Нүүр УБТЗ ХНН Анх удаа 10101 тонн жинтэй галт тэрэг аялууллаа
УБТЗ ХНН

Анх удаа 10101 тонн жинтэй галт тэрэг аялууллаа

G.Press 6 сарын өмнө 240 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар УБТЗ ХНН-ийн хамт олон энэ сарын 12-ны Лхагва гарагт нэгэн дээд амжилтыг 76 жилийнхээ түүхэн хуудсанд “дархлан” үлдээв. Тодруулбал, эл өдөр Мааньт-Чойр-Айраг чиглэлд 108 вагонтой, 10101 тонн жинтэй, урт бүрэлдэхүүнт, хүнд жинтэй галт тэргийг анх удаа амжилттай аялууллаа.

Энэхүү галт тэргийг найруулахдаа түүчээ зүтгүүрээр 2ТЭ25Км-734, цувааны голд 54 дэх вагоны ард 2ТЭ116УМ-015 илчит тэргийг холбож аялуулсан байна. Уг галт тэрэг Мааньт өртөөнөөс тухайн өдрийн 11.42 минутад хөдөлж, Чойр өртөөнд зүтгүүрийн бригад сольж, аяллаа үргэлжлүүлэн Айраг өртөөнд 16.23 минутад хүрчээ.

Түүхийн хуудсанд тэмдэглэгдэн үлдэх уг галт тэрэгний аяллын талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга бөгөөд Захиран хуваарилах хэлтсийн дарга Б.Болдбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

 

-10101 тонн жинтэй галт тэрэгний туршилтын аяллыг Мааньт-Айраг өртөөд хооронд амжилттай туршлаа. Уг аяллын тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч? 

 

-Нэгдүгээрт, энэ удаагийн аялал нь ердийн үед аялдаг хоёр галт тэргийг нэгтгээд нэг галт тэрэг болгож аялуулснаараа онцлогтой. Хоёрдугаарт, тээх нэвтрүүлэх чадварын хувьд хамгийн хүнд хэсэг маань Мааньт-Айраг хоорондын хэсэг. Нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх хэд хэдэн арга зам бий. Тухайлбал, хос зам барих, эсвэл шинэ өртөө, зөрлөг барих гэх мэт төсөв хөрөнгө ихээр шаардагдах ажлуудыг хийж гүйцэтгэх шаардлагатай болно. Бид ийм бүтээн байгуулалтыг богино хугацаанд гүйцэтгэх хөрөнгө, хугацааны хувьд боломж хомс байгаа учраас өөр ямар боломж байна вэ гэдгийг харж байна. Хэрэв дээрх хэсэгт хоёр галт тэргийг нэг болгоод явуулчихвал, хоёр дахь галт тэрэг явах ниткээр өөр галт тэрэг аялуулах боломж гарч байгаа юм. Бид СИРДП-Е системээр нэг хэсэгт хоёр галт тэргийг ар араас нь мөрдүүлж аялуулах боломжтой болсон. Гэхдээ бид цаашдаа нэг галт тэргийг 10000-аас дээш жинтэй аялуулаад байвал энэ хэсэгт хоногт 18 галт тэрэг аялуулж байсныг 36 болгож аялуулах боломжтой болох юм. Нөгөө талаар, урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэрэг аялуулах тусам тээврийн эдийн засгийн үр ашиг өснө.  Уг галт тэрэг нь хоёр зүтгүүртэй аялсан. Өөрийн авч явах ачааг аваад явсан ч цаана нь хугацаа хэмнэж, нэвтрүүлэх чадвар нэмэгдэж байгаа юм.

 

-Тухайн өдөр Мааньт өртөөнөөс уг галт тэргийг аялуулахын тулд ямар бэлтгэл хангав?

 

-Уг галт тэргийг нэгтгэн аялуулахын тулд нэгдүгээрт ЕС70 маркийн төмрийн хүдэр бүхий ачаатай вагонуудыг Мааньт өртөөнд урьдчилан бүрдүүлэх, хоногийн ажлын төлөвлөгөөт зурмагт галт тэрэгний аялалыг тусгах, хоёрдугаарт дээрх галт тэрэгний аялалтай холбоотой цагийн хуваарь, хийгдэх ажлуудын технологи дарааллуудыг Замын нэгдүгээр орлогч даргын цахилгаанаар холбогдох ажилтнуудад үүрэг болгож бэлтгэл ажлыг хангуулсан.

 

-Хоёр зүтгүүр, 108 вагонтой галт тэрэгний урт хэдэн метр болсон бол...?

 

-Энэ галт тэрэгний томъёолсон урт нь 96.04 условный. Үүнийг метр рүү шилжүүлбэл 1344.5 метр. Гэхдээ энэ галт тэрэгний нэг онцлог нь дан ЕС70 маркийн вагонуудтай байсан. Өөрөөр хэлбэл, уг вагонууд нь манай вагонуудтай харьцуулахад богино хэрнээ даац нь их. Манай нэг хагас вагоны урт 14 метр, 65-67 тоннын даацтай. Гэтэл ЕС70 вагоны урт нь 11.76 метрийн урттай хэрнэ 72 тонныг даацтай. Энэ удаад бид даац өндөр, богино вагонуудыг сонгож тээвэрлэлтэд бэлтгэсэн. Хэрэв бид өөрийн эзэмшлийн вагонуудаар галт тэргээ бүрдүүлсэн бол 10000 тонн ачааг 112 вагонд ачих байсан. Тэгэхээр уг галт тэрэгний урт 1643 метр болно.

 

 -Ийм урт галт тэргийг цаашид аялуулъя гэхэд манай өртөө, зөрлөгүүдийн хүлээн авах, явуулах замын нөөц боломж хүрэлцэх үү?

 

-Ер нь, хомсхон. Гэхдээ бид бодит байдал дээр 110-120 хүртэл бүрэлдэхүүнтэй галт тэрэг аялуулсан тохиолдол олон бий. Энэ галт тэрэгний гол үр дүн нь нэг галт тэрэгний нитка хэмнэсэн. Цаашид бид ийм хүнд жинтэй галт тэргийг аялуулах нь замын их засвар хийгдэж байгаа үед хоёр галт тэргийг нэгтгэн аялуулах давуу талыг бий болгож байгаа юм. Сүүлийн жилүүдэд өртөө, зөрлөгүүдэд өртгөтгөлийн ажлыг үе шаттай хийж байгаа нь урт бүрэлдэхүүнтэй, хүнд жинтэй галт тэргийг аялуулах боломжийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлж байна. Сүүлийн жишээ гэхэд Хангай, Цайдам зөрлөгийг уртасгасан. 183 дугаар км-т шинэ зөрлөг барьсан. Цувраа парктай өртөө зөрлөгийн тоог нэмсэн гэхчлэн жил бүр ийм ажлыг хийж байна. Өөрөөр хэлбэл, зарим өртөөний паркыг, өртөөний замын тоог нэмэгдүүлэх, замын уртыг нэмэгдүүлэх гэх мэтээр өргөтгөлийг хийж байна. Урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг манай бүх өртөө зөрлөгт хүлээн авах боломжгүй байгаа. Тэгэхээр галт тэрэгний хөдөлгөөн зохион байгуулагч нар урт бүрэлдэхүүнтэй галт тэргийг замын аль хэсэгт хэрхэн зөрүүлэх вэ гэдгийг зохион байгуулж байна.

 

-Цаашид ийм урттай, хүнд жинтэй галт тэргийг өөр хэсэгт аялуулах боломжтой юу?

 

-Бидний хувьд ийм галт тэргийг Замын хэмжээнд туушид нь аялуулах хүсэл бол их байна. Болдог бол Ерөө өртөөнөөс ачсан төмрийн хүдэртэй ийм галт тэргийг Замын-Үүд хүртэл аялуулахсан. Гэвч замын техникийн байдлаас шалтгаалж, замын аж ахуйн албатай зөвшилцсөний үндсэн дээр Мааньт-Айраг хооронд уг аяллыг зохион байгууллаа.

Энэ жил Олон-Овоо-Цомог-Айраг өртөөд хооронд замын их засвар хийсэн нь энэ галт тэргийг аялуулах боломжийг бүрдүүлсэн. Одоо 31 дүгээр зөрлөг-Улхын-Овоо хооронд замыг хүчжүүлэх засварын ажил хийгдэж байна. Төмөр бетон дэртэй Р50 зам төмөртэй хэсгийг Р65 зам төмөртэй болгож байна.

 

-Нөгөө талд нь, өндөр хүчин чадалтай зүтгүүрээр парк шинэчилсний үр дүнд энэ аяллыг хийх боломж бүрдлээ гэж харсан.

 

-Яг тийм. 2ТЭ25Км  серийн илчит тэрэг дангаараа 6000 тонныг татах чадалтай. Бид Толгойт өртөөнөөс 6000 тонн хүнд жинтэй галт тэргийг Хоолт зөрлөг хүртэл түлхэгч зүтгүүртэй аялуулж, цааш түүчээ зүтгүүр дангаараа 6000 тонн жинтэй Айраг өртөө хүртэл аялуулдаг. Түлхэгч зүтгүүргүй бол Толгойт өртөөнөөс дангаараа Хоолт зөрлөг хүртэл 4200 тоннтой татах жингийн нормтой. Цаашид бид илчит тэрэгний хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах боломжийг судалж байна гэлээ.

Эл өдөр Тээвэр зохион байгуулалтын албаны Нэгдсэн удирдлагын төвийн галт тэрэгний ахлах диспетчер Н.Ренчинсүрэнгийн удирдсан галт тэрэгний диспетчерүүд энэхүү аяллыг зохион байгуулжээ. Мөн уг аяллыг зохион байгуулахад бүх алба хэлтэс хамтран ажилласныг Б.Болдбаяр дарга онцлон дурдлаа.

     

Мааньт өртөөнөөс уг галт тэрэг аяллаа эхлүүлэхэд түүчээ зүтгүүрийн бригадаар Улаанбаатар Татах хэсгийн III цувааны машинч Д.Цогтгэрэл, туслах машинч Б.Баасансүрэн авч, тэдэнтэй Зүтгүүрийн аж ахуйн албаны автотоормозын зааварлагч Б.Бямбабасан, цувааны голд холбогдсон зүтгүүрт IX цувааны машинч Г.Батбаяр, туслах машинч Т.Нямгүнд, автотоормозын зааварлагч машинч Б.Шагдарсүрэн нар ажиллажээ. Уг галт тэргийг Чойр өртөөнд ирэхэд Сайншанд Татах хэсгийн зүтгүүрийн бригад ээлж хүлээн авчээ. Тодруулбал, түүчээ зүтгүүрт Сайншанд Татах хэсгийн XII цувааны машинч Э.Нарангэрэл, туслах машинч Д.Баасандорж, авто тоормозын зааварлагч машинч Б.Батзориг, хоёр дахь зүтгүүрт машинч Х.Энхсайхан, туслах машинч Г.Тулгаа, зааварлагч машинч Б.Сундарьяа нар ажилласан байна.

Түүхэн аяллыг хийсэн зарим машинчаас сэтгэгдлийг нь сонслоо.

 

Улаанбаатар Татах хэсгийн машинч Д.Цогтгэрэл (2007 оноос туслах машинч, 2013 оноос машинч болж, одоо ачаа болон зорчигчийн галт тэргийг аль алиныг нь жолоодож байна).

 

-Мааньт өртөөнөөс 10101 тонн жинтэй галт тэрэг хөдлөхөд ямар сэтгэгдэл төрөв?

 

-Анх удаа ийм хүнд жинтэй галт тэрэг жолоодож байгаа учраас сэтгэл догдолж байсан. Нөгөө талд нь надад маш их итгэл хүлээлгэснийг мэдэрсэн. Галт тэрэг хөдлөх үед хүнд байгаа нь мэдрэгддэг юм билээ. Аяллын явцад ямар нэгэн хүндрэл гараагүй. Тахир тойруу зам дээр галт тэргээ харахад бахархмаар сайхан санагдаж байсан.

 

-Мааньтаас Чойр хүртэл замын нөхцөл ямар байдаг вэ?

 

-Ер нь, өгсүүр уруудууртай, нугачаа ихтэй. Оорцог-Энгэр рүү өгсүүр. Дээд хурданд хүрэхийн өмнө таван км-ийн наана тоормозлоод, Чойр өртөө хүртэл саадгүй сайхан аялсан. 60-88 км/цагийн хурдтай аялсан. Албаны автотоормозын зааварлагчтайгаа зөвлөлдөөд аяллыг амжилттай гүйцэтгэсэндээ баяртай байна.

 

Машинч Г.Батбаяр: (Тэрбээр 2006 оноос туслах машинч, 2010 оноос машинчаар ажиллаж байна)

 

-Анх удаа ачааны вагоны голд холбогдсон аялал хийж үзлээ. Урдах зам харагдахгүй болохоор бас их сонин мэдрэмж төрж байлаа. Мааньт-Чойрын хэсэглэл өгсүүр, уруудуур ихтэй замын хүнд хэсэгт тооцогддог. Гэхдээ ийм урт бүрэлдэхүүнтэй хүнд жинтэй галт тэрэгтэй аялахад ГТХАБ талаасаа янз бүрийн эрсдэл ажиглагдаагүй. Аялал амжилттай сайхан боллоо. Цаашид ийм галт тэрэг аваад аялахад боломжийн санагдсан.

Ташрамд хэлэхэд би үүнээс өмнө 2016 оны дөрөвдүгээр сард УБТЗ-д хамгийн урт бүрэлдэхүүнтэй буюу 120 вагонтой галт тэргийг анх удаа Чойроос Улаанбаатар өртөө хүртэл жолоодож байсан. Уг галт тэрэг нь хоосон вагонуудтай байсан болохоор жингийн хувьд бол хөнгөн байсан. Ингэж хоёр ч удаа түүхэнд үлдэх аяллыг хийсэндээ баяртай байна.

 

Сайншанд Татах хэсгийн автотоормозын зааварлагч машинч Б.Батзориг:

 

-Манай бригадууд тухайн өдрийн 14.00 цагаас галт тэргээ аваад Айраг руу хөдөлсөн. УБТЗ-ын өндөр хүчин чадалтай хоёр зүтгүүртэй явсан учраас хүндэрл гараагүй. Өмнө нь, бид 8002 тонн жинтэй галт тэрэг аялуулж байсан. Бид түүхэнд үлдэх хүнд жинтэй галт тэрэгний аяллыг хийж байгаадаа сэтгэгдэл их өндөр байсан.

 

-Чойр-Айраг хоорондын замын нөхцөл байдал ямар вэ?

 

-Чойр-Айраг хоорондын зам есөн мянганы уруудууртай. Машинч нарын ур чадвар өгсүүр замаас илүү уруудуур хэсэгт илүү шаардагддаг. Өгсүүр замд илчит тэрэгнийхээ чадлаар гардаг бол уруудуурт хурдаа тохируулахын тулд тоормозыг хэдийд яаж, хийх вэ гэдэг нь их нарийн мэдрэмж, ур чадвар шаарддаг. Ялангуяа, өмнө нь жолоодож үзээгүй 10000 тонн жинтэй галт тэрэг жолоодоход хурдаа тохируулах нь маш чухал байлаа. Машинчийн ур чадварыг дүгнэх гол үзүүлэлтийн нэг бол тоормоз хийж, хурдаа тохируулж байгаа чадвар л даа. Уруу газар тоормозоо тохируулж чадахгүй тоормоз цуцаавал галт тэрэг жолоодлогогүй болох аюултай. Энэ удаагийн аялал маш амжилттай болсон. Том амжилтыг хамтын хүчээр бүтээлээ.

 

Сайншанд Татах хэсгийн XII цувааны машинч Э.Нарангэрэл: (найман жил машинчаар ажилласан)

 

-Галт тэрэг байрнаасаа хөдлөхөд их хүнд байгаа нь мэдрэгдсэн. Аяллын явцад хүндрэлтэй зүйл гараагүй. Чойроос Айраг хүртэл уруудуур ихтэй учраас ердийн үеийнхээс илүү тоормоз хийх хугацаагаа сайн тооцоолж, хурдаа ахиу унагааж явах хэрэгтэй юм байна гэж бодогдсон. 6000 тонн жинтэй галт тэрэгтэй явахад 85 км/цаг-ийн хурдтай үед тоормоз суллаад явдаг бол хүнд жинтэй галт тэргийг 75 км/цаг хүртэл суллаад явсан. Дундаж хурдаа 80 км/цагт барьж аялсан.  Хүнд жинтэй галт тэргийг жолоодоход хүндрэлтэй зүйл ажиглагдаагүй, ийм аяллыг хийхэд боломжийн санагдсан гэлээ. 

Ийнхүү Хөдөлмөрийн баатар хамт олон намрын адаг сарын нар ээсэн нэгэн өдрийг амжилт ололтоор дархлан түүхийн хуудаснаа мөнхлөн үлдээв.

Үүнээс өмнө УБТЗ ХНН-ийн хамт олон түүх 65 жилийнхээ ойг угтан 2014 оны тавдугаар сарын 17-ны өдөр 92 вагоны бүрэлдэхүүнтэй, 8002 тонн жинтэй галт тэргийг Багахангай-Чойр хооронд амжилттай аялуулсан билээ. Энэ үед мөн хоёр зүтгүүртэй аялуулсан бөгөөд хоёр дахь зүтгүүрийг 41 дэх вагоны ард холбосон байсан юм.  

 

Б.Гүнжээ

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.