Би хүмүүсийг анхны хайртай арван жилд, эсвэл оюутан үедээ л учирдаг гэж боддог байлаа. Гэхдээ буруу бодож явснаа хожуу ойлгосон юм.
Би хүмүүсийн хайрын түүхийг сонсох дуртай. Зарим нэг нь надад яагаад ч юм сэтгэлээ дэлгэж, хэнд ч хэлээгүй нууцаа хуваалцдаг. Хэдэн жилийн өмнө 50 нас шүргэж явсан нэг танил ахтай юм ярьж байгаад анхны хайрын сэдэв рүү гулгаад орчихлоо. Түүнийг оюутан байхдаа гэр бүл зохиож, хүү, охин хоёртой болсон гэдгийг нь мэддэг болохоор анхны хайр нь бүтсэн цөөн хүмүүсийн нэг гэж боддог байлаа. Гэтэл тэр ах нэг их санаа алдаад “Ах нь 30 нэлээд гарсан хойноо хайр гэдэг зүйлийг ойлгосон доо” гэв. Би бүр гайхаж “Та 20 ч хүрээгүй эхнэртэйгээ гэрлэсэн гээ биз дээ” гэхэд “Яахав дээ, юугаа ч мэдэхгүй нэг ангийн хоёр хүүхэд хөтлөлцөж гүйж байгаад хүүхэдтэй болчихсон. Хүүхэдтэй болсон юм чинь гэрлэсэн. Эхнэр бид хоёрт таарч тохирохгүй зүйл байгаагүй ээ. Сайхан л амьдарч байна. Гэхдээ нэг удаа томилолтоор явж байгаад нэг бүсгүйтэй танилцсан юм. Танилцсан ч гэж дээ, түүнийг анх хараад л зүрх ёгхийгээд хачин болсон. Нэг ч үг сольж үзээгүй. Харахаар догдлоод л... нэг л хачин. Томилолтоос ирсэн хойно ч бодогдоод нэг л жингүйдлийн байдалд орчихсон. Тийшээ ахиад хэдэн сарын дараа томилолтоор явах боллоо. Галт тэргэнд суугаад явж байхдаа жигтэйхэн яараад... цурам хийгээгүй очиж билээ. Би эхнэртэйгээ танилцаж, үерхэж, гэр бүл болохдоо нэг ч удаа тэгж сэтгэл догдолж байгаагүй юм билээ. Манай хүн ч тэгж долдолж байсан юм уу бүү мэд. Ах нь тэгэхэд л хайр гэдэг зүйлийг анх удаа мэдэрсэн гэж боддог” гэв. Би “Та тэгээд тэр бүсгүйтэйгээ ахиж уулзсан уу?” гэхэд “Уулзсан. Танилцсан. Надаас нэлээд хэд дүү тэр бүсгүй надад дуу шиг, шүлэг шиг санагддаг байлаа. Гарт нь ч хүрч боломгүй нандин, эрхэм. Тэр ч гэсэн надад чин сэтгэлээсээ хайртай байсан. Уулзаад бид хоёрт ярих зүйл олддоггүй байлаа. Зүгээр л бие биенээсээ харц салгахгүй сууж байх нь жаргалын дээд гэж энэ л байх даа гэж бодогддогсон” гэв.
Тэр эмэгтэйг өөрт чинь жинхнээсээ хайртай гэдгийг та яаж мэдсэн юм бэ гэвэл “Хайртай хүний харц нь өөр байдаг юм билээ. Нэрээр дуудах нь хүртэл өөр шүү дээ” гэв. Тэгээд яасан... гэхэд “Яахав дээ, би амьдралаа нурааж чадахгүй, тэр бүсгүйн амьдралыг ч үрж болохгүй шүү дээ” гэж билээ. Та түүнийг одоо санадаг уу гэхэд “Яаж мартах вэ дээ. Хамгийн сүүлд уулзахдаа жигтэйхэн их уйлсныг нь бодохоор одоо ч зүрх зүсэгдэх шиг болдог. Бид нэг салбарын хүмүүс болохоор хааяа ажил хэргийн шугамаар утсаар ярих хэрэг гардаг юм. Одоо ч дууг нь сонсохоор зүрх чичрээд л байдаг. Тэр ч гэсэн догдолж байгаа нь мэдрэгддэг. Миний анхны бөгөөд цорын ганц хайр байх” гэж билээ.
Хүмүүс анхны хайртай амьдралынхаа эхэнд, дунд ч бүр төгсгөлд ч учирч магадгүй аж. Зарим нь жинхэнэ хайртай учрахгүй явсаар энэ хорвоогоос буцдаг ч юм билүү, хэн мэдэх вэ дээ. Анхны хайр гэдэг...
Б.Цэгцүүхэй
