Нүүр Дугаарын сурвалжилга АБТЭМА – Д ШИЙДЭЛ ХҮЛЭЭСЭН ОЛОН АСУУДАЛ БАЙНА
Дугаарын сурвалжилга

АБТЭМА – Д ШИЙДЭЛ ХҮЛЭЭСЭН ОЛОН АСУУДАЛ БАЙНА

G.Press 3 жилийн өмнө 225 үзэлт 0 сэтгэгдэл

 

АБТЭМА-ийн хамт олон өнгөрсөн онд импортын чингэлэг татан авалтын үед үерлэсэн их ажлын ард амжилттай гарч, таван тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Харин энэ жилийн эхний улиралд 231.4 мянган тонн ачаа боловсруулж, төлөвлөгөөг 101.0 хувь биелүүлж яваа ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад сая гаруй тонноор буурсан үзүүлэлт гэнэ. Тус ангийн орлогч дарга С.Энхбаяр “Ачаа боловсруулалт буурсан нь Хятадаас төмөр замаар Монгол Улс руу орж ирэх импортын ачаа буурсантай холбоотой. Хоёрдугаарт, ковидын хорио цээрээс шалтгаалаад хаалттай байсан автомашины тээвэр эрс нэмэгдсэн. Авто тээвэр хаалганаас хаалганд хүргэдгээрээ төмөр замын тээврийн гол өрсөлдөгч. Нөгөө талаар, Хятадаас орж ирж байгаа ачаа барааны сав баглаа боодол нь хэврэг. Олон дахин ачиж буулгах ая даадаггүй. Төмөр замаар тээвэрлэвэл Хятадаас ачигдаж орж ирээд Замын-Үүдэд шилжүүлэн ачна. Хотод ирэхэд нь буулгаж агуулахад хураана. Агуулахаас автомашинд ачна. Автомашинаас хүлээн авагч өөрийн агуулахад буулгана гээд ажил ихтэй. Энэ ачилт буулгалтын олон шат дамжлага үйлчлүүлэгчдэд түвэгтэй санагддаг байх.  Үүн дээр, Замын даргын өнгөрсөн оны А/815 тушаалыг өөрчлөх шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн онд лааз, лонх гэх мэт жин багатай, овор хэмжээ ихтэй ачаа агуулахад маш их хэмжээгээр хадгалагдаж, бусад ачааг агуулахад буулгах боломжгүй болоод байсан. Үүнтэй холбоотой өнгөрсөн онд А/815 тушаал гарч ачаа хадгалалтын хөлсийг хугацаанаас нь хамаарч олон шатлалаар нэмэгдүүлдэг болсон. Үүнээс ихэнх харилцагч залхаж байна. Одоо бол манай агуулахууд хоосон байгаа. Тэгэхээр цаг үеийн онцгой нөхцөл байдалд гаргасан шийдвэрийг ач холбогдол нь дууссан үед дор бүрд нь өөрчлөөд шинэчлээд явмаар байгаа юм” хэмээн ачаа боловсруулалт өнгөрсөн оноос 46 хувиар буурахад нөлөөлсөн шалтгаануудыг дурдлаа. Нөгөө талаар, ачилт буулгалтын шинэ терминалууд бий болсноор энэ салбарт хүчтэй өрсөлдөгчид гарч ирж байгаа юм байна.  АБТЭМА-ийн талбай Улаанбаатарын ачиж буулгах терминалууд дотор хамгийн том нь гэгдэж байсан цаг аль эрт ард хоцорчээ. Одоо тэднийх ачаа боловсруулалтын хэмжээгээр гуравт орох болж.  Үүнээс гадна хувийн терминалууд үйлчлүүлэгчдэд үнэ тарифаа хүртэл цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулаад маш уян хатан байдлаар санал болгодог гэнэ. Гэтэл УБТЗ-ын хувьд үнэ тарифын тал дээр хатуу. Зах зээлийн өрсөлдөөнд хөрвөх чадвараар өрсөлдөгчдөөсөө сул талтай гэхэд болно. Ер нь, үйлчлүүлэгчид тус байгууллагыг баг хамт олны хувьд мэргэшсэн найдвартай, үнэ тариф боломжийн хямд гэж үнэлдэг ч яг өрсөлдөөний талбарт энэ бүхэн төдийлөн үйлчлүүлэгчдийг татахад хангалтгүй байгааг ч ангийн орлогч дарга учирлав. Мөн тус ангийн чингэлгийн талбайн дүүргэлт одоогийн байдлаар 128 хувьд хүрчээ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүдийн ШАА-ийн талбай Хятадаас Орос руу явж байгаа транзит чингэлгээр дүүрсэнтэй холбоотой тус ангийн чингэлгийн талбайд 278 чингэлэг хураалттай байна. Чингэлэг нэмж ирсээр байвал тус ангийн Толгойт, Амгалан дахь талбайд буулгах тухай яригдаж байгаа бололтой. Энэ он гарсаар тус бүр 50 вагонтой хоёр галт тэргэнд экспортын ачаа ачиж явуулжээ. Экспортыг дэмжиж ажиллах хөтөлбөрийн хүрээнд энэ мэтээр экспортын ачааг ачихад бас хэд хэдэн хүндрэл үүсэх болжээ. Нэгдүгээрт, транзит чингэлгээр чингэлгийн талбай дүүрсэн байгаа үед ачилт хийх боломж тун бага. Хоёрдугаарт, экспортын ачааг 50 вагон болгож ачихын тулд түрүүчийнх нь ачаа багагүй хугацаанд хадгалагдаж, тусгай зөвшөөрлийнх нь хугацаа дуусах болдог. Үүнээс гадна Хятадаас орж ирэх импортын чингэлгийн тоо буурахаар Монголоос экспортод ашиглах чингэлгийн тоо багасдаг аж. Манай улсад өөрийн гэсэн чингэлгийн парктай байгууллага бараг байхгүй. Байгаа хэд нь ОУ-д тээвэр хийх зөвшөөрөл байдаггүй юм байна. Тиймээс экспортын ачаагаа гаргах компаниуд “Чингэлэг олдохгүй байна” гэцгээх болжээ. Ковидын үед урд хил урт хугацаанд хаалттай байснаас импортлогчид өөр улс орноос ачаа бараа татдаг болов уу гэдгийг сонирхоход С.Энхбаяр дарга “Одоогоор хойд хилээр орж ирж байгаа импортын ачаа өмнөх оны хэмжээнд байна. Гэхдээ цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Арматур, бусад барилгын материалыг ОХУ-аас авах гэрээтэй гэж манайхтай ажил үйлчилгээний гэрээ хийж байгаа компаниуд бий” гэв.  Тус ангийн хувьд хүний нөөцийн хувьд ачаа тээврийн ажилчдын шилжилт хөдөлгөөн харьцангуй тогтвортой байгаа аж. Гэвч ачигч нар дутагдалтай, орон тоогоор 25 ачигч ажиллахаас одоогийн байдлаар 13 хүн ажиллаж байна. Ажил багатай байгаа тулдаа л болж байна. Ажил ихэсвэл ачигч дутагдах нь гарцаагүй гэв. Ачигчийн ажлын байранд зар тавиад ч хүн ирэх нь ховор. Ирлээ ч тогтож ажиллах нь цөөн болжээ. Ангийн орлогч дарга С.Энхбаяр “Ер нь, цаг үетэйгээ холбогдуулаад манай байгууллагад бүтэц зохион байгуулалтын шинэчлэлт хийх шаардлагатай санагддаг. Жишээ нь, манай таван талбайд 56 манаач ажилладаг. Орчин үед манаачтай газар манайхаас өөр байхгүй болсон. Ихэнх байгууллага камерын хяналт, дохиоллын систем, хамгаалалтын компаниудтай гэрээ байгуулаад асуудлаа шийддэг болж. Тэгэхээр манаач нараа хөрвөх чадвартай ажилчид болгох хэрэгтэй л дээ. Нөгөө талаар, нийслэлийн авто замын түгжрэл манай үйлчлүүлэгчдийн халширдаг нэг асуудал. Тэгэхээр манайх шөнийн цагаар ажилладаг болох хэрэгтэй. Шөнө ажиллахын давуу тал нь авто замын түгжрэлгүй болно. Том чингэлэг, ачаа ачсан машинууд хотын түгжрэлд багагүй хувь нэмэр оруулж байгаа. Бид хотын түгжрэлээс ангид баймаар байна. Өөрсдөө ч хувь нэмэр оруулмааргүй байна шүү дээ” хэмээсэн нь бодох л асуудал санагдав. Эцэст нь, тус ангийн одоо үүргээ гүйцэтгэж буй кранууд элэгдэж хуучирч, сэлбэг хэрэгсэл нь ч олдоцгүй болсон байна. Өнгөрсөн намар 50 тоннын краныхаа замыг засаж хэвийн ажиллагаанд оруулсан ч одоо 32 тоннын нэг кран нь 24 тоннын хязгаарлалттай ажиллаж байгаа аж. Тиймээс крануудаа шинэчлэх шаардлага тулгамджээ.  Энэ мэтчилэн АБТЭМА-д цаг үе, зах зээлд хөл нийлүүлэхийн тулд шийдвэрлэвэл зохих олон асуудал шийдэл хүлээж байгаа юм байна.

Б.ГҮНЖИНЛХАМ

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.