УБТЗ-ын Сэргээн босгох галт тэрэгний даргаар 21 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байгаа Аюурын Чулуунбаатартай уулзаж ярилцлаа. Ажилдаа чин сэтгэлээ зориулсан, ажилсаг хөдөлмөрч, хамт олноо үлгэрлэн дууриалагч энэ эрхэмтэй цөөн хором уулзаж ярилцахад ямар их эрч хүчтэй хүн бэ гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Манай сонины энэ дугаар уншигч таны гар дээр очих мөчид А.Чулаанбаатар дарга маань “Алтан гараа”-гаа хийж, гавьяаныхаа амралтад гарч байх болно.
-Та хувь заяагаа УБТЗ-тай хэрхэн холбосон бэ?
-Би нийслэлийн V дунд сургуулийн наймдугаар ангийг 1989 онд төгссөн юм. Уг нь би Металлистын техник мэргэжлийн сургуульд элсэн орж, жолооч болно гэж төлөвлөж байсан боловч манай сургуульд нэг хуваарь ирсэн нь хүйс заасан учраас боломжгүй болсон. Тэгээд Төмөр замын техникумын Зүтгүүрийн аж ахуй гэсэн нэг хуваарь байхаар нь вагоны жолоочийн мэргэжил юм байна гэж бодоод аравдугаар ангиа төгсөж байсан ахтайгаа зөвлөлдөөд сонголтоо хийсэн. Ингэж би төмөр зам хэмээх их айлтай амьдралаа холбосноос хойш эдүгээ 41 дэх жилээ үдэж байна.
-Аав ээжээсээ асуугаагүй юм уу?
- Намайг есдүгээр ангидаа дэвшин суралцана гэж бодсон учраас сургуулийн хуваарь сонгох үед ирээгүй. Тэгээд л ах бид хоёр өөрсдөө дур мэдэн ийм шийдвэр гаргасан хэрэг. Гэсэн ч аав, ээж маань миний сонголтыг хүндэтгэн үзсэнд би их баярлаж билээ. Ингээд би сургуулиа амжилттай төгсөөд Улаанбаатар татах хэсгийн Дизелийн цехэд анх засварчнаар ажлын гараагаа эхэлсэн. Гэтэл гэнэт цэргийн албанд татагдахаар болж, албаа хаачихаад иртэл ардчилал, шинэчлэл гарч, зах зээлийн нийгэмд шилжих нөр их ажил өрнөж байлаа. Хуучин ажилдаа эргэж орохоор Улаанбаатар татах хэсэг рүүгээ очтол орон тоо байхгүй гээд хүлээж авсангүй. За нэгэнт цэрэгт байхдаа жолооч болсны хэрэг юу билээ гээд ажил сураглатал Ардын нэг уламжлалт эмнэлэгт жолоочийн орон тоо байна гэнэ. Маргааш нь тэнд ажиллахаар болж, оройхон гэртээ ирээд их л мундаг болж өнөөхөө хэлтэл аав маань зөвшөөрсөнгүй, төмөр замдаа л ор гэдэг юм даа. Ээж хажуунаас “Миний нэг танил Депод ажилладаг юм. Тэнд талбайн цэвэрлэгчээр ажиллаж болно гэж байна лээ” гэв. Тэгтэл аав “Засварчны орон тоо гартал тэнд түр ажиллаж бай” гэв. Би ч цэвэрлэгч хийхгүй гэж дургүйцлээ. Гэтэл аав ээж хоёр “Чи насаараа зам талбай цэвэрлэхгүй, эзэмшсэн мэргэжлээрээ цаашдаа ажилла” гэж лүндэн буулгалаа. Ингээд би Депогийн Түлш зэхэлтийн цехэд талбайн цэвэрлэгчээр ажилд орж байлаа.
-Та Сэргээн босгох галт тэрэгний дарга болтол ямар ажил эрхэлж байсан бэ?
-За даа, дарга, манаач хоёроос бусдыг л хийх шив дээ. Янз бүрийн л ажил хийж байлаа. Талбайн цэвэрлэгч, дизель, түлш, цахилгаан аппаратын цехүүдэд засварчин, туслах тоноглол, хос дугуй, модернизацийн цехүүдэд мастер, өргөх, бага, техник үзлэгийн цехүүдэд хүлээн авагч, илчит тэрэгний туслах машинч, машинч, зүтгүүрийн диспетчер, Сэргээн босгох галт тэрэгний механик гэх мэт олон шат дамжлагын ажил хийж байлаа. Хамгийн сүүлд Зүтгүүрийн аж ахуйн албаны харьяа сургалтын төвд мастер багшаар ажиллаж байтал 2005 оны аравдугаар сард Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга О.Сүрэн дуудаж, Сэргээн босгох галт тэрэгний даргаар ажилла гэдэг үүрэг өгсөн. Ингэж би энэ албан тушаалд одоо 21 дэх жилдээ ажиллаж байна даа.
-Сэргээн босгох галт тэрэгний даргаар Хөдөлмөрийн баатрын хүүхдүүд ажилладаг гэсэн яриа байдаг?
-Тийм ээ, Сэргээн босгох галт тэрэг анх 1960 онд байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 12 дарга ажилласан байдаг. Миний өмнөх дарга Т.Алтангэрэлийн маань аав, замчин, Хөдөлмөрийн баатар Ш.Түгж гуай шүү дээ. Харин миний аав бол барилгын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Аюур гэж хүн байсан. Бидэнтэй хамтран ажиллаж байсан Хяналтын албаны байцаагч Ц.Пүрэвсүрэн ах маань үүнийг ихэд билгэшээж, хүмүүст бахархалтайгаар танилцуулж ярьдаг болохоор манайхан сайн мэддэг болсон байх.
-Сэргээн босгох галт тэрэгнийхээ талаар товч танилцуулна уу?
“ Анх намайг энэ ажилд томилж байхад 19 хүний орон тоотой, төмөр замаар явдаг “ЕДК1000/2” маркийн 125 тоннын болон “RK450” маркийн 45 тонны даацтай хоёр кран, суудлын хоёр вагон, “Т-170” бульдозер, чирэгч хоёр танк, ачааны арван вагонтой байсан. Ажилтнууд маань ачааны битүү вагонд хувцсаа сольдог байсан. Иймд суудлын вагоныг тоноглож хувцас сольдог өрөөг шилжүүлсний зэрэгцээ усанд орох өрөөг шинээр бий болгосон. Сэргээн босгох галт тэрэг маань жилдээ хоёр вагон нүүрс түлж халаалтаа авдаг байсныг өөрчилж уян холбоосоор төвийн халаалтын системд холбосноор ихээхэн хөрөнгө хэмнэсэн. Вагонуудынхаа өнгө зүсийг жигдрүүлсэн. Мөн иж бүрэн гидро багажаар тоноглогдсон шуурхай ажлын авто машин, “Zoomlion” маркийн 80 тонны авто кран, “ZD220/3” бульдозер болон сэргээн босголтын тусгай техник, тоног төхөөрөмжүүдтэй болж ямар ч тохиолдолд саадгүй ажиллах техникийн нөхцөлийг бүрдүүлж чадсан.
-Шуурхай ажлын авто машинаа танилцуулаач?
-Бид 2012 онд “ЕДК1000/2” кранаа их засвар хийлгэхээр ОХУ-ын Челябинск хот руу краны машинч С.Батбаярын хамт авч явсан юм. Тэгэхэд зам зуур томхон өртөөнд удаан хугацаагаар зогсох үед тэндхийн Сэргээн босгох галт тэрэг рүү очиж, “Бид Монголын Сэргээн босгох галт тэрэгнийхэн байна, кранаа засварт авч явна” гээд яриа хөөрөө өрнүүлсэн юм. Мэргэжил нэгт нөхөд маань их сайхан хүлээн авч, бидэнд аж ахуйгаа дэлгэн үзүүлж, дайлж цайлж байв. Манайх чинь нэг л Сэргээн босгох галт тэрэгтэй учир тэднээс туршлага судлах, авч хэрэгжүүлэх шинэ зүйл юу байгаа бол гээд бүхий л газраар орж, их ч юм үзэж харсан. Тэдгээрээс олон зүйл авч хэрэгжүүлсний нэг нь Шуурхай ажлын машин байсан. Гидро ажиллагаатай “АВСО-50” иж бүрэн багажаар тоноглосон ийм сайхан хун цагаан машиныг 2018 онд худалдаж авсан. Ингэснээр манай Сэргээн босголтын галт тэрэг маань зөвхөн УБТЗ-д төдийгүй бусад төмөр замуудын сэргээн босголтын ажилд амжилттай үүрэг гүйцэтгэх нөхцөл бүрдсэн.
-“АВСО-50” гэж ямар багаж байдаг юм бэ?
-Энэ багаж бол метроны шугамд замаас гарсан хөдлөх бүрэлдэхүүнийг сэргээн босгоход зориулж хийгдсэн юм билээ. Энэ багаж нь 130 тонн хүртэл өргөх хүчин чадалтай, гурван хос домкраттай ба хөдлөх бүрэлдэхүүнийг өргөж, хөндлөн хажуу тийш шилжүүлэх зориулалттай багаж юм. Урьд нь бид замаас гарсан хөдлөх бүрэлдэхүүнийг мэлхийвч, дов ашиглан, зүтгүүрээр татаж замд оруулдаг, эсвэл өргөх кран ашигладаг байсан. Ингэж шилжүүлэх үед зам төмөр, дэр мод эвдэрч гэмтэх тохиолдол их гардаг байсан. Харин “АВСО-50” багажтай болсноор сэргээн босголтын ажил гүйцэтгэхэд зүтгүүр шаардлагагүй болсны зэрэгцээ замаа эвдэхгүй, богино хугацаанд бага орон зайд сэргээн босголт хийх боломжтой болсон. Энэ багажийг дан ганц сэргээн босголтын ажилд ашиглах бус өөр зүйлд ч ашиглах боломжтой байдаг. Ойрхоны жишээ дурдахад өнгөрсөн жил Хөшгийн хөндийн төмөр зам барих ажлын хүрээнд Багахангай өртөөний гармын харуулын байрыг шилжүүлэхэд АВСО-50 багажаа ашиглан амжилттай өргөж, зөөж, шилжүүлж суурилуулсан. Энэ ажил маань миний л мэдэхийн төмөр замд байшин зөөсөн анхны тохиолдол байх. Монголд ингэж байшин зөөсөн тохиолдол байдаг, үгүйг мэдэхгүй юм байна.
-Тэгэхээр та нар төмөр замын сэргээн босголтын ажлаас гадна өөр ажлууд бас хийдэг байх нь ээ?
-Тийм ээ. Манайх Зайсан дахь бурхан багшийн сэрэг хөшөө босгох, Тасганы овоо дээрх Түвдэнпэлжээлэн хийдийн хучилтын хавтан тавих, 120 мянгатын тойрог дээр байсан танкийн хөшөөг Зайсан руу зөөх, Скай ресортын харалдаа төмөр зам дээгүүр гарсан авто замын гүүрний дам нуруу байрлуулах, мөн Цагаан хяр, Замын-Үүдийн логистикийн авто замуудын төмөр зам дээгүүр гарсан гүүрнүүдийн дам нуруу гээд нэлээд ажлыг хийсэн. Нэг сонирхолтой түүх хуучлахад Төрийн ордны өргөтгөлийн барилгыг барьж байхад байшин краныг нь босгож байсан хүмүүс краны сумаа УИХ-ын чуулганы танхимын дээвэр дээр унагаачихсан юм билээ. Тухайн үед УИХ-ын дарга байсан Ц.Нямдорж уурлаад өнөөх хэдийг баахан загнаад авчээ. Ингээд барилгын компани нь хүнд даацын найдвартай краны эрэлд гарчээ. Тэгээд төмөр замд нэг хүнд даацын кран байдаг гээд УБТЗ-ын даргаас гуйсан юм билээ. Бид тэр дор нь очин ажлыг нь төрийн тусгай хамгаалалтын дор хийж өгч байлаа. Тэгтэл манай хоёр ажилтан Төрийн ордны оройд намирах төрийн далбааны дор очоод мэл гайхаад, таг зогсчихож билээ.
-Танай техник хэрэгслийг ямар журмаар зохицуулж ажиллуулдаг вэ?
-Сэргээн босгох галт тэрэгний техник хэрэгслийг хэн дуртай нэгэн ажиллуулах эрх байхгүй шүү дээ. Зөвхөн УБТЗ-ын дарга, Замын нэгдүгээр орлогч дарга, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргын тушаалаар л ажилладаг.
-Та өмнөх яриандаа Сэргээн босгох галт тэрэг маань гадны төмөр замд захиалгаар ажилладаг гэснээ тодруулаач?
-Төмөр замын тухай хуульд суурь бүтэц эзэмшигч бүхэн Сэргээн босгох галт тэрэгтэй байна гэж заасан боловч одоогоор зөвхөн УБТЗ-д л байна. Тиймээс бид шаардлагатай тохиолдолд л тэр бүхэнд очиж ажиллана шүү дээ. Жишээ нь 2022 оны есдүгээр сард Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Хулангийн Шанд өртөөний гуравдугаар зам дээр гарсан ачаатай галт тэрэг унасан осол дээр очиж ажиллаж байлаа.
-Уг нь Сайншанд өртөөнд Сэргээн босгох галт тэрэг байсан санагдах юм?
-Тийм ээ, байсан боловч тэнд зөвхөн “АВСО-50” гидро багажтай, бага хэмжээний хүчин чадалтай сэргээн босгох галт тэрэг л байна. Харин сүүлийн жилүүдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга маань Сэргээн босгох галт тэргээ хүчжүүлэх тал дээр чамлахааргүй ажил хийсний нэг нь, 2022 онд Сэргээн босгох галт тэрэгний 2030 он хүртэлх дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, Замын даргаар батлуулан мөрдөж ажилласнаар техникийн шинэчлэлүүдийг хийж байна.
-2006 онд гарсан ослын илчит тэргийг троссоор холбож, төмөр замаар чирч авчирсан гэж сонсож байсан?
-Тийм ээ, 2006 оны арваннэгдүгээр сарын 20-д 491 дүгээр км-ийн дөрөвдүгээр зуутад тусламжаар очиж явсан илчит тэрэг мөргөлдсөн ослыг хэлж байх шиг байна. Харамсалтай нь тэнд хамт ажиллаж байсан таньдаг гурван хүний амь нас эрсэдсэн юм. Бидний хувьд сэтгэл санаа хүнд, дээр нь цаг агаар ч сайнгүй байсан даа. Сэргээн босголтын ажил ч удаан үргэлжилж дууссаны дараа бүх дарга нар явцгааж, осолдсон илчит тэргийг Улаанбаатар татах хэсэг рүү авч явах үүргийг надад өгсөн. Бидэнд хэрхэн яаж авч явах талаар ямар ч зааварчилгаа өгөөгүй. Тэр үед залуу ч байж, зоригтой ч байж. Нөгөө талаар тэнэг ч байж. Илчит тэрэг авто угсраагаар холбогддог бол мөргөлдсөн илчит тэрэгний маань шингээх аппарат чихэгдсэнээс шалтгаалж авто угсраагаар холбогдох боломжгүй байсан. Иймд 2М62 илчит тэргийг троссоор холбоод, бүхээгийн дотор талд нь лоомоор хөндөлсүүлж холбочихоод явах болсон. Ямар хурдтай, яаж явах талаар дарга нараас шийдвэр авах гэтэл шийдвэр өгөх дарга олдоогүй. Энэ тухай Зүтгүүрийн аж ахуйн албаны даргад мэдэгдэхэд “Миний дүү өөрөө зохицуулаад аваад явчих” гэхээр нь их л мундаг хүн болж, Сэргээн босгох галт тэрэгнийхээ бүрэлдэхүүнд холбож 100 шахам км зам туулж, авчирч байсан даа. Одоо бодоход замд ямар нэг юм болсон бол яах байсан юм бол доо гэж бодогддог юм.
-Оросын Сэргээн босгох галт тэрэгтэй хэрхэн хамтарч ажилладаг вэ?
-2018 оны наймдугаар сарын 12-нд их хэмжээний аадар бороо орсны улмаас Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний хоорондын замын 747 дугаар километрийн есдүгээр зуутад суудлын галт тэрэгний зүтгүүр, суудлын дөрвөн вагон замаас гарч унасан юм. Энэ осол дээр ОХУ-ын Улаан-Үдийн Сэргээн босгох галт тэрэгнийхэн ирж бидэнтэй хамтарч ажилласан. Тэр үед надад ямар ч тохиолдолд тэднээс дутахгүй ажиллана шүү гэсэн бодол төрж байсан. Учир нь манайд нэг л Сэргээн босгох галт тэрэг байдаг учраас бидний ажлын чадвар чансааг харьцуулах боломж гардаггүй байсан. Орос дарга нар маань манай сэргээн босгох галт тэргийг удаан, чадамж муу гэж их дүгнэдэг байсан юм. Иймд энэ нөхцөл байдлыг хамт олондоо хэлж ойлгуулаад, оросын сэргээн босгох гал тэрэгний багтай битүүхэндээ “уралдсан” даа.
-Тэгээд юу болов?
-Товчхондоо бид түрүүлсэн.
-Жаахан тодруулаач?
-Тухайн үеийн Замын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных оросын сэргээн босгох галт тэрэгний дарга В.В.Глуховской бид хоёртой, хэрхэн сэргээн босголтын ажлыг явуулах талаар ярилцаад В.В.Глуховской даргыг сэргээн босголтын ажил удирдагчаар томилоод “Чука, дараа та хоёр дахин хамтарч ажиллах тохиолдол гарвал тэр үед чи удирдана шүү” гэснээр тус тусын ажилдаа орсон. Ингээд оросууд кранаа байрлуулах газар сонгох болон эсрэг ачаа авах гэж байгаад эсрэг ачаагаа унагааж орхисон. Явцын дунд хоёр Сэргээн босгох галт тэрэгний ажилчид миний удирдлаганд орж, манай ажилтнууд ачаа оосорлох, ачаа өргөх, ачаалал даах гээд олон ажлыг илүү сайн хийж гүйцэтгэсэн. Үүнд бид урамшиж, хамт олноороо жаахан онгироход, сэргээн босголтын ажлыг удирдаж байсан Ч.Цогтбаяр дарга Замын даргад сэргээн босголтын ажлын явцыг танилцуулахдаа “Манайхан оросуудад хичээл зааж байна шүү” гэж хэлж билээ. Сэргээн босголтын ажлын явц, юу шаардлагатай болох талаар Д.Жигжиднямаа дарга надтай утсаар ярихдаа “Манайхан чинь ийм л мундаг юм байна” гэж урмын үг хэлж байсан даа. Энэ мэтчилэн сэргээн босголтын олон ажлыг ярьж болох боловч хамгийн сайхан нь, сүүлчийн хөдлөх бүрэлдэхүүнийг тэргэнцэр дээр тавихад тэнд ажиллаж байгаа төмөр замчдынхаа, баярласан олон хүний царайг хараад сэтгэл уужраад, их сайхан тайвширдагт л байдаг даа. Тэр болтол их ч олон юм болно шүү.
-Яагаад олон юм болно гэж?
-За даа, осол болгон өөр өөр нөхцөл байдалд болдог. Жишээ нь, өргөх чирэх дэгээ нь эвдэрч, овоорч дарагдсанаас стандартад тохирохгүй арга, хэрэгсэл ашиглаж, заавар журам зөрчих тохиолдол цөөнгүй гарна. Тэгээд л тэр бүгдийг хаанаас нь эхэлж яаж татах, өргөх ажилчид маань гэмтчих вий гэхчилэн, толгой дотор түмэн зүйлийн юм эргэлдэнэ дээ. Тэр бүгдийн учрыг олох ч заримдаа их хэцүү шүү. Манайхан чинь юм болгоныг болгоно, бүтээнэ гэдэг зуршил тархинд нь суучихсан учраас энгийн, тайван ажил дээр ч эрсдэл гаргачих гээд байдаг муу талтай улсууд шүү дээ.
-Танайд шинэ бүтээл ашигтай загвар хэр гардаг вэ?
-Манайхан олон зүйлийг санаачлан хийсэн. Зарим нэгнээс нь товч дурдахад, зөөврийн тэргэнцэр, гулсагч ивүүр, вагоны халаалтыг төвийн системээр халаах, бульдозерыг вагонд өөрөөр нь бэхлэх аргачлал, битүү вагонд вагон хоорондуур дамжих тавцан, суудлын вагонд хувцас солих болон усанд орох боломжтой болгож тохижуулах, төмөр замаар явдаг краны хос дугуйн гол солих, СБГТ-ний вагонуудын өнгө үзэмж жигдлэх, логожуулах, СБГТ-ний хашаанд мини сургалтын талбай байгуулах зэрэг нэлээд ажлыг хийсэн. Иймд би УБТЗ-ын шинийг санаачлагчдын уралдаанд дөрөвдүгээр байр эзэлж, “Үйлдвэрийн шинийг санаачлагч аварга”-аар шалгарч байлаа.
-Таныг Модернизацийн цехэд ажиллаж байхад 2Загалыг хийсэн билүү?
-Тийм ээ, Модернизацийн цех байгуулагдаж, эхний үед “2М62” зүтгүүрийн “14Д40” хөдөлгүүрийг “Д49” хөдөлгүүрээр сольж байгаад, 2005 онд мөн “2М62” илчит тэрэгний арал дээр АНУ-ын “Женерал Электрик” компанийн модулийг эхний таван зүтгүүрт угсарч, Ялалтын баяраар буюу тавдугаар сарын 9-ний өдөр хүлээлгэн өгч байлаа.
-Төмөр замыг хагас цэргийн зохион байгуулалтай гэдэг бол танайх түүнээс ч илүү байх аа?
-Осол хэзээ, хаана гарахыг урьдчилан тааж мэдэх боломжгүй шүү дээ. Тиймээс ямар ч үед бэлэн байхыг хичээдэг. Ингэхээр сэргээн босгох галт тэрэг маань яах аргагүй хагас цэргийн зохион байгуулалтай болж таарна. Тийм ч учраас манайхан чинь утсаа унтраах, дур мэдэн хол явах эрх байхгүй. Тэр ч бүү хэл яаралтай ажил гарахад ажлын байрандаа 40 минутын дотор ирсэн байх ёстой гээд дүрэмдээ заачихсан байдаг.
-Тэгэхээр та нар чинь байнга хотод байх хэрэгтэй болох нь ээ?
-Яалаа гэж дээ, амьдрал баялаг, янз бүрийн шалтгаан гаралгүй яах вэ. Тэр бүгдэд ажилтнууд маань жижүүр болон галт тэрэгний даргадаа хэлж яриад л явна. Харин миний хувьд Татах хэсгийн дарга болон Замын Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч даргаас зөвшөөрөл авч байж ийш тийш явна даа. Шинээр ажилд орсон ажилтан энэ байдалд дасаж чадахгүй, ажлаас гарах тохиолдол гардаг л юм. Уг нь энэ асуудлыг Сэргээн босгох галт тэргийг хоёр ээлж болгоод, нэг ээлж нь хоёр өдөр дараалан ажиллах маягаар шийдвэл амралтын болон баяр ёслолын өдрүүдэд Сэргээн босгох галт тэрэг байнгын бэлэн байдалд байхад чухал болов уу. Орост яг л ийм байдаг юм билээ.
-Ингэхэд та ямар гавьяа шагналтай вэ?
-Төрийн хишгийг бишгүй дээ л хүртлээ. Төмөр замынхаа бүхий л шагналыг хүртсэн. “2Загал” илчит тэргийг бүтээлцсэн гээд намайг “Замын хүндэт дэвтэр”-т бичсэн. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасан.
-Сүүлчийн асуултыг өөрт чинь үлдээвэл?
-Миний бие УБТЗ-ын Сэргээн босгох галт тэрэгний даргаар 21 жил ажиллажээ. Энэ он жилүүдэд надтай хамт мөр зэрэгцэн ажилласан үе үеийн Сэргээн босгох галт тэрэгний ажилтнууд болон салбар бүрийн төмөр замчдадаа баярлаж явдгаа илэрхийлэхийн ялдамд галт тэрэг маань саадгүй, ган зам нь дардан байхыг хүсэн ерөөе!
-Ярилцлага өгсөн танд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Г.Энхбаатар

Сэтгэгдлүүд
2 сэтгэгдэл байна.