Дархан зангилааны дарга Б.Ганзоригтой уулзаж цаг үеийн ажлын талаар товч ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг Баярбаатарын Ганзориг гэдэг. Би 2022 оноос хойш Дархан өртөөний даргаар ажиллаж байна. 2024 оноос Залуучуудын Төв байгууллагын хойд бүсийн дэд тэргүүнээр сонгогдон ажиллаж байгаа.
-Та хаана, ямар сургууль төгссөн бэ?
-Би 2013 онд ОХУ-ын Новосибиркийн Зам харилцааны Их сургуулийг ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Замын-Үүд өртөөнөөс ажлын гараагаа эхэлж байлаа. Замын-Үүд өртөөнд 2013-2016 онд холбогч найруулагч, жижүүрээр, 2016-2021 онд Сүхбаатар өртөөнд хөдөлгөөний техникч, ерөнхий инженерээр, 2021 оноос Тээвэр зохион байгуулалтын ХАБЭА-нд инженерээр ажиллаж байгаад 2022 оноос Дархан өртөөний даргаар томилогдсон.
-Дархан өртөөнийхөн өнгөрсөн 2024 оныг ямар амжилт бүтээлээр үдэв?
-Манай Дархан өртөөнийхний хувьд 2024 он амжилт бүтээл арвинтай сайхан жил байлаа. Бид төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 105-115 хувийн биелэлттэйгээр тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтийг биелүүлэн ажилласан. Тухайлбал, 2024 онд олон улсын ачаа тээврээр 12.483 вагон буюу 821.526.9 тонн ачаа, орон нутгийн ачаа тээврээр 32.700 вагон буюу 2.142.094 тонн ачаа тээвэрлэлээ. Нийт ачилтын 27.6 хувийг олон улсын ачаа, 72.4 хувийг орон нутгийн ачаа эзэлж байна. Төлөвлөгөөний биелэлт 2023 онтой харьцуулахад вагоноор 103.3 хувьтай, тонноор 104 хувьтай биеллээ.
-Дамжин өнгөрч байгаа ачааны хэдэн хувь нь экспортын ачаа, хэдэн хувь нь дотоодын тээвэр байна вэ?
-Манай Дархан 1, 2 өртөөнд гол экспортын ачилтуудыг хийж байна. Ачааны гол ачилт болох төмрийн хүдрийн ачилт наймдугаар сар хүртэл зогссон байсан. Наймдугаар сараас экспортын ачилт жигдрээд явж байна. Экспортын ачилтын хувь хэмжээ нь манай нийт ачааны 80 хувийг эзэлж байгаа.
-Өнгөрсөн жилийг Замын даргын А-01 тушаалаар “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг хангах жил” болгон зарласан. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хийгдсэн гол ажил юу вэ?
-Манай хамт олон “Бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, стандартыг хангах жил”-ийн зорилтыг хэсэглэлийн хэмжээнд биелүүлэхийн тулд 10 бүлэг 124 зүйлтэй төлөвлөгөө гарган ажиллаж, төлөвлөгөөний биелэлт 94.3 хувьтай байна.
Хамгийн гол үзүүлэлтүүд маань 100-аас дээш хувь биелэлттэй байгааг ачаа тээврийн дүнгээс харж болно. Түүнчлэн Дархан хэсэглэлд 2024 онд ажлын байрны өнгө үзэмж, ажиллах орчинг сайжруулах чиглэлээр улирал бүр үе шаттай төлөвлөгөө хэрэгжүүлэн 11 ажлын байранд 42 сая төгрөгийн урсгал засварын ажлыг өөрсдийн хүчээр аж ахуйн аргаар хийж гүйцэтгэсэн.
Бид өөрсдийн санаачилгаар Монголд зочлох жилийн хүрээнд тасалбарын няравуудад 130 орны хэлтэй орчуулгын төхөөрөмж авч өгсөн. Зорчигчийн зааланд иргэдэд зориулсан төрийн бүх үйлчилгээг авах ТҮЦ машин байрлуулсан. Тээш зөөдөг тэрэг шинээр хийсэн. Зорчигчдод зориулсан халуун кофе, шоколад, капучино, латте, мока зэрэг таван төрлийн бүтээгдэхүүн гардаг автомат машин байрлуулсан. Хөгжлийн болон хөдөлгөөний бэрхшээлтэй иргэдэд зориулсан түр амрах өрөө гаргаж тохижуулсан. Зорчигчийн заалны бүх сандлуудыг жигд өнгөтэй зөөлөвчтэй болгосон. Тээшийн агуулахуудыг камержуулсан. Зорчигч тээврийн бүх төрлийн үйлчилгээний мэдээллүүдийг Монгол-Англи хэлээр орчуулан QR кодонд оруулан ажлын байруудад байрлуулсан. Зорчигчийн зааланд гар утас цэнэглэх төхөөрөмж байрлуулсан гээд тоочоод байвал цөөнгүй ажлыг хийж гүйцэтгэлээ.
-Хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хийгдсэн гол ажил юу вэ?
- Бид хөдөлгөөний болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан. Үүнд аймаг, орон нутгийн хөрөнгө оруулалтыг татаж, томоохон хэмжээний бүтээн байгуулалт хийснийг дурдах хэрэгтэй. Тухайлбал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд Шарын гол, Орхоны чиглэлд төмөр замын аюултай бүсийн гармын хонгилон гарцуудыг аймгийн хөрөнгө оруулалтаар хийсэн. Мөн Дархан өртөөний гүүрийг барихад Дархан-Уул аймгаас 8.4 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргуулсан. Энэ нь төмөр замын хөдөлгөөний гармын аюулгүй байдлыг шийдвэрлэхэд үр өгөөжөө өгсөн маш том хөрөнгө оруулалт болсон. Цайдам зөрлөг хоёр замтай байсан. Улаанбаатар Төмөр замын санхүүжилтээр Цайдам зөрлөг дөрвөн замтай болсон. Энэ нь тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэн мөн ажиллагсдын амьдрах орчин нөхцөл сайжирсан. Их засвар хийгдсэнээр жишиг өртөөг шинээр бий болгосон. Цайдам зөрлөгийн шинэчлэлт засварын ажилд УБТЗ-аас 12.4 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан. Одоо Цайдам зөрлөгт амьдрах таатай орчин бүрдээд байна.
Манай удирдлагын баг эрсдэлийг зөв олж харж ажиллаж байгаа. Намайг анх 2022 онд ирэхэд хамгийн их ачаалалтай нь Дархан 2 өртөөний жижүүр байсан. Тэр хүн бүх ажлаа хийнэ, галт тэргээ вагонд өгөх гээд компьютер дээр сууна, хоёр сэлгээг удирдана, бүх ширээний дэвтэр журналыг өөрөө хөтөлнө гээд ажил нь барагддаггүй байсан. Энэ эрсдэлийг хараад Замын удирдлагад үндэслэлийг сайн гаргаж танилцуулсны үр дүнд 2023 онд жижүүрийн операторийн орон тоог нэмж батлуулсан. Ингэснээр 2023-2024 онд хөдөлгөөний болон, хөдөлмөрийн аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан. Энэ бол удирдлагын баг эрсдэлийг зөв үнэлж ажиллаж байгаагийн тод жишээ гэж боддог.
-Өртөөний хэмжээнд ШБАЗ хэр байна вэ?
-Өртөөний хэмжээнд ШБАЗ-ын санаачлагаар манай ХАБЭА-н инженер 1, 2, 3 дугаар шатны уралдаанд орж тэргүүн байранд орсон. Манай ажилд тулгамдаж байгаа асуудлын нэг бол салбар замын холбох замуудад гэрэлтүүлгийн асуудал хүнд байдаг. Үүнийг шийдэхийн тулд зөөврийн гар чийдэнг нэгдүгээр шатанд танилцуулаад хоёрдугаар шатанд шийдэл гаргаад энэ нь Замын удирдлагаас сайшаагдаж ХАБЭА-н инженер тэргүүн байранд орж шагнуулсан. Үүнийгээ бид 2025 онд хэрэгжүүлж ажиллахаар ажлын төлөвлөгөөндөө оруулан ажиллаж байна.
-Боловсон хүчний тогтвор суурьшилт, хангалт ямар байна вэ?
-Боловсон хүчний хувьд манай Дархан зангилаанд гайгүй тогтвор суурьшилтай байдаг. Яагаад гэвэл, манайх хангайн бүс. Би өөрөө говийн бүсэд ажиллаж байсантай харьцуулахад хангайн бүс бүх талаараа давуу. Ялангуяа, Дархан-Уул аймаг бүх сумдууд руугаа авто замаар холбогдсон дэд бүтэц сайтай учраас ажиллагсад маань зөрлөгт ажилласан ч буцаад төв рүүгээ ороход засмал замтай учраас хүндрэлгүй байдаг.
Дархан-Уул аймаг маань залуучуудын хот. Манай Дархан зангилааны 1873 ажилтаны 900 гаруй нь залуучууд байна.
Бид ирээдүйн төмөр замчдыг бэлтгэхийн тулд Дархан-Уул аймгийн 18 дугаар лицей сургуульд 10-12 дугаар ангийн хүүхдүүдийг элсүүлэн сургаж байгаа. Энэ лицей сургуулийн анги танхимыг УБТЗ-ын зүгээс тохижуулж, тусгай хөтөлбөрийн дагуу сургахын зэрэгцээ сурагчдыг хүүхдийн төмөр зам дээр дадлагаа хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Ингэснээр сургуулиа төгсөөд цаашид гадаад дотоодын төмөр замын их дээд сургуулиудад элсэн ороход нь хувь нэмрээ оруулж байна. Лицей сургуулийн эхний төгсөгч хоёр жилийн дараа сургуулиа төгсөөд ирнэ. Сургуулиа төгсөж ирсэн хүүхэд өөрөө хүсвэл Дарханд ажлын байраар 100 хувь хангахад бэлэн байгаа.
Өнгөрсөн жил 18 дугаар сургуулийн 13 хүүхэд ОХУ-д суралцахаар улсын тэтгэлэг аваад явсан. Дотоодын Төмөр замын Дээд сургуульд найман хүүхэд суралцахаар элсэн орсон. Сургуульд сурахаар явсан эдгээр хүүхдүүд арван жилийн сургуульд сурч байхдаа бусад хүүхдээс ялгараад төмөр замчдын бүх дүрэмт хувцсыг өмсөж хичээлдээ явдаг байсан нь бусад хүүхдэд энэ ах, эгч нар шиг төмөр замчин болохсон гэсэн хүсэл тэмүүлэлтэй болоход их нөлөөлдөг юм байна.
-ОХУ-ын их сургуульд сурахаар явж байгаа хүүхдийн тэтгэлгийг танай байгууллага дааж байна уу эсвэл өөрсдөө гаргаж байна уу?
-Хүүхдүүд өөрсдөө улсаас сургалтын тэтгэлэг аваад сурч байна. Хүүхдүүд ахлах ангидаа төмөр замын талаар анхан шатны ойлголтуудаа бүгдийг авна. Өөрсдийн суурь хичээл болох математик, физик, орос хэлний хичээлүүдийг түлхүү үздэг.
-Ирж байгаа 2025 оныг “Хүний нөөцийн тогтвортой хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд ямар ажил хийх вэ?
- Бид жилийн ажлын төлөвлөгөөгөө гаргаад байна. Хамгийн түрүүнд ажилтнуудаа аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд зориулж Дархан вокзалын зоорийн давхарт фитнесс танхим тохижуулах, тоног төхөөрөмж авах ажлыг зохион байгуулна. Мөн Орхон, Энхтал зөрлөгийн дөрвөн технологийн байрыг цахилгаан халаалттай болгоно. Дархан-2 өртөөний АВХ орон тоо нэмэгдүүлж, технологи мөрдөлтийг хангана.
Энэ онд манай Дархан өртөөний 75 жилийн ой тохиож байна. Бид ойн арга хэмжээний төлөвлөгөөгөө боловсруулаад Замын удирдлагадаа танилцуулсан байгаа. Бид ойгоо угтаад 75 бүтээлч ажил хийхээр төлөвлөсөн. Эхний нэг сардаа хоёр ажлын байрыг засаж сайжруулна. Мөн ажилчдын өөрсдийн санаачилсан ажлуудыг дэмжиж ажиллана.
Энэ ташрамд дурдахад Дархан-Уул аймагт 2025 онд улсын төсвийн хөрөнгөөр хоёр цэцэрлэг, нэг сургууль барьж, ашиглалтад оруулна. Мөн Хүүхэд залуучуудын номын сан ашиглалтанд орно. Энэ бүхэн маань алсуураа манай төмөр замчдын аятай тухтай амьдрахад эерэгээр нөлөөлөх учраас бид талархан дэмжиж байгаа.
-Та Хойд бүсийн залуучуудын зөвлөлийн даргаар ажиллаж байна. Хойд бүсэд нийтдээ хичнээн залуучууд ажиллаж байна вэ? Залуучуудын идэвхи оролцоог дээшлүүлэх талд ямар шинэ зүйл, шинэлэг арга барил хэрэгжүүлж байна вэ?
-Гурван үеийн уулзалтаар Хойд бүсэд ажиллаж амьдарч байгаа залуучууд, салбар зөвлөлүүдтэйгээ уулзаад явж байна. Залуучуудын төв байгууллагынхан бид төлөвлөгөөгөө гаргаад үүнийхээ хүрээнд Гурван үеийн уулзалтаа хийгээд явж байна. Залуучуудын байгууллагын гишүүдийн албан ёсны тоог гаргаж цахим бүртгэлийг хийж байна. Гуравдугаар сард хийх томоохон ажилд Хойд бүсийг хэрхэн чадавхижуулах талаар төлөвлөгөөт ажлуудаа хийх зэргээр сар бүр хийх ажлууд төлөвлөөд явж байна. Тавдугаар сард Хойд бүсийн чуулга уулзалтаа хийнэ. Энэ уулзалтын үеэр ШБАЗ-ыг ажилчдад хэрхэн яаж таниулах, түүний хүрээнд оюуны өмчийг хэрхэн хамгаалах, яаж баталгаажуулах талаар ярилцана.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
Г.Энхбаатар