжилтийн явцыг идэвжүүлэх ямар ажил өрнүүлж байна вэ?
-Сүүлийн жилүүдэд манай хяналтын албаныхан аюулгүй байдал, байгууллагын соёлд түлхүү анхаарч, манлайлан ажиллаж байгаа. Аюулгүй байдлын хуудсаар мэдээлж байгаа үл тохирлыг шуурхай арилгахад анхаарч байна. Эхний ээлжинд илэрсэн үл тохиролуудыг мастер, бригадын дарга нар хэсэг дээрээ бүртгэж авч танилцаад энэ үл тохирол Материал сэлбэгээс болж байна уу. Багаж хэрэгсэлээс болж байна уу. Ажлын зохион байгуулалтаас болж байна уу. Хувь хүн, удирдах ажилтнаас уу гэхчлэн хоорондоо ярилцаж тэмдэглэл хөтлөөд анги руугаа мэдээлдэг. Аюулгүй байдлын мэдээлэх хуудсаар амьдрах орчин, орон сууцтай холбоотой үл тохирлууд ч ирж байгаа. Холбогдох орон сууцны байгууллагаар засуулах арга хэмжээ авч байна. Гэвч зарим асуудал анхаарлын төвд байсаар л байна. Хүн бүр аюулгүй байдлын мэдээллийн хуудсаар зөв мэдээлэл өгөх нь хамгийн чухал. Ингэснээр дата мэдээлэлтэй болж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулах, хяналтандаа авах боломж нээгдэж байна. Мэдээллийн бааз суурьтай болсноор урьдчилан сэргийлэх, эрсдэлийг удирдах, хяналтандаа авах гэдгийг ажилчдадаа ойлгуулж, аюулыг мэдээлэх хуудсаар нээлттэй зөв мэдээлэл хүлээж авах талд манлайлан ажиллаж байгаа. Ажлын байрны соёл 5S хөтөлбөрийг ангийн хэмжээнд 2018 оноос хойш хэрэгжүүлсэн нь үр дүнтэй ажил болсон. Ер нь, ажилчид амьдралынхаа идэвхтай цагийн дийлэнхийг ажлын байрандаа өнгөрүүлдэг. Тэгэхээр ажлын байр нь эмх цэгцтэй байх ёстой. Ажлын байранд эрүүл орчин бүрдүүлэх тал дээр хөрөнгө зарцуулахаас гадна зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа. Багаж хэрэгсэл нь эвдрэлгүй байх, завсар үйлчилгээг цаг хугацаанд нь хийдэг байх дүрмийг замчин, бригадын дарга, мастер, жолооч нар бүгд зөв ойлгож, ажлын байрны соёлыг нэвтрүүлснээр эмх цэгцтэй болохоос гадна эвдрэл гэмтэл багасаж байна. Сүүлийн жилүүдэд замчдын автомашины паркийн шинэчлэл, замчдын ажлыг механикжуулах талд илүү анхаарч ажиллаж байна.
-Энэ оны төлөвлөгөөт засварын ажлын явцын талаар сонирхуулна уу?
-Замын шинэчлэлтийн төлөвлөгөөт ажил байхгүй ч урсгал засвраар гурван тэрбум төгрөгийн ажил хийх ёстой. Энэ жил урсгал засварын хүрээнд 9000 гаруй бетон дэр солино. Цаашдаа ч бетон дэрийн хэрэгцээ байна. Нарийн царигийн бетон дэрийг Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрт үйлдвэрлэж эхэлсэнтэй холбоотойгоор гурван вагон буюу 600 гаруй бетон дэр солих ажлыг эхлүүлсэн. Нарийн царигийн бетон дэрийг хөрш орноосоо худалдан авдаг байсан бол одоо дотооддоо үйлдвэрлэдэг болсноор нарийн царигийн өртөөний замынхаа техникийн байдлыг сайжруулах бүрэн боломжтой болсон. Өртөөний замуудыг хүчжүүлэх, бетон дэрэнд шилжүүлэх төлөвлөгөө гаргаад үүнийгээ хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил манай Зам анги Сайншанд өртөөний хоёрдугаар замыг бетон дэрээр бүрэн сольсон. Замын-Үүдийн эргэх гурвалжин замуудыг 100 хувь бетон дэрэнд шилжүүлсэн. Улаан-Уулын II, III зам 1:1 харьцаатай бетон дэрэнд шилжүүлснээр хажуугийн замаар хүлээн авч байгаа галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх модон дэрийг бетон дэрэнд шилжүүлэх ажлуудыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд сэлгээний ажилтай ихтэй томоохон өртөө, зөрлөгүүдийн замыг бетон дэрэнд шилжүүлэх ажлыг үе шаттайгаар хийнэ. Энэ ажилд замчдын гар ажиллагааг хөнгөвчлөх, механикжуулах ажлын хэсэг анги дээр байгуулагдан ажиллаж байна. Долоодын хөндий зөрлөгт цонхны ажил хийсэн. Энэ ажилд ангийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийнхөн очиж замчдын ажил хөнгөвчилж байгаа шинэ бүтээл ашигтай загваруудыг үзэж улам сайжруулах, санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж, багаж төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулж байна.
Ярилцлага өгсөн танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
П.Түмэндэмбэрэл
