Арваннэгдүгээр сарын сүүлчийн өдөр Зүүнхараа өртөөнд очиж сурвалжилга бэлтгэлээ. Тус өртөөний хувьд энэ жил осол, осолд дөхсөн тохиолдолгүй ажиллаж, ачаа тээврийн төлөвлөгөөг төрөл тус бүрээр нь давуулан биелүүлсэн амжилттай байна. Тодруулбал, 494 вагонд 21641 тонн ачиж, вагоны төлөвлөгөөг 131.3, ачилтыг 147.4 хувиар тус тус биелүүлжээ. Мөн 1572 вагон буулгаж, төлөвлөгөөг 129.9 хувиар биелүүлж, 349619 вагон явуулсан байна. Ингээд тус өртөөний дарга Ц.Алтанхуяг тэргүүтэй удирдлагуудаас хариуцдаг ажлын чиглэл бүрээр нь тодруулснаа хүргэе.

 

Ц.Алтанхуяг: Ачилт буулгалт ирэх оноос улам нэмэгдэхээр байна

            Зүүнхараа өртнөөний дарга:

 

-Мандал суман дахь Хараа голын гүүр нурсан долдугаар сараас хойш гол ачилтын дийлэнхийг архи эзэлж байна. “Спирт бал бурам” ХХК манайхаар архиныхаа ачилтыг хийж байгаа. Ер нь, манайхаас уул уурхай бүтээгдэхүүн ачдаггүй. Мод боловсруулах үйлдвэр модон материал ачдаг. Мөн төмөр замын хэрэгцээний дэр мод ачна. Буулгалтын хувьд арав, арваннэгдүгээр сард нүүрс голлолоо. “Спирт бал бурам” ХХК, “Мандал энерги” ХХК, БАҮ-ний I анги, Мод боловсруулах үйлдвэр, Ачааны вагон засварын депо зэрэг байгууллага нүүрс их буулгасан. Манай өртөө Сүхбаатар, Дархан, Эрдэнэт, “БТЕГ”, Хандгайтаас экспортод гарах транзит ачаанууд ирээд нэмэгдэж, хасагдаж явдгаараа онцлогтой. Ер нь, Салхит, Зүүнхараа хоёр явалт ихтэй байдаг.

 

-Ачилт хийдэг өөр харилцагч байгууллага хэр олширч байна вэ?

 

-Өмнө нь “НИК”, “Магнай Трейд” зэрэг компани ачилт буулгалт хийдэг агуулахтай байсан нь 2018 оноос хойш ажиллахаа больсон. Харин ирэх оны хоёрдугаар улиралд Монгол Улс, ОХУ, Арабын хамтарсан шатахуун тосны бага оврын үйлдвэр ашиглалтад орох гэж байна. Салбар замынхаа гэрээг хийж замаа тохирсон. Хоногт арван вагон түүхий нефть оруулж ирэн боловсруулаад хойд буюу Сэлэнгийн бүсийг хангах юм билээ. Ингэснээр Мандал сум ч бензин тосны хомсдолд орохгүй. Мөн Монголоор дамжуулан барих ОХУ-ын хийн хоолойг өдөрт таван вагоныг авчран Мод боловсруулах үйлдвэрт буулгах тухай яригдаж байна. Үүнтэй холбоотой агуулах барих юм билээ. Энэ мэтчилэн манай ачилт буулгалт, сэлгээний ажил ирэх оноос улам нэмэгдэхээр байна.

 

-Ингэж ачаа нэмэгдэхийн хэрээр танайхаас зам парк, хүний нөөц, вагоны хангалтаас авхуулаад боловсруулах хүчин чадал их шаардана. Үүнд бэлэн байгаа юу?

 

-Зам талбай, салбар замын хувьд ямар ч асуудалгүй. Харин сэлгээний зүтгүүр л нэлээд хуучирсан. Долоо хоног бүр засварт явдаг. Зөвхөн нефтийн үйлдвэрээр тооцоход л хоногт арван вагон буулгаад, дуусахаар нь буцааж татна гэдэг бол их ажил. Ер нь, манайд галт тэрэгнүүд ирээд жингийн хугарал хийгээд явдаг онцлогтой. Тиймээс сэлгээний ажиллагаа улам ихэснэ. Мөн хэсэглэлийн Баруунхараа, Түнх өртөөнд үйлчилдэг. Ирэх онд Баруунхараагаас замын их засварын 24 мянган шоо метр щебень ачна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс сэлгээний зүтгүүрээ шинэчлэх саналыг Замын захиргаанд хүргүүлнэ. Энэ оны эхний арван сарын байдлаар 30-аад вагон элс, хайрга ачаад байна. Ачаа нэмэгдэхийн хэрээр манай ашиг орлого нэмэгдэнэ. Ачааны вагоны хувьд ч депогийн засвараас гарч ирэхэд нь хамгийн түрүүнд өөрсдийгөө хангадаг. Депо өдөрт 6-7 вагон засварлаж байгаа.

 

-Тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хэсэглэлийн хэмжээнд бүтээн байгуулалт хэр хийв?

 

-2021 оноос хойш Замын захиргаанаас манай хэсэглэлд их анхаарсан. Алсын удирдлагатай 183 дугаар зөрлөгийг байгуулсан. Үнэгт зөрлөгийг микро процессорын төвлөрүүлэлтэд бүрэн шилжүүлсэн. Бид энэ оныг “Ажлын байрны нөхцөлийг сайжруулах жил” болгож, энэ хүрээндээ зам парк дээр ажиллаж буй туслах жижүүрийн дулаацах байр барьсан. Мөн ачаа тээврийн болон жижүүрийн байр, техникийн кабинет, зорчигчийн заалаа өөрсдийн хүчээр засварлалаа.

 

-Зангилааны даргын хувьд бусад аж ахуйн нэгж болон сум орон нутагтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

 

-Зангилааны ажил энэ жил ихэссэн. Баланстай дөрвөн том аж ахуйн нэгжтэй. Энэ бүхний уялдааг хангахад зангилааны даргын үүрэг их. Элдэв асуудлаа “Зангилааны зөвлөл”-ийн хурлаараа шийдвэрлэдэг. Сум орон нутагтайгаа үргэлж хамтран ажилладаг. Хараа голын гүүр нурахад БАҮ-ний I анги, Мод боловсруулах үйлдвэр, Ачааны вагон засварын депо гурав онцгой үүрэг гүйцэтгэсэн. “Спирт бал бурам” ХХК-тай хамтран Баруунхараа-Зүүнхараа хооронд вагоны дам нуруугаар түр гүүрнүүдийг тавьсан. Ер нь, орон нутгийн зүгээс хүн хүч, техник шаардсан ажилд дандаа л зангилаанд ханддаг.

 

П.Сүхболд: Эрсдлийг бууруулах төлөвлөгөөг гарган ажиллаж байна

Шуурхай ажил хариуцсан орлогч дарга:

 

-Зүүнхараа хэсэглэлийн хэмжээнд энэ онд ГТХАБ-ыг хангах чиглэлээр А/828 тоот тушаалын дагуу эрсдлийн хүчин зүйлийн үнэлгээг хийж, эрсдлийг бууруулах төлөвлөгөөг гарган ажиллаж байна. Энэ онд буруу замаас гарах дохио нээсэн нэг дутагдал гарсан. Энэ нь хувь хүний хүчин зүйлээс шалтгаалсан ч эрсдлийг удирдах, урьдчилан сэргийлэх ажлыг байгууллагын удирдлагын зүгээс хийх ёстой. Миний хувьд А/828 тоот тушаал батлагдах үед Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан хэсгийн байцаагчаар ажиллаж байсан. Албаныхаа эрсдлийн үнэлгээний хүснэгтийг зохиож боловсруулан ахлах байцаагч, хэсгийн байцаагч нараар хэлэлцүүлж батлуулж байлаа. Эрсдэл үүсгэж буй анхан шатны хүчин зүйл бол хувь хүний мэдлэг, хандлага, хариуцлага байдаг. Ажилтныг сургаж дадлагажуулах үйл ажиллагаа хамгийн чухал. Сургалтын материаллаг бааз, цахим хичээлүүдийн санг бий болгож баталгаажуулах ажил чухал санагддаг. Сургалтыг хэн нэгэн ажилтан, зөрлөг, цехийн даргад хариуцуулдаг нь үр дүн багатай. Сургуулийн сурагч шиг долоо хоног бүр сургалт хийх байдлыг өөрчилж, ажилтны мэдлэгийг гэрчилгээжүүлэх системд шилжүүлж, ажилтанд өөрт нь сурах үүргийг нь ухамсарлуулах хэрэгтэй. Дараагийн алхам бол биеийн болон бичгийн хөдөлмөрийг хөнгөвчилсөн техник, технологийн шинэчлэлт. Өдөр тутамд ашиглаж хөтөлдөг, компьютер программд шивж дамжуулдаг мэдээлэл, загвар эх бүхий дэвтрүүдийг цахимжуулах бүрэн боломжтой. Энэ чиглэлээр хоёр цахим дэвтрийн техникийн даалгаврын төслийг боловсруулж байгаа боловч үүн рүү чиглэсэн бодлого, дэмжлэг дутмаг харагдаж байна.

 

Х.Алтанхүү: Өвлийн бэлтгэлийн бүх төлөвлөгөө биелсэн

Ерөнхий инженер:

 

-Манай хэсэглэл өвлийн бэлтгэл ажлын хүрээнд 11 зүйл заалттай төлөвлөгөө боловсруулан ажилласан. Өнөөгийн байдлаар зуун хувь гүйцэтгээд байна. Тухайлбал, ажилчдын нүүрсний захиалга, хувцас олголт, бүх өртөө, зөрлөгийн халаалтыг нэмэгдүүлэх, мөн цас ухаж цэвэрлэх багаж тоног төхөөрөмж авах гээд олон ажил биеллээ олсон. Үүний дээр нэмэлтээр зам парк дээр ажилладаг туслах жижүүрийн шалнаасаа халдаг дулаацах байр барилаа. Цаашид үүнийгээ байнгын ажлын байр болгохоор бэлтгэж байгаа. Түүнчлэн, А/555 тоот тушаалд тусгагдаагүй ажилтан буюу ачигч, талбайн үйлчлэгч нарт нэмэлтээр эсгий гутал, нурууны бүс олгож байна. ХАБЭА-н чиглэлээр дөрөвдүгээр улирлын А05 сургалтыг энэ сарын 5-нд хийнэ. Анхны өвөлд ажиллагсдын сургалтад есдүгээр сард найман хүн хамрагдсан. Хүний нөөцийн чиглэлээр ачаа вагон хүлээлцэгчийн ажилд хүндрэл гарч байна, орон тоо нэмэх шаардлагатай гэсэн саналын дагуу зураг авалт хийлгэсэн. Хариу нь гараагүй байна. Ер нь, орон тоог нь нэмэхгүй бол нэг ээлжинд хоёр пүүлэгч гардаг. Салбар зам, өртөө гэхээр хоёр пүүлэгч маань хүрэлцдэггүй. Тиймээс нэмэх шаардлагатай болов уу.

 

Ц.Аюуш: Эхний арван сард бид ашигтай ажиллалаа

Инженер эдийн засагч:

 

-Зүүнхараа хэсэглэлийн хэмжээнд эхний арван сарын байдлаар ашиглалтын үйл ажиллагааны нийт зардал 4 тэрбум 97 сая 545 мянган төгрөг болж 99.86 хувийн гүйцэтгэлтэй байна. 5.805 сая төгрөг хэмнэлээ. Хөдөлмөрийн бүтээмжийг төлөвлөгөөнөөс 16 вагоноор нэмэгдүүлж, өөрийн өртгийг 723 нэгжээр бууруулж ажилласан. Эхний арван сард 515 сая 538 мянган төгрөгийн ашигтай ажиллалаа. Вагон явуулалт 106, зорчигч явалт 101 хувийн биелэлттэй байна. Ер нь, үндсэн төлөвлөгөөт үзүүлэлт бүгд биелсэн. Тээврийн нийт орлого 4 тэрбум 613 сая 830 мянган төгрөг болсон. Манай хэсэглэл эхний арван сарын байдлаар 96 сая 975 төгрөгийн 20 нэр төрлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөтэйгөөс 60 сая 176 мянган төгрөгийн хөрөнгийг худалдан авсан. Тухайлбал, радио станц авч, хяналтын 12 камер суурилуулж, зорчигчийн зааланд дэлгэц, ажилчдад зориулсан олон үйлдэлт дасгалын төхөөрөмж гээд олон зүйл худалдан авсан.

 

 

Б.Сарангуа: Зорчигчийн тоо буурсан ч тарифтай холбоотой орлого өссөн

Буудлын дарга:

 

-Зүүнхараа  өртөө нь хэсэглэлийн хэмжээнд хөдөлмөрийн гэрээний 106, ажил гүйцэтгэх гэрээгээр хоёр ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 36 хувь нь эрэгтэй, 64 хувь нь эмэгтэй. Нийт ажилчдын 50-аас дээш хувийг залуу боловсон хүчин эзэлдэг.

Зорчигч тээврээр төлөвлөгөөт үзүүлэлт суурин кассаар  99 хувь, орлого  102 хувь, цахим худалдаалалтаар зорчигч 78 хувь, орлого 129 хувийн биелэлттэй байна. Тээш тээвэрлэлтээр 47726 байр, 865700 кг тээш, ачаан тээш ачиж, буулгаж 97.6 сая төгрөгийн орлоготой ажиллалаа. Үндсэндээ зорчигчийн тоо буурсан ч тариф нэмсэнтэй холбоотой орлого өссөн үзүүлэлттэй гарсан. Зорчигч тээвэр буурсан шалтгаан нь Дархан-Улаанбаатарын авто зам ашиглалтад орж Мандал сум ч засмалаар холбогдсон. Автомашинаар хоёр цаг давхиад л Улаанбаатар ордог учир зорчигчид хурдыг сонгож байна. Бид дулаан, тохилог, аюулгүй гэдгээрээ л авто замтай өрсөлдөхөөс биш хурдаар өрсөлдөж чадахгүй байна.

 

М.Наранболд