Нүүр Дугаарын сурвалжилга Алтан шар замын эзэн
Дугаарын сурвалжилга

Алтан шар замын эзэн

G.Press 1 жилийн өмнө 123 үзэлт 0 сэтгэгдэл

 

Аливаа хамт олон үе үеэрээ бүрэлдэн тогтдог аж. Ойрын жилүүдэд УБТЗ гэх өнөр хамт олны хувьд үе солигдох үйл явц нэлээд эрчтэй явж байна. Өөрөөр хэлбэл, 1960-аад оныхон 2000-аад оныхонд халаагаа өгч, гавьяандаа гарцгааж байна. Төмөр замын тээврийн салбарт хоёр зуун дамнан, хоёр нийгмийн заагийг холбон ажиллаж хөдөлмөрлөн эдүгээ гавьяандаа гарч буй тэд хамгийн баялаг түүхтэй улс. Энэ удаад тэдний нэг болох “Онц тээвэрчин”, “Хүндэт төмөр замчин” Доржийн Галсанжамцыг урьж ярилцлаа. Тэрбээр, УБТЗ-д 39 жил ажиллаад ирэх сараас гавьяандаа суух гэнэ.

Төмөр замчдын тосгонд төрж, өссөн тэрбээр, 21 настайдаа УБТЗ-ын Авто баазаас ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлжээ.

Д.Галсанжамц: “Намайг 1986 онд төмөр замд ажилд ороход одоогийн Авто тээвэр үйлчилгээний төв буюу Авто бааз маань 400 гаруй ажилтантай том байгууллага байлаа. Энэ түүхийг мэдэх, ярих хүмүүсийн хамгийн сүүлчийнх нь бараг би болж байх шиг байна. Үеийнхэн маань гавьяандаа гараад дууслаа. Залуус их орж ирж байна даа” гэснээр бидний яриа эхлэв.

Түүний аав Дорж төмөр замын Худалдааны албаны боловсон хүчний хэлтсийн даргаар ажиллаж байж. Зургаан хүүхдийн дээрээсээ хоёр дахь хүү Галсанжамцыг тухайн үеийн НАХЯ-ны дээд сургуульд оруулсан ч сурсангүй. Харин цэргийн албыг гурван жил хаагаад халагдаж иржээ. Тэгэхэд нь “Чи сургуульд сурахгүй бол төмөр замд ажилд ор. Машинч болох уу, жолооч болох уу?” гэхэд нь Галсанжамц “Жолооч болъё” гэжээ. Ийнхүү Авто баазад ажилд оржээ. Жил шахам туслах ажилтан,слесарь, уурын зуухны галч зэрэг ажлыг хийж, тэрэг техник хариуцуулахад итгэл даах нэгэн гэдгээ баталж байж жолооны ард суудаг байсан үе. Ер нь, төмөр замд орсон хэн ч хамгийн доод шатнаас ажлын гараагаа эхэлдэг “бичигдээгүй хууль”-тай. Тэр л замаар Д.Галсанжамц өгссөн байна. Энэ тухайгаа “Одоо эргээд бодоход уурын зуухны галч, манаач, туслах ажилтан зэргийг жил шахам хийсэн минь цаашдаа улсын үнэтэй цэнэтэй тэрэг техник хариуцаад итгэл даагаад ажиллаж чадна гэдгээ баталсан хэрэг юм болов уу” гэв. Тэрбээр, Авто сургуульд суралцаж, 1987 оны хавар жолоочийн үнэмлэх гардсан байна. Тухайн үед жолооч гэдэг нэлээд шалгуур өндөртэй мэргэжил байлаа. Одоотой адил хэн дуртай нь ганц хоёр сар курсэд суугаад жолоо мушгих эрхтэй болдог байсангүй. Дээр нь Авто сургуульд жил онол дадлага үзэж, улсын шалгалтыг амжилттай өгч, жолооч болно гэдэг шаггүй даваа байсныг тэр үеийнхэн андахгүй бизээ.

Анх түүнийг жолооч болоход Авто баазаас “Москвич-412” автомашин өгчээ. Түүнийг нэг жил бариад дараа нь “Волга-24”-ийг янз янзаар нь унажээ. Авто баазад 1996 оноос хойш япон автомашинууд орж иржээ. Анхны япон автомашин нь “Ниссан патрол-61” байж. Түүнийг арав гаруй жил барьжээ. Түүний унасан унаа болгоны ард туулсан зам, дахин давтагдахгүй түүх бий. Монгол хүн хүлэг морио дээдэлдгийн адил жолооч нар ч төмөр хүлгээ тийнхүү дээдлэн, арчилж тордон додомдоно. Нөгөө талд нь амь нас, аюулгүй байдлыг нь дааж яваа дарга нартай амь нэгтэй болдог аж.

Д.Галсанжамц “Эхний жил Улаанбаатар өртөөний тэргийг барьсан. Дараа жилээс нь Замын орлогч дарга Санжжав гэдэг хүний жолоочоор жил гаруй ажиллаад түүнээс хойш Замын суурь бүтэц хариуцсан орлогч дарга Батмөнх даргын жолоочоор арван жил, Г.Вандандагва даргын жолоочоор арван жил, К.Р.Белош даргын жолоочоор найман жил, Замын албаны жолоочоор таван жил, сүүлийн жилүүдэд  Техникийн бодлого, стандартчлалын албаны даргын жолоочоор ажиллалаа. Ихэнх хугацаанд Замын суурь бүтэц хариуцсан орлогч даргын жолооч байсан болохоор төмөр замаа дагаад хоёр хилийн хооронд мөн ч их явсан даа. Ялангуяа, 2000-аад оноос төмөр бетон дэртэй зам тавьж эхэлсэн. Тэр үед замын их засварын цонхонд өдөр, шөнөгүй л давхидаг байлаа. Залуу ч байж. Ядрах, цуцахыг мэддэггүй явдаг сан. Тэр үед одоо шиг дандаа засмал замаар давхидаг байсангүй. Замын-Үүд ороход машин тэрэг эвдэрч саатахгүй бол зуур хоноод очино. Одоо бол зам сайхан болохоор 8-9 цаг давхиад ордог болсон. Орос тэрэг унадаг байхад байсхийгээд л дугуй хагарна. Өөрөө л нөхнө. Байсхийгээд эвдэрнэ. Өөрөө л засна. Тийм болохоор баазад байгаа үедээ засварчдаа дагаад засвар үйлчилгээгээ хамт хийж, юм сураад авахыг хичээнэ. Дурсвал олон сайхан дурсамж бий” дээ гэв.

Та 40-өөд жил тэрэг барихдаа нийт хэдэн км зам туулсан бол гэхэд “Нарийн тооцож байсангүй. Гэхдээ жилд дунджаар 60 мянган км явдаг байсан гэж тооцвол овоо тоо гарах байх” гэж даруухан өгүүлэв. Түүний туулсан замыг өнгөрсөн жилүүдэд багаар бодоход хоёр сая км давсан бололтой.

Даргын жолооч байна гэдэг таны хувьд ямар ажил вэ гэхэд “Хариуцлагатай” гэдэг ганцхан үгээр хариулаад “Нэг даргатай олон жил хамт яваад ирэхээр аав хүү, ах дүү шиг болдог. Даргын юунд дуртай, дургүйг мэднэ. Хол замд гарах бол аян замын бэлтгэлийг нь хангана. Холын замд дааруулахгүй, өлсгөхгүй, зорьсон газар нь товлосон хугацаанд нь амжиж хүргэх ёстой. Уудаг эмийг нь хүртэл хэдийд уухыг нь сануулах хэмжээнд хүрдэг” гэв. Сэтгэлд тань хамгийн ойр дарга хэн байв гэхэд “Бүгд л сайхан хүмүүс байсан даа. Түүн дотроос Батмөнх дарга маань бөх, моринд их хорхойтой, бөхчүүдтэй их найзалж, нөхөрлөдөг хүн байлаа. 1990-ээд онд Төмөр замын “Есөн туг” бөхийн дэвжээг үүсгэн байгуулж, улсын цолтой бөхчүүдийг төмөр замд ажилд оруулж, төмөр замын нэр дээр барилдуулдаг байлаа. Баярсайхан заан, Пунцагийн Сүхбат, Намжилдорж гэхчлэн сайхан бөхчүүдийг төмөр замдаа урьж ажиллуулж байсан. Хурдан морины уралдаан үзэх дуртай. Түвдэн гэдэг сайхан уяачийг төмөр замдаа ажилд авч, дэмжиж, ивээн тэтгэдэг байсан даа. Би 2014 онд Замын мэргэжлийн аваргаар шалгарч, танай сонинд ярилцлага өгөхдөө дэлгэрэнгүй ярьсан” гэв.

Удам залгасан төмөр замчин тэрбээр Замын II ангийн орлогч дарга асан Ю.Гомбодоржийн охин Г.Батсанчиртай гэр бүл болжээ. Түүний хань 1988 онд Төмөр замын техникум төгсөөд АБТЭМА-д ажилд орж, насаараа цехийн даргаар ажиллаад 2023 онд гавьяандаа гарчээ. Тэднийх хоёр хүүтэй. Хөвгүүд нь бас л төмөр замчны мэргэжил эзэмшиж, гурав дахь үеийн төмөр замчид болсонд баяртай явдаг аж.

Түүний том хүү Эрхүүгийн Зам харилцааны их сургуулийн вагоны инженерийн ангийг төгсжээ. Том хүү нь өдгөө Кейтеринг-Зочлох үйлчилгээний хэлтэст ерөнхий инженерээр тав дахь жилдээ ажиллаж байгаа бол бага хүү нь  мөн ОХУ-д төмөр замын мэргэжлээр суралцаж байгаад ковидын үед сургуулиа төгсөлгүй орхисон байна. Гэхдээ өөрийн сонирхлоор аавынхаа мэргэжлийг өвлөн АТҮТ-д жолоочоор 2023 оноос хойш ажиллаж байгаа аж.

Д.Галсанжамц 40-өөд жил жолоо мушгихын хажуугаар спортоос огт холдоогүй нэгэн юм. Хөл бөмбөг, хоккейн спортын мастер цолтой тэрбээр олон арван тэмцээнд төмөр замчдынхаа нэрийг гаргасан тамирчин хүн.

Төмөр зам дагасан алтан шар зам түүнд өлзийгөө өгсөн. Өдгөө үр хүүхдүүдээ удам залгуулаад нүүр бардам гавьяандаа гарч байна. Төмөр зам гэдэг их айлд залуу нас, хүч хөдөлмөрөө зориулсан мянга мянган төмөр замчдын нэгэнтэй ийнхүү хөөрөлдлөө. 

 

  Б.Гүнжээ

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.