Нүүр Ярилцлага 100 ном орчуулсан машинч
Ярилцлага

100 ном орчуулсан машинч

G.Press 4 сарын өмнө 253 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

 

Энэ удаад ахмад машинч, орчуулагч Тайжууд овогт Норзонгийн Энхбаярыг урьж ярилцлаа.

 

-Таныг олон ном орчуулсан гэж дууллаа. Анх “Ази, Дорно дахины үлгэрүүд” гэх 400 орчим үлгэртэй энэ номыг эгэл жирийн төмөр замчин орчуулсан гэдгийг сонсоод  их гайхсан шүү?

 

-Би 100 гаруй ном орчуулсан. Үүнээс 50 гаруй хувийг нь хэвлүүлж, уншигчдын гарт хүргэсэн. Хэвлүүлж амжаагүй 40-50 ном байна. Одоо номоо хэвлүүлье гэхээр хэвлэлийн зардал их өсчихсөн. Дээр нь, номын дэлгүүрүүдийн хураамж ч их өндөр болж дээ.

 

-Гадаад хэлтэй хүн бүр орчуулга хийдэггүй шүү дээ. Та орос хэлийг хэзээ хаана, хэрхэн сурав?

 

-Би орос хэлийг сургууль соёлд сураагүй. Багадаа төмөр замын тосгонд, орос хүүхдүүдтэй тоглож өссөн. Хүүхэд байхад нэг л мэдэхэд би оросоор ойлгодог ярьдаг болсон байсан.

 

-Та хүүхэд насныхаа тухай, аав ээжийнхээ тухай дэлгэрүүлж ярьж өгөөч?

 

-Би удам дамжсан төмөр замчин. Аав минь вагон клубт кино механикч, ээж минь Толгойт өртөөнд сумчин хийж байсан. Намайг төрөөд (1958 онд) удаагүй байхад манайх одоогийн Гермес төвийн хавьцаа, Төмөр замын эмнэлгийн цаана “долоон вагон”-д (тухайн үед БОС-ны ажилтнууд долоон вагонд байрладаг байж) нүүж ирсэн юм билээ. Тэнд орос, хятад ажилчид байрлаад төмөр замчдын амьдрах модон байшингуудыг барьж байж. Тэр үед аав БОС-ны ангид ажилд орсон юм билээ. Би таван дүүтэй. Ээж минь олон хүүхэд төрүүлж, ажил хийхээ больсон.  Аав минь Ховдын Булганы торгууд хүн. Ээж минь Хөвсгөлийн Цагаан-Уул сум буюу хуучнаар Эрдэнэ дүүргэгч вангийн хошууны жинхэнэ хотгойд хүн.

Долоон вагонд дан оросууд. Миний үеийн орос хүүхдүүд олон. Тэдэнтэй л тоглож өссөн минь хэл сурахад нөлөөлсөн. Орой унтахад эмээ үлгэр их ярьж өгнө. Өглөө жаахан орой босно. Сэрэхэд л орос найзууд миний орны дэргэд тойроод сууцгаачихсан, номоо авчраад уншиж байдаг сан. Хүүхдийн маш гоё зурагтай орос номнууд байх. Хамгийн анх би С.Маршакийн “Муурын байшин” буюу “Кошкин дом” номын зургийг харж байлаа. Дараа нь Н.Носовын “Фантазёры” гэдэг зурагтай ном гэх мэт олон номыг харж байсан. Монгол номнууд ч орос хэл дээр гардаг байсан. Тэр үеэс номонд дурласан.

 

-Орос найзууд таныг номонд дурлуулсан бол эмээ тань үлгэрт дурлуулж дээ?

 

-Тэгсэн. Эмээгийн маань түүх бас их сонин. Тухайн үед эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд хоёр сар болоод л ажилдаа ордог байж. Ээж ажилдаа орох болоход хүүхдээ хэн нэгнээр харуулах шаардлага гарч. Аав хамаатны хүндээ хэлж байж намайг харах хүн олсон нь манай эмээ байсан юм. Эмээ маань Булган аймгийн Тэшиг сумын Хантайнх. Хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу. Эмээ 1893 онд төрсөн жинхэнэ ар халх хүн. Хоёр ч удаа гэр бүл болсон ч өөрийн үр хүүхэдгүй хүн байсан, зайлуул. Намайг харахаар манайд ирэхдээ 65 настай хүн байсан. Эмээ намайг төдийгүй таван дүүг минь бүгдийг нь өсгөж өгч, 81 нас хүрээд өөд болсон доо. Надад эмээгийн минь нөлөө их байсан.

 

-“Ази, Дорно дахины үлгэрүүд” номынхоо дотор хавтсанд та “Ачит аав, элбэрэлт ээж, асралт сайхан эмээ нарынхаа мэргэн билэгт оюун ухаанд нь биширч, сөгдөн мөргөмүй” гэж бичсэнийг анзаарсан. Бага насныхаа онцгой содон дурсамжуудаас хуучлаач?

 

-Би багадаа эмээгийнхээ өвөрт өссөн. Эмээ надад орой бүр үлгэр ярьж өгөхөөс гадна өөрийн цээжилсэн төвөд номнуудыг зааж өгсөн. Заасан маани, мэгзэм бүрийг нь би цээжилсэн. Аав харин түүнд нь дургүй. Намайг хөтлөөд хотод байх дүү нарынхаараа хэснэ. Нэг ах, эрэгтэй дүү хоёр нь 1932 оны эсэргүү гэгдэж хэлмэгдлийн үеэр алуулсан гэдэг. Эмэгтэй дүү нар нь цэргийн дарга нартай суусан ч хэлмэгдлийн үеэр эр нөхрүүдээ алдаж, хамаг хөрөнгөө хураалгаж, амьдрахын эрхэнд хятад хүмүүстэй суусан байсан.

Тавын халуун ус, Төмөрчний гудамж (Багшийн дээдийн арслантай гүүрний цаад талд), Усны гудамж (Цирк хавь)-аар айл хэснэ. Тэр үеийн хятадууд их сайн улс байж. Очих болгонд л хоол унд хийж өгнө.

Толгойтын Мах комбинатын тэр хавьд эмээгийн нэг хүргэн хуурч Дугар гэж төвөд лам байсан. Эмээгийн дүү нь нас барсан учраас тэр хүн хотод ирээд Багшийн дээд сургууль, МУИС-д төвөд хэл зааж байсан юм билээ. Бас хуучир тоглоно. Тэднийхээр Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин гуай нар орж гарна. Дугар гуай 1, 3, 4 ,5 дахь өдөр судас барина. Манхагтай эмнүүдээ эгнүүлээд тавьчихсан байх. Манхагтай эм болгон нь тунсаатай. Тунсааны иш болгон нь оюу, номин гэх мэт шигтгээтэй. Би тэрийг нь аваад тоглоно. Тэгэхээр л “Энхээг аваарай, хамаг юм холиод хаячихлаа” гэдэгсэн. Хуурч Дугар гуай 1965 онд цус харваж, эмээ бид хоёр очиж, сар хэртэй асарсан.

Эмээ бид хоёр аавын хамаатнуудынхаар ч орно. Миний бага нас эргэн дурсах зүйл ихтэй, маш баялаг байж.

Намайг дунд сургуулийн долдугаар ангид байхад ээж минь 45-хан насандаа цус харваад өөд болсон. Таван дүүтэйгээ өнчирч үлдсэн дээ. Ингээд ядуугийн зовлон, өнчингийн зовлон эхэлсэн. А.П.Чехов “Миний ядуугийн зовлон, өнчингийн зовлон намайг шүдний өвчин шиг шаналгаж билээ” гэж бичсэн байдаг. Энэ үг эрхгүй бодогдож байсан. Ээжийг өнгөрөхөд бага дүү минь дөнгөж мөлхөж байсан гээд бод доо. Аав минь 450 төгрөгийн цалинтай. Аавын цалингаас байрны мөнгө, цахилгааны төлбөрөө өгнө. Үлдсэнээр нь 70 кг-ын шуудайтай хоёрдугаар гурил, 10 кг өөхөн тос авна. Гамбир л хайрч иднэ. Боорцог хийх гэхээр тос их уудаг болохоор болохгүй. Оройдоо сүүтэй шар будаа, эсвэл гамбир хар цайгаар болгоно. Харин эмээдээ махаар хоол хийж өгнө. Миний үеийн найзууд намайг мэднэ дээ.

 

-Сургуулиа төгсөөд шууд төмөр замын мэргэжил сонгосон уу?

 

-Дунд сургуулиа төгсөөд Төмөр замын ТМС-д орсон. Уг нь аавд “Би ажил хийе” гэж хэлсэн л дээ. Тэгэхэд аав “Миний хүү шууд ажил дээр гараад хэрэггүй. Курсэд суугаад ч дэмий. Аягүй бол ажил дээр гараад гологдоно. ТМС-д ор. Хоёр жил яах вэ, аав нь болгоно” гэсэн.

Хоёрдугаар курсээсээ дадлагад гарсан. Би ном их уншдаг, жаахан залхуудуу, ажилд тааруу, цагаан гартай хүүхэд. Дизелийн хажуугаар урссан тос арчих гээд орно. Ажил хийж сураагүй гэж туслах машинч нарт их загнуулна. Эхэндээ хамаг юм загалтаад халтартсан юм л явдаг байлаа. Сүүлдээ зөвхөн хурууны үзүүр л харладаг болсон. Ажил хийж сурч байхгүй юу.

 

-Та тэгээд хэзээнээс орчуулга руу оров?

 

-Орчуулга руу юу, бүр хожуу. Гэхдээ би орчуулга хийхэд бэлтгэгдээд л байсан юм билээ. 26 нас хүрээд цэрэгт явлаа. Тэр болтол аав намайг ар гэрийн гачигдлаар чөлөөлүүлээд байсан юм. Нөгөө талаар, машинч нарыг цэрэгт татдаггүй байсан. Гэсэн ч Октябрийн районы цэргийн хэлтсийн дарга Самбуу гэдэг хүн намайг хорхойтой араандаа зуучихсан. Хөгшин цэрэг Зүүнбаянд хуваарилагдлаа. Очоод нэг их зодуур үзээгүй ээ. Карантин дуусгаад хоёр сар харуулд гараад Эвлэлийн үүрийн дарга болсон. Хал цэргүүдийн дунд суучихсан хоккей, кино орчуулж өгнө. Тэд чинь зүгээр үзэхгүй хааяа “Чи хэрд нь тааруулж орчуулж байна уу” гээд ганц нэг шанаа орж ирнэ.

Сүүлдээ Зүүнбаянгийн цэргийн анги том зааланд зурагт тавьчихсан, офицерууд нь хүртэл эхнэр хүүхдээ дагуулан ирж, миний синхрон орчуулгатай Орбитийн нэвтрүүлгүүд, хоккейн тэмцээн, кино үзнэ. Тэр үед “Улсын хил” гээд олон ангит кино гарч байсан санагдана. Ангийн захирагч надад микрофон аваад өгчихсөн. Заал дүүрэн хүнд кино орчуулж өгнө.

Хамгийн гол нь би орос хэл дээр их уншдаг байлаа. Орос сэтгүүлүүд байнга захиалж уншина. Орос ном их цуглуулна. Оросуудтай багаасаа найзалсных тэдний ном уншдаг, цуглуулдаг нь надад нөлөөлсөн хэрэг. Миний номын санд 1870-аад оны ном хүртэл бий. Тэр үеийн монголч эрдэмтдийн ном их сонирхолтой санагддаг байсан. Би 1978 онд хуучин монгол бичиг хориотой байх үед бие дааж сурсан. 1981 онд төвөд хэл үзэж эхэлсэн. Хуучин Монгол бичигтэй ном олоод автал тэр нь төвөд хэлний сурах бичгийн II дэвтэр байсан. Нэгдүгээр дэвтрийг нь хайтал нэг ламд байна. Гэхдээ өгдөггүй. Тэгэхээр нь ээлжийн амралтаа аваад 20 гаруй хоног улсын нийтийн номын санд сууж, нөгөө номыг хуулж аваад эх адаггүй цээжиллээ. Тэгж л сур гэж тэр лам хэлсэн юм.

Дээр нь надад эмээгийн төвөдөөр уншдаг юмнууд нөлөөлсөн. Хуучин монгол бичигтэй ном сонин тухайн үед овоо олдоцтой байсан. Б.Ренчин гуайн Өвөр Монголд хэвлүүлсэн “Зуун билиг”, “Линг Гэсэр”-ийн тууж, “Хүрээ Гэсэр”, “Жамсран Гэсэр”, “Буриад Гэсэр” гээд долоон Гэсэрийг бүгдийг нь олж, уншсан. Өвөр Монголын 1950-аад оны номууд Сталин, Ленин, “Маогийн ботиудыг ч уншсан. Мөн Инжанашийг хүртэл уншсан.

Тэгтэл даралт ихсээд болдоггүй, 1997 онд группт гарлаа. Тэгээд юу хийх вэ гэж бодож байгаад “Хөх бүрд” буюу одоогийн “Орхон” худалдааны төвийн тэнд чингэлэг аваад гурилын ченж боллоо. Чөлөө л гарвал номоо л уншина. Хуучин монгол бичиг, төвөд хэл сурсан учраас Монгол, Төвөд судлалын эрдэмтдийн номыг шимтэн унших болсон. Тэр л намайг орчуулга руу хөтөлчихгүй юу.

Цэвэгжавын Гомбожав гэж Оросын Буриадын төвөд судлаач эрдэмтний хоёр боть худалдаанд гарлаа. Оволзоод л дуусчихна. Түүний нэгийг олж аваад уншихгүй байж байгаад гурилын наймаа хийдэг байхдаа уншсан. Төвөд рүү аялсан тухай нь маш сонирхолтой ном. Түүний хоёр боть номыг уншихдаа зарим ойлгогдохгүй зүйлсийг нь толь барьж байгаад орчуулна. Тэгэхэд Ц.Дамдинсүрэнгийн Орос-Монгол толь багадаж байна. Тэгэхээр нь Орос хэлний нэвтэрхий толины дөрвөн боть, хуучин үг хэллэгүүдтэй Далийн толийн дөрвөн ботийг худалдаж авлаа. Орос хэлний тайлбар толиуд шүү дээ. Тийм бэлтгэл хангаж аваад л орчуулга руу орсон доо.

Орчуулга дээр хамгийн гол юм нь манайх орчуулгын баялаг өв уламжлалтай. Чойжи-Одсэрийн Ганжуур, Данжуурыг орчуулж байхад эх суурь нь тавигдсан байдаг. Бурханы судруудыг бүр сонгодог монгол хэлээр орчуулсан байдаг.

Ганцхан жишээ дурдахад Германы нэг нөхөр Чой Лувсанжав гуайд “Манайх  Хятадын эртний “Алтан бумбан дахь лишийн цэцэг”-ийг орчуулсан” гэж сайрхаж л дээ. Чой Лувсанжав гуай “Хэзээ...?” гэхэд нь “Саяхан” гэж. Тэгэхэд нь “Хн... Дөнгөж саяхан уу?” гэхэд өнөөх нөхөр нь “Танайх тэгээд орчуулсан юм уу?” гэхэд нь “Аль XVI зуунд орчуулсан” гэж хэлээд амыг нь тагласан гэдэг. Орчуулга их нарийн шүү. Ялангуяа, ултай явна гэдэг чинь тэр.

 

-Сонгодог монгол хэл гэхээр маш содон сонсогдож байна. Бид монгол хүн байтлаа эх хэлнээсээ их алсраад байгаа санагддаг. Ялангуяа, хуучны номуудад мэдэхгүй үг, мэддэг хэрнээ огт хэрэглэдэггүй, мартагдсан үгс их таардаг?   

 

-Орчин үеийн хувьсгалтай холбоотой орчуулгууд ер нь буруу байдаг. Одоо хүртэл энэ улбаа монгол хэлэнд үхширмэл байдлаар оршсоор байгаа. Цагаан будааг монголоор юу гэдгийг мэдэх үү?

 

-Бид цагаан будаа л гэдэг.

 

-Цагаан будааг тутарга, шар будааг хоног амуу, гурвалжин будааг сагаг гэдэг. Чистое золото, чистое серебро гэдгийг манайхан цэвэр алт, цэвэр мөнгө гээд хэвшчихсэн. Гэтэл шижир алт, цалин мөнгө шүү дээ.  Монголд хувьсгалаас хойш гадны олон үг орж ирж, ярианд хэвшсэн. Хувьсгал, урвагч гэдэг үг огт монгол хэлэнд байгаагүй. Ядмаг орчуулгын үгс их бий болсон. Гэтэл Мэргэн гүн Гомбожав орчуулга хийхдээ хүчилтөрөгч, устөрөгч, нүүрстөрөгч гэж огт монгол хэлэнд байгаагүй үгсийг орчуулсан хүн. Их жанжин Дамдины Сүхбаатарын хөшөөн дээр сийлсэн “Бидний улс эв саналыг нэгтгэн, нийт нэгэн хүчнийг нийлүүлэн, нэгэн зэргээр зориглон хөдөлбөл, үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” гэдгийг Мэргэн гүн Гомбожав гуай хэлсэн. Германд сурсан хүн шүү дээ.

 

-Орчуулах ном зохиолоо хэрхэн сонгож авдаг вэ?

 

-Орчуулгын тухайд хүүхдийн ном л олон бий. Орос хэлнээс үлгэр их орчуулсан. Жишээ нь, “Ази, Дорно дахины үлгэрүүд” номоо дөрөв дэх удаагаа хэвлүүлэх гэж байна.

Хамгийн сүүлд “Энэтхэг өгүүллэгүүд” номоо хэвлүүлсэн. 1950-1960-аад оны колоничлолын эсрэг Ази, Африкийн хөдөлгөөн эхэллээ шүү дээ. Хамгийн том нь Энэтхэг Английн колониос ангижирлаа. Яг энэ үед эх оронч хөдөлгөөнийг сэргээсэн ядуу үгээгүй болсон хүмүүсийн амьдралыг бичсэн тэр өгүүллэгүүд тасархай. Би хуучин номын худалдаагаар явж байгаад орос номууд дээр баахан ноорсон навсайсан ном тавьсан байхаар нь нэгийг сугалаад үзтэл Афганистаны өгүүллэгүүд байна. Уншсан чинь тасархай, нулимс гармаар...

Тэгээд үзээд байсан чинь Индонез, хойд Солонгос зэрэг улс орны зохиолчдын ном байна. Тэр номуудыг дандаа тухайн улсын дорно дахины судлалын эрдэмтэд нь орчуулсан байна. Ийм номнууд гардаг байсан юм билээ. Энэтхэгийн өгүүллэгүүд гэхэд л хинди, орду, маратха гэх мэт 7-8 хэлнээс дандаа эрдэмтэд нь орчуулсан байсан. Хамгийн анхных нь Монгол зохиолчдын зохиол бүтээл орчуулагдсан байдаг юм байна. Энэтхэгийн өгүүллэгтэй нэг номоо зээгээ салхилуулж явахдаа сандал дээр мартаад алдчихсан. Яг орчуулж байсан юм. Түүндээ их харамсдаг. Одоо ийм ном олдохоо больсон. Би Санкт-Петербург руу захиад ч олдоогүй. Орчуулах номоо нэлээд шилж байж орчуулна шүү. Орчуулгын номууд их дөхөм. Би дам орчуулга хийж байгаа учраас хялбаршуулсан маягтай байдаг.

 

-Та үлгэр их орчуулдаг бололтой юм?

 

-Үлгэрт гаршсан гэж болно. Үлгэрт амьдралын мөн чанарыг өгүүлдэгг. Хүнд өгөх юм нь их. Ялангуяа, Солонгос, Израиль үлгэрүүд бол гайхалтай. Эйнштейнээс нэг хүн “Манай хүүхэд тоондоо их муу. Одоо яах вэ?” гэж асууж, тэгэхэд нь “Хүүхэд чинь үлгэр уншдаг уу?” гэж “Уншдаггүй” гэхэд нь “Үлгэр уншуул” гэжээ. Дараа нь нөгөө хүн ирээд “Манай хүү үлгэр уншиж байгаа” гэж “Хэр уншиж байна” гэхэд нь “Ганц хоёр ном уншсан” гэхэд нь “Илүү ихийг уншуул” гэсэн гэдэг.

Орчуулга хийхэд сонголт чухал гэж би дээр хэлсэн. Монгол хүний аливааг хүлээж авах оюуны чадал чансаа их өөр шүү.

 

-Сүүлийн үед ямар ном орчуулж байна вэ?

 

-Надаас номын худалдаа эрхэлдэг залуучууд адал явдалт зохиол авч хэвлүүлдэг. Тэгээд санхүүгээ бодоод адал явдалт зохиол руу орчихлоо. Жорж Сименионы “Комиссар Мегрэ” тэргүүт 10 гаруй романыг орчууллаа.

 

-Сонирхолтой ярилцлага өгсөн танд их баярлалаа.

 

Б.Гүнжинлхам

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.