Ажил мэргэжил, найз нөхөд, хамт олон, хань ижил, амьдралын зам гээд хүн бүрийн өмнө олон төрлийн сонголт тулгардаг. Хүн хүний хувь төөрөг харилцан адилгүй. Хүсэж мөрөөдсөнөөсөө тэс өөр сонголт хийж эндэх, алдах ч бий. Харин хамгийн чухал сонголтуудыг яг өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр хийж, анх зорьсон замаараа сэтгэл дүүрэн амьдарч яваа хүмүүс бол яах аргагүй азын тэнгэр нь гийсэн, аль эсвэл зорьсныхоо төлөө няцаагүй, цуцалгүй хөдөлмөрлөсөн нь олон. Энэ удаагийн буландаа бид эзэмшсэн мэргэжил, ээнэгшин дассан хамт олондоо сэтгэл дүүрэн яваа нэгэн төмөр замчныг урьсан юм. Тэр бол УБТЗ-ын 2022 оны “Мэргэжлийн аварга засварчин” Энхтөрийн Батдорж... Тэрээр “Ах нь Зүүнхараагийн унаган хүүхэд. Гэр хороололд өссөн болохоор аав, ээждээ туслах, хөдөө гарч өвөө эмээгийнхээ мал аж ахуйн ажилд дэм болох гээд багаасаа л хар ажил хийж сурсан даа. Зуны амралтаараа зав гарвал найзуудтайгаа бөмбөг тоглоно. Гол руу очиж усанд орно гээд л хөдөөгийн хүүхэд хэрхэн өсөж торнидог тэр л замналаар миний хүүхэд нас өнгөрсөн. Би дөрвөн хүүтэй айлын гурав дахь нь. Аав маань насаараа тээврийн жолооч хийсэн. Ээж маань харин санхүүч мэргэжилтэй. Одоо миний том ах уул уурхайн компанид талбайн инженер, хоёр дахь ах маань хувиараа хөдөлмөр эрхэлж, дүү маань Хэнтий аймгийн Байгаль орчны газрын дарга гээд бүгд л тус тусын замналаар явж байна. Би хүүхэд байхаасаа л төмөр замчин болохыг хүсдэг байсан. Тиймдээ ч энэ салбарын нэгэн эд эс болж, үр шимийг нь 14 дэх жилдээ хүртэж байна. Сайхан хамт олныхоо дунд дуртай ажлаа хийж амьдрах шиг сайхан зүйл хаана байх вэ” хэмээн өөрийгөө товч танилцуулсан юм.

Зүүнхараагийнхан хэзээнээс хөдөлмөрч хүмүүс. Айл бүр хашаандаа мод тарьж, хэрэглээний хүнсний ногоогоо өөрсдөө ургуулна гээд бүгд завгүй ажилладаг. Хөргийн маань эзэн Батдорж энэ л хөдөлмөрч зоны дунд өсөж, хүмүүжсэн учраас аливаад тууштай, нэг зорьсон бол заавал эцсийг нь үздэг эрхэм чанарыг өөртөө шингээсэн гэлтэй. Тэрбээр, 1997 онд сумынхаа II арван жилийг төгсжээ. Аравдугаар ангиа дүүргээд мэргэжил сонголт хийх чухал мөчид аав, ээж хоёр нь гавьяаны амралтдаа сууснаас эхлээд амьдралын бас бус асуудлууд тулгарч төмөр замчин болох мөрөөдлөө хараахан биелүүлж чадаагүй байна. Ингээд 2003 он хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлжээ. Энэ хугацаанд хөрөө, рамаас эхлээд олдсон ажлаа гололгүй хийв. Ихэвчлэн хээр гадаа хоноглож, уул хаданд хүнд хүчир хөдөлмөр эрхэлнэ.  Цаг нар, нойр хоолгүй зүтгэж байж цөөн хэдэн төгрөг олно гээд хувиараа хөдөлмөр эрхлэхийн зовлон бэрхшээл, хөлсөө дуслуулж ажиллахын үнэ цэнийг ч хангалттай хэмжээнд ойлгосон гэдэг. Гэхдээ түүний бодлоос төмөр замын салбарт ажиллах хүсэл эрмэлзэл огт салсангүй. Улмаар,2001 онд хэтийн зорилгын эхний алхмаа хийж зургаан сарын хугацаатайгаар төмөр замын жижүүрийн курст сурав. Ийнхүү 2003 оны зургадугаар сарын 1-нээс Зүүнхараа өртөөний харьяа Бэрх зөрлөгт дагалдан жижүүрээр анх ажилд оржээ. Дараа нь Эрхэт зөрлөг рүү шилжин ажиллаж байтал өндөр настай ээж аавыгаа асрах зайлшгүй шаардлага тулгарав. Амьдралын шаардлагаар байгууллагынхаа удирдлагад төв рүү шилжиж ажиллах хүсэлтээ уламжилж, 2009 оны есдүгээр сарын 01-нд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депод засварчнаар оржээ.

Төмөр замчин болох зорилгодоо хэрхэн хүрсэн тухайгаа тэрбээр “Эзэмшсэн мэргэжилтэй, тогтсон ажил албатай байна гэдэг сайхан шүү дээ.  Нэг дошин дээр тоглож өссөн үеийн нөхөд бүгд төмөр замчин болсон. Тэд төмөр замд ажиллахын сайхныг ам уралдан ярьцгаадаг байлаа. Би ч дотроо цагаахан атаархалтай, “Тэднийхээ дунд заавал орж, мөр зэрэгцэн ажиллана даа” гэж боддог байсан. Хамт олон минь үнэхээр сайхан. Ажил хөдөлмөр, амжилт бүтээл, урлаг спорт гээд бүхий салбарт манай шижигнэсэн залуус манлайлдаг. Би хамт олноороо үнэхээр их бахархдаг. Намайг анх энд ажилд ороход миний багш М.Сэргэлэн, үеийн нөхөд болохЖ.Хуяг, Б.Бат-Эрдэнэ, Д.Чулуунбаатар гээд үлгэр жишээ авахуйц олон сайхан хүн байлаа. Тэлэнгэдийн Хараа гээд маш чадварлаг мастер, шилдэг удирдагч... Тэр хүнээс би ажлын ачаалал даах, хамт олноо зохион байгуулах, хүнээс үг сонсож сурах гээд олон зүйлийг суралцсан даа. Дараа нь А.Хишигбаяр гээд бас л чадварлаг мастертай ажиллаж байлаа. Манай депогийн орлогч дарга байсан Я.Ганзориг,  Засварын II цехэд найз дүү Б.Батбаяр гээд гээд хар багаасаа бие биеэ таних хүмүүстэй мөр зэрэгцэн ажилласан. Одоо зарим нь хувийн сектор руу явчихлаа. Гэхдээ ангийн найз С.Дэмбэрэл надтай хамт ажиллаж байна. Нэг л мэдэхэд 14 жил өнгөрчээ. Намайг анх депод орох үед бусдад үг, үйлдлээрээ үлгэрлэдэг сайхан ахмадууд ч байлаа. Миний хамгийн түрүүнд сурсан зүйл бол ажлын ачааллыг дааж чадах дадал хэвшил байсан. Сүүлийн үед би шинэ залуу ажилтнууддаа чаддаг мэддэгээ зааж, туршлагаа хуваалцаж байна. Үүнд би маш их урамшдаг. Би анх энд орж ирэхдээ ч мэдэхгүй, хэрхэн ажиллах талаараа төсөөлөл ч үгүй хүн байлаа шүү дээ. Гэтэл өөрийнхөө юу хийх ёстойг бүрэн ойлгож, тэгээд зогсохгүй бусдад зааж сургахуйц хэмжээнд иржээ гээд бодоход сэтгэлд нэг өег байдаг. Одоо ах нь Засварын цехдээ бараг л хамгийн ахмад нь болоод байна” хэмээн хуучилсан юм.

Э.Батдоржийн хувьд хариуцсан ажлаа технологи, дүрэм журмынх нь дагуу яс хийхийг үндсэн зарчмаа болгодог нэгэн. “Аливаа ажлыг хийхээр зорьсон л бол өчүүхэн ч дутуу дулимаг зүйл үлдээж болохгүй. Тэгээд ч Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж байгаа хүн өчүүхэн төдий ч алдаа дутагдал гаргаж болохгүй шүү дээ. Ард нь олон мянган хүний амь нас, олон тэрбумаар хэмжигдэхүйц ачаа бараа явж байдгийг ямагт бодож явах хэрэгтэй. Үүний зэрэгцээ ХАБЭА гээч зүйлийг огт орхигдуулж болохгүй. Би болоод надтай хамт ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл, аюулгүй байдал миний хийх үйлдэлтэй шууд холбогдож байдаг. Нэг л хүн ямар нэгэн шалтгаанаар ажлын талбарт байхгүй бол бусдынх нь ачаалал, аюулгүй байдал доголддог. Энэ цагийн механизм мэт нарийн холбоо хамаарлыг сайтар ойлгож авах хэрэгтэй. Би ажлаасаа нэг ч удаа хоцорч үзээгүй. 07.30  цаг гэхэд л өрөөндөө хэдийнээ ирчихсэн сууж байдгийг манайхан андахгүй. Ажил амьдралын гараагаа дөнгөж эхлүүлж бай залуустаа нэг ч гэсэн зөв үлгэр дууриаллыг үзүүлэх ёстой гэсэн миний хүсэл эрмэлзлийн нэгээхэн хэсэг нь юм даа...” хэмээн ярих нь түүний эзэмшсэн мэргэжилдээ хэрхэн үнэнчээр ханддагийг илтгэх биз ээ.

Түүний хувьд 2010 онд дөрөв, 2017 онд тавдугаар зэргээ авсан. Мөн ондоо ажлынхаа хажуугаар вагон үзэгч, засварчны мэргэжлээр МҮСТ-д элсэн суралцаж, 2020 онд вагоны техникчийн ангийг төгссөн гээд мэдлэг боловсролоороо үргэлж өөдөө тэмүүлсэн он жилүүдийг үджээ. Түүнчлэн,2017, 2020 онд “Байгууллагын аварга”-аар тодорч, 2021 онд “Хүндэт үнэмлэх”, 2021 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдэг хүртсэн гээд амжилт бүтээлийн түүхээ ч жилээс жилд зузаатгасаар явна. УБТЗ-ын Мэргэжлийн аваргын алдрыг энгэртээ гялалзуулах торгон агшинд түүнд чухам ямар сэтгэгдэл төрснийг түүнээс асуухад, “Эзэмшсэн мэргэжилдээ эзний дайтай эзэн байхыг л миний мэргэжил шаарддаг даа. Энэ зарчмыг л нарийн баримтлаад явчихвал амжилт бүтээл төдийгүй ахуй амьдрал маань ч өнгөжин дэвшээд явдаг юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд маш сайн ойлгож авсан. Би бас ч гэж удирдлагууддаа гологдохгүй, хамт олныхоо дунд ч нэр сайтай яваа юм байна” гэж боддог. Хөдөлмөр зүтгэлээ зүй ёсоор үнэлүүлээд хамт олондоо хүндлэгдэнэ гэдэг үнэхээр сайхан юм. Миний хийж бүтээсэн зүйлс жилээс жилд намайг өндөрт өргөж байгаад баярлаж, улам илүү хичээж ажиллахыг зорьдог. Гурван том депогийн 1000 гаруй хүнээс шилдгээр тодорсноо мэдэх тэр мөчид үнэнийг хэлэхэд битүүхэн айдастөрснийг нуух юун. Шагнал авах нэг хэрэг. Хамт олныхоо, удирдлагынхаа тэр их итгэл найдварыг дааж явна гэдэг амаргүй шүү дээ. Залгамж халаа болсон дараагийн үед маань маш чадварлаг залуус гарч ирж байна. Тэднийг зөв чиглүүлэх, илүү чадварлаг шавь нарыг өөрийнхөө хэмжээнд бэлтгэх нь хамт олныхоо болоод УБТЗ-ын өмнө хүлээсэн миний бас нэгэн чухал үүрэг юм болов уу” хэмээн хариулсан.

Хөргийн маань эзэн чөлөөт цагаараа эрүүл агаарт алхах дуртай. Залуудаа ном их уншдаг байсан ч сүүлийн үед технологийн дэвшлийг ашиглан сонсдог номын хувилбараар алжаалаа тайлж, мэдлэг мэдээллийнхээ цар хүрээг өргөтгөж байгаа тухайгаа ярьсан юм. Тэрбээр түүхч Д.Өлзийбаатар, нийтлэлч Б.Баабар нарын бүтээлүүдийг шимтэн сонсдог юм билээ. Сүүлийн жилүүдэд ачаа тээврийн хэмжээ үлэмж хэмжээгээр нэмэгдсэн. Түүнийг дагаад хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигчид ч жилээс жилд олширсоор байгаа нь вагончдын ажлын ачааллыг улам бүр нэмэгдүүлж, тэд зарим тохиолдолд үдийн хоолоо идэх, тэр ч бүү хэл гэртээ харих завгүй ажиллаж байгаа талаар Замын даргын үзлэгийн үеэр удирдлагууд нь онцолж байсан. Энэ тухайд Э.Батдорж харин “Бид ч ажлын ачааллыг даагаад сурчихсан даа. Депогийн удирдлагууд маань ч сүүлийн үед эрс шинэчлэгдэж байна. Бүгд л 40 нас хүрээгүй шижигнэсэн залуус. Тэдний шинэ санаачилга, аливаад идэвхтэй хандах хандлага, зохион байгуулах чадвар, шинэлэг шийдэл гээд үнэхээр ярих юмгүй. Ийм сайхан эрч хүчээр дүүрэн залуустай мөр зэрэгцэн ажиллана гэдэг үнэхээр урамтай байдаг. Залуу хүмүүс гэхэд хүний үгийг хүлээж авах, сонсох чадвар нь ч маш сайн санагддаг” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.

 

 

Б.Дэлгэрхишиг