Зүүнхараа өртөөний тээврийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийн биелэлтээс харахад, эхний хагас жилд ачилтын төлөвлөгөөг вагон болон тонноор авч үзвэл 105-108 хувь, статик даац 113, буулгалтыг 143 хувиар тус тус биелүүлсэн дүнтэй байна. Үүний зэрэгцээ зорчигч тээврийн төлөвлөгөө 99 хувийн гүйцэтгэлтэй яваа аж.

 

Өнөө жилийг Монгол Улсын Засгийн газраас Монголд зочлох жил болгосонтой холбогдуулан Зүүнхараа өртөөнийхөн вокзалын өнгө үзэмжийг сайжруулж, вокзалын дотор хана, таазанд их засвар хийжээ. Мөн ондоо багтааж нийтийн бие засах газрыг засварлахаар төлөвлөсөн байна. Тус өртөөгөөр хоногт дунжаар 550 зорчигч үйлчлүүлж, цахим тасалбар худалдаалалт нь нийт орлогын 45 хувь, зорчигчийн 35 хувийг эзэлж байгаа үзүүлэлт гарчээ.

Энэ оны эхний хагас жилийн байдлаар, 61400 зорчигч тээвэрлэж, 441.603.000 төгрөгийн орлоготой, орон нутгаар 7.259.100 төгрөгийн орлоготой ажиллаж байна.

Мөн тээш ачилтаар 11.000 байр, 1.7 тн, 40 сая төгрөгийн орлоготой, буулгалтаар 16.600 байр, 342.3 тн, 5.9 сая төгрөгийн орлоготой ажиллаж байна.

Зүүнхараа зангилгааны нэг онцлог нь Ачааны вагон засварын депо, Мод боловсруулах үйлдвэр, Спирт бал бурам ХХК зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд байрладаг. Гэхдээ бусад өртөөдтэй харьцуулахад статик даацын хувьд ихэвчлэн хөнгөн ачаа ачдаг, бусад ачилтын өртөөтэй харьцуулахад уул уурхайн бүтээгдэхүүний ачилт хийгддэггүйгээр онцлогтой аж. Сүүлийн үед Мод боловсруулах үйлдвэрийн мод бэлтгэлийн хэмжээ хумигдаж, модон дэрийн үйлдвэрлэл багасснаар энэ төрлийн ачилт буурчээ. Мөн Спирт бал бурам ХХК хааяахан ачилт хийх болжээ. Энэ нь тус өртөөний ачаа тээврийн үзүүлэлтэд тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа аж.

Мөн тус хамт олон “Менежментийн нэгдсэн тогтолцоог баталгаажуулах” оны зорилтын хүрээнд зөрүүний шинжилгээний дагуу зөрүүг арилгах 14 зүйл заалттай төлөвлөгөө гарган төлөвлөгөөний дагуу хугацаат ажлууд хийгдэж байна. Байгууллагын гадаад дотоод шинжилгээ, баримт бичгийн нэгдсэн жагсаалтыг албажуулах, үйл явцын дэс дарааллын зураглалыг гаргаж мөрдөж ажиллах,  сайжруулах ажил хийж байгаагаа дурдлаа. Сургагч багш, аудит бэлтгэх зорилтын хүрээнд өртөөний ерөнхий инженер Х.Алтанхүүг 12 цагийн сургалтад хамруулжээ.

Харин энэ зуны их бороо, үерийн аюул тус өртөөнийхний хувьд гэнэтийн бэлэн байдал шалгасан том сорилт болжээ.

Тодруулбал, долдугаар сарын 06-ны өдөр Үнэгт-Түнх хоорондын замын 255 км-ийн гурав болон наймдугаар зуутад үерийн усны түвшин нэмэгдэж, гүүр хоолойн хэсгийн ул шороог урсгасан тул 10 цаг 58 минутаас эхлэн хөдөлгөөнийг хааж, замын сэргээн босгох ажлыг яаралтай эхлүүлжээ.

Уг сэргээн босгох ажилд Замын I ангийн замын 11,12,13 дугаар хэсгийн замчид, Зүүнхараа ЦХА-ийн 13 ажилтан, мөн өртөөний ажилчид, Үнэгт зөрлөгийн хамт олон,  хоёр вагон үзэгч,холбоочид зэрэг нийт 84 хүн оролцжээ. Тэд үерийн нөөцийн чулуу, техник хэрэгслийг ашиглан сэргээн босгох ажлыг шуурхай хийж, 17 цаг 25 минутад 15 км/цагийн хурдтай галт тэрэгний хөдөлгөөнийг нээжээ.

Тухайн өдөр үерийн улмаас Зүүнхараа өртөөнд саатсан Сүхбаатар-Улаанбаатар чиглэлийн 272 дугаар галт тэрэгний 228 зорчигч, үйлчлэгч нарт үнэгүй хоол, ус, ундаа, амттнаар үйлчлэх ажлыг шуурхай зохион байгуулсан байна.

Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас зорчигчийн галт тэрэгнээс гадна ачааны тэгш сондгой чиглэлийн бүх галт тэрэг саатсан энэ эгзэгтэй үед тус зангилааны хамт олон зангидсан гар мэт нэг командаар ажиллаж хүндрэлийг даван туулсныг Ц.Алтанхуяг дарга онцлон дурдав.

Наадмын дараа намар гэдэг... Тус өртөөнийхөн өвлийн бэлтгэл ажлын 12 заалттай төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм байна. Төлөвлөсөн ажлуудыг биелүүлэхэд хүндрэлтэй зүйл байхгүй. Зүүнхараа хэсэглэлийн өртөө зөрлөгүүдийн халаалт, вакум цонхны дулаалга, радиотор угаалгаж шалгуулах, тээшийн агуулахад халаалтын радиоторыг нэмэгдүүлэх, ажилчдыг нүүрсээр хангах, анхны өвөл ажиллах ажилчдын сургалтыг  үе шаттайгаар зохион байгуулах гээд ажил тогтсон горимоороо явж, өвөлд бэлэн орно гэдэгтээ итгэлтэй байцгаана.

Энэ жил Зүүнхараа зангилааныхны хувьд олон жил хүлээсэн том ажил эхэлж, тэд сэтгэл өөдрөг яваа. Өөрөөр хэлбэл, энэ зангилаанд ипотекийн зээлийн 40 айлын орон сууц баригдаж буй. Гранд бест таур ХХК-ний барьж байгаа энэ орон сууцны барилгын ажил одоогоор 60 орчим хувьдаа оржээ. Уг орон сууцыг төмөр замчдад зах зээлээс хямд өртөгтэй байлгахын тулд Замын захиргаанаас дэд бүтцийг татах өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж, орон нутгаас газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн гэдэг. Тал талаасаа дэмнэсэн энэ орон сууц ондоо багтаж ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм байна.

Дөчин айлын орон сууцаас 38-ыг нь зангилааны төмөр замчид худалдан авч, хоёр байрыг албан тушаалын орон сууц болгохоор шийдвэрлэсэн гэнэ. Байр худалдан авсан төмөр замчид бүгд 30 хувийнхаа урьдчилгааг бүрэн хийжээ. Энэ зуны элбэг бороо хур, үер уснаас үүдэн Хараа голын гүүр эвдэрсэн нь барилгын явцыг хойш татах шалтгаан болж байсан хэдий ч шинэ оны өмнө 40 төмөр замчин өрх шинэхэн орон сууцныхаа түлхүүрийг гардан авна гэсэн итгэлээр дүүрэн хоног тоолон хүлээж суугаа чихэнд чимэгтэй мэдээ байна. Ер нь, хүний амын нягтрал ихтэй Мандал сум буюу Зүүнхараад орон сууцны эрэлт хэрэгцээ ус агаар шиг хэрэгцээтэй. Тийм ч учраас тус зангилаанд нийт 80 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж буй. Дараагийн 40 айлын орон сууц худалдан авах ажилчдын судалгааг гаргаж, ирэх онд барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Мөн барилгын гүйцэтгэгчээр дахин Гранд бест таур ХХК-ийг сонгох саналтай байгаагаа төмөр замчид бичгээр уламжлаад байна гэлээ. Энэ ташрамд, төмөр замчдын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулж, уг төслийг эхлүүлсэн Замын удирдлагуудад манай зангилааны төмөр замчдын талархлыг уламжлаад өгөөрэй хэмээв.

Зүүнхараа өртөөний хувьд хаа очиж хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн бусад өртөөдтэй харьцуулахад гайгүй байдаг бололтой. Ажилчид нь харьцангуй тогтвор суурьшилтай ажиллаж байгаа аж. Гэхдээ тус өртөөний хэсэглэлийн гурван зөрлөгт залуус очиж ажиллах дургүй байдгийг өртөөний дарга нуусангүй. Учир нь, ердийн галлагаатай орон сууцтай, халуун ус, дэлгүүр гэх зэрэг үйлчилгээний газаргүй нь орчин үеийн залуус дайжих гол шалтгаан болдог байна. Тиймээс зөрлөгийн байшингуудад шалны халаалт тавих, халуун усны асуудлыг шийдэж өгөөч гэдэг саналаа Замын захиргаанд уламжлаад байгаа юм байна. Одоо сургууль төгсөөд ирж байгаа залуучуудын хувьд ажиллах, амьдрах орчин нь гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг болжээ. Өртөөний дарга алслагдсан өртөө, зөрлөгөө өргөжүүлэн, хөгжүүлэх талаар дорвитойхон арга хэмжээ авахгүй бол яваандаа ирж ажиллаж, амьдрах  залуу боловсон хүчин олдохгүй болох нь гэсэн санаа зовнилтой сууна.

Замын даргын тушаал гарч, долдугаар сарын 1-нээс цалин хөлсийг нэмэгдүүлсэн нь магнай тэнийлгэсэн шийдвэр байсныг дурдав. Ажилтнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулах гол хөшүүрэг нь сайн цалин, сайхан орчин гэж тэд тодорхойлов. Тасралтгүй ажилласан хугацааг тооцох журам  шинэчлэгдсэнээр олон жил ажилласан ажилтнуудын цалин бараг 30 хувиар нэмэгджээ. Энэ шийдвэр олон төмөр замчныг баярлуулсан. Маш оновчтой шийдвэр болсныг хамт олныхоо уур амьсгалаас мэдэрсэн хэмээн Ц.Алтанхуяг дарга баяртай өгүүлэв.

Түүнээс гадна энэ цаг үед төмөр замын  хүний нөөцийг бүрдүүлэх ажлыг том агуулгаар харж, өнөөгийн бид хойч үеийнхнээ бэлтгэхэд хувь нэмрээ оруулах л ёстой юм. Өөрөөр хэлбэл, ЕБС-ийн сурагчдад төмөр замын ажил мэргэжлийг сурталчлах, тэднийг чиглүүлэхэд бид л үлгэр дуурайлал болно шүү дээ. Замын захиргаа ч энэ чиглэл рүү ажиллаад эхэллээ. Энэ ажлыг бид чадах хэрээрээ дэмжиж ажиллахыг зорьдог. Тухайлбал, 2022 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ерөнхий боловсролын II сургуульд төмөр замын мэргэжлийн чиг баримжаа олгох анги нээсэн. Аравдугаар ангид 16, арваннэгдүгээр ангид 17 сурагч суралцаж байна. Энэ жилийн төгсөлтөөс долоон хүүхэд төмөр замын чиглэлээр ОХУ-д их дээд сургуульд суралцахаар болсон. Орон нутгаас боловсон хүчнээ бэлдэнэ гэдэг том боломж гэж боддог. Хэдхэн жилийн дараа сургуулиа төгсөөд орон нутагтаа ирнэ гэдэгт итгэл төгс байна. Шинэ залуу боловсон хүчнүүдийг сургаж дадлагажуулах тал дээр Замын даргын баталсан тушаалаар чиглүүлж, дасан зохицох хөтөлбөрийн дагуу дадлага, туршлагатай ажилтантай гэрээ байгуулан сурган дадлагажуулж байгаа хэмээн туршлагатай даргын хувиар бодож санаж явдгаа хуваалцлаа.

Уул ус, ургамал ногоо тэгш дүүрэн Зүүнхараа нутгийн төмөр замчид хийсэн ажилтай, хэлэх үгтэй сууна.