Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.22/ болж, гаргасан шийдвэрүүдийн талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал мэдээллээ.
Тэрбээр "Монголын төмөр зам, Тавантолгой төмөр замыг нэгтгэснээрээ чиг үүргийн давхардлыг бууруулж, орон тоог 30 хувь хүртэл цомхотгоно. Цаашдаа ийм бодитой тооцооллыг хийнэ.
Сая "Эрчист Монгол" дээр уул уурхайн бус компаниудыг нэгтгэснээр одоо ТУЗ байгуулагдаж, олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулалт хийгээд эхлэхээр цалин дээр гэхэд 11 тэрбум төгрөг хэмнэнэ. Тоогоор харуулж, танилцуулна.
Сайн жишигт тулгуурласан бизнес нөхөрлөлийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Зөвшөөрөл нэртэй бичиг баримтуудыг цуцлах арга хэмжээг долоо хоног бүр шийдвэрлэнэ.
Нийт 360 зөвшөөрөл батлагдсан боловч хууль нэмж баталсантай холбоотойгоор 400 гаруй болж нэмэгдсэн байна. Зарим бизнесийн үйл ажиллагааг зөвхөн мэдэгдэж, үйл ажиллагаа явуулдаг болно. Монголд бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлнэ.
Ажлын хэсгийн ахлагчийн хувиар МҮХАҮТ болон худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллах саналыг хүргүүлж байна. Энэ талаарх гомдол саналыг нээлттэй авч эхэлнэ.
Мөн Ерөнхийлөгч асан, Чингис хаан одонт П.Очирбат таалал төгссөнтэй холбоотойгоор орон даяар гашуудал зарлах зарлиг гарсан. Үүний хүрээнд гүн хүндэтгэлтэйгээр сүүлчийн замд нь үдэх ёслолын комиссыг миний бие ахалж байна.
Тухайн цаг үед хамтран зүтгэж явсан нөхөд нь оролцож, Монгол Улсынхаа анхны Ерөнхийлөгчийг Баасан гаригт эцсийн замд нь үднэ. УИХ, Засгийн газрын түвшинд энэ үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна" гэв.