Жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрийг хүн бүр мартагдашгүй, сэтгэл догдлол дүүрэн өнгөрүүлдэг. Хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг энэ өдөр төрсөн гэж бахархалтай хэлэх нэгнийг  гайхалтай хүлээн авч баяр хүргэдэг. Улаанбаатар татах хэсгийн Техник үзлэгийн цехийн засварчин Очирбатын Эрдэнэбаяр 1974 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Түүний хүүхэд насны шинэ жилийн бэлэг хамгийн амттай, элбэг дэлбэг, хүн бүрээс төрсөн өдөр, шинэ жилийн давхар бэлэг авдаг онцгой өдөр. Одоо тэрбээр төрсөн өдрөөрөө олон хүүхдэд бэлэг өгөх дуртай. Хамт ажиллаж байсан Н.Хуяг-Эрдэнэ дарга маань  нэгдүгээр сарын 01-нд, ахмад ажилтан н.Ойдов гуай 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, бид хамтдаа баяраа хамтдаа тэмдэглэх, иргэний үнэмлэхээ барьж дурсгалын зургаа татуулах зэргээр төрсөн өдрөө тэмдэглэн өнгөрүүлдэг байсан гэж дурсав.  Түүний цехийн хамт олон нь төрсөн өдрийг нь угтан  хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн нь онцгой сэтгэгдэл төрүүлжээ.

О.Эрдэнэбаяр Улаанбаатар хотын унаган иргэн. Гурав дахь үеийн төмөр замчин. Түүний өвөө Хөхийн Норов Улаанбаатар төмөр замын удирдах газарт мужаанаар, түүний аав Норовын Очирбат нь 1969 онд цэргийн алба хааж ирээд курсэд суралцаж, туслах машинч, машинчаар үр бүтээлтэй олон жил ажиллажээ. Төрсөн ах О.Эрдэнэ-Очир нь  зааварлагч машинчаар ажилладаг. Энэ өнөр айлын дөрөв дэх үеийн төмөр замчид одоо бэлтгэгдэж байна. Түүний ууган хүү Э.Эрдэнэбулган нь Тээврийн дээд сургуулийг төгсөж үргэлжлүүлэн БНСУ-д суралцаж буй.  Ах О.Эрдэнэ-Очирын хүү Ганбат нь Төмөр замын дээд сургуулийн  Зүтгүүрийг ангид суралцдаг, оюутны сагсны лигт тоглодог. О.Эрдэнэбаяр ”Миний ээжийг Ц.Баяраа гэдэг, 74 настай сайхан буурай бий. Таван хүү, нэг охин төрүүлж өсгөсөн. Ээж маань их мундаг, аав, ах бид гурвыг шөнө хэдэн цагт ч ирсэн халуун хоол цайтай хүлээж байдаг. Эсвэл халуун саванд хоол, цай бэлдээд ажил дээр ирдэг байлаа” гэж бахархан өгүүлэв.

О.Эрдэнэбаяр 17 настайгаасаа төмөр замтай ажил, амьдралаа холбосноор 45 жил өнгөрчээ. Зүтгүүрийн машинч аав нь түүний бахархал. Хүүхэд бүрийн, тэр тусмаа эрэгтэй хүүхдийн мөрөөдөлд галт тэрэг, онгоцны жолооч, сансрын нисгэгч болох нууцхан хүсэл байдаг. Зүтгүүрийн галт тэрэгний машинчийн бүхээгт хүүхэд насандаа зочилно гэдэг тун ховор боломж. Одоо түүх болж үлдсэн “Т2”, “2М62М” зүтгүүрийн бүхээгт олонтаа зочилсон  ах дүү хоёр хавар, намрын Замын даргын үзлэгийг угтаж зүтгүүрийн бригадынхан их цэвэрлэгээ хийх үеэр аавдаа тусалж зүтгүүрийг олон удаа угааж  ажлын амтыг мэдэрцгээсэн.

Нийслэлийн  17 дугаар сургуульд суралцаж байхдаа биологийн сонгонд сурч, эмч болох хүслийг тээж явсан ч нийгмийн шилжилтийн хүнд үе, хоёр ах нь оюутан, ээж группэд зэрэг шалтгаанаас 17 насандаа ажлын гараагаа эхэлжээ.  Зүтгүүрийн депод талбайн цэвэрлэгчээр ажилд орсон 1992 оны зургадугаар сарын 19-ний өдөр түүний санаанд нь тод үлджээ. Тэрбээр ажлыг огт голсонгүй. Ажлын анхны өдөр аав, ах хоёр нь түүнийг огт оролцуулалгүйгээр бүх цэвэрлэгээг хийж өгч, аав нь түүнд “Цаашдаа яаж ажиллах нь чиний өөрийн сонголт. Чамд юу ч зааж зөвлөхгүй” гэж хэлсэн нь сэтгэлд үлджээ. 1996 оноос хойш О.Эрдэнэбаяр талбайн цэвэрлэгч, засварчин, Дизелийн цехийн бригадын дарга, ээлжийн мастер, Суурин цехийн мастер, цахилгаан явах ангийн, цахилгаан машины цехийн мастер, Зам тээврийн яамны Төмөр замын бодлогын мэргэжилтнээр дэвших, сэлгэх зэргээр ажиллаж байсан. Одоо Улаанбаатар татах хэсгийн Техник үзлэгийн цехэд засварчнаар дэ ажиллаж байна. Улаанбаатар татах хэсэгт анх ажилд орсноор Гавьяат тээвэрчин  Х.Лхагвасүрэн, Ю.Идэрчулуун, Н.Хуяг-Эрдэнэ, П.Энхмөнх, Засварын дарга Д.Батдорж, Ж.Энхбаяр, н.Энхмэнд, Д.Ганбаатар, н.Чимид нарын удирдлаган дор дан эрчүүдтэй  ажиллаж байв. н.Чулуунборгил, А.Алтансүх, н.Жигжид, Х.Лхагвасүрэн нарын шавь, тэд нараас их зүйл сурсан гэж бахархаж байсан.   Модернизацийн цахилгаанчид цахилгаан явах, автомат, туслах тоноглол, гагнуур, аж ахуйн бригадууд, төмөрчид гээд л алтан гартай засварчдын эх оронч сэтгэлээр  “2Загал” илчит тэрэг бүтээгдсэн. Энэ ажилд О.Эрдэнэбаяр  нь цахилгаан явах группийг ахалж ажиллажээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг  үнэлж 2012 онд “Хүндэт төмөр замчин”, 2014 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасан байна.

Жирийн ажилтнаас мэргэшсэн инженер  болтлоо өссөн тэрбээр  ажиллах явцдаа 2010 онд ТЗДС-ийг Зүтгүүрийн техникчээр, 2014 онд  Тээврийн дээд сургуулийг Зүтгүүрийн инженерээр, 2015 онд Монгол Улсын мэргэшсэн инженерийн инстутитыг мэргэшсэн инженерээр төгссөн байна. Ажил их ч сурч боловсорч, спортоор хичээллэж, төмөр замын хэмжээнд болдог уралдаан тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог байв.  1996 онд Улсын аварга шалгаруулах Аэробикийн гимнастикийн анхны тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.  Эрдэнэт хотод болсон энэ тэмцээнд дотны найз Техник үзлэгийн цехийн засварчин Б.Наранзултай оролцсон болон UBS телевизийн өглөөний нэвтрүүлгээр 15 минутын  гимнастикийн дасгал заадаг байсан нь мартагдашгүй сайхан дурсамж болж үлджээ. Б.Наранзул тэр хоёрын нөхөрлөл салшгүй, уралдаан тэмцээн төдийгүй сайн үйлсийн аянд ч хамтдаа нэгддэг. Найз нь “Алтан донор”, О.Эрдэнэбаяр ч хоёр жилийн хугацаанд цусаа хандивлаж байжээ. Заримдаа ажлын нөхцөл байдал зэргээс шалтгаалж сайн дурын ажил, хобби зэргээсээ хөндийрөх үе ч тохиолдоно.

Сүүлийн жилүүдэд цахилгаан машины дотоод холболтын схемүүдийг гаргах, хувьсах гүйдлийн цахилгаан машиныг сонирхож хүчний хэлхээг холбох, машины удирдлагын хэлхээнд холбох, хэлхээний холболтыг шалгах зэргээр хоббигоо болгож ажил мэргэжилдээ ашиглах болжээ. УБТЗ-д цахилгаан машинаар мэргэшсэн хүн ховор. Ахлах засварчинтайгаа нийлээд цахилгаан машины дотоод холболтыг задалж схемийг зурж, шинээр ороож үзсэн туршилт амжилттай болсноор гурван төрлийн угсрах цахилгаан машиныг туршилтаар ашиглаж байгаа ажээ. Анх 2015 онд цахилгаан машины жижигхэн цех нээж байв. Харин одоо Депогийн хашаанд томоохон байгууламж баригдаж байна. Өмнө нь бүх төрлийн цахилгаан машиныг  ОХУ-д  их засвар,  үйлчилгээг хийдэг,  зарим тохиолдолд хувийн компанид өндөр өртгөөр  засвар хийлгэдэг үе ч байсан. Энэ бүх ажлыг дотооддоо хийдэг болсноор маш их хөрөнгө хэмнэх болсонд  түүний оролдлого, бүтээлч санаачилга, хөдөлмөр зүтгэл ч бий.

 

П.Түмэндэмбэрэл