“Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай нүүрсний зах зээлийн үнэ ханш, экспортын төлөв байдал, салбарт өрнөж буй зарим асуудлаар ярилцлаа.
-Нүүрсний зах зээлийн энэ оны төлөв байдлаас ярилцлагаа эхэлье. Коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээ хэр байна вэ. Манай нүүрсийг зах зээл тоож байх юм уу?
-Ковидын дараах эдийн засгийн сэргэлт Хятадын эдийн засагт ажиглагдаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор манай нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн онд таамгаас давж, өндөр гарсан. Энэ жилийн хувьд хүлээлт мөн адил сайн байхаар байна. Нүүрсний нийлүүлэлт 2022 оноос дутахааргүй харагдаж байгаа. Зах зээлийн төлөв байдал энэ оны турш тогтвортой, үнэ ханш төдийлөн буух дүр зураг харагдахгүй, харин ч өсөлт рүү тэмүүлсэн жил болно гэж харж байна. Манайхаас нийлүүлэх нүүрсний хэмжээ, үнэ нэлээд өсөлттэй байх болов уу гэсэн итгэл үнэмшил бий. Төсөөлөл бол тун нааштай байхуйц “уур амьсгал” зах зээлд бүрдсэн. Өөдрөг, гэгээтэй төлөв давамгайлахаар байна. Тэгэхээр бид яаж хэрхэн ихийг гаргах уу гэдэгт л ухаан зарах хэрэгтэй.
-Нүүрснээс үлэмж хамааралтай эдийн засагтай орны хувьд зах зээл биднийг ивээхээр байгаа юм байна. Хятадын эдийн засаг л бүхнийг шийдэх нь ээ?
-Өмнөд хөрш өөрийн эдийн засгаа таван хувиар өсгөх, энэ түвшинд хадгалахаар зорьж буй. Таван хувь руу хүрэхийн тулд барилга бүтээн байгуулалт, аж үйлдвэр, томоохон дэд бүтцийн төслүүдэд төрөөс хөнгөлөлттэй зээл болон нэмэлт санхүүжилт олгож эхэлсэн. Бондууд гаргаж байна. 600 гаруй тэрбум ам.долларын тусгай зээл яригдаж байгаа. Том дэд бүтцийн төслүүд гэдэг нь хүнд үйлдвэрүүд, гангийн үйлдвэр, химийн үйлдвэр, цементийн үйлдвэрүүдээ л ажилтай байлгана гэсэн үг. Барилгын салбараа ажилтай байлгана гэсэн үг. Төрийн том мотор, дэмжлэгээр эдийн засгийн өсөлтийг бат хадгална гэсэн дүгнэлтийг өөрсдөө хийцгээж байна.
Дэлхий нийтээр эдийн засаг хүнд байгаа. Ялангуяа барууны орнууд. Хятадын хувьд дэд бүтэц рүү хөрөнгө оруулалт ихээр хийж, дэмжиж байна. Үүний хүчинд Зүүн өмнөд Азийн эдийн засгийн өсөлт ихээхэн эерэг дүр зурагтай байх бололтой. Тиймээс ийшээ чиглэсэн экспорт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлж байна. Хятадын эдийн засаг өсөлттэй байна гэдэг ган болон коксын хэрэглээ тогтвортой, эрэлт хэрэгцээ нь өндөр хэвээр байна гэсэн үг. Өнгөрсөн жил 64 сая тонн коксжих нүүрс Хятадууд импортолсон. Үүний бараг л талыг нь Монголоос авсан. 30 орчим сая тонн. Энэ жил коксжих нүүрсний хэрэглээ нь 70 сая тонн руу хүрнэ гэсэн таамгийг Хятадын Тайюаны хотноо болсон Коксжих нүүрсний олон улсын чуулганд оролцогчид хэлж байсан. Тэгэхээр хэрэглээ бол буурахгүй.
-Энэ жилд манайх хэчнээн сая тонн нүүрс нийлүүлж чадах бол. Өнгөрсөн жилийн хэмжээгээ давуулах болов уу?
-30 гаруй сая тонныг нийлүүлчих байх гэсэн хүлээлт байна. Хятадын коксжих нүүрсний 40 орчим хувийг манайх ер нь нийлүүлээд байгаа. Тэгэхээр энэ хэмжээгээ хадгалах байх. Төрийн бодлогын хэмжээнд 40 гаруй сая тонныг Хятадад нийлүүлнэ гэж бид ярьдаг. Бодит байдал дээр 30 орчим сая л гаргах байх гэж шинжээчид үзэж байна.
-Зах зээлийн өрсөлдөөнийг та хэрхэн харж байна вэ. ОХУ, Австрали гээд нүүрсний зах зээлд том тоглогчид бий. Тэд мөн л хэмжээгээ ахиулах гэж зүтгэнэ дээ?
-Австралийн нүүрсэнд хориг тавигдсан. Үүнээс гадна хоёр шалтгаан бий. Нэг нь, байгаль цаг уур, үерийн эрсдэл. Үүнээс болж уурхайнууд нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй, тэр нь нэлээд хугацаа авна. Хоёр дахь нь, Квийсланд дахь уул уурхайн татварын бодлого хатуу, хувь хэмжээ нь өндөр байгаа. Энэ байдал сөргөөр нөлөөлж эхэлсэн. Нэмээд ногоон хөгжил гэдэг утгаараа нүүрс рүү чиглэсэн хөрөнгө оруулалт шинээр хийгдсэнгүй. Эдгээрээс хамаарч Австралийн нүүрсний нийлүүлэлт дорвитой нэмэгдэх дүр зураг харагдахгүй байна. Тодорхой хэмжээнд бол экспорт хийх нь тодорхой, гэхдээ тэр нь их биш. Австрали нүүрсээ Европ руу, Азийн зарим улс руу мөн гаргадаг. Энэ нийлүүлэлт нь үргэлжилж таарна. Оросын хувьд нүүрсний нийлүүлэлтээ Хятад руу тасралтгүй нэмэгдүүлж байгаа. Энэ онд ч нэлээд нэмнэ гэсэн хүлээлт байна. Урьд нь том нийлүүлэгч биш байсан бол одоо Хятадын коксжих нүүрсний зах зээлд хүч түрэн орж ирж байгаа. Үүгээрээ бид адилхан. Гэхдээ Оросын коксжих нүүрсний чанарын үзүүлэлт Монголын нүүрсэнд хүрдэггүй. Монголын нүүрсийг авч ашигладаг Хятадын нутгийн гүн, ӨвөрМонгол, Шаньси хавийн нүүрстэй холиход нийцэмж нь Монголын нүүрснээс тааруу. Ийм болохоор Оросын нүүрс чанараараа манайхаас илүү гарч чадахгүй. Өөрөөр хэлбэл, хүчтэй өрсөлдөгч биш. Харин экспортын биет хэмжээгээрээ л илүүрхэнэ. Эндээс хэлэхэд, Монголын коксжих нүүрсний эрэлт сайн байна. Хятад эдийн засгийн өсөлтөө хүчээр барьж, бодлогоор дэмжиж байна. Эрэлт нь байна. Зах зээлийн таатай үе үргэлжилж байна. Хэдий урд хөрш дотоодын нүүрсний олборлолтоо жил ирэх тусам нэмэгдүүлж байгаа боловч дотоод эрэлтээ энэ нь хангаж дийлэхгүй байгаа. Үлдсэнээ импортоор нөхнө л гэсэн үг.
-Манайх нүүрсээ биржээр буюу цахим дуудлага худалдаагаар нээлттэй арилжаалж байна. Хятадууд, манай нүүрсний гол худалдан авагч нар энэ байдалд ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ?
-Биржийн арилжаа Монголын хувьд хийгдэхээс аргагүй байсан. Бид үүнийг олон жил ярьж ирсэн. Одоо туршилтаар хэдий ч жигдрүүлэх үйл явц үргэлжилж байна. Тоглоомын дүрэм өөрчлөгдсөнд зарим хүн их таагүй хандаж байгааг үгүйсгэхгүй. Үүнийгээ ч илэрхийлж байгаа, танайд бирж тохирохгүй гэсэн яриа ч гаргаж байна. Гэхдээ энэ бол нэг, хоёр худалдан авагч, хэсэг бүлэг хүмүүсийн л асуудал, ам дамжсан яриа. Зах зээл биржийн эрүүл, нээлттэй, ил тод тогтолцоог шаардаж байна. Замбараагүй хэлцэл, худалдаа, тодорхой бус, ойлгомжгүй байдал нүүрсний борлуулалт дээр гарч байсныг цэгцлэх, дараагийн хөгжлийн түвшинд авчрах хэрэгсэл бол бирж. Бид тийшээ л зорьж байгаа. Дараа төлөх нөхцөлтэй эсвэл зээлээр, зарим нь урьдчилаад гэрээ хийгээд мөнгөө авчихсан гэх мэт янз бүрийн худалдааны нөхцөл, харилцаа компани хооронд байж болно. Энэ нь өөрчлөгдөхөөр хэн ч дуртай байхгүй. Янз бүрийн маргаан, үйл ойлголцол гарна. Тээвэр дээрээс гол ашгаа олно, эсвэл тээврийн зардлаа дараа төлнө, тэндээс тэдэн төгрөг олно гээд төлөвлөж байтал бирж, хил нөхцөл гэхээр дургүйцэл төрөх нь аргагүй.
Худалдан авагчаас гадна том хэмжээний хөрөнгө оруулалт хийчихсэн компаниуд байна. Хил дээр агуулахын талбай, угаах үйлдвэр барьсан, өөрсдөө урт хугацаанд ашиглахаар төлөвлөсөн компаниудад бирж таалагдахгүй байх магадлалтай. Эцсийн мөчид өөр компани орж ирээд адилхан гарааны нөхцөлөөр бирж дээрээс арилжаа хийж, нүүрсийг нь аваад явчихаар бид нар хохирчихлоо гэхийг үгүйсгэхгүй. Үүнд тодорхой цаг хугацаа орох байх. Компаниуд ч өөрсдөө суралцаад ирнэ. Биржийн тогтолцоог нэвтрүүлснээр бизнес олон талын оролцоотой, өрсөлдөөнтэй, эрүүл явна. Биржээр нүүрсээ худалдаалдаг болсноор хил орчмын гол компаниудаас гадна шинэ компаниудад боломж нээгдэнэ.
Монополь болсон худалдан авагчдад төвөгтэй байдал үүсгэж байгаа бол заримд нь илүү их нээлттэй, илүү их боломж бий болгож байгаа. Тиймээс бирж манай улсын хувьд хараахан болоогүй, эрт байна гэж хэлэх боломжгүй. Биржийн хувьд үнэ ил тод тогтож байх ёстой. Төрийн өмчит компани байна уу, хувийн хэвшил байна уу, тэр нь хамаагүй. Биржийн тогтолцоог аж ахуйн нэгжүүд ерөнхийдөө дэмжиж байгаа. Үнэ ил тод, тодорхой, нээлттэй болно. Тэр үнээсээ бодитой байдлаар татвараа авч эхэлнэ. Энэ бүхэнд тээврийн үнийн хөөсрөл том цочроо өгсөн.
-Хил нөхцөл, ам нөхцөлийн ялгаа нь юу вэ. Хүлээгдэж буй үр дүнг та хэрхэн тодорхойлох вэ?
-Хил нөхцөлөөр зарах асуудал урьд нь олон жил яригддаг байсан. Ковидын үед богинын тээврийн үнийн хэт галзуурлаас болж энэ асуудал бүр их онцгой яригдлаа. Нүүрсний хулгайтай холбоотой шуугиан чинь мөн л ялгаагүй Ковидын үеийн замбараагүй зардлын өсөлт, төлбөр тооцоо, татвар, хураамж нь хаана хийгдээд байгаа нь мэдэгдэхгүй харилцаанаас болоод гарч ирсэн. Олон нийт ч ил тод байдлыг шаардсан. Шийдвэр гаргагчдын хувьд цаг нь болсон гэж үзээд хил нөхцөлд шилжүүлсэн байх. Биржийн талаар Уул уурхайн сайд анх мэдээлэл өгөхдөө их хэмжээний нүүрс худалдан авах тогтвортой урт хугацааны гэрээтэй, хил дээр агуулах, буулгах талбайтай, хөрөнгө оруулалт татсан компаниудтай хийсэн бизнесийн тохиргоо хүндэлж үзнэ, зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай бол хэлэлцээр хийнэ. Түүнээс бүгдийг нь дураараа бирж рүү оруулахгүй гэж хэлсэн. Гэхдээ шинээр ирж байгаа худалдан авагч нар бирж дээр ажиллана. Энэ нь илүү их боломжийг бизнес эрхлэгчдэд олгоно. Жигд өрсөлдөх, нээлттэй өрсөлдөх боломж гэсэн. Цаад утгаараа Гадаад хэргийн сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд Хятадад уулзалт хийхдээ дандаа нүүрсний худалдаа ярьдаг. Хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтын үеэр нүүрсний нийлүүлэлтээ урт хугацаанд нэмэгдүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ амлалтаа биелүүлэхэд манай талаас сул хөгжсөн дэд бүтэц саад болж байгаа. Тийм болохоор хоёр улсын түвшинд тохирсон амлалтаа хэрэгжүүлэхийн тулд тээвэр логистикийн хүндрэлээ зохицуулах, үүний нэг арга хэлбэр нь хил нөхцөлөөр нүүрсээ нийлүүлэх, биржээр зарах. Энэ бол амлалтаа биелүүлэх, Хятадын олон худалдан авагчдыг нээлттэй өрсөлдөөнт зах зээлд нэвтрүүлж оруулах ийм л зорилготой гэж харж байгаа. Монгол Улс төрийн дээд хэмжээний айлчлалаар тохирсон хэмжээндээ нүүрсний нийлүүлэлтээ хүргэх, Хятадын гүний худалдан авагчдын зүгээс Монголын нүүрсийг авах сонирхол хоёр талд их байна.
Эх сурвалж: itoim.mn