Энэ хүнийг төмөр замчид, тур дундаа Улаанбаатар зүтгүүрийн депогийнхон нэр нэгтнүүдээс нь ялгахын тулд “Яруу” гэнэ. Харин яруу найрагчид, ялангуяа 1990-ээд оны эхээр ид тодрон гарч ирсэн үеийнхэн “Мятавын...” гэхээсээ илүүтэй “Төмөр замын Отгонбаяр” гэж дууддаг юм. Учир нь яруу найргийн гэгээн замд ч Дүгэрийн Отгонбаяр, Мөнгөнхүүгийн Отгонбаяр, Ядамсүрэнгийн Отгонбаяр... гээд нэр нэгтнүүд дөрөө харшуулж яваа билээ. Нэгэн цагт Арлааны Эрдэнэ-Очир агсантай дотно нөхөрлөж, яруу найргийн “аварга”-уудтай хундага тулгаж, төрийн ордонд болсон 1999 оны “Болор цом” наадмын тайзнаа Очирбатын Дашбалбарын дараа шүлгээ Монгол орон даяар дуудаж явсан энэ эрхэм бол Улаанбаатар зүтгүүрийн депогийн Цахилгаан машины цехийн засварчин, яруу найрагч Мятавын Отгонбаяр. Монголын Зохиолчдын Эвлэлийн УБТЗ дахь салбарын гишүүдийн нэг, “Ган үзэг” яруу найргийн наадмын хэд хэдэн удаагийн тэргүүн, дэд, шагналт байрын эзэн түүнтэй миний хувьд ч шадарлаад цөөнгүй оныг үдсэн байна. М.Отгонбаярын талаар зүтгүүрийн салбарт удирдах алба хашдаг зарим хүмүүс “2Загалын нэрийг өгсөн хүн шүү дээ” гэхийг нь сонсон, бахархаж билээ.
Тэрбээр,1973 онд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд Р.Мятав, Д.Цэндсүрэн нарын 12 хүүхдийн 10 дахь хүү нь болон мэндэлжээ. “Аав маань эмийн сангийн эрхлэгчээр, ээж ясли, цэцэрлэгийн тогоочоор насаараа ажилласан. Манайх зургаан хүү, зургаан охинтой айл. Бага нас маань бусдын л адил цэцэрлэг, сургуулиар явж өнгөрсөн. Дунд сургуулиа төгсөөд Дарханы Политехникумд дөрвөн жил суралцан металлургийн мэргэжил эзэмшин Дархан төмөрлөгийн үйлдвэрийг ашиглалтад ороход Чанарын албанд нь Механик лабораторийн эрхлэгчээр ажлын гараагаа эхэлж байлаа. Бид 16-уулаа очиход би ганцаараа онц дүнтэй төгссөн тул шууд эрхлэгчээр томилсон юм. Сургуульд онол л үзсэн. Харин ОХУ-ын Забайкальскийн том үйлдвэрт 45 хоног дадлага хийсэн багахан туршлага байсан. Оросын тэр үйлдвэрт арматур, угальник зэрэг голдуу барилгын материал үйлдвэрлэдэг. Ер нь, ажил дээр гараад л хүн суралцдаг юм билээ. Тэгтэл хэдэн жилийн дараа Төмөрлөгийн үйлдвэр бидэнд цалин өгөхгүй гурван сар болохоор нь би түр хороо байгуулан ажил хаялт зарласан. Үйлдвэрийн тоног төхөөрөмж бүгд ажиллаастай. Ажилчид дэргэд нь байгаа хэр нь ямар ч бүтээгдэхүүн гаргахгүй. Дарга нар “Алдагдлыг нь чи л төлнө шүү” гээд. Тэгсээр байгаад бид цалингаа авч билээ. Харин 1998 онд Дархан төмөрлөгийн үйлдвэр бүтээгдэхүүн борлуулалт байхгүй гээд үйл ажиллагаагаа зогсооход нь УБТЗ-ын Улаанбаатар зүтгүүрийн депод мөн оныхоо тавдугаар сараас ажилд орсон доо” гэв. Тэрбээр, эхлээд талбайн цэвэрлэгч, тэгээд түгээгч болж гурван сар хэртэй ажилласан байна. Тухайн үед Х.Пүрэвсүрэн даргатай Төв засварын үйлдвэр депогийн харьяанд байж. Тиймээс металлургийн мэргэжилтэй түүнийг депогийн дарга Ю.Идэрчулуун төдөлгүй мэргэжлийнх нь дагуу тус үйлдвэрийн хайлах цехийн мастераар томилжээ. Энэ талаар, “Хойд хил хаагдаад манай депо материал сэлбэггүй болж байсан. Хамгийн гол нь,илчит тэрэгний клодокагүй болсон. ОХУ-аас нэгийг нь 17 ам.доллароор худалдаж авдаг. Тэгтэл Идэрээ дарга “Чи мэргэжлийн хүн байна. Ямар нэгэн аргаар нэг сарын хугацаанд клодока хийхгүй бол сэлбэггүй боллоо” гэдэг юм. Тэр үед манай цех зөвхөн вагоны клодока болон уурын зуухны ам зэрэг ойр зуурын л юм цутгадаг байлаа. Ингээд тэтгэвэрт гарсан Батсайхан гэх модельчин ахыг болон нийт дөрвөн ахмадыг авчирч хамтран ажилласан. Тэр үед машинч нар 250 мянган төгрөгийн цалинтай байсан. Харин ахмадуудыг тус бүр сарын 600 мянган төгрөгөөр гэрээ хийж, бид ч өдөр шөнөгүй ажилласаар заасан хугацаанд нь клодока үйлдвэрлэж, хүлээлгэж өгсөн. 1999 оны зургадугаар сар гэхэд 2500 гаруйг нийлүүлсэн санагдана. Коксоо Тавантолгойгоос авч байлаа. Худалдан авалт, борлуулалтын албаны М.Шаравжамц дарга, механикч н.Дамбийжанцан гуай бид гурав очиж гэрээ хийсэн юм. Ширмээ ч дотоодын хаягдлаас авсан. Ер нь, хойноос клодока худалдаж авахаас маш хямд буюу нэг ширхгийг нь 10500 төгрөгөөр үйлдвэрлэсэн. Тэгээд клодока хамгийн их элэгддэг дов дээр сэлгээний илчит тэргэнд туршин хэмжилт хийсэн. Ний нуугүй хэлэхэд дотооддоо үйлдвэрлэхийг эсэргүүцэж, ОХУ-аас оруулж ирэн дундаас нь ашиг унагах гэсэн хүмүүс дээгүүр мэр сэр байсан. Тиймээс би 06.00-20.00 хүртэл тэргэнд сууж явахгүй бол “Цагаан юм гоожлоо” гээд аваад хаячихна. Тэр нь хэвний элс л дээ. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхгүй гээд тэгж байхгүй юу. Намайг манаад суучихаар сүүлдээ “Идэрээ та хоёр наад клодока хийж баяжаарай” гэж зүхсэн нь ч бий. Бизнесийг нь хаах гээд байхад аргагүй л байх даа (инээв). Манай цехэд 13 хүний орон тоо нэмэгдэж 27 ажилтантай болж билээ. Ингэж л Идэрээ даргын шийдвэр, ахмадуудын хүчээр бид асар их мөнгийг хэмнэдэг болсон юм” хэмээн хуучлав. М.Отгонбаяр ийнхүү ширэм хайлах цехэд үүргээ амжилттай гүйцэтгэж, 2002 оны үед зүтгүүрийн депо Зам засварын машинч станцаас ган хайлан зуух авахад нь мөн хэвчин хайлагчаар ажилласан байна. Энэ тухайгаа “Гангаар бид жижиг эд ангиуд их хийсэн. Маш халуун, дуу чимээ ихтэй, хөдөлмөрийн хүнд нөхцөл шүү дээ. 1700-1800 хэмд ган хайлдаг гээд л бод. Зуны +36 хэмийн халуунд хүмүүс халууцаад явж чадахгүй байхад бид цехээсээ гарч сэрүүцдэг байлаа. Одоо ч ялгаагүй. Жинхэнэ эрчүүдийн ажил даа. Уг нь манайх лабораторитой болох хэрэгтэй гэж мөн ч их хэлээд амжилтад хүрээгүй. Лабораторигүй учир химийн найрлага, гангийнхаа бат бөх чанарыг таамаг, туршлага хоёроор л хийдэг. Ширэм хайлаад ширэм, ган хайлаад ган боллоо л гэнэ. Хэрэв манайх лабораторитой бол юуг ч хийж чадна. Тухайлбал, ТЭД-ийн моторын арааг цутгаад ашиглах боломжтой. Бид хүрэл болон хуучин мотор голын холхивчийг шороон хэвэнд цутган үйлдвэрлэж, мөн уул уурхайн захиалгаар экскаваторын шанаганы шүд л их хийдэг байсан. Химийн найрлагыг нь таамгаар л хийнэ шүү дээ. Мөн Улс төрийн товчооны гишүүн Д.Төмөр-Очир агсны хоёр метр гаруй өндөртэй хөшөөг хүрлээр цутгаж байлаа. Тэр хөшөө Төв аймгийн Лүн сумын төвд бий. Моделийг нь дээр үеийн гангийн үйлдвэрийн цутгуурчин Бэгз гэгч хөгшин хийж, бид хамтраад цутгасан юм. Тэр хүнээс их юм сурсан даа. Би энэ цехэд гурван жил ажиллаад Техник үзлэгийн цех рүү шилжиж, гурван сар явах ангийн дагалдангаар ажиллаж засварчин болсон. Түүнээс биш надад төмөр замын мэргэжил байгаагүй юм. Бүр сүүлд 2013-2015 онд ТЗДС-ийн илчит тэрэгний техникчийн ангийг эчнээгээр төгссөн. Тэгээд 2015 онд Цахилгаан машины цех байгуулагдахад Цахилгаан явах цехээс би орж ирсэн. Түүнээс хойш татах цахилгаан хөдөлгүүрүүдийн якорь болон туйлын засварыг гардан хийж байна.Туслах туйлыг ОХУ руу явуулж засуулдаг байсныг 2020 оны хоёрдугаар сараас ШБОС гарган өөрсдөө хийдэг болсон. Ингэснээр энэ оны дөрөвдүгээр сарыг хүртэл манай эдийн засагчийн бодож гаргаснаар би 1.2 тэрбум төгрөг хэмнэсэн байна билээ” гэв. М.Отгонбаяр хүүхэд байхаасаа л шүлэг утга зохиолд дурлаж, Дархан төмөрлөгийн үйлдвэрт байхдаа “Дархан таймс” сониныг байгуулалцан сэтгүүлчээр ажилладаг байж. Эрхлэгчээр нь Х.Ганбаатар гэдэг хүн ажиллана. “Сэтгэл зүрхээрээ нэгдсэн хэдхэн хүн байсан. Сониноосоо ямар ч цалингүй. Үндсэн ажлынхаа хажуугаар л хийцгээнэ. Аж ахуйн нэгжүүдээс төлбөртэй реклам авч мөнгөөр нь сониноо хэвлүүлээд үнэгүй тараадаг. Сонирхуулахад, манай сониныг анх хэвлэж эхэлсэн жижиг цех өнөөгийн энэ “Мөнхийн үсэг” шүү дээ. Хотод иртлээ сониндоо ажилласан” хэмээсэн юм. Мөн тэр 1996 оны УИХ-ын сонгуулийн 53 дугаар тойргийн хорооны гишүүн болж, улс төр сонирхож эхэлсэн ч Монгол Улсад ардчилал арай хөгжих болоогүй, дээр нь амь насанд ч халтай байж мэдэхээр санагдсан тул төдөлгүй хөндийрсөн гэх. М.Отгонбаяр дунд ангийнхаа Ц.Бадамцэцэгтэй гэр бүл болон охин, хүү хоёрын аав ээж болсон байна. Эхнэр нь Зорчигчийн вагон депод ажиллаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаар групп тогтоолгосон байна.
Ярилцлагынхаа төгсгөлд, түүнээс “2Загал”-ын нэрийг хэрхэн өгсөн талаар сонирхвол “Депогийн зураач н.Өлзий гэж найз маань макетыг нь хийсэн. Тэр үед би ТҮГ-т нь ажилладаг байлаа. Модернизацийн цех байгуулагдан чадварлаг инженерүүд шинэ тэрэг угсрахаар бэлтгэж байсан. Нэг өдөр Өлзийтэй уулзахаар яваад ортол цахилгааны Сэргэлэн инженер, мөн сүүлд гавьяат болсон Л.Ганбаатар инженер нар байж байна. Макетаа дундаа тавьчихсан. Ганбаа инженер “Отгонбаяраа, чи шүлэг бичдэг хүн нэг нэр бод доо. Улс орнууд өөрсдийн шүтдэг зүйлээр л нэрлэдэг юм байна. Тиймээс бид адуутай холбоотой нэр өгмөөр байгаа. Найман шарга гэхээр арай л уртдаад” гэдэг юм. Бас нэг нь хул гэж санал гаргасан гэнэ. Хартал загал саарал юм. Ээжийн талд их хурдан загал морьд байсан нь санаанд зурсхийгээд л ороод ирлээ. Би хамгийн сүүлчийн загалыг нь хүүхэд байхдаа 1977 оны үед унаж байлаа. Тэгээд “Загал” гэчхээд гараад явсан. Хариад амарч байтал Л.Ганбаатар инженер утасдаад дарга нарын хурлаар ороод чиний өгсөн нэрэн дээр тогтлоо” гэсэн. Хос тэрэг учир урд нь 2-ын тоо тавьж, тэр нь сүүлдээ Чингисийн хоёр загалтай холбогдоод явчихсан юм (инээв). Харин энэ нэрийг өөрийн автор болгох гэж дарга нар их үзсэн юм билээ. Тиймээс Ганбаа инженер Монголын радиогоос сэтгүүлч, яруу найрагч М.Баттөмөр гуайг над руу явуулан ярилцлага авхуулж, радиогоор орон даяар нэвтрүүлж, тэр хүмүүсийн санаархлыг хаасан. Патентыг нь ав гэж Өлзий бид хоёрт хэлсэн ч хөөцөлдөлгүй явсаар найз маань бурхан болсон. Одоо хөөцөлдвөл олддог эсэхийг нь мэдэхгүй байна” хэмээсэн юм. Тэрбээр, энэ оны эцсээр 50 нас хүрэх бөгөөд хүнд нөхцөлөөр тэтгэвэрт гарах эрх нь үүсэх юм байна. Гэвч “Ах нь тэтгэвэрт гарах эсэхээ шийдээгүй л байна. Төмөр зам хэмээх энэ том айл, тэр дундаа Улаанбаатар зүтгүүрийн депотой 20 гаруй жилийн ажил амьдралаа холболоо. Надад алдаа, оноо хоёулаа л байсан. Алдааг минь уучилж, тусалж дэмжиж исрэн Ю.Идэрчулуун, Х.Пүрэвсүрэн, Н.Хуяг-Эрдэнэ агсан, П.Энхмөнх дарга нартаа л талархаж явдаг даа” гэсэн билээ.
2022 оны “Ган үзэг” яруу найргийн наадамд М.Отгонбаярын дэд байр эзэлсэн шүлэг.
Ган замчид ган хайлж байна
Цуутай явсан орны минь
Сураг тасраагүй байхад
Цуварч одсон он жилийн
Түүхэн хугацааг нөхөх гэж
Цөхөрч суусан түмнийхээ
Цөгцөнд тос нэмж
Цус нь шингэн зүрхээр
Халуун ган хайлж байна
Газар амилуулж өдлөх
Гал амьтай
Ган замчид
Ган хайлж байна
Хуулиа хүнтэйгээ дээдэлсэн
Хүннү гүрний омгийг
Хөл хүнд бүсгүйн өмнөх
Хөх тулгыг
Хад ассан тэх мэт
Хайр даасан хөвгүүдийн гараар
Харанхуйг арчих оддын дор
Халхын нутагт цутгаж байна
Газар амилуулж өдлөх
Гал амьтай
Ган замчид
Ган хайлж байна
Галт тэргээ жолоодон
Холын холд аялж байна
Гараг дэлхийг ч тойрох
Галт тэрэгний цуваа
Ган замаа тээсээр
Гадаах Монгол зөрлөгт ирсэн байна
Ган замчид
Ган хайлж байна
Амрагийн болзооны дуу
Аядуу намуухан эгшиглэж байна
Аз жаргалын төлөөх тэмцэл
Ар араасаа хөвөрч байна
Нүд сохлом цагаан их гэрэлд
Нүргээнт аянга цахих их шуугианд
Нүүдэлчин Монголын үр сад
Илчит тэрэгний эзэн
Гартаа алхтай
Ган замчид
Ган хайлж байна
Хатаасан ган сэлмээр
Харийн дайснаа дарсан
Хэт цахиураа хэрэглэж
Хээрийн галаа бадраасан
Харанхуй өнгөрсөн зууны
Хан тэнгэрийг дуудаж
Халх Монголын нутагт өнөөдөр
Хайлсан ган урсаж байна
Ган замчид
Ган хайлж байна
М.НАРАНБОЛД
